Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 86

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  өмгөөлөгч Р.Батцогт,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан

шинжээч Б.Батзориг, О.Болороо

гэрч Г.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга  Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Баянжаргалын Б.Э, Бүдүүн овогт Нацагдоржийн Н.Б нарт холбогдох эрүүгийн 1803006870480 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 50 настай, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 19 дүгээр байр 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Баянжаргалын Б.Э /РД: ЧЕ69012115/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 52 настай, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын 1 дүгээр гудамж 128 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бүдүүн овогт Нацагдоржийн Н.Б /РД: ЧГ67060818/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: яллагдагч Б.Э, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 15-нд орой зуслангаасаа гараад 2 дугаар эгнээгээр хот руу явж байсан. Тухайн үед ширүүн бороо орж байсан. Петровис бензин колонкийн хажууд явж байсан чинь урд нэг юм дугархаар нь аваараа татаад хартал замын эсрэг талд хүн унасан байсан. Би сандраад цагдаа болон түргэний машин дуудсан. Тэр хооронд хажууд нэг цагаан машин ирээд зогссон байсныг анзаараагүй. Дараа нь Прада маркийн машин ирээд эсрэг урсгал руу орох гэж байхад нь хүмүүс боль гэж хэлэхээр нь машинаа ухраасан үйл явдал болсон. Тухайн үед сандралтай байсан болохоор тэр хүнийг эсрэг урсгалаас хамгаалах гээд би чулуу тавьсан байсан. Арын хөдөлгөөнд аваараа өгчихсөн байсан болохоор багажаа сөхөөд хартал багажийн тэмдэг байхгүй байсан. Миний машинд бол байдаг, тэр үед эхнэрийнхээ машиныг унаж явж байсан болохоор байхгүй байсан. Тэгээд миний санаж байгаагаар түргэн ирээд аваад явсан. Ийм л үйл явдал болсон гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 15-ны орой гэрээсээ гараад петровисийн дээшээ цаад талаасаа өгсөж ирж байсан. Түгжрэл үүсчихсэн,  автобусны буудал дөнгөж өнгөрөөд явж байтал урд талын тэрэг дохиогоо өгөөд баруун тийшээ явсан. Тэгэхэд энэ саарал бенз дохиогоо өгөөд ташуу зогсчихсон байсан. Тэгээд 9 цаг 40 минутын орчим Бенз маркийн машины хажуугаар баруун гар талын эгнээгээр явах гэж байхад шүргэлдсэн юм шиг зогсож байхаар нь дундаж хурдтай явж байгаад аваараа татаад харсан. Тухайн үед бороо орж байсан. Нүдэнд юм харагдхаар нь гэнэт зогтусаад ухарсан чинь арын машин бас сигналдсан. Тэгээд машинаасаа буугаад юу болсон талаар хараад мэдсэн гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Батзориг мэдүүлэхдээ: Бенз маркийн 15-53 УНГ улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн 6.3 дахь хэсгийн ослын зогсоолын тэмдэгийг бусад жолооч нарт урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурингийн гаднах замаас 30 метр багагүй зайд байрлуулна. Энэ ослын тэмдгийг ямар үед хэрэглэх талаар заасан байдаг. Тэмдэг тавьсан байдал нь хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Эсрэг урсгалаас хамгаалж чулуу тавьсан нь тооцогдохгүй. Дүрмэнд заасан тэмдэгтүүдийг тавьсан бол тооцогдоно. Чулуу тавьснаар жолоочид анхааруулна гэсэн үг биш. Тухайн нөхцөл байдалд огт тавиагүй гэж зүйрлэж үзээд, энэ тэмдгийг тавих шаардлагатай байсан гэдэг утгаар 6.3 дахь заалтыг хэлж байгаа юм. Б.Эыг 9.1 дэх хэсэгт зааснаар буруутгасан нь яг үйлдэлтэй нь холбогдуулвал цаг агаарын нөхцөл гэж орсон байдаг. Бороо орж байсан, мөн явган зорчигч зорчих хэсэг рүү орсон. 5км-ын хурдтай явдаг гэж үзвэл зорчигч хичнээн км явж байж мөргүүлсэн бэ. Явган зорчигч зорчих хэсэг рүү ороод ирсэн байхад тэрийг харах боломжтой. Нас барсан хохирогчийн дүгнэлтэнд тайлбар хийхэд явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д гарцгүй газраар зам хөндлөн гарахыг хориглодог. Өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалт байдаг. Өөрийгөө хянах чадваргүй болсон буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шүүх шинжилгээний дүгнэлтэнд байгаа. Хэр хэмжээний согтолттой байсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан согтолттой байсан. Хурдны хэмжээг хэтрүүлсэн эсэх дээр суурин зам дээр дээд тал нь 60км/цагийн хурдтай явах ёстой байдаг. Үүнд 20км/цаг байна уу 30км/цаг байна уу хурдаа тухайн үеийн нөхцөл байдалд тааруулж явах ёстой. Цаг агаарын нөхцөл байдалд тааруулаад жолооч хурдаа тааруулж явах ёстой байдаг юм. Хурдаа тохируулна гэдэг нь тухайн үзэгдэх орчиндоо тааруулаад 60км/цаг дотор явах ёстой юм. Хурдаа тохируулж яваагүй учраас осол гарах үндэслэл болсон юм. Жолооч зорчигчийг хараад зогсох хэмжээний хурдтай явах ёстой. Зорчигч мөргүүлэх үедээ замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээний гуравны нэг хавьцаа байсан. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах болсон нь цаанаас намайг томилсон. Би Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст техникийн шинжээч хийдэг. Манайх шинжээчийг инженер боловсролтой, тодорхой хугацаанд ажилласан байхыг шаарддаг. Би мэргэжилээрээ 13 жил ажиллаж байна. Бенз маркын машинд техникийн шинжилгээ хийсэн. Энэ үзлэг нь анх осол болох шалтгааныг харуулж байгаа юм. Тэр эвдэрлийг өөр байгууллага тогтооно. Хурдыг жолооч тухайн үед сонгохыг шаардана. Бороотой үед үзэгдэл нь хэр байна тэр хэмжээндээ тааруулаад явах ёстой байдаг. Н.Бын хувьд зам дээр хэвтэж байгаа хүн ямар оролцогч вэ гэхээр явган зорчигчид тооцох боломжгүй гэж хариулсан байгаа. 1.5 дахь заалт ерөнхий заалт. Мурана маркийн машин замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж оруулсан байгаа. Мурана маркийн машин нь гараад явсан байдаг. Н.Б нь амь хохирогчийг түрээд мөргөсөн, дайрсан үзэгдэл юм. Хоёр ижил машины нэг нь гараад явсан байдаг юм. Нэг нь урсгал сөрөх талруугаа орсон байдаг юм. Энэ дээр ялгаа байгаад байна. Нэг нь хохирогч, машин хоёрын голоор гараад явсан. Саадыг тойрон гарах гэсэн заалт байдаг. Энэ саадыг тойрон гарах үйлдлээ хийж байгаа. Хоёулаа адилхан саадыг тойрон гарч байгаа. Нэг урсгалтай ч бай, 2 урсгалтай ч бай саадыг тойрон гарах боломжтой. Гарцад зориулаад тасархай зураас тавигдсан байна. Автомашин тормослосон тохиолдолд маш бага хэмжээний хурдтай бол эргэх хөдөлгөөн хийхгүй. Тодорхой хэмжээний хурдтай явж байгаа тохиолдолд заавал эргэлт өгнө. Тормос гишгэж байгаа тохиолдолд зам дээр хэвтэж байгаа хүний шууд дээгүүр гарна гэсэн юм байхгүй, түрнэ гэсэн үг. Эй Би Эс тормосны системтэй машин тормос гишгэхэд хуурай зам дээр тодорхой хэмжээний хурдтай явах юм бол тасалдаж харагдана. Мурано маркийн машины жолооч тухайн осолд жолооч гэдэг нэр томъёогоор оролцоно. Анхны тусламж үзүүлж, түргэн тусламж үзүүлэх гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Мурано машин саадыг тойрон гарах боломжтой. Урсгал сөрөөд гарсан ч болно. Дугуйн радиусны өндөр, зам дээр байгаа саадны өндрөөс хамаараад энэ түрэлт үүснэ гэсэн үг. Тормос гишгэхгүй байсан ч тодорхой хэмжээний түрээд дээгүүр нь гарна гэсэн үг. Прадо маркийн машин түрэгдсэн зураас, мөрний урт юм шиг байгаа юм. Мерседес Бенз маркийн машины хурдыг нь тодорхойлоогүй. Манайх тэрийг тодорхойлох боломжгүй. Дүрэмд тогтоосон хязгаар нь суурин газар 60км/цаг явна гэсэн үг. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад өөрөө хурдаа тохируулж явах ёстой, энэ хурдыг тохируулж чадаагүй гэдэг үндэслэлээр буруутгаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.Болороо мэдүүлэхдээ: Биеийг тодорхой хурдтай зүйлээр мөргөх үед машины хамгийн урд хэсгээр мөргөдөг. Энэ үед голдуу хөл, шилбэн дээр, зарим өндөр машины хуьд дунд чөмгөн дээр хугарал үүсдэг юм. Хугарлын онцлог шинж байдал нь байдаг юм. Үүнд зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал мөргөгдөх үед үүсч байгаа юм. Шугаман хугарал гэдэг нь уг хүн маань хавтгай гадаргуутай зүйл дээр унах үед эсвэл хавтгай гадаргуутай зүйлээр цохигдох үед үүсдэг юм. Дайрагдах үед ийм гэмтэл үүсдэггүй. Тийм учраас дагзны хэсгээрээ зам дээр савагдаж унасан учраас дагзны шугаман хугарал үүссэн. Дайрагдах үед арай өөр төрлийн хугарлууд үүсдэг юм. Хохирогчийн гэмтэл нь мэдүүлэг болон дүгнэлтэнд тодорхой хэлсэн. Гавлын ясны хугаралд хоёулаа адилхан хүч үйлчилсэн. Тархинд үүссэн гэмтлүүдийг аль төрөлд үүссэн гэдгийг тодорхойлох боломжгүй. Дайрагдах үед маш хүчтэй байсан учир суурь ясыг нь хуваасан хугарлууд үүссэн. 2 дахь гэмтлийг авсны дараа амьдрах боломжгүй болдог юм. Аль чиглэлийн гэмтлийг түрүүлж авсан нь тодорхойгүй. Эхний машинд мөргүүлсний дараа нас барах боломжтой эсэхэд би тэрийг тодорхойлох боломжгүй байсан. Гавлын ясны хугарал нь үүсэх боломжтой. Тархинд үүссэн гэмтлүүдийг ялгах боломжгүй. Энэ талаар дүгнэлтэнд дурдагдсан байгаа. 2 дахь гэмтлийн улмаас энэ гэмтлийг ялгах боломжгүй. Автомашинд түрэгдсэн бол тархины гэмтэл үүсэхгүй. Уг гэмтэл нь заавал дайрагдаж байж үүсдэг гэмтэл юм. Нэг дугуйгаар гарсан ч болно. Толгойн урд хэсэг, ард хэсэг, дух хэсэг харьцангуй зузаан бөгөөд тэнцвэртэй хэсгүүд байдаг юм. Чамархай хэсэг болон 2 хажуу хэсгээр нь хүч үйлчлэх юм бол харьцангуй гэмтэх магадлал өндөр байдаг. Мөн чамархай хэсгийн хугарлын улмаас үүссэн гэмтлүүд байсан. 2 чамархай нь нэг талаасаа нөгөө тал хүртэл салсан гэмтэл байсан юм. Талийгаачид учирсан гэмтлийг хэдэн дугуйгаар дайраад учруулсан байхыг нарийвчлан мэдэх боломжгүй. Талийгаачид учирсан гэмтлүүдийн аль гэмтэл нь үхэлд хүргэсэн эсэхийг яг тодруулах зүйл биш. Гавал тархины улмаас нас барсан гэсэн. Гавал тархины гэмтэл гэдэг нь толгойн хуйхнаас эхлээд тархины гавал доторх бүх гэмтлийг хамааруулдаг. Хуйхан дээр үүсч байгаа цус хуралт, ясны хугарал, гавал тархинд үүсч буй гэмтлүүд нь нэг үүслээс үүсч байгаа учир бүхэл цогцоор нь ойлгох хэрэгтэй. Зүүн тал бөмбөлөг тал руу баруун талын чамархай болон 2 тал бөмбөлгийн завсар бага тархины орой хэсгийн цус харвалт, мөн зүүн чамархай, зулай, чамархай духны дэлбэн суурин хэсгийн няцрал гэх эдгээр гэмтлүүд нь тархинд үүссэн. Энэ гэмтлүүдээс болж нас барна. Эдгээр нь дангаараа үүснэ гэж байхгүй. Гавлын ясны хугаралтай хамт үүссэн юм. Гавлын ясны хугарал нь дангаараа үүсэхгүй. Энэ нь хуйхны цус хуралт, няцралттайгаа цуг үүснэ. Тэгэхээр эдгээр гэмтлүүдийг нэгтгэж ойлгох хэрэгтэй. Дөрөвний гурав хувийн согтолт нь хүнд зэргийн согтолт. Ийм согтолттой хүн онолын хувьд биеэ авч явах чадваргүй, зарим тохиолдолд комонд орох тохиолдол байдаг. Гэхдээ хувь хүний архи даах чадвараас хамаарна. Хувь хүний архи даах чадвар гэдэг нь тухайн хүний бие физилогийн онцлог, элэг, бөөрний үйл ажиллагаатай холбоотой байдаг юм. Дагзнаасаа шугаман хугаралтай хамт авсан гэмтлүүд нь ямар тархины гэмтэл авсан нь тодорхойгүй байдаг. Хоёр дахь гэмтлийг авсан хүн амьдрах боломжгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Сайнбилэг мэдүүлэхдээ: Би Бенз маркийн машины ертөнцийн зүгээр зүүн гар талаар нь гарсан. Би Бенз маркийн машинтай нилээн ойрхон гарсан. Гэхдээ шүргэлцэх хэмжээний зайтай биш байсан. Би Бенз машины өнгөрсний дараа эсрэг урсгал руу орсон санагдаж байна. Би Бенз машины зүүн гар талаар гарсан учир нь миний машины хүрд зүүн гар талдаа байдаг болохоор эвтэйхэн юм шиг санагдсан. Би эмч мэргэжилтэй. Би эмчийн тангараг өргөсөн. 2010 онд жолооч болсон. Зам дээр хэвтэж байсан хүн дээр очоогүй. Би өөрийн мэдэлгүй машинаасаа буугаад тэр хавийн орчин тойрныг ажиглаж харсан. Намайг Бенз маркийн машины зүүн талаар гарахад Б.Э урдаас гарч ирсэн. Машинаасаа бууж тэр хүн дээр шалтгаан нь би Сонгинохайрхан дүүргийн 103-ийн эмчээр 2 жил ажиллаж байсан. Би өөрийн мэдэлгүй машинаасаа бууж тэр хавийн орчин тойрныг ажиглаж харж байгаад буцаад машин руугаа явсан. Жирэмсэн эхнэр болон хүүхэдтэйгээ хамт явж байсан болохоор сүсэг биширлээ дагаад буцаад явсан. Амь хохирогч зорчих хэсгийн зүүн гар талд, толгой нь ертөнцийн зүгээр баруун гар тал руу харсан хэвтэж байсан. Цагаан шугамын дөрөвний нэг хэсэгт хохирогчийн гар нь байсан. Биеийн ихэнх хэсэг нь эсрэг урсгал руу орсон байдалтай хэвтэж байсан. Цагаан шугаман дээр хохирогчийн гар болон, хохирогчийн эд зүйл байсан. Миний нүдний хараа нэг нь -3, нөгөө тал нь -2,75. Харааны шил зүүх явцад машин барихад хүндрэл үүсдэггүй.

Би контакт линз зүүдэггүй. Би тухайн үед цагаан футболк, хар саравчтай малгай, бараан өнгийн жинсэн өмдтэй байсан. Би машинаасаа буугаад очиж байхад Б.Э ах дуудлага өгч байсан гэв.

 

1. Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 28 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Петровис" ШТС-ын баруун талын замд "Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", мөн дүрмийн 6.3-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, ... зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч С.Алтангэрэлийг мөргөж амь насыг хохироосон гэмт үйлдэл хийсэн болох нь

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түүнтэй уулзсан, тэрээр ер нь манайд ирдэг байсан юм. Тэгээд сураггүй байхаар нь найз Энхболд руу залгасан 3 хоног ирээгүй гэхээр нь би өөрөө 102-т түүнийг алга болсон талаар мэдээлэл өгсөн. Тэгтэл ингээд осолд ороод нас барсанг нь саяхан мэдлээ, би гомдолтой байна, дүүгийнхээ амийг алдсанд гомдолтой байна, буяны зардлыг бүрдүүлж өгнө" гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40х/,

гэрч Г.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бэлх рүү салдаг замын Петровис ШТС-аас хойш 500 метр зайтай харалдаа авто осол болсон байсан. Саарал өнгөтэй 2 хаалгатай жижиг суудлын Бенз машин байсан, би дугаарыг нь хараагүй, аваараа асаасан, замын хөдөлгөөн удааширсан байсан, ...саарал өнгийн Бенз маркийн автомашины зүүн хойд талд 2 урсгалыг тусгаарлах үргэлжилсэн цагаан шугам дээр хүн хэвтэж байхыг харсан. ...хэвтэж байсан хүнийг зүүн талынхаа автомашины толиороо хараад өөрийн мэдэлгүй автомашинаасаа буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр очсон чинь улаан цамцтай, хар өмдтэй, 40 орчим насны эрэгтэй хүн байсан. ...би урьд 103-т 2014-2016 он хүртэл ажиллаж байсан юм, тэгээд тэр хүнд туслахаар очиход найдваргүй болсон мэт сэтгэгдэл төрсөн" гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67х/,

гэрч Ж.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед: "...мөргүүлсэн хүн нь зорчих хэсгийн голын тусгаарлах цагаан шугам дээр хөндлөн байрлалтай толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй харсан хэвтэж байсан. Мөн ослын гэрэл дохиогоо асаасан автомашин хохирогчийн хажуу талд зорчих хэсгийн 2 дугаар эгнээ болон нэгдүгээр эгнээний голын тусгаарлах цагаан шугам дээр баруун гар талын 2 дугуй нь гарсан байдалтай урагш харсан байрлалтай зогсож байсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 76-77х/

хэргийн газрын үзлэгийн: "Зам тээврийн осол болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын завсарын буудал буюу Петровис ШТС-ын баруун талын замд байх бөгөөд Бенз маркийн 15-53 УНГ дугаартай Б.Э жолоочтой автомашин зогсож байх,..." гэх тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-24х/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн: "...21 цаг 21 минут 30 сек зам тээврийн осолд орж нас барсан гэх 35-40 орчим насны зүүн гартаа таяг тулсан, зүүн мөрөн дээгүүр хар бараан өнгийн цүнх үүрсэн саравчтай малгайтай эрэгтэй Болор мини маркет дэлгүүр рүү орж бичлэгийг цааш үргэжлүүлэх үзэхэд 21 цаг 28 минут 19 сек бмчлэгийн зүүн дээд буланд Болор мини маркет дэлгүүр лүү орсон хэн болох нь тогтоогдоогүй 35-40 орчим насны эрэгтэй харагдах ба ертөнцийн зүгээр зүүн тийш зам хөндлөн гарч байх үед 21 цаг 28 минут 30 секундэд цайвар өнгийн суудлын хоёр хаалгатай автомашин мөргөж, автомашинд мөргүүлсэн эрэгтэй ертөнцийн зүгээр зүүн тийш унаж замын голд толгой баруун тийш харсан байдалтай унасан ба мөргөсөн гэх суудлын автомашин ослын гэрлээ асаан зам дээр зогсож..." гэх тэмдэглэл /1хх-ийн 36-37х/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1820 дугаартай шинжээчийн дүгнэлт: /1хх-ийн 104-108х/,

шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны үед: "Талийгаачийн биед учирсан дагз ясны шугаман хугарал зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлүүдийг босоо байрлалд автомашинд мөргөгдөх үед, ...авсан..." /1хх-ийн 109-110х/ ,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн 5712 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт авто зам болон явган хүний замын хэсгийг харуулсан хяналтын дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018-08-15 21:28:30 секунтэд замын зорчих хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч автомашинд мөргүүлж байгаа дүрс дүрслэгдсэн байна ...” /хх-ийн 122-126х/,

Тээврийн цагдаагийн албаны 642 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Benz-SL320 маркийн 15-53 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг, мөн дүрмийн 6.3-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, ... зайд байрлуулна.

Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” /1хх-ийн 190-192х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дүгнэлт: гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1173 дугаартай: "...2018-08-15 21:28:30 секундэд автомашины зорчих хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч автомашинд мөргүүлж байгаа дүрс дүрслэгдсэн байна ..." гэх дүгнэлт /2хх-ийн 55-62х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Эрдэнбатыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Быг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Петровисын ШТС-ын баруун талын замд “Тоёота Круйзер-120” маркийн 30-34 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын өдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөнөөс замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан С.Алтангэрэлийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий эд мөрийн баримт болох дүрс бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад “Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэргслийн жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч амь хохирогч С.Алтангэрэлийг мөргөж унагааж байгаа нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Улмаар Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүүрмийн 6.3-д заасан “Осолын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, ... зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг даарах тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед” гэсэн заалтад заасан үүргээ биелүүлэлгүй зөрчсөн, өөрөө хэлбэл осол гарсаны дараа тээврийн хэрэгсэлийн зорчих хэсгийн замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, гадаа харанхуй болсон, бороотой цаг агаарын таагүй нөхцөлтэй байхад аюул саад байна шүү гэдгийг араас ирж буй жолооч нар, эсрэг урсгалын жолооч нарт анхааруулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй улмаас 12 миниутын дараа “Тоёото Круйзер-120” загварын 30-34 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь ирж замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан амь хохирогчийг дайрч байна.

 Мөн дүрс бичлэгээс хархад амь хохирогч С.Алтангэрэл нь замын зорчих хэсэг дээр анх “Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэргслийн жолооч Б.Эад мөргүүлсэн байдал, анх унасан байдлаараа огт хөдөлгөөнгүй хэвтэж буй байдал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1820 дугаартай шинжээч эмчийн: “...4.11 Талийгаач нь дээрх гавал тархины амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болно. ... 8. Мөргөгдөх үед дагзны ясны шугаман хугарал, зүүн шант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтэлтэй хавсарч тархины ямар гэмтэл авсаныг тогтоох боломжгүй тул ямар хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. ...” гэх дүгнэлт, шинжээч эмч О.Болорын өгсөн: “...амь хохирогчийг үхэлд хүрэгсэн гавал тархины амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийг босоо байрлалаас мөргөгдөх, хэвтээ байрлалд дайрагдах зэргийн алинаас нь авсан болохыг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг зэргээс үндэслэн амь хохирогч С.Алтангэрэлийн амь насыг түүнийг анх мөргөсөн шүүгдэгч Б.Э нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохироосон гэж шүүх үзэв.      

Өөрөөр хэлбэл зам тээврийн осолын улмаас нэг хүний амь насыг хоёр өөр цаг хугацаанд, хоёр өөр тээврийн хэрэгсэлийн жолооч хохироосон байх боломжгүй бөгөөд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт, нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлгүүдээр “Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэргслийн жолооч Б.Э нь амь хохирогч С.Алтангэрэлийг мөргөсөний дараа амь хохирогч амьд байх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт авагдсан эд мөрийн баримт, нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын зорчих хэсэг дээр хэвтээ байрлалд байсан амь хохирогчийн толгойн хэсгээр дайрсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч нэгэнт нас барсан хүний биед хүндэвтэр,  хүнд гэмтэл учруулсан, амь насыг нь хохироосон гэж үзэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй тул Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсогож, ял дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шүүх шийдвэрлэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөгч С.Отгонсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 6.292.190 төгрөгийг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд тулгуурлан нэхэмжилсэн бөгөөд Б.Э нь хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч хохирогч талд нийт 5.000.000 төгрөг төлсөн байх одоо 1.292.190 төгрөгийн хохирол төлөх үлдэгдэлтэй тул шүүх шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Эад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролынхоо ихэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохиролыг нөхөн төлөхөө илрхийлсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа болох согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөвшөөрөгдсөн явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан нь нөлөөлсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг micro SD /1хх-ийн 32х/, 4 ширхэг ДиВиДи зэрэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт хураагдсан Б.Эын жолоодох эрхийн үнэмлэхийг жолоодох эрх 3 /гурав/ жил хассан нэмэгдэл ялыг эдлүүлэх, түүнд хяналт тавиулахаар B ангиллын ¹77536 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэв.

Мөн хэрэгт хураагдсан Н.Бын B ангиллын №394172 дугаартай  жолоодох эрхийн үнэмлэхийг түүнийг шүүх цагаатгасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, хэсгүүдийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Бүдүүн овогт Нацагдоржийн Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Баянжаргалын Б.Эыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Эыг бусдад учруулсан хохирол болох 1.292.190 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч Б.Эаас нийт 1.292.190 /нэг сая хоёр зуун ерэн хоёр мянга нэг зуун ерэн төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэн /РД: ЧП58100367/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг micro SD /1 хх-ийн 32х/, 4 ширхэг ДиВиДи зэргийг хэрэгт үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнд нийт 5.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Н.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Энэ хэрэгт хураагдсан Б.Эын жолоодох эрхийн үнэмлэхийг жолоодох эрх 3 /гурав/ жил хассан нэмэгдэл ялыг эдлүүлэх, түүнд хяналт тавиулахаар B ангиллын ¹77536 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

10. Энэ хэрэгт хураагдсан Н.Бын B ангиллын №394172 дугаартай  жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ