Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2446

 

 

П.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03061 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Сгийн хариуцагч Г.Эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1 635 ам.доллар буюу 4 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Эд 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 3 700 ам.долларыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 1,6 хувийн хүү, 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон, зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. 2011 онд Г.Э нь ломбардад ээмэг, бөгж, хүзүүний зүүлтээ тавиад авч чадахгүй байна гээд барьцаанаас чөлөөлөхөд нь 360 000-365 000 төгрөг өгч байсан. Г.Э 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 4 400 000 төгрөг цувуулан төлсөн. Үлдэгдэл 3 040 ам.доллараас цувуулан өгсөөр 1 635 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн. 2017 оны 6 дугаар сард Г.Э нь 5 000 000 төгрөгийн үнэтэй 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлт нэхэмжилж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Г.Эыг ээмэг зүүлтээ аваач гэхэд авдаггүй 5 000 000 төгрөг ч хүрэхгүй, зарагддаггүй байсан бөгөөд мөнгөө төлж дуусгаад авна гээд авдаггүй байсан. Иймд үлдэгдэл 1 635 ам.доллар буюу 4 080 000 төгрөгийг Г.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд П.Сгаас 3 700 ам.доллар, 2 000 000 төгрөг сарын 1,6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг хэсэгчлэн төлсөөр 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бид хамтран тооцоо нийлэхэд 3 040 ам.доллар үлдсэн байсан. Нэхэмжлэгч мөнгөө нэхээд байсан учраас ээжийнхээ ээмэг, бөгжийг ломбардад тавиад мөнгө болон ломбардны бичгийг  П.Сд өгсөн. Мөнгөө төлж дууссан учраас ээмэг, бөгжөө авъя гэхээр чи надад мөнгө өгөх ёстой гээд өгдөггүй байсан. П.С миний 57 ширхэг алмазан шигтгээтэй ээмэг, бөгж мөн далайн сувдан зүүлт сертификатны хамт аваад өгөхгүй байсан тул 2017 оны 8 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй гэрт нь очиж эд зүйлсээ авахад сувдан зүүлтний сертификат аваагүй гэж хэлсэн тул би сувдан зүүлтийг авахаас татгалзсан. Зээлийн асуудал үнэхээр олон жил болж байгаа, би хууль сайн мэдэхгүй ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг бол дуусч байгаа.  П.Сд өрөө төлснийг нотлох баримт байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1 635 ам доллар буюу 4 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь хэргийн 51 дүгээр талд авагдсан 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 000 000 төгрөгийн баримтыг П.С бичиж өгөөгүй, мөн хэргийн 41 дүгээр хуудаст авагдсан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 2 000 000 төгрөг цувуулж өгснийг нэгтгэж өгсөн гэж тайлбарласныг шүүх анхаараагүй. Хариуцагч Г.Э нь 2011 онд нэхэмжлэгч П.Сд өгсөн ээмэг бөгжөө 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасныг шүүх анхаарч үзээгүй. 2011 онд хариуцагч Г.Э нь зээлийн төлбөрт ээмэг бөгж, зүүлтээ нэхэмжлэгч П.Сд үлдээгээд үлдэгдэл мөнгө төлөхдөө буцааж авна гэсэн боловч аваагүй. Мөн 2015 оны 9 дүгээр сард бөгжөө зараад үлдэгдэл 1 635 ам.долларыг өгөхдөө ээмэг, зүүлтээ авна гэж хэлээд үлдээсэн гэснээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр  зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх xугацaa тасалдсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна. Гэтэл шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01300 дугаартай шийдвэрийг нотлох баримт болгон үнэлж шүүхийн шийдвэрт дурдсан нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн. 2015 оны 9 дүгээр сард хариуцагч Г.Э нь ээмэг бөгж зүүлтээ аваад ир хүнд үзүүлээд авахаар бол мөнгийг чинь өгнө гэж хэлээд дуудсан. Найз Ч.Хтай цуг очиход хариуцагч Г.Э бөгжөө аваад авах гэсэн хүн мөнгө нь хүрэхгүй байна гэж хэлээд зүүлт, ээмгээ нэхэмжлэгч П.Сд үлдэгдэл 1 635 ам.долларыг төлөхдөө авна гээд үлдээсэн талаар Ч.Хыг гэрчээр оролцуулсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Г.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1635 ам.доллар буюу 4 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө бүрэн барагдуулсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ. /хх.18/ 

 

Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Г.Эд 2 000 000 төгрөг, 3700 ам.долларыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1,6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх.6/ болон зохигчдын тайлбараар /хх.6/ тогтоогдож байна. Дээрх зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

 

Зохигчид 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээр дурдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийг дүгнэж 3 040 ам.доллар төлөгдөөгүй үлдсэн талаар баримт үйлдсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх.43/ Уг хугацаанаас хойш хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө төлж байсан талаар бичгэн баримт байх боловч хамгийн сүүлд “2012 оны 12 дугаар сарын 21-нд Энхжаргалаас 2 000 000 төгрөг авав. Авсан П.С” гэж бичсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх-53/

 

Нэхэмжлэгч нь 3 040 ам.долларын үлдэгдлийг тооцсоноос хойш хариуцагч мөнгийг цувуулан төлж 1 635 ам.доллар үлдсэн гэж, нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар 2 455 төгрөгөөр тооцон 4 080 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь 2012 оны 12 дугаар сард зээлийн тооцоог бүрэн хийж дууссан, зээлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж няцаасан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд зохигчдын хооронд 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байх боловч хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэрээний үүрэг гүйцэтгэж байсан нь баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал үүрэгтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан. Иймд хариуцагчийн зүгээс хамгийн сүүлд төлбөр төлсөн дээрх хугацаанаас зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дах хэсэгт нийцнэ. Нэхэмжлэгч П.С нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан тул шүүхэд хандах замаар үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхээ алдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагчийн эд зүйлийг нэхэмжлэгч эзэмшилдээ байлгаж байсантай холбоотой гэрч Ч.Хын шүүхэд гаргасан мэдүүлэгт үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний барьцаанд эдгээр эд хөрөнгө байсан гэж дүгнэх, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байна. Барьцааны гэрээг бичгээр байгуулахаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан тул гэрчийн мэдүүлэг болон эд зүйл хариуцагчийн эзэмшилд байсныг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангагдсан гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01300 тоот шийдвэрээр /х.8/ дээрх эд зүйл талуудын хоорондын барьцааны зүйл биш гэдгийг тогтоосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

Хариуцагчийн эд зүйлийг нэхэмжлэгч хууль бусаар эзэмшиж байсан эсэхтэй холбоотой талуудын хоорондын шаардлагыг шийдвэрлэсэн дээрх шүүхийн 183/ШШ2017/01300 тоот шийдвэрт эд зүйлийг хариуцагчаас нэхэмжлэгчид зээлийн үүрэгтэй холбоотойгоор барьцаанд бариулсан гэж дүгнээгүй бөгөөд эд зүйл нэхэмжлэгчийн хууль бус эзэмшилд байсныг тогтоосон. Иймд хариуцагчийн эд зүйлийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс гаргуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гарсныг талуудын хоорондын үндсэн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан хэлцэл байсан гэж дүгнэх боломжгүй болно.

 

Талууд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш мөнгө төлсөн, авсан, харилцан шаардлага гаргаж байсан зэрэг хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.Сгийн төлсөн 80 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧ                                        С.ЭНХТӨР

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ