Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2184

 

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр

           Дугаар 183/ШШ2017/02184

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-48, өөрийн байранд байрлах, “КБ” ХХК /РД:2556375/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Махатма ганди, Наран хотхон, 61-8 тоот байранд байрлах, “ГФ ХХК /РД:5459257/-д холбогдох

Гэрээний үүрэгт 1 668 624 171 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Түвдэндорж, хариуцагч “ГФ ХХК-ийн захирал М.Соёлоо, түүний өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “ГФ ХХК нь тус банктай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулж, 1 180 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувь буюу сарын 0.58 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай, зээлийг гэрээний хавсралтанд заасан хэсэгчилэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдэн авсан. Зээлдэгч “ГФ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож доор дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулан зохих журмын дагуу улсын бүртгэл болон нийслэлийн газрын албанд бүртгүүлсэн. Үүнд:

1.Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, цайзын хэсэг гудамж, 40 тоот хаягт байршилтай, Ү-2207004132 улсын бүртгэлийн дугаартай, 000351319 гэрчилгээний дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга,

2.Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 5 жилийн хугацаатай, 20,000 м.кв талбайтай, 0232862 тоот гэрчилгээний, 18667297902596 нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар

Өнгөрсөн хугацаанд “ГФ ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 51 696 360 төгрөг, зээлийн хүүнд 213 222 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 991 726 төгрөг нийт 266 910 546 төгрөг төлсөн байна. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна.

Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дараах байдалтай байна. Үндсэн зээл 1 128 303 639 төгрөг, зээлийн хүү 450 267 109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90 053 421 төгрөг нийт 1 668 624 171 төгрөг байна. Иймд зээлдэгч “ГФ ХХК-иас 01 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 668 624 171 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Хэрэв хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл нэхэмжлэлд дурдсан зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ГФ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Манай аж ахуйн нэгж нь 2012 онд Аж үйлдвэрийн яамны ЖДҮД сангаас олгохоор батлагдсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг тус банкаар дамжуулан авахаар болж 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай 1,18 тэрбум төгрөгийг нь зориулалтын дагуу авч ашиглан 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүүг цаг хугацаандаа төлөн үндсэн зээлээсээ тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Улс орны эдийн засаг хүндэрсний улмаас бизнесийн бүх салбар зогсонг байдалд орсон нь манай компанид ч гэсэн нөлөөлж төлөвлөж байсан ажлууд маань төлөвлөгөөний дагуу явагдаагүйн улмаас зээлийн хүүгээ хүртэл тус банкинд цаг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Бидний зүгээс энэхүү санхүүгийн хүндрэлээс гарах арга зам, нөхцөлийн талаар тус банкныхантай нийлээдгүй олон удаа харилцан хамтын ойлголцолд хүрч байсан гэж бодон хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 05/19 тоот албан бичгээр Капитал банкны саналын дагуу зээлдүүлэгч талд эрсдэлгүй байдлыг бий болгон цаашлаад 2 талын хамтын ажиллагааг хэвийн үргэжлүүлэхийн тулд өөрийн компанийн энгийн хувьцааны тодорхой хувийг хүртэл эзэмшлүүлэхээр санал болгосон. Капитал банк нь ярьж байсан зүйлээсээ буцан шүүхээр асуудлыг шийдүүлэхээр гэнэт нэхэмжлэл гаргасан явдалд манай компанийн зүгээс харамсаж байна. Өнөөдрийг хүртэл манай компани тус банктай байгуулсан гэрээний дагуу авч ашигласан зээлээ төлөхийн тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Манай компани уг нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа бэлдэж байх явцад Капитал банкны зүгээс бидэнд хандаж тодорхой нөхцөлтэйгээр эвлэрлийг санал болгож харилцан ярилцаж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар 2 тал эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа ба бидний зүгээс тус банкны нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Капитал банк ” ХХК нь хариуцагч “ГФ ХХК-нд холбогдуулан 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дугаар зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01-2 дугаар зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус үндэслэг гэрээний үүрэгт 1 668 624 171.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2013.01.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр дууссан, уг хугацаа дууссанаас хойш зээлийн хүүг гэрээгээр тохиролцсон сарын 0,58 хувийн хүүгээр тооцоогүй, арилжааны банкны 2 хувийн хүүгээр тооцон  үндсэн зээл 1 128 303 639.82 төгрөг, зээлийн хүү 450 267 109.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90 053 421.89 төгрөгийг гаргуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардаж байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь 2013.01.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1 180 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан, уг зээлийн гэрээ нь их хэмжээний хэлцэл тул компанийн зөвшөөрлийг авах ёстой байсан, зээлийн хүүг гэрээнд заасан 0,58 хувийн хүүгээр тооцох ёстой тул 2 хувиар тооцож хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар  2013.01.02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 1 300 000 000 төгрөгийн зээл олгохоос 1 180 000 000 төгрөг олгож, сарын 0,58 хувийн, жилийн 7 хувийн хүүтэй, 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаатай, хариуцагч  буюу зээлдэгчийн өмчлөлд 1 180 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар хариуцагч маргахгүй байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна. /хх- 4-7 хуудас/

 

         Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Энэ нь, гагцхүү зээлийн ерөнхий хугацаа дууссан өдрөөс хойш төлөгдөөгүй зээлд хамаарах хариуцлагын заалт биш бөгөөд зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх тусгай хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн адил үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу гэрээгээр тохирсон үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан алдангийг төлөх үүрэг үүснэ.

 

           Харин нэхэмжлэгч “КБ” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 9 өдөр зээлийн гэрээ дууссан, уг дууссан өдрөөс хойш зээлийн хүүг 2 хувиар тооцож  нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь зохигчид 2013.01.02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хүүг сарын 0,58 хувийн, жилийн 7 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээнд хүүг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулаагүй атлаа нэг талын санаачлагаар зээлийн гэрээний хүү нэмэгдүүлсэн нь гэрээний чөлөөт байдал, болоод тэгш бус нөхцөл тулган нэхэмжилж буй нь хуульд үл нийцэж байх тул хүү илүү тооцон нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй юм.

 

           Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан ба талууд зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, уг тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцэж байна.

 

           Хариуцагч “ГФ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүүний төлбөрт 6 500 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч 2015.08.18-ны өдрийг хүртэл хүү төлөх үүргээ биелүүлсэнд маргахгүй гэж байх тул 2015.05.11 өдрөөс 2015.08.18 өдрийн хооронд хүү төлөх үүргээ биелүүлээгүй гэж энэ хугацааны нэмэгдүүлсэн хүү 2 953 000 төгрөг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул  2 953 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хангах үндэслэлгүй юм./хх-89 хуудас/

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “ГФ ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 5 жилийн хугацаатай, 20,000 м.кв талбайтай, 0232862 тоот гэрчилгээний, 18667297902596 нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, “ГФ ХХК-ийн өмчлөлийн Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот хаягт байрлалтай, Ү-2207004132 улсын бүртгэлийн дугаартай, 000351319 гэрчилгээний дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын хамт тус тус барьцаалж 1 тоот барьцааны гэрээ, 1-02 тоот барьцааны гэрээг /хх 4-17/ тус тус байгуулжээ. /хх11-13, 22 хуудас/

 

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Зохигчид  2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг 43 сарын хугацаатай байгуулсан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг  төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг тооцон шийдсэн болно.

 

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд 2013.01.02-ны өдрийн 01 дугаар зээлийн гэрээний үлдэгдэлд хариуцагчаас үндсэн зээлд 1 128 303 639 төгрөг, зээлийн хүү 172 605 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 568 182 төгрөг, нийт 1 332 477 734 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас  336 146 438 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ГФ ХХК-иас 1 332 477 734 /нэг тэрбум гурван зуун гучин хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  ”КБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 336 146 438 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот хаягт байршилтай, Ү-2207004132 улсын бүртгэлийн дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө,Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 20000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар болох тус тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  8 501 071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “ГФ ХХК-иас 6 820 339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк”  ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ