Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00428

 

П.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03061 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2446 дугаар магадлалтай,

П.Сгийн нэхэмжлэлтэй

Г.Эд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1 635 ам.доллар буюу 4 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.С, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Эд 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 3 700 ам.долларыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 1,6 хувийн хүү, 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон, зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. 2011 онд Г.Э нь ломбардад ээмэг, бөгж, хүзүүний зүүлтээ тавиад авч чадахгүй байна гээд барьцаанаас чөлөөлөхөд нь 360 000-365 000 төгрөг өгч байсан. Г.Э 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 4 400 000 төгрөг цувуулан төлсөн. Үлдэгдэл 3 040 ам.доллараас цувуулан өгсөөр 1 635 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн. 2017 оны 6 дугаар сард Г.Э нь 5 000 000 төгрөгийн үнэтэй 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлт нэхэмжилж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Г.Эыг ээмэг зүүлтээ аваач гэхэд авдаггүй 5 000 000 төгрөг ч хүрэхгүй, зарагддаггүй байсан бөгөөд мөнгөө төлж дуусгаад авна гээд авдаггүй байсан. Иймд үлдэгдэл 1 635 ам.доллар буюу 4 080 000 төгрөгийг Г.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд П.Сгаас 3 700 ам.доллар, 2 000 000 төгрөг сарын 1,6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг хэсэгчлэн төлсөөр 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бид хамтран тооцоо нийлэхэд 3 040 ам.доллар үлдсэн байсан. Нэхэмжлэгч мөнгөө нэхээд байсан учраас ээжийнхээ ээмэг, бөгжийг ломбардад тавиад мөнгө болон ломбардны бичгийг П.Сд өгсөн. Мөнгөө төлж дууссан учраас ээмэг, бөгжөө авъя гэхээр чи надад мөнгө өгөх ёстой гээд өгдөггүй байсан. П.С миний 57 ширхэг алмазан шигтгээтэй ээмэг, бөгж мөн далайн сувдан зүүлт сертификатны хамт аваад өгөхгүй байсан тул 2017 оны 8 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй гэрт нь очиж эд зүйлсээ авахад сувдан зүүлтний сертификат аваагүй гэж хэлсэн тул би сувдан зүүлтийг авахаас татгалзсан. Зээлийн асуудал үнэхээр олон жил болж байгаа, би хууль сайн мэдэхгүй ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг бол дуусч байгаа. П.Сд өрөө төлснийг нотлох баримт байгаа гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1 635 ам доллар буюу 4 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2446 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.Сгийн төлсөн 80 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.С хяналтын гомдолдоо: Миний нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлээгүйд маш их гомдож байна. 1. Хуурамч бичиг баримт үйлдэж 2 000 000 төгрөг гэсэн баримтыг шалгуулах хүсэлтэй, мөн 2012.12.21-ны өдөр 2 000 000 төгрөг өгөөгүй юм. 2017 оны 06 сард шүүхэд намайг ээмэг зүүлтээ хууль бусаар авсан гэсэн өргөдөл гаргасан ба тэр үед би 1635 $ авах хүсэлтэй байна гэхэд өгнө гэж хэлж байсан мөртлөө, намайг шүүхэд өргөдөл гаргахад өгөхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Миний бие Г.Эд тухайн үед мөнгө зээлдүүлээч гэж гуйхад нь тус болсон. Надад увуулж цувуулж 2 000 000 орчим төгрөг өгсөн. Бусад үлдэгдлээ өгөөгүй юм. Нөхөр бид хоёр өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр амьдардаг.Нэхэмжлэлийн тайлбарт Г.Э нь өөрийн тухай намайг болгож ярьсан байна лээ. Жишээ нь би утсаар ярихаар ярьдаггүй зугтаагаад явдаг. Машин таксигаар ирж аваад хоолонд оруулсан байна гэх мэтээр гүжирдсэн байна. Миний бие худал ярих, хулгай хийх, хүнийг гүжирдэж гүтгэх зэрэг жигшмээр муухай үйл явдал хийж үзээгүй юм. Г.Эын дүү болох Жавхааг гэртээ дуудан уулзаж болсон үйл явдлын тухай ярьж, энэ зүүлт ээмэг бөгжөө аваад миний мөнгийг олон удаа хэлж байсан. Г.Э хэлээрэй яриарай гэж, олон удаа утас болон биечлэн уулзаж байсан юм. /энэ нь баримттай/ Надтай мэргэжил нэгт сайхан багш эмэгтэй байдаг юм. Манай хотхонд амьдардаг байсан. юм. Би Жавхаагаас эгч Энхээгийн утсыг аваад бас ярьж байсан. Г.Э нь миний итгэл найдвар, сайхан сэтгэлийг маань урвуулан ашиглаж байгаад их гомдолтой байгаа тул миний нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин хяналтын гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлд зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч П.С нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцож тайлбар гаргах гэхэд оролцуулаагүй нь зохигчийн эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.3.1-д заасныг зөрчсөн. 2. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан 2012-12-21-ний өдрийн 2 000 000 төгрөгний (хэргийн 51-р талд авагдсан) баримтыг П.С бичиж өгөөгүй шалгуулах байсан гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх болон давж заалдах шүүхээс хариуцагч нь 2012-12-21-ны өдөр хүртэл гэрээний үүрэг гүйцэтгэж байсан нь баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.3-д заасан шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 3. Анхан шатны шүүхэд Г.Эаас 2015 оны 9-р сард хамгийн сүүлд мөнгө авсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг хүлээж аваагүй, мөн хариуцагч Г.Э нь үлдэгдэл 1635 ам.долларыг төлөхдөө ээмэг зүүлтээ авна гэж баталгаа болгон орхисон 2017 оныг хүртэл эд зүйлсээ аваагүй байгаа шалтгаан нь нэхэмжлэгч П.Сд мөнгөө төлж дуусгаагүй байсан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байсан гэж үзэхээр байхад Иргэний хуулийн 78-р зүйлийн 78.1-дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлж зохигчийн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийн үйл баримтын талаар шууд дүгнэх үндэслэлгүйгээс гадна шүүхийн хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгч П.С нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г.Эаас зээлийн гэрээний үүрэгт 1635 ам.доллар буюу 4 080 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч, “...зээлийг бүрэн барагдуулсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бодож байна...” гэж маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчийн байгуулсан 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г.Э нь П.Сгаас 2 000 000 төгрөг, 3700 ам.долларыг, сарын 1,6 хувийн хүүтэй 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар, зээлж авсан байна.

Зохигч нь 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээг дүгнэж 3 040 ам.доллар төлөгдөөгүй үлдсэн талаар баримт үйлдсэн, үүнээс 1635 ам долларыг төлөөгүй байгаа эсэх асуудал маргааны зүйл болжээ.

Хоёр шатны шүүх хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл төлөлт хийсэн, үүнээс хойш үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн дотор шүүхэд хандах байтал уг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхдээ зөвхөн үүргийг зөвшөөрсөн хугацааг анхаарч, хэргийн бусад нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжгүйд хүргэжээ.

Хариуцагчийн эд зүйл буюу алмаазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлт нэхэмжлэгчийн эзэмшилд байсан, нэхэмжлэгч нь энэ талаар тайлбарлахдаа зээлийн үүрэгт баталгаа болгож үлдээсэн, харин хариуцагч нь 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг эд хөрөнгөө гаргуулж авсан гэснээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн эсэхийг шүүх дүгнэх шаардлагатай. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхдээ барьцааны гэрээг хуульд заасан хэлбэрээр, бичгээр байгуулаагүйгээс гадна Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01300 тоот шийдвэрээр /х-8/ дээрх эд зүйл талуудын хоорондын барьцааны зүйл биш гэдгийг тогтоосон гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байж болох ч эд хөрөнгийг шилжүүлсэн  зохигчийн хүсэл зориг, үндэслэл, шалтгаан нь тухайн маргааны үйл баримт учраас энэ талаар шүүх дүгнэх, улмаар эрх зөрчигдсөн гэж үзэх хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэх шаардлагатай байна. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өгөөгүй шалтгааныг хариуцагч зээлээ бүрэн төлөөгүй гэж тайлбарласан тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус эсэхээс үл хамаарч эрх зөрчигдсөн гэж үзэх хугацааг тогтоох нь зүйтэй болно.

Хариуцагч зээлийг бүрэн буцааж төлсөн эсэхийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн баримтыг шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн ба уг баримтыг нэхэмжлэгч маргасан, энэ талаар зохигч мэтгэлцэж чадаагүй тул баримтыг үнэлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03061 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2446 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 80 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА