Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 3061

 

 

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/03061

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э -д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1635 ам доллар буюу 4,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, хариуцагч Г.Э  , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “П.С  миний хүндэлж явдаг байсан хүн болох Монгол Улсын ардын жүжигчин Г  агсны охин Г.Э   нь 2009 оны 12 дугаар сард мөнгө зээлүүлж өгч туслаач гэхээр нь бага хүүтэй буюу 1,6 хувийн хүүтэйгээр 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 3700 ам долларыг 2010 оны 02 дугаар сарын 1-нийг хүртэл зээлдүүлж, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан юм. 2011 онд Г.Э   нь ломбарданд ээмэг, бөгж, хүзүүний зүүлтээ тавиад авч чадахгүй байна гээд барьцаанаас чөлөөлөхөд нь 360,000-365,000 төгрөг төлж авч өгч тусалж байсан ба дээрх ээмэг, бөгж, хүзүүний зүүлтээ зарж өгөөч гэхэд нь хүмүүст үзүүлэхэд авахгүй байсан ба 2015 онд бөгжөө хүнд үзүүлнэ гэж хэлээд авсан. Г.Э   нь надаас авсан мөнгөө төлж дуусахаар авна гэж хэлээд аваагүй ба өөрөө ч зарах гээд зарж чадахгүй байсан. Г.Э   2010 оны 12 дугаар сарын 29-нөөс 2012 оны 11 дүгээр сарын 13-ныг хүртэл нийт 4,400,000 төгрөг цувуулан төлсөн. Үлдэгдэл  тооцоо хийгээд 3040 ам.доллар үлдэгдэлтэй байна гэж хоорондоо тооцоо нийлж Г.Э   гарын үсэг зурсан. Түүнээс хойш цувуулан өгсөөр 1635 ам.долларын үлдэгдэлтэй байсан. 2017 оны 06 дугаар сард Г.Э   нь надаас 5,000,000 төгрөгний үнэтэй 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлтийг нэхэмжилж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01300 дугаартай шийдвэрээр П.С  гаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед өвчтэй нөхрөө сахиад сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдол гаргаагүй харин шүүгч нь нэхэмжлэх эрхтэй гэсэн учраас Г.Э  аас 1635 ам долларыг Монгол банкны ханшаар 2,455 төгрөгөөр тооцож 4,080,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөнгө авсан талаар Г.Э  аас анх 2012 оны 06 дугаар сараас цувуулж мөнгө авсаар 2,400,000 төгрөг эхэлж авсан, тухайн үед 3040 ам.долларын үлдэгдэлтэй гэчихээд 2010 оны 12 дугаар сарын 29-нөөс 2012 оны 12 дугаар сарын 21-ний хооронд 2,000,000 төгрөг авсан. Нэхэмжлэгчийг он, сар, өдрөө мартдаг, будлидаг гэдэг талаар хариуцагч тал ч хүлээн зөвшөөрч байна. Г.Э   нь олон хүнээс мөнгө зээлсэн их зальтай хүн гэдгийг би сүүлд мэдсэн Хан-Уул дүүргийн шүүх дээр П.С  г мөнгө хэрэггүй байсан, тооцоо нийлье гэсэн уулздаггүй байсан гэх огт худлаа зүйлийг ярьж байсан. П.С  нь урлагийн байгууллагад олон жил ажилласан хүний хуучин эд зүйлийг хувьдаа авч хэрэглэх ямар ч шаардлага байхгүй, Г.Э  ыг ээмэг зүүлтээ аваач гэхэд авдаггүй 5 сая төгрөг ч хүрэхгүй зарагддаггүй байсан, мөнгөө төлж дуусгаад авна гээд авдаггүй байсан. Иймд үлдэгдэл 1635 ам доллар буюу 4,080,000 төгрөгийг Г.Э  аас гаргуулж өгч тусална уу” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Миний бие 2009 онд иргэн П.С  гаас 3700 ам доллар, 2,000,000 төгрөг сарын 1,6 хувийн хүүтэй зээлсэн юм. Тухайн үеийн долларын ханш 1,300-1,400 төгрөг байсан. Зээлийг хэсэгчлэн төлсөөр 2010 оны 05 дугаар сарын 10-нд бид хамтран тооцоо хийж 3040 ам доллар үлдсэн гэж бид хоёр зөвшөөрөөд П.С  өөрөө гараараа бичсэн баримт үйлдэж, би гарын үсэг зурсан. 2010 оны 05 дугаар сард 3,040 доллар үлдсэн, одоо үүнээс өмнөхийг ярихгүй гээд он сараа бичсэн. Түүнээс хойш мөн П.С  гийн өөрийн нь гараар бичсэн 2010 оны 12 сар, 06 сар, цагаан сар гээд өгсөн мөнгөний талыг он сартай нь бичсэн.  Үүний дараа ч би зөндөө мөнгө өгсөн. П.С  бид хоёр 2010 оны 05 дугаар сарын 10-нд 3040 долларын үлдэгдэл гарсан үүнээс хойш зөвхөн энэ өрийг л төлнө гээд бид тохиролцсон бөгөөд 2010 оны 12 сарын 29-нд 400,000 төгрөг, 2011 оны 06 сарын 05-нд 500.000 төгрөг, 2012 оны 02 сард 400,000 төгрөг, 2012 оны 06 сард 400,000 төгрөг, 2012 оны 11 сарын 13-нд 200,000 төгрөг, 2012 оны 09 сард 100,000 төгрөг, 2011 оны 12 сард 1,900,000 төгрөг, 200,000 төгрөгийн хүүтэй өгсөн. Мөн он сарыг тавилгүйгээр 500,000 төгрөг, 300,000 төгрөг, 400,000 төгрөг, 100,000 төгрөг, 500,000 төгрөг өгсөн. Энэ бүх тооцоо 6,100,000 төгрөг болж байгаа түүнээс гадна би 2012 оны 08 сард 2,000,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөг өгсөн. Би гарын үсэг авах гэхлээр П.С  надад огт өгдөггүй гэв. Хамгийн сүүлд миний мөнгө өгсөн 2012 оны 12 сард долларын ханш 1,300-1,400 төгрөг байсан, долларт шилжүүлээд бодохоор би дутуу битгий хэл маш их мөнгө илүү өгсөн байгаа. Гэхдээ би илүү мөнгө өгсөн гэж юу ч ярихгүй байгаа. Ингээд бид уулзахаар дахиад надаас мөнгө нэхдэг, би хэлдэг хоёулаа сууж байгаад тооцоо нийлээд гарын үсэг зурсан биздээ гэдэг, дахиад уулзанаа л гэдэг, бид хоёр өглөөнөөс орой хүртэл тооцоо бичээд нийллээ гэдэг жаахан сууж байгаад дахиад дутуу байна гээд гэрт байхдаа хүртэл тэгдэг, би үгүй гээд дахиад эхнээс нь тайлбарладаг. Сүүлдээ би чамд ийм ийм мөнгө өгсөн гэдгээ хэлсэн, түүнээс хойш утсаа ч авахаа болсон. Би мөнгөө өгч дуусаагүй байх үед П.С  надаас мөнгө нэхээд байсан бөгөөд би юу ч үгүй байсан учраас ээжийн минь үлдээсэн бриллантан ээмэг, бөгж байгааг чи мэднэ тэрийг зармаар байна, үнэтэй юм чинь хүн авахгүй байх энийг ломбардад тавиад чи мөнгийг авчих, дараа нь хоёулаа төлье гэж ярьж байсан. Ингээд 3-р хороололд Начин заанд очиж ээмэг, бөгжөө тавьсан шигтгээг нь үнэлдэггүй юм билээ. Тухайн үед П.С  гийн нэрээр 300,000 төгрөгөөр тавьсан. П.С  мөнгөний бичгийг нь авсан. Би чи бичгээ надад өгвөл би төлөөд авчихна гэж хэлж байсан ингээд бүр мөсөн авчихна гэж огт бодоогүй. Ингээд төлөх болохоороо бичгээ аваарай гээд тэр чигтээ явсан. Ингээд би утсаар би чамд өчнөөн мөнгө өгчихлөө дууссан учраас ээмэг, бөгжөө авъя миний ээжийн ээмэг, бөгжийг өгөөчээ гэхлээр чи надад мөнгө өгөх ёстой гэдэг. Би аргаа бараад зарсан юм уу яасан юм бэ гэж асууж байсан, надад ломбардад тавьсан гэж хэлж байсан. Бид хоёр хамт авах гэж явж байгаад П.С  аптек орно гэж худлаа ярьж машинаас буугаад явж байсан. Би аргаа бараад би тэрийг авч зармаар байна гэж хэлж байсан. Ингээд би зарах гээд хүнд үзүүлэх гэхлээр хүнээ дагуулаад ир би зарна гэдэг. Тэрийг найз маань 3,000,000 төгрөгөөр авъя, харъя гээд бид Сансрын шөлөндөөд уулзсан, би хоёр хүнтэй хамт очоод үзүүлсэн. П.С  нэг хүнтэй ирээд бөгжийг маань уутан дотроос гаргаж ирсэн тухайн үед би гурвууланг нь аваад явах боломж надад байсан, гэхдээ би яршиг бөөн асуудал болно гээд орхисон ингээд найздаа үзүүлэх үед найз маань мөнгө нь хүрэхгүй байна одоо авч чадахгүй нь гэсэн. Ингээд би бөгжөө аваад гартаа зүүсэн, П.С  чи намайг хуурлаа гээд орилж чарлаад утсаар намайг маш их доромжилж байсан. Би тухайн үед нотолгоо болгож бөгжөө авсан, П.С  дараа нь би чамаас ээмэг, зүүлт аваагүй гэж хэлж мэдэх хүн. П.С  миний 57 ш алмазан шигтгээтэй ээмэг, бөгж мөн далайн сувдан зүүлт сертификатны хамт аваад өгөхгүй байсан тул 2017 оны 08 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй гэрт нь очиж эд зүйлсээ авахад намайг хэл амаар доромжилж орилж чарлаж байж ээмгийг өгсөн боловч сувдан зүүлтний сертификат аваагүй гэж гүжирдээд байсан тул би сувдан зүүлтийг авахаас татгалзсан ба зүүлтийг зөвхөн сертификатны хамт авах буюу, хэрвээ сертификат байхгүй тохиолдолд мөнгөн дүнгээр авах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн П.С  мөнгө авсан өгсөн, ээмэг бөгж, зүүлт зэргийг надаас авсан он саруудаа будлиж ямар ч авцалдаагүй зүйл ярьж бичиж байгаа нь зөвхөн намайг гүжирдэх зорилготой гэж үзэж байна. П.С  гийн үгээр бол би түүнд ямар ч өргүй байхдаа ээмэг бөгжөө өгчихөөд авахгүй байж 2 жилийн дараа түүнээс мөнгө зээлсэн болж таарч байна. Үүнээс гадна П.С  намайг олон удаа хүмүүст хулгайч, луйварчин гэж гутаан доромжлоод зогсохгүй улсад тасралтгүй 64 жил ажиллаж эх орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан талийгаач аавын минь, мөн улсдаа үнэнчээр ажиллаж үр хүүхдээ хүмүүжүүлсэн миний талийгаач ээжийн минь нэрийг элдэв гүтгэлгэндээ хутгаж байгаад маш их эмзэглэж гомдолтой байна. Хэрэв П.С  намайг хаана, юу хулгай хийснийг, хэзээ хэнээс, хэдэн төгрөг зээлж, хэнийг залилсныг нотлохгүй бол би талийгаач эцэг, эх болон өөрийнхөө нэр төрийг шүүхээр сэргээлгэх болно. Зээлийн асуудал үнэхээр олон жил болж байгаа, би хууль сайн мэдэхгүй ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг бол дуусч байгаа байх. Миний бие П.С  д өрөө төлснийг нотлох баримт байгаа болно” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.С  нь хариуцагч Г.Э  д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1635 ам доллар буюу 4,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.Э   нь зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, зээлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч П.С  нь  хариуцагч Г.Э  д  2,000,000 төгрөг, 3700 ам.долларыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1,6 хувийн хүүтэй зээлж 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-6/ Гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй, мөн зээлийн гэрээний дагуу мөнгө, ам.доллар хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй.

Зохигчид 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээр дурдсан зээлийн гэрээний төлөлтийг дүгнэж 3040 ам.доллар үлдсэн талаар баримт үйлдсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Уг бичигт “3040 $-ээс нийлбэр дүнгээр тасалж, 1,900,000 төгрөг өгөв. 200,000 төгрөг 2012 оны 11 сард өгсөн. 2012 оны 6-13 гэсний доор 400,000: 500,000: 500,000: 400,000: 100,000: 500,000: 2010.12.29-нд 400,000: 2011.06.13 500,000: 2012 оны 12-р сард 400,000: 2012.11.13-нд 200,000: 2012 оны 9 сард 100,000” гэж бичигджээ. /хх-41/ Мөн “2012 оны 12 дугаар сарын 21-нд Энхжаргалаас 2,000,000 төгрөг авав. Авсан П.С  ” гэж бичсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх-51/ Эдгээр баримтан дээрх бичилтээс үзэхэд зохигчид зээлийн гэрээний төлөлтийг дүгнэсэн хугацаа буюу 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойших хугацаа, мөнгөний дүн бичигдсэн байна.

Нэхэмжлэгч нь 3040 ам.долларын үлдэгдлийг тооцсоноос хойш хариуцагч мөнгийг цувуулж төлөөд 1635 ам.доллар үлдсэн гэж, нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар 2,455 төгрөгөөр тооцож 4,080,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь 2012 оны 12 дугаар сард зээлийн тооцоог бүрэн хийж дууссан, зээлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд зохигчдын хооронд 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар зохигчид тохирсон боловч хариуцагч нь уг зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул уг хугацаанаас зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй. Нэхэмжлэгч П.С  нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

            Иймд шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэж, шаардлага хангах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Г.Э  д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1635 ам доллар буюу 4,080,000 төгрөг гаргуулах П.С  гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Зохигчдын тайлбарт дурдагдсан ээмэг, сувдан зүүлтний асуудлаар Г.Э   нь П.С  д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01300 дугаартай шийдвэрээр талуудын хооронд дээрх эд зүйлийг барьцаалах талаар тодорхой гэрээ хэлцэл байгуулагдаагүй байна гэж үзэн П.С  гаас 5,000,000 төгрөгийн үнэтэй 38 ширхэг алмаазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлтийг гаргуулан Г.Э  д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд /хх-8-9/ ээмэг, бөгж, сувдан зүүлтний асуудал нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг гүйцэтгэхтэй холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:                                                                                           

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э  аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 1635 ам доллар буюу 4,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.С  гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.С  гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,230 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР