Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00658

 

К Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00053 дугаар магадлалтай,

К Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г Ф-ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.688.624.171 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, И.Т, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч К Б-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Г Ф-ХХК нь тус банктай 2013 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот зээл, барьцааны гэрээгээр 1.180.000.000 төгрөгийг жилийн 7 хувь буюу сарын 0,58 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай, зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээлийн барьцаанд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот хаягт байршилтай, Ү-2207004132 улсын бүртгэлийн дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 20 000 м.кв талбайтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 18667297902596 нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан. Г Ф-ХХК нь зээлд 51.696.360 төгрөг, хүүд 213.222.459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.991.726 төгрөг нийт 266.910.546 төгрөг төлсөн. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Иймд үндсэн зээл 1.128.303.639 төгрөг, зээлийн хүү 450.267.109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90.053.421 төгрөг нийт 1.668.624.171 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г Ф-ХХК-ийн төлөөлөгч М.С-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай байгууллага нь 2012 онд Аж үйлдвэрийн яамны ЖДҮД сангаас олгохоор батлагдсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг тус банкаар дамжуулан авахаар болж 2013 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай 1,18 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу авч ашиглан 2015 оны 8 сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүүг цаг хугацаандаа төлөн үндсэн зээлээсээ тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Улс орны эдийн засаг хүндэрсний улмаас бизнесийн бүх салбар зогсонги байдалд орж, цаг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл үүссэн. Хамгийн сүүлд 2017 оны 5 сарын 19-ний өдөр 05/19 тоот албан бичгээр 2 талын хамтын ажиллагааг хэвийн үргэжлүүлэхийн тулд компанийн энгийн хувьцааны тодорхой хувийг эзэмшлүүлэх санал болгож байсан. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г Ф-ХХК-иас 1.332.477.734 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К Б- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 336.146.438 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот хаягт байршилтай, Ү-2207004132 улсын бүртгэлийн дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө,Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 20000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар болох тус тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.501.071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г Ф-ХХК-иас 6.820.339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00053 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1.332.477.734 гэснийг 1.288.330.722 гэж, 336.146.438 гэснийг 380.293.449 гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтын 6.820.339 гэснийг 6.599.604 гэж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г Ф-ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.178.821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00053 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч банк 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн хүү тооцогдож байсан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, магадлалын холбогдох хэсгийг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Зээл болон барьцааны гэрээгээр зээлдэгчийн тайланд тусгагдсан бүх хөрөнгийг барьцаалсан тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-т заасны дагуу их хэмжээний хэлцэл гэж тооцогдоно. Өөрөөр хэлбэл тухайн зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэй боловч зээлдэгчиин хувьд захиран зарцуулах эрх үүсдэг тул их хэмжээний хэлцэлд тооцогдох ёстой гэж үзнэ. Улмаар их хэмжээний хэлцэлийг Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх эсэх асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Гэтэл К Б-тай 1.300.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон байгууллагын тайланд тусгагдсан бүх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулах асуудлыг хариуцагч Г Ф- ХХК-ийн хувь нийлүүлэгчийн хурлаар хэлэлцээгүй буюу их хэмжээний хэлцэл хийхийг баталж зөвшөөрсөн ямар нэг тогтоол, шийдвэр, тэмдэглэл гарсан талаар бичгийн нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл холбогдох хууль тотоомжуудыг зөрчиж хийсэн гэрээ гэж үззх хууль зүйн үндэслэлтэй байна. Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээнд иргэн Д.Сэргэлэнг тухайн зээлийн батлан даагчаар оролцуулж гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл Ц.Сэргэлэн нь иргэний хувьд хамтран зээлдэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зурсан нь зөвшөөрөл өгсөн гэж үзэхгүй. Ц.Сэргэлэн зөвхөн тухайн компанийн хувьцаа эзэмшигч боловч Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар компаний эрх бүхий албан тушаалтан биш. Зээлийн гэрээний нэг тал нь дамжуулан зээлдүүлэгч К Б-, зээлдэгч тал нь “Г Ф-” ХХК бөгөөд зөвхөн эдгээр талуудын хооронд эрх, үүрэг үүсэх ёстой. Мөн барьцаалуулагч нь “Г Ф-” ХХК болохоос иргэн Ц.Сэргэлэн биш. Барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, газар нь Г Ф-ХХК-ийн өмчлөлийн болон эзэмшилд байгаа, түүний тайлан балансад бүртгэгдсэн эд хөрөнгө бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнүүдэд иргэн Ц.Сэргэлэнг гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 25, 26 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн зохицуулалтуудыг зорчсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Компанийн тухай хуулийн дагуу зохих зөвшөөрөлгүй, эрхгүйгээр хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагийн үнийн дүнг тооцохдоо нэмэгдүүлсэн хүүг 2 давхар тооцож авсан гэдгээ хүлээн завшөөрч байхад энэ талаар шүүхийн шийдвэрт дурьдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын дүнг үнэн зөвөөр тооцоогүй. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдор 50.624.742 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлсөн атал хүүг хасч тооцоогүй. Манай компани нь зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн гэж үзэж байгаа тул зээлийн гэрээний хүүд бодогдсон 160.027.083 төгрөгийг үл хүлээн зөвшөөрч байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч К Б-ХХК хариуцагч Г Ф-ХХК-д холбогдуулж зээл 1.128.303.639 төгрөг, зээлийн хүү 450.267.109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90.053.421 төгрөг нийт 1.668.624.171 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч “...эдийн засгийн хүндрэлээс зээл төлөх боломжгүй байна, зээлийн хүүг буруу тооцсон, ...зээлийн болон барьцааны гэрээ Компанийн тухай хууль зөрчсөн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1.332.477.734 төгрөг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 1.288.330.722 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, зээлийн нөхцөл өөрчилсөн нэмэлт гэрээ болон барьцааны гэрээ 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус байгуулагдсан ба эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Дээрх гэрээгээр Г Ф-ХХК нь К Б-ХХК-р дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох зориулалтаар нийт 1.180.000.000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй /сарын 0.58 хувь/ 43 сарын хугацаатай зээлж, эхний 11 сард зээлийн хүүг, 12 дахь сараас хүүг төлөхөөс гадна зээлээс хэсэгчлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохиролцжээ.

К Б-ХХК нь зээлийн мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн байна.

Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл гэрээний дагуу хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үндсэн зээлээс 51.696.361 төгрөг, нийт 266.910.546 төгрөг төлснийг зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа зээл, гэрээгээр тохирсон хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон үндэслэлээ тодорхой заагаагүй тул шийдвэр хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нийт 1.668.624.171 төгрөг гаргуулах зээлийн тооцоолол тодорхой бус байснаас давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ хариуцагч хэрхэн биелүүлсэн байдлыг тогтоох боломжгүй гэж үзэн гэрээний ерөнхий нөхцлөөр гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлж, үүнээс төлөгдсөн төлбөрийг хасч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Хариуцагчийн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ Компанийн тухай хуулийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэх гомдлыг хангах үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Их хэмжээний хэлцлийг байгуулахыг хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэй гаргаагүй гэх үндэслэл зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдах үед Г Ф-ХХК нь 2 гишүүн, үүсгэн байгуулагчтай байсан ба тэд хэн аль нь гэрээний тал буюу зээлдэгч Г Ф-ХХК-г төлөөлж хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсгээ зурсан байна.

Дурдсан үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00053 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 378.658 төгрөг, хариуцагч 958.086 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ