Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 536

 

                                                  Б.Э, Н.Б нарт холбогдох                                                        

эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 660 дугаар магадлалтай, Б.Э, Н.Б нарт холбогдох 1803006870480 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1969 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Б.Э,

2.Монгол Улсын иргэн, 1967 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүдүүн овогт Н.Б нар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Б.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Эад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч Б.Эаас нийт 1.292.190 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Од олгуулах,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг micro /1хх-32/, 4 ширхэг DVD зэргийг хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Од 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э, Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нар хамтран гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган зорчигч С.Аийг мөргөж амь нас нь хохирсон хэрэгт холбогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, жолоодох эрхийг 3 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг гаргасан билээ. Бид энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхны шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:                                     

1.Бид дээр дурдсан үйл явдал болсон гэдгийг огт үгүйсгээгүй. Гол нь манай үйлчлүүлэгч Б.Э тухайн хохирол, хор уршигт гэм буруугүй гэж л хууль зүйн үндэслэл гарган, няцаалт, тайлбараа хийж мэтгэлцсэн. Энэ байр сууриндаа хэвээрээ байгаа тул Б.Эыг гэм буруугүй гэж итгэлтэй тайлбарлах 2 үндэслэлээ бичье.

- Хохирогч мөргөгдөж, нас барах тэр агшинд Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийг огт зөрчөөгүй буюу зөрчсөн нь нотлогдоогүй. Хэдийгээр шүүх улсын яллагчийн үндэслэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг баримтлан буруутгаж байгаа ч “...тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтын дагуу хурд хэтрүүлсэн нөхцөл байхгүй, нотлож байгаа баримт ч байхгүй;

- Харин хохирогч нь дүрмийн дагуу зам хөндлөн гараагүй нөхцөл байгаа нь тухайн хэрэг явдал гарах хамгийн гол үндэс суурь болсон байгааг онцолмоор байна. Хохирогч өөрөө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад заасан “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр... зам хөндлөн гарах болон ... зорчих хэсэг дээр зогсох, саатах зам хөндлөн гарч байхдаа алгуурлах...” гэсэн хориглосон заалтуудыг зөрчсөн нь энэхүү үйл явдлыг бий болгосон гэж бид үзэж байна. Тэрээр их хэмжээний согтолттой үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, өөрийгөө удирдах чадваргүй байсан нь бүрэн нотлогддог.

2.Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг хэрэглэхдээ “хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлсэн” гэж дүгнээд байгаа атлаа ийнхүү хэтрүүлснийг нотлох баримт байхгүй байгаа нь харамсалтай.

Түүнчлэн Б.Эад ял оногдуулахдаа хохирогчийн хуулийг зөрчсөн буруутай үйлдлийг “хөнгөрүүлэх нөхцөл”-д тооцож байгаа нь маш буруу. Хохирогчийн энэ буруутай үйлдэл нь өөрийнх нь амь нас нь хохирох, манай үйлчлүүлэгч буруутай гэж тооцогдох нөхцөл болсон шүү дээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн талаар:

1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын гаргасан давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав." гэснийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрхийг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хууль ёсны оролцогч бидний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах ёстой бөгөөд хуульчдын гаргасан үндэслэл, саналыг заавал дүгнэж тайлбарлах ёстой. Ингэснээрээ хэргийн нөхцөл байдал, гаргаж байгаа шийдвэрийнх нь үндэслэл илүү тодорхой болж, итгэл төрөхүйц дүгнэлт болно гэж үзэж байна.

Иймээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчсөн давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгон, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2-т заасан “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.” зарчмын заалтыг үндэслэн Б.Эыг гэм буруугүйд тооцож, цагаатгахыг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Б.Эад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э, Н.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын баруун талын замд “Benz SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 6.3-т “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, … зайд байрлуулна. Ослын зогсолтын дараахь тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Аийг мөргөж амь насыг нь хохироосон, 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын баруун талын замд “Тоёота ланд круйзер-120” загварын 30-34 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөнөөс зам тээврийн осолд өртөн замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч С.Аийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Харин шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Эыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй, зам тээврийн ослын хэрэгт гэм буруугүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй учраас гэм буруугүй” гэсэн байр сууриа илэрхийлсээр байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 660 дугаартай магадлалыг хянаж үзэхэд давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн эсэх, анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, түүний нотлогдсон байдал, шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, шүүхээс Н.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, түүнчлэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч оролцогчийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй бөгөөд зөвхөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Э, Н.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна гэж дүгнэв.

Иймд энэ талаар өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хэсгийг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 660 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, Н.Б нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.” гэж хуульчлан заасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэж, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх замаар анхан ба давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон, эсхүл нотлогдоогүй гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, улмаар шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх, эсхүл энэ талаар хоёр шатны шүүхэд чиглэл өгөх эрхгүй болно.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Б.Э, Н.Б нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Болорчулуун, Л.Дашравдан нарын “Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.” гэсэн зарчмыг үндэслэн шүүгдэгч Б.Эыг гэм буруугүйд тооцож, цагаатгахыг хүсч байна” гэсэн гомдлын хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:           

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 660 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, Н.Б нарт холбогдох 1803006870480 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э, Н.Б нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                                                    ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН