Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00053

 

К Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г Ф-ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 668 624 171 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, И.Түвдэндорж, Э.Энхтайван, хариуцагчийн төлөөлөгч М.С-, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч К Б- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Түвдэндоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Г Ф” - ХХК нь тус банктай 2013 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот зээл, барьцааны гэрээгээр 1 180 000 000 төгрөгийг жилийн 7 хувь буюу сарын 0,58 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай, зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээлийн барьцаанд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот хаягт байршилтай, Ү-2207004132 улсын бүртгэлийн дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 20 000 м.кв талбайтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 18667297902596 нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан. “Г Ф” - ХХК нь зээлд 51 696 360 төгрөг, хүүд 213 222 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 991 726 төгрөг нийт 266 910 546 төгрөг төлсөн. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Иймд үндсэн зээл 1 128 303 639 төгрөг, зээлийн хүү 450 267 109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90 053 421 төгрөг нийт 1 668 624 171 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г Ф-ХХК-ийн төлөөлөгч М.С-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай аж ахуйн нэгж нь 2012 онд Аж үйлдвэрийн яамны ЖДҮД сангаас олгохоор батлагдсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг тус банкаар дамжуулан авахаар болж 2013 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай 1,18 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу авч ашиглан 2015 оны 8 сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүүг цаг хугацаандаа төлөн үндсэн зээлээсээ тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Улс орны эдийн засаг хүндэрсний улмаас бизнесийн бүх салбар зогсонги байдалд орж, цаг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл үүссэн. Хамгийн сүүлд 2017 оны 5 сарын 19-ний өдөр 05/19 тоот албан бичгээр 2 талын хамтын ажиллагааг хэвийн үргэжлүүлэхийн тулд компанийн энгийн хувьцааны тодорхой хувийг эзэмшлүүлэх санал болгож байсан. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Г Ф” - ХХК-иас 1 332 477 734 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К Б” - ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 336 146 438 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот хаягт байршилтай, Ү-2207004132 улсын бүртгэлийн дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө,Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 20000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар болох тус тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  8 501 071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Ф” - ХХК-иас 6 820 339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” -  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г Ф-ХХК-ийн төлөөлөгч М.С- нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь “Г Ф” - ХХК-ийн хувьд Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасны дагуу их хэмжээний хэлцэл. Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх эсэх асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Гэтэл Капитал  бактай гэрээ байгуулах асуудлыг “Г Ф” - ХХК-ийн хувь нийлүүлэгчийн хурлаар хэлэлцээгүй буюу их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрсөн ямар нэг тогтоол, шийдвэр гарсан талаарх баримт байхгүй. Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээнд иргэн Ц.Сэргэлэнг тухайн зээлийн батлан даагчаар оролцуулж гарын үсэг зуруулсан. Ц.Сэргэлэн нь иргэний хувьд батлан даагчаар оролцож гэрээнд гарын үсэг зурсан нь зөвшөөрөл өгсөн гэж үзэхгүй. 2013 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот зээлийн гэрээний нэг тал нь дамжуулан зээлдүүлэгч К Б-, зээлдэгч тал нь “Г Ф” - ХХК бөгөөд зөвхөн эдгээр талуудын хооронд эрх, үүрэг үүсэх ёстой. Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд иргэн Ц.Сэргэлэнг гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн дөрөвдүгээр бүлэг 25, 26 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн зохицуулалтуудыг зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Компаний тухай хуулийн дагуу зохих зөвшөөрөлгүй, эрхгүйгээр хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Түүнчлэн нэмэгдүүсэн хүүг 2 давхар тооцож авснаа хүлээн зөвшөөрч байхад энэ талаар шүүхийн шийдвэрт дурьдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын дүнг үнэн зөвөөр тооцоогүй.  Иймд  шүүхийн шийдвэрийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой 204 174 095 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, 2013 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот зээл, барьцааны гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зохих журмаар үнэлж чадаагүй, зээлийн тооцооллыг зөв хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К Б- ХХК нь хариуцагч Г Ф-ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 668 624 171 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,санхүүгийн хямралаас болж зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн тооцоолол буруу” гэж маргажээ.

 

Зохигчид 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1 180 000 000 төгрөгийн зээлийг, сарын 0,58 хувийн, жилийн 7 хувийн хүүтэйгээр, 2016 оны 7 сарын 02-ны өдөр хүртэл зээлсэнд маргаагүй. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 1 180 000 000 төгрөг зээлдэгчийн өмчлөлд шилжсэн байна. /хх-ийн 4-13/

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 Талууд гэрээний 4.2.5-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, мөн гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болсон  нь зээлдэгчийг хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхгүй талаар гэрээний 3.13-д тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дах хэсэгт нийцжээ.

 

Талууд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 266 910 546 төгрөг төлөгдсөнд маргаагүй. Гэвч талуудын хэн аль нь дээрх төлбөрийг хэдийд яаж төлсөн талаар анхан шатны санхүүгийн баримтуудыг гаргаж нотлоогүй тул зээлийн гэрээний хавсралт болох зээл буцаан төлөх хуваарьтай харьцуулж тооцооллыг шалгах боломжгүй байна. 

 

Харин хариуцагч тал хэргийн 116 дугаар талд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжилж буй 1 668 624 171 төгрөгөөс үндсэн зээлийг зөвшөөрч байна. Хүүгийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ. Дээрх тайлбарыг нэхэмжлэлтэй харьцуулан дүгнэвэл зээлийн хэмжээг нэхэмжлэгч 1 128 303 639 төгрөг гэж тодорхойлжээ. /хх-ийн 2, 116/

Талуудын хэн аль нь төлбөр төлөгдсөн анхан шатны санхүүгийн баримтуудыг гаргаагүй тул талуудын зээлийн гэрээг гэрээний заалттай харьцуулан дүгнэвэл: үндсэн зээл 1 180 000 000 төгрөгийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүү 42 сараар 287 448 000 төгрөг болно.

 

Үндсэн зээл 1 180 000 000 + хүү 287 448 000 төгрөг, нийт 1 465 448 төгрөгийн үүргээс нийт төлсөн 266 910 546 төгрөгийг хасч тооцвол 1 198 537 454 төгрөгийн үүрэг үлдэж байна. Хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 ны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 10 сар 28 хоног гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм. Хариуцагч нь дээрх хугацаанд нийт 74 827 724  төгрөгийн хэтэрсэн хугацааны хүү, 14 965 544 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 1 288 330 722 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Харин Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргаагүй тухай хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гардаг. Тухайн үндэслэл анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүйгээс гадна Г Ф-ХХК нь 2 гишүүн, үүсгэн байуулагчтай, уг хоёр гишүүн үүсгэн байгуулагчаас сүүлд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нэг болсон байхаас гадна М.С-, Ц.Сэргэлэн нарын хэн аль нь гэрээ байгуулахыг зөвшөөрч, мэдэж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 6, 10, 13/

 

Харин нэхэмжлэлийн үнийн дүн буюу зээлийг зөв тооцоолоогүй, нэмэгдүүлсэн хүүг хоёр дахин тооцсон гэх гомдлыг хүлээн авч зээлийн гэрээг дүгнэж тооцоолсон болно. Зээлийн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. Нэмэгдүүлсэн хүүг зөвхөн гэрээний ерөнхий хугацаа дууссанаас хойш хэтрүүлсэн хугацаанд тооцсоныг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 332 477 734” гэснийг “1 288 330 722” гэж, “336 146 438” гэснийг “380 293 449” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтын “6 820 339” гэснийг “6 599 604” гэж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г Ф-ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 178 821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

                                                                      Ш.ОЮУНХАНД