Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 222

 

А.Зоригтбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шагдаржав, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар магадлалтай, 201510010110 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шагдаржав, М.Амарсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Амгалангийн Зоригтбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх: А.Зоригтбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, А.Зоригтбаатар бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.Даваасүрэнгээс 8,398,260 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Амарсайханд, 15,837,400 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шагдаржавд тус тус олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Зоригтбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шагдаржав, М.Амарсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “... Уг хэрэгт ослын шалтгаан нөхцөлийн талаар 66, 4738, 5835, 109 дугаартай 4 шинжээчийн дүгнэлтүүд гарсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс “Улаанбаатар хотын замын цагдаагаас гаргасан 109 тоот шинжээчийн дүгнэлтээр осол болсон шалтгаан нөхцөлийг 2-р хариултаар 2 жолоочийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. 4-р хариултаар хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар тээврийн хэрэгслийг мотоцикл шүргэсэн байх үндэслэлтэй. 5-р хариултаар зам тээврийн осол гарсан шалтгаан нь автомашиныг мотоцикл мөргөсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна гэж ослын шалтгаан нөхцөлийг 1 дүгнэлтээр 3 янзаар тодорхойлж урьд гаргасан 66, 4738 тоот дүгнэлтүүдийн эргэлзээг гаргаж чадаагүй байна” гэсэн. Гэтэл уг шинжээчийн бүрэлдэхүүнд оролцсон шинжээч Ганбаатараас энэхүү байдлуудыг тодруулж асуухад “2 жолооч хоёулаа буруутай гэж үзэж дүгнэлтийг гаргасан юм. Тэр үед шүүгдэгчийн машин зогсоогүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байх үед нь осол гарсан. Энэ осол нь 2 жолооч тус бүрдээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас гарсан” гэсэн мэдүүлгийг өгсөн. Мөн шинжээч Шинэбаатарын мэдүүлэг ч мөн адил өгөгдсөн ба уг 109 тоот дүгнэлтийг гаргасан шинжээч нар болох шинжээч Ганбаатар, Батзориг, Шинэбаатар нар бүгд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Дээрх нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс харьцуулан дүгнэж чадаагүй орхигдуулсан. Хохирогч А.Цэдэвийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а буюу жолоочид хориглох заалтыг зөрчсөн гэсэн боловч энэ зүйлд заасан хориглосон зүйлээс хохирогч А.Цэдэв алийг нь зөрчсөн болохыг тодорхойлж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөвхөн шинжээчдийн дүгнэлтийн хүрээнд үнэлсэн нь хангалтгүй бөгөөд гэрчийн мэдүүлгийг уг хэрэгт үнэлээгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судалж дүгнэлтэд нөлөөлөх байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэж, Зоригтбаатарыг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шинжээч нар хоёр жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэж дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ талаар тусгаагүй, ямар үндэслэлээр энэ хэргийг цагаатгаснаа хангалттай тайлбарлаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй" гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар А.Зоригтбаатарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалтын явцад шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн зам тээврийн осол замын зорчих хэсэгт гарсан байх бөгөөд сөрөг урсгалтай замын аль эгнээнд уг осол гарсан нь тодорхойгүй, хэргийн газрын үзлэг, туршилт зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь ойлгомжгүй, харилцан зөрүүтэй байгаа нь хэн энэхүү осолд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн, үүний улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект халдлагад өртсөн болохыг тогтоож дүгнэхэд хүндрэл үүсгэжээ.

Яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг" дээр мотоцикл, Норд бенз маркийн автомашин хоёрын мөргөлдсөн гэх А цэг засмал замын зүүн талаас 3.5 метрийн зайд, зүүн талын эгнээнд тэмдэглэгдсэн байтал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “А цэгээс зүүн тийш 3.5 болон 2.7 метрийн зайд гэж хоёр өөр зайг тэмдэглэж, бэхжүүлсэн, улмаар уг үзлэгийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх зорилгоор хийсэн “Туршилт хийсэн тэмдэглэл”-д “... анх мөргөлдсөн А цэг нь засмал замын баруун талын эгнээнд байрлаж байлаа” гэжээ.

Үүнээс үзэхэд, автомашин, мотоцикл мөргөлдсөн А цэг замын аль эгнээнд байгаа нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

Ийнхүү А цэг, түүнийг бэхжүүлсэн эргэлзээтэй нотлох баримтуудыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хэн аль нь арилгах арга хэмжээ аваагүйгээс хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулсан байна.

Түүнчлэн гол замаар яваа тээврийн хэрэгсэлд туслах замын тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх үйлдэл зорчих хэсгийн аль эгнээнд А цэг тогтоогдсоноос үл шалтгаалан буруутгах үндэслэл болох эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай.

Эдгээр нөхцөл байдал болон ослыг тодорхойлох эх сурвалж болсон нотлох баримтуудын эргэлзээг арилгаж, нотлох асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, А.Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 201510010110 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, А.Зоригтбаатарт яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ