Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Б.Нармандах, А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч                                                Т.Болорчимэг

Нарийн бичгийн дарга                                             П.Пүрэвсүрэн

 Улсын яллагч                                                            Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          О.Үүрцайх

Хохирогч                                                                   Я.Шагдаржав, М.Амарсайхан

Хохирогчийн өмгөөлөгч                                          Ж.Жаргалсайхан

Иргэний хариуцагч                                                  Э.Даваасүрэн

Шинжээч                                                                 Б.Батзориг, Н.Шинэбаатар, Н.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амгалангийн Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 201510010110 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат, 1972 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг, Үүдийн гудамж 1-19 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Амгалангийн Зоригтбаатар /РД:ЕК72092271/

Прокурорын яллах дүгнэлтээр: шүүгдэгч  А.Зоригтбаатар нь  2015 оны 06 дугаар  сарын 03-ны орой 22 цагийн орчимд Замын-Үүд сумаас хойш 15 км-т 53-08 ДГО улсын дугаартай "Норд бенз" маркийн автомашиныг жолоодож яваад Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлийн засмал зам руу орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас А.Цэдэвийн жолоодож явсан улсын дугааргүй Хаужи маркийн мотоцикльтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж А.Цэдэв, Я.Чинбат нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 06 сарын 03-ны өдөр Замын-Үүд сумаас гараад 15 км явж байсан. Уулзварын хажууд очиход ертөнцийн зүгээр хойд талаасаа нилээд хол зайтай 2 гэрэл харагдсан юм. Тэгээд төв зам руу орох гээд гэрэл дохиогоо өгөөд орсон. Толгой хэсэг тэгшрээд явж байхад өөдөөс ирж байсан 2 гэрлийн нэг нь хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгээд ард түс хийх чимээ гарсан. Тэгээд буугаад харсан 2 мотоциклтой хүн унасан байсан юм. Чиргүүлийн араасаа 3 дахь дугуй мөргөсөн байсан. Тэгээд цагийн дараа эмнэлэгт хүргэсэн”... гэв.

Хохирогч Я.Шагдаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 06 сарын 03-ны орой ээж, талийгаач дүүтэйгээ хөдөө байж байсан. Цогтсайхан, Ганбаяр нар Эрдэнэ сумаас ирсэн гээд утсаар яриад манай дүүг аваад явсан. Орой 19 цаг 30 минутын үед буцаж ирж хоолоо идчихээд байж байтал дахиад утсаар яриад дуудаад байхаар нь талийгаач дүү маань буцаж явсан ба эргэж ирэхгүй байсан. Тэгсэн чинь Замын-Үүд явчихсан байсан юм байна лээ. Энэ хэрэг 21-22 цагийн үед болсон байх гэж бодож байгаа. 23 цагийн үед манай дүү Дашбат ээжид энэ хэргийн талаар хэлээд манайхан Замын-Үүд сум руу явсан. Тухайн үед би газар дээр нь очоогүй. Би яг харсан зүйл байхгүй. Осолын талаар надад мэдэх зүйл байхгүй. Би хамгийн бага дүүгээ алдсан гомдолтой байна. Ээжид маань тус болдог миний малыг маллаж байсан ганц хүн байгаа юм. ,400,000 төгрөг өгсөн гэж байна. Манайд бол 900,000 төгрөг өгсөн. Хавтаст  хэрэгт авагдсан баримт дутуу учир тэрийг бүрдүүлж нийт 10,322,750 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа юм.  мотоциколийн үнэ болох 6200 юанийг Монгол мөнгөөр шилжүүлж 1,875,500 төгрөг, Мөн оршуулгын ажил явдалд зарцуулсан бензин тосны зардал 1,030,000 төгрөг, буяны хайрцаг 350,000 төгрөг, эмийн зардал 739,000 төгрөг нийт 15 837400 төгрөгийг нэхэмжилж байгаа, маш их гомдолтой байна”... гэв.

Хохирогч М.Амарсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 06 сарын 03-ны орой хөдөөнөөс над руу манай дүү залгаж хүү чинь очсон уу гэхээр нь би ирээгүй байна гэсэн чинь очих цаг нь болчихлоо гэсэн юм. Тэгээд би за ирэх байх гэж хэлчихээд байж байсан чинь 30-40 минутын дараа манай төрсөн ах Амаржаргал над руу залгаж хүүхэд чинь аваарт орсон байна. Миний дүү эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад эмнэлэг дээр очсон чинь Ганжигүүр эмч таарахаар нь мэнд ус мэдээд аваарт орсон хүмүүс хаана байгаа вэ? Миний хүү хаана байна гэсэн чинь би танай хүүг танихгүй. Нэг хүн дотор бие нь муу байна. Нэг шарил энд байна гэж хэлсэн. Тэгээд би шарилыг харсан чинь хүү маань бурхан болсон байсан. Би маш их гомдолтой байна. Энэ хүмүүс ажил явдлын үер 500000 төгрөг өгсөн. Сүүлд 900,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Нийт 1400000 төгрөг надад өгсөн. Одоо би 9 798260 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 1 400000 төгрөгийг хасаж тооцно. Гомдол их байна”... гэв.

Иргэний хариуцагч Э.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хэрэгт 2 хүний амь нас эрсэдсэнд харамсалтай байна. Тухайн үед би өөрөө тэр машинд хамт сууж явсан. Энэ хэрэгт шүүгдэгчийн буруутай үйлдэл байвал хохиролыг бүрэн төлж барагдуулна”... гэв.

Шинжээч  Б.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “...Хэргийн материалтай танилцаад 2 жолоочийн буруутай үйлдлээс энэ осол гарсан байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан байгаа. А.Зоригтбаатар нь ЗХД-ийн 12.9 дэх хэсэгт заасан дүрмийг зөрчөөгүй байсан бол зам тээврийн осол гарахгүй байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4738 тоот дүгнэлтийг үндэслэн зам тээврийн осол гарсан шалтгаан нь автомашиныг мотоцикль мөргөсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Схем зурагнаас харахад осол гарах үед том оврын автомашин хөдөлгөөнөө бүрэн дуусгаагүй байсан байдаг. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” б/ тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ” 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7. Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэд хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн байдаг. Мөн тухайн 2 мотоцикль зам дээр зэрэгцээд явж болохгүй”... гэв.

Шинжээч Н.Шинэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “...Уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь 2 тээврийн хэрэгслийн жолооч нарын буруутай үйлдэл байсан гэж үзсэн. ЗХД-ийн 12.9 дэх хэсэгт зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгнө гэсэн заалт байдаг. Тухайн гол замаар яваа тээврийн хэрэгслийн өнгөрөөсний дараа туслах замаар орж ирж байгаа тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой байдаг. Туслах замаар орж ирж байгаа тээврийн хэрэгсэл гол замаар ирж байгаа тээврийн хэрэгслийг хэдэн метрт байхад хөдөлгөөнөө үргэлжлүүлэх талаар ЗХД-д тодорхой заасан зүйл байхгүй. 500-600 метрт гол замаар тээврийн хэрэгсэл ирж байгааг харсан л бол ЗХД-ийн 12.9 дэх заалтаа бариад замын хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зогсоон хүлээн ёстой байсан”... гэв.

Шинжээч  Н.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “...Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдлыг зам тээврийн осол гэнэ. А.Зоригтбаатар нь ЗХД-ийн 12.9 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байсан бол уг мотоциклийн жолооч зогсоох арга  хэмжээ авах шаардлага байгаагүй”... гэв.

Шинжээч Б.Батцэвэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Норд бенз маркийн 53-08 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Зоригтбаатар нь туслах замаас гол замд нийлэхдээ үзэгдэх хүрээнд гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам  тавьж өгөх ёстой...Хэрэв 400-500 метр  зайд  гэрэл гараад  тээврийн хэрэгсэл ирж байгаа тохиолдолд тухайн Норд бензийн жолооч  Зоригтбаатар нь өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслийн онцлог болон  уртын хэмжээ, тээж яваа ачаа  зэргээс шалтгаалж уулзварыг нэвтэрнэ” гэжээ. /хх-ийн 84-85 тал/,

Гэрч Г.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “... 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зоригтбаатар ах бид хоёр нэг газар буух ачаа ачсан байсан учраас орой 20 цагийн орчим Замын-Үүдээс Улаанбаатар орохоор хөдөлсөн. Хөдлөхдөө би урд нь гараад явсан ба Замын-Үүдээс 19-20 орчим км зайд явж байтал өөдөөс машин ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хажуугаар нь зөрөх үед 2 гэрлийн 1 нь урд нь гарчихсан. Тэгэхээр нь би мотоцикль явж байгаа юм байна гэдгийг нь мэдээд хажуугаар зөрөх үед урд нь явсан мотоцикльтой явж байсан хүн юу гэж хэлснийг нь сонсоогүй, орилоод өнгөрсөн. Харин хойд талд нь явж байсан мотоцикль сигналдаад өнгөрсөн. Тэгэхээр нь би согтуу хүмүүс явж байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед харанхуй гэгээ тасарсан байсан учраас ямар хүмүүс явж байгаа талаар харж чадаагүй” гэжээ.  /хх-ийн 41 тал/,

Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2015 оны 06 дугаар сарын 03-ны орой яг хэдэн цаг болж байсан эсэхийг санахгүй байна, гэхдээ ойролцоогоор 21-22 цагийн орчим болж байсан санагдаж байна. Сүхбаатар аймаг орохоор сендвич ачаад Замын-Үүдээс гараад 40 орчим км буюу Нартын хошууны ойролцоо явж байтал хойноос урагш Замын-Үүд чиглэлд 2 мотоцикльтой 4 хүн өөдөөс урд хойноо ороод ард нь суусан байсан дээлтэй нь гараа дээшээ өргөөд дуулаад байгаа бололтой орилолдоод явж байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг согтуу юм болов уу гэж бодсон. Гэтэл сүүлд Сүхбаатар аймагт очсон хойноо жолооч нараас сонсоход надтай зөрсөн 2 мотоциклийн нэг нь миний зүс мэдэх Зоригтбаатар гэх жолоочийн машинтай мөргөлдсөн гэж байна лээ” гэжээ. /хх-ийн 43 тал/

Гэрч Б.Цогтсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Эрдэнэ сумаас 2-3 км-ийн зайд яваад Ганбаяр, талийгаач Цэдэв бид 3 дэлгүүрээс авсан архиа  засмал замын доод талд байдаг нүхэн гүүрний  доод талд сууж байгаад хувааж ууцгаасан. Ингээд 15 цагийн орчим хөдлөөд Баянхошуу гэх нэртэй газар орж Жагаа гэх залуугийн гэрт очиж талийгаач Цэдэв өөрийнхөө унаж явсан Мөнхзолбоогийн мотоциклийг үлдээгээд найз Чинбатыг гуйгаад Замын-Үүд орчихоод ирье гэж хэлсэн. Ингээд Баянхошуу гэх нэртэй газраас Цэдэв Чинбатын мотоциклийг унаад хойд талдаа Чинбатыг сундлаад, би өөрийнхөө унаж явсан мотоциклийн ард Ганбаярыг суулгаад орой 20 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Замын-Үүд ороход 17-18 орчим км дутуу засмал зам дээр явж байтал 100-150 метрийн зайтай засмал зам руу машин эргээд орж байгаа харагдахаар нь миний урд явсан Цэдэвийг очоод мөргөчихөж магадгүй гэж бодоод араас нь сигналдах үед сонсолгүй чигээрээ яваад байсан. Тэгэхээр нь араас нь   явж байтал зам руу орж байсан машины зүүн хойд талын дугуйг очоод мөргөөд цааш үсрээд явчихсан. Тэгэхээр нь би хажууд нь очиж зогсоод мотоциклио байрлуулж тавьчихаад Чинбат, Цэдэв 2 дээр гүйгээд очтол газар уначихсан, ямар нэгэн хөдөлгөөнгүй болчихсон байсан. Энэ үед нөгөө машины жолооч машинаа урагш хөдөлгөж эсрэг урсгалыг чөлөөлөх маягтай зогсоод  дотроос нь хүн буугаад ирсэн. Тэгэхээр нь би та нар түргэн  цагдаа дууд гэж хэлчихээд байж байтал эмнэлэг ирээд Чинбат, Цэдэв нарыг  аваад явсан. ... Намайг 40 км цагийн хурдтай явж байхад талийгаач Цэдэв хажуугаар гүйцэж түрүүлээд явсан юм. Тухайн үед 70 орчим км цагийн хурдтай явж байсан байх.  Тухайн чиргүүлтэй машин нь ертөнцийн зүгээр баруун талаас зам руу нийлж ороод хойд зүг рүү чиглэлтэй  эргээд толгой хэсэг нь урсгалдаа бүтэн орчихсон чиргүүлийн бөгс хэсэг нь эсрэг урсгалдаа ташуу  байрлалтай явж байх үед нь Цэдэв, Чинбат нар машины жолооч талын чиргүүлийн хойд талд байрлах дугуйг мөргөөд замын хажуу тал руу онхолдчихсон юм” гэжээ.  /хх-ийн 42-43 тал/,

Гэрч Т.Ганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ” ...Тэмээтэй хаалга арай ороогүй явж байхад Цогтсайхан бид хоёрын хойд талд явж байсан Цэдэв, Чинбат нар хажуугаар гүйцэж түрүүлээд өнгөрөөд хэсэг явсаны дараа Цогтсайхан сигналдсан тэгэхээр нь би яасан юм гэж бодоод Цогтсайханаас яасан бэ гэж асуухад урдуур нь машин орчихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хартал урт чиргүүлтэй машин зогсчихсон, Чинбат, Цэдэв 2 мотоцикльтойгоо уначихсан байсан. Тэгээд бид хоёр хажууд нь очиж зогсоод буух үед том машины жолооч буугаад ирсэн. ... Энэ үед Чинбат газар хэвтчихсэн хөдлөөд байсан боловч ярьж чадахгүй, толгойноос нь цус гарчихсан байдалтай, Цэдэв ямар нэгэн ухаангүй, толгойноос нь их хэмжээний цус гарч газар урссан байдалтай байсан” гэжээ. /хх-ийн 45-46 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 3-5,  8-10 тал/,

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-ийн 6-7 тал/,

- 53-08 ДГО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13, 25 тал/,

- Хаожи маркийн улсын дугааргүй мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 16-17 тал/,

- Туршилт хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 24 тал/

-2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 66 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 тал/

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “... 4.Я.Чинбат нь тухайн осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба цуснаас илэрсэн 0,9 промилл этилийн спиртийн агуулга нь согтолтын хөнгөн зэрэг болно.

5.Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаатай тохирч байна.

6.Талийгаач нь гавал тархины ил гэмтэл, гавлын суурь самалдаг ясны олон тооны хэлтэрхий үүсгэж, үйрч бяцарсан салсан хугарал, дух, баруун чамархай ясны шугаман хугарал, хуйх, хатуу хальсны урагдал, тархины эдийн дутагдал, тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус хуралт, дух, чамархай самалдаг хэсгийн тархины эдийн няцрал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэсэн  09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-68 тал/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “...4.Цэдэв нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба цуснаас илэрсэн 3.5 промилл этилийн спиртийн агуулга нь согтолтын хүнд зэрэг болно.

5.Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаатай тохирч байна.

6. Талийгаач нь гавал тархины ил гэмтэл, гавлын орой болон суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэж, үйрч бяцарсан салсан хугарал,  нүүрний хэлбэр алдагдсан хугарал, зүүн эрүүний хугарал, хуйх, хатуу хальсны урагдал, тархины эдийн дутагдал, тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус хуралт гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэсэн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-76 тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн Я.Чинбатын цогцосноос авсан гэх цусанд 0,9 промилли спиртийн агууламж илэрсэн байна” гэсэн 5377 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69 тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “ ..1.Шинжилгээнд ирүүлсэн А.Цэдэвийн цогцосноос авсан гэх  цусанд 3,5 промилл спиртийн агууламж илэрсэн “ гэсэн 5375 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77 тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...1. Шинжээчээс асуусан 1-3 дугаар асуултанд хариулах боломжгүй байна.

2. Зам  тээврийн осол болсон  шалтгаан нь  хавтаст хэрэгт байх А цэг North benz  маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн дээр байх улаан өнгийн  мөр дүрс зэргээс үндэслэн North benz маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө дуусгаж байх явцад улаан өнгийн мотоцикль нь North benz маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн зүүн хойд дугуйг шүргэснээр зам тээврийн осол гаргах шалтгаан  болсон гэж үзэх үндэстэй байна” гэсэн 4738 шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 4378  оот дүгнэлтэд хавсаргасан зургийн үзүүлэлтүүд / хх-ийн189-190, 191-193 тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “ 1...Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн 66 тоот дүгнэлт, 2015 оны 10 сарын 16-ны өдрийн 4738  тоот шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлах боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 237 тал/

- Шүүгдэгч А.Зоригтбаатар нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 тал/

- Шүүгдэгч А.Зоригтбаатарын жолоочийн үнэмлэхний хуулбар  /хх-ийн 109 тал/

- Энэбишийн Даваасүрэнгийн өмчлөлийн 53-08 ДГО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 111-112 тал/

- А.Зоригтбаатарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драйгер багажаар шалгахад 0,00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл тогтоогдсонгүй, 2015 оны 06 дугаар сарын 04-ний 00:10 цаг гэсэн  жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тухай тэмдэглэл  /хх-ийн 113 тал/

- Хохирлын баримтууд /хх-ийн 123-155 тал/

- Улаанбаатар хотын Цагдаагийн газар Замын цагдаагийн газрын 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот шинжээчийн дүгнэлт

1. 53-08 ДГО улсын дугаартай Норд бенз маркийн автомашины жолооч Зоригтбаатар нь МУ-ын ЗХД-ийн 12.9” Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгнө” гэснийг  зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Мотоциклийн жолооч Цэдэв нь МУ-ын ЗХД-ийн 2.Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” б/ тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ” 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7. Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэд хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Уг зам тээврийн осол нь дээрхи 2 жолоочийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. 1-р хариултаар дэлгэрэнгүй хариулсан болно. 3.53-08 ДГО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн автомашины жолооч Зоригтбаатар нь туслах зам уулзвараас гол зам руу орохдоо гол замаар явсан мотоциклд зам тавьж өгөх үүрэгтэй. 4. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар тээврийн хэрэгслийг мотоцикль шүргэсэн байх үндэслэлтэй байна. /ШШҮХ-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №4738 дүгнэлтийг үндэслэв/ 5. Зам тээврийн осол гарсан шалгаан нь автомашиныг мотоцикль мөргөсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. /ШШҮХ-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №4738 дүгнэлтийг үндэслэв/ 6. Мотоцилклийн жолооч Цэдэв нь МУ-ын ЗХД-ийн 9.2. дах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 7.Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэсэн” 109 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-93 тал/  зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Зоригтбаатарыг 2015 оны 06 дугаар  сарын 03-ны орой 22 цагийн орчимд Замын-Үүд сумаас хойш 15 км-т 53-08 ДГО улсын дугаартай "Норд бенз" маркийн автомашиныг жолоодож яваад Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлийн засмал зам руу орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас А.Цэдэвийн жолоодож явсан улсын дугааргүй Хаужи маркийн мотоцикльтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж А.Цэдэв, Я.Чинбат нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...А.Зоригтбаатарын буруугаас энэ гэмт хэрэг гараагүй, мотоцикль жолоодож явсан амь хохирогч нарын буруутай үйлдлээс болсон нь шинжээчийн 4738 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Учир нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн 4738 тоот дүгнэлтээр А.Зоригтбаатар буруугүй болох нь тогтоогдсон гэж мэтгэлцэж байгаа боловч шинжээчийн 4738 тоот дүгнэлтэнд:

- шинжээчээс асуусан 1-3-р асуултад хариулах боломжгүй байна

- Зам  тээврийн осол болсон  шалтгаан нь  хавтаст хэрэгт байх А цэг North benz  маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн дээр байх улаан өнгийн  мөр дүрс зэргээс үндэслэн North benz маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө дуусгаж байх явцад улаан өнгийн мотоцикль нь North benz маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн зүүн хойд дугуйг шүргэснээр зам тээврийн осол гаргах шалтгаан  болсон гэж үзэх үндэстэй байна” гэсэн дүгнэлт гаргасан нь А.Зоригтбаатар буруугүй гэсэн дүгнэлт биш бөгөөд А.Зоригтбаатарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхэд хариулаагүй, хариулах боломжгүй гэжээ.

Энэ зам тээврийн осол нь мотоцикль жолоодож явсан амь хохирогч болон Норд бенз маркийн автомашиныг жолоодож явсан шүүгдэгч нарын хоёулангийнх нь буруутай үйлдлээс гарсан болох нь

1. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 66 тоот шинжээчийн:

- Норд Бенз маркийн 53-08 ДГО улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Зоригтбаатар нь МУ-ын ЗХД-ийн 12.9-д заасан ” Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгнө” гэсэн заалтыг  зөрчсөн байна.

- Мотоциклийн жолооч Цэдэв нь МУ-ын ЗХД-ийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” б/ тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ” 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7. Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэд хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэсэн дүгнэлтээр,

2. 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн /2016 оны гэхийг 2015 оны гэж андуурагдан бичигдсэн болно./ 109 тоот шинжээчийн:

- 53-08 ДГО улсын дугаартай Норд бенз маркийн автомашины жолооч Зоригтбаатар нь МУ-ын ЗХД-ийн 12.9” Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгнө” гэснийг  зөрчсөн байх үндэслэлтэй байна.

- Мотоциклийн жолооч Цэдэв нь МУ-ын ЗХД-ийн 2.Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” б/ тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ” 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7. Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэд хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Уг зам тээврийн осол нь дээрхи 2 жолоочийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. 1-р хариултаар дэлгэрэнгүй хариулсан болно. 3.53-08 ДГО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн автомашины жолооч Зоригтбаатар нь туслах зам уулзвараас гол зам руу орохдоо гол замаар явсан мотоциклд зам тавьж өгөх үүрэгтэй. 4. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар тээврийн хэрэгслийг мотоцикль шүргэсэн байх үндэслэлтэй байна. /ШШҮХ-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №4738 дүгнэлтийг үндэслэв/ 5. Зам тээврийн осол гарсан шалгаан нь автомашиныг мотоцикль мөргөсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. /ШШҮХ-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №4738 дүгнэлтийг үндэслэв/ 6. Мотоцилклийн жолооч Цэдэв нь МУ-ын ЗХД-ийн 9.2. дах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 7.Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэсэн дүгнэлтээр,

- Шинжээч Б.Батцэвэрийн мөрдөн байцаалтанд гаргасан “...Норд бенз маркийн 53-08 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Зоригтбаатар нь туслах замаас гол замд нийлэхдээ үзэгдэх хүрээнд гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам  тавьж өгөх ёстой” гэсэн мэдүүлгээр,

- Шинжээч Н.Ганбаатарын мөрдөн байцаалтанд гаргасан“...энэ дүгнэлтийг гаргахдаа бид өөрсдийн мэдлэгтээ суурилан хоорондоо ярилцаж гаргасан. 2 жолооч дээрхи заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан учир хоёулаа буруутай” гэсэн мэдүүлгээр,

- Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн “...миний буруутай үйлдлээс болж 2 хүний амь нас хохирсонд харамсаж байна. Миний буруу” гэсэн мэдүүлгээр,

- Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шинжээч Б.Батзоригийн “...Дүгнэлтээр дээрхи хоёр хүн хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж бид үзээд дээрх дүгнэлтийг гаргасан” гэсэн мэдүүлгээр,

- Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шинжээч Н.Шинэбаатарын “...Туслах замаас төв зам руу орж байгаа жолооч төв замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй ” гэсэн мэдүүлгээр тус тус батлагдан тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Зоригтбаатарыг  2015 оны 06 дугаар  сарын 03-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 15 км-т 53-08 ДГО улсын дугаартай "Норд бенз" маркийн автомашиныг жолоодож яваад Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлийн засмал зам руу орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас А.Цэдэвийн жолоодож явсан улсын дугааргүй Хаужи маркийн мотоцикльтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган А.Цэдэв, Я.Чинбат нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн төлөөлөгч М.Амарсайханд 8 398260 төгрөгийн, хохирогчийн төлөөлөгч Я.Шагдаржавд 15 837400 төгрөгийн оршуулгын болон бусад зардалын хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн осол гаргах үед унаж явсан 53-08 ДГО улсын дугаартай "Норд бенз" маркийн автомашины өмчлөгч нь Э.Даваасүрэн болох нь тогтоогдсон ба шүүгдэгч А.Зоригтбаатарт өөрөө тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн, иргэний хариуцагч Э.Даваасүрэн нь хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг түүнээс гаргуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Зоригтбаатарын 363835 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Амгалангийн Зоригтбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зоригтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52,10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зоригтбаатарт оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч А,Зоригтбаатар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд иргэний бичиг баримтаар  хураагдан ирсэн түүний 363835 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.Даваасүрэнгээс 8398260 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч М.Амарсайханд, 15 837400 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Я.Шагдаржавд тус тус олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Зоригтбаатар авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                           А.ЦЭРЭНХАНД