Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 2020              05           21                                        2020/ДШМ/660                                                                                                     

Н.Б-, Б.Э- нарт холбогдох                                                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор С.Оюунжаргал,

            цагаатгагдсан этгээд Н.Б-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

            шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Б-, Б.Э- нарт холбогдох 1803006870480 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ын Э, Улаанбаатар хотод 1969 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

2. Б овгийн Н-ийн Б, Төв аймагт 1967 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар согоот”-ын 0 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б.Э- нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ШТС-ын баруун талын замд “Benz SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 6.3-т “Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Алтангэрэлийг мөргөж амь насыг нь хохирсон,

Н.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ШТС-ын баруун талын замд “Тоёота ланд круйзер-120” загварын 30-34 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осолд өртөн замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч С.Алтангэрэлийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Б.Э-, Н.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Э-ыг бусдад учруулсан хохирол болох 1,292,190 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдийг тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-аас нийт 1,292,190 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “micro SD” карт, 4 ширхэг “CD” зэргийг хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнд нийт 5,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр, болмогц түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт хураагдсан Б.Э-ын жолоодох эрхийн В ангиллын №77536 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ хэрэгт хураагдсан Н.Б-ын В ангиллын №394172 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын давж заалдсан гомдлыг бүрэн дэмжиж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Би тухайн өдөр осол гаргасан. Үүнтэй холбогдуулж намайг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэн. Гэхдээ би дүрэм зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж гомдол гаргаж байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч  энэхүү гомдлыг гаргаж байгаа өмгөөлөгчид бид өөрийн үйлчлүүлэгч Б.Э-ыг гэм буруугүй гэж үзэж цагаатгахыг зорьсон. Энэ байр сууриа хамгаалж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр давж заалдаж байна.

1. Осол гарсан шалтгаан ба хохирогчийн буруугийн талаар: Болсон үйл явдлыг ямар ч эргэлзээгүйгээр нотолж байгаа хамгийн чухал баримт бол дэлгүүрийн камерийн бичлэг. Бичлэгт амь хохирогч С.Алтангэрэл нь автомашины замыг хөндлөн гарахдаа явган зорчигчийн зорчих хэсэггүй буюу гарцгүй хэсгээр замыг хөндлөн гарч байгаа нь хангалттай нотлогдож байгаа. Түүнчлэн амь хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шүүх эмнэлэгийн дүгнэлтээр нотлогдоно. Дээрх байдлыг анхан шатны шүүх шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөлд ч дурдсан байгаа. Энэ бол тухайн хэргийн хамгийн чухал нөхцөл байдал бөгөөд хэрэг осол гарах шалтгаан гэж үзэж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр хангалттай, бүрэн зохицуулсан харилцааг амь хохирогч нь зөрчиж хэргийн суурь нөхцөл байдлыг үүсгэсэн буруутай байдлыг шүүх дүгнэсэн атлаа түүнээсээ эсрэгээр шийдвэр гаргаж байгааг ойлгосонгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг амь хохирогч зөрчсөн болох нь хангалттай нотлогдож байх тул бидний үйлчлүүлэгчийг буруутай гэж тооцох ёсгүй гэж үзэж байна.

2. Шүүгдэгч Б.Э-ыг буруутгасан үндэслэлийг эс зөвшөөрөх нь: Шүүх Б.Э-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Алтангэрэлийг мөргөн унагааж байгаа нь хөтөлбөргүй тогтоогдсон хэмээн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 1-рт амь хохирогч өөрөө хөдөлгөөний аюулгүй байдлыг дүрэм зөрчиж гарцгүй хэсгээр хөдөлгөөнд оролцож байсан,  2-рт амь хохирогч нь замын дунд хэсэг буюу хоёр урсгалын дунд ч байгаагүй, харин автомашины зорчих хэсэгт зогсож байсан; 3-рт: тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал Б.Э-ад нөлөөлсөн нь тогтоогдоогүй; 4-т: Б.Э- нь дүрэмд заасан автомашины хурдыг хэтрүүлээгүй, энэ хэрэгт автомашины хурдыг хэмжиж, шинжилж тогтоосон баримт байхгүй.

      Түүнчлэн анхан шатны шүүх Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т заасан ослын зогсолтын тэмдгийг хэрэглээгүй хэмээн буруутгаж байгааг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Амь хохирогч мөргүүлээд анх унахдаа эсрэг урсгалд байгааг нь бичлэгээс хангалттай харагдах бөгөөд огт хөдлөхгүйгээр байсаар байсан. Тиймээс Б.Э- нь амь хохирогчийн унасан байсан эсрэг урсгалын автмашины хөдөлгөөнөөс болгоомжилж чулуугаар хаалт тавьсаныг зөвтгөх ёстой. Б.Э- нь араас ирэх автомашинуудыг дүрмийн дагуу зорчих ёстой гэж итгэж байсан.

      3. Амь хохирогч нас барсан нь нотлогдох цаг хугацаагаар хэргийг зүйлчилж, шийдвэрлэх ёстой. Хуульч бид амь хохирогч нас барсан цаг хугацааг Б.Э-ын автомашинд анх мөргүүлсэн мөргөлтөөр тооцож байгаа. Үүнийг нотлох баримтууд бол бичлэгээр нотлогдож байгаа амь хохирогчийн хөдөлгөөнгүй байгаа байдал, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт болон түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “... амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийг босоо байрлалаас мөргөгдөх, хэвтээ байрлалд дайрагдах зэргийн алинаас нь авсан болохыг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг, анхан шатны шүүхийн “... амь хохирогч С.Алтангэрэлийн амь насыг түүнийг анх мөргөсөн шүүгдэгч Б.Э- нь ... зөрчсөний улмаас хохироосон ...” гэсэн дүгнэлт зэрэг болно.

Амь хохирогч нас барсан шалтгаан нь шүүгдэгч Б.Э-ын мөргөлтөөс болсон гэж үзээд нөгөө шүүгдэгч Н.Б-ыг цагаатгаж шийдвэрлэж байгааг бид хүлээн зөвшөөрөхийн хамт шүүгдэгч Б.Э-ыг ч гэм буруугүй гэж цагаатгах ёстой гэсэн байр суурьтай байна. Тодруулбал, анхны мөргөлтөөс амь хохирогч нас барсан тул түүний хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрсөн хууль бус үйлдлийн улмаас нас барсанд тооцох үндэслэл байна. Энэ үндэслэлийг Б.Э-ын хурд хэтрүүлээгүй нөхцөл байдал болон “... нэг хүний амь насыг хоёр өөр цаг хугацаанд, хоёр өөр тээврийн хэрэгсэлийн жолооч хохироосон байх боломжгүй...” гэсэн шүүхийн дүгнэлтээр давхар бататган өмгөөлж байна.

Иймээс үйлчлүүлэгч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байх тул Б.Э-ыг цагаатгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахыг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Л.Дашравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Г.Эрдэнэбатыг хурд хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хавтас хэрэгт хурдыг тодорхойлсон ямар нэг хэмжилт хийсэн, шинжээчийн дүгнэлт байхгүй. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж асуусан боловч шүүгдэгч Б.Э-ыг ямар хурдтай явсныг тодорхойлоогүй. Суурин газар 60 км/цаг хурдаас хэтрүүлээгүй гэдэг нь тодорхой байсан. “Хурдыг тохируулж явна” гэх заалтаар миний үйлчлүүлэгч Г.Эрдэнэбатыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Б-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлуудтай холбогдуулан хэлэх тайлбаргүй ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хурдыг заавал тогтоосноор хурдны заалт тавьдаг гэж ойлгожээ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан. Тухайлбал, сургууль орчимд цагт 20 км/цаг хурдтай явах таних тэмдэг байдаг. Гэтэл осол гарах үед бороо орж байсан. Жолооч би суурин газар 60 км/цаг хурдтай явж болно гээд энэ хурдаар явж болохгүй гэдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтаар зохицуулсан юм. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн тул жолоочид оногдуулах ял шийтгэлийг тэнсэж, үүрэг хүлээлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх “... анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлынхоо ихэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа ... нөлөөлсөн ...” гэсэн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Э-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” хэмээн заасан тул тэнсэх зохицуулалтыг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрийн маргаангүй болсон хүнд хэрэглэхээр хуульчилсан гэж үзнэ.

Гэтэл шүүгдэгч Б.Э- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй учраас гэм буруугүй” гэсэн байр сууриа илэрхийлсээр байтал /1-р хх 207-212, 2-р хх 233/ анхан шатны шүүх, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Б-, Б.Э- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын гаргасан давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Э-, Н.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

 

                          ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН