Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00679

 

К Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02404 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2493 дугаар магадлалтай,

К Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

В СХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.111.535.023 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, А.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч К Б-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: В СХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээ байгуулан 10.860.000 юанийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Мфикскапитал ХХК батлан дааж өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009143 дугаартай, 000041944 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/ Зайсангийн тойруу 46В дугаартай, 3200м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг газрын хамт,  мөн В СХХК-ийн борлуулалтын орлогыг тус тус барьцаалж 08/55 тоот зээлийн батлан даалтын болон барьцааны гэрээг байгуулсан. Гэрээний явцад зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцсоноор 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг 18 сар болгон сунгаж, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр тухайн үеийн зээлийн үлдэгдлийг 1.368.763,42 ам долларт шилжүүлж гэрээнд заасны дагуу зээлийн хүүг жилийн 20.4 хувь болгож, зээлийн хугацааг 2010 оны 10 дугаар сарын 01-ийг хүртэл 12 сараар сунгасан. Банкны зээлийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гүйцэтгэл нь 90 хувьд хүрч улмаар эрхийн улсын бүртгэлийн албанаас тухайн байрны орон сууц нэг бүрээр нь салган Мфикскапитал ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон тул талууд харилцан тохиролцож зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/55 тоот зээлийн барьцааны гэрээгээр Мфикскапитал ХХК-ийн өмч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46В байрны 1-ээс 24 тоот хүртэлх нийт 24 ширхэг орон сууцыг барьцаалан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч В СХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүгээ төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 234.614 ам.доллар, зээлийн хүү 142.026 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 69.443 ам.доллар, нийт 446.083 ам.доллар буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол банкны албан ханш /1 ам.доллар-2.007,68 төгрөг/-аар тооцоход  895.591.918 төгрөг болж байсан тул уг мөнгийг улсын тэмдэгтийн хураамж 4.635.910 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд тооцогдох 51.450 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 10.290 ам.доллар, нийт 61.740 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож 153.274.489 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дараа нь 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд тооцогдох 22.092 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 4.573 ам.доллар, нийт 26.665 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцон 62.668.616 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагчаас нийт 1.111.535.023 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В С ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот зээлийн, 08/55 тоот барьцааны гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 10.860.000 юанийн хөрөнгө оруулалтын зээл авч, үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, газрын хамт барьцаалсан байна. Үүний дараа 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 18 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1.514.200 юань, зээлийн хүүгийн төлбөрт 910.916 юаныг төлж, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээгээр зээлийн үлдэгдэл болох 9.345.800 юанийг ам.долларын зээлд шилжүүлэн 1.368.763,42 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн гэрээг 12 сараар сунган зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Ингээд үндсэн зээл 1.134.149,34 ам.доллар, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 976.081,58 ам.доллар буюу нийт 2.110.230,92 ам.долларыг төлсөн. Уг төлбөрөөс буюу 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 730.852,39 ам.долларыг зээлийн хүүнд тооцсон ба 1.134.149,34 ам.долларыг үндсэн зээлд төлж нийт 1.865.001,73 ам.долларыг төлсөн. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн уг төлбөрт дараах үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болно. Үүнд 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр 201.358,25 ам.долларын төлбөрт, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 491.965,11 ам долларын төлбөрт буюу нийт 693.323,36 ам.доллар үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг К Б-ХХК-д шилжүүлэн өгч төлбөрт тооцон суутгасан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 1.865.001,73 ам долларыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн  гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  Мөн зээлийн гэрээний хугацаа 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссанаас хойш нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот, 2013 оны 3 дугаар сарын 19-ний 13/85 тоот гэрээнүүдэд хариуцагч В С ХХК оролцоогүй бөгөөд  нэхэмжлэгч К Б-ХХК болон Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан байна. Хариуцагч В СХХК нь 2008 онд 1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан бөгөөд 10.860.000 юанийн зээл авах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02404 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В СХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1.111.535.023 төгрөг гаргуулах тухай К Б-ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К Б-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.049.527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2493 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч К Б-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.715.626 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд батлан даагч “Мфикскапитал” ХХК-иас 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг тооцож барагдуулсныг зээлдэгч биш учраас зээл төлсөнд тооцохгүй, энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцохгүй гэж үзсэн байна. Зээлийн гэрээний хугацааг зээлдэгчтэй харилцан тохиролцож, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган нэмэлт гэрээ байгуулсан. Мөн зээлдэгчийн зүгээс зээлийн хүүний төлбөрийг 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл төлсөн нь зээлийн дансны хуулга зээлийн тооцоолол зэргээс нотлогддог. 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн батлан даагч “Мфикскапитал” ХХК-тай зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн өдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зээл, хүүний төлбөрийг гэрээнд заасан дүнгээр хорогдуулан төлсөн юм. Зээлийн болон хүүний төлбөрөөс ямар хэмжээгээр хорогдуулах талаар батлан даагч “Мфикскапитал” ХХК болон К Б-хоорондоо гэрээний үндсэн дээр харилцан тохиролцсон болно. “Мфикскапитал” ХХК нь зээлдэгчийн өмнөөс өөрийн хөрөнгөөрөө зээл, хүүг төлж байгаа нь тэрээр тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг батлан даах тухай гэрээ байгуулж үүрэг хүлээсэнтэй холбоотой байдгийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн батлан даалтын гэрээ, түүний эрх зүйн зохицуулалт, үр дагаварыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй байна.

2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр №08/55 тоот Зээлийн батлан даалтын гэрээг Капитрон банк, “Мфикскапитал” ХХК, “Вайт стар” ХХК байгуулж, гэрээний 3.1 дэх хэсгийн “А” дах заалтаар “Зээлдэгч нь банкнаас авсан үндсэн өр болох 10.860.000 юанийн зээлийг, тооцсон хүүгийн хамт төлж чадаагүй тохиолдолд батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, бүсад хөрөнгөөр батлан дааж, зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахыг банкинд зөвшөөрч байна” гэснээр “Мфикскапитал” ХХК нь батлан даагчийн үүргийг хүлээсэн байдаг. Энэхүү гэрээний үндсэн дээр Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т заасан үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ” гэж, мөн хуулийн 28.3-т “Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Зээлийн гэрээний хугацааны дотор буюу 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлдэгч “Вайт стар” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул батлан даагч “Мфикскапитал” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн гэж үзэх юм. Батлан даалтын гэрээний 3.1.А-д заасны дагуу батлан даалтын үүргээ мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгөөр биелүүлж болохоор заасан тул үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгөөр 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдөр гүйцэтгэж, зээл, хүүний төлбөрөөс хэсэгчлэн төлсөн юм.

Дээрх байдлаар батлан даагчийн зүгээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх замаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэн байна. “Үүрэг хүлээсэн гэдэгт зөвхөн зээлдэгчийг хамааруулан ойлгохгүй гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй нөхцөлд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т заасны дагуу мөн батлан даагчид үүрэг үүсэх тул үүнд батлан даагчийг “үүрэг хүлээсэн этгээд” гэдэгт хамааруулан үзэх үндэслэлтэй юм. Батлан даагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгөөр үндсэн зээл болон хүүг төлсөн байдаг тул үндсэн зээл, хүү төлөх хэлбэрээр хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 79.1-т заасан “үүрэг хүлээсэн этгээд” гэдэгт батлан даагчийг хамааруулж үзээгүй байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хуулийн 458 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.1, 28.3 дах заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй, мөн зээлийн батлан даалтын гэрээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй тус тус харуулж байна. “Үүрэг хүлээсэн этгээд” гэдэг нэр томъёо нь аль ч утгаараа тухайн зээлийн гэрээний үүргийг хүлээхээр хууль болон гэрээгээр үүрэг хүлээсэн бүхий л этгээдийг ойлгох нь илт байна. Батлан даалтын гэрээгээр үүрэг үүссэн бол тухайн этгээдийг зээлтэй холбоотой үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй.

“Үүрэг хүлээсэн этгээд”-д “Мфикскапитал” ХХК нь хамаарах нь дараах эрх зүйн үндэслэлүүд, хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байна. Үүнд: Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай №53 тоот тогтоол хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ. 28.3. Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ. 28.5. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр буюу батлан даагч зээлдэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлснээр батлан даалт дуусгавар болно. 5.1.Батлан даалт гэдэг нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээнэ. Батлан даалтын гэрээний үүрэг биелүүлэх үндэслэл үүссэн буюу гэрээний хугацаа дууссаны дараагаар батлан даагч нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийн төлбөрийг батлан даалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхээс өмнө зээлдэгчид мэдэгдэж урьдчилж зөвшилцөх шаардлага байхгүй юм. Мөн Иргэний хуулийн 458.3-т зааснаар батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарахаар зохицуулсан байх тул батлан даагч “Мфикскапитал” ХХК-ийн гүйцэтгэсэн зээл, хүүний төлбөрийг зээлдэгч “Вайт стар” ХХК-ийн зүгээс төлсөнтэй адилтган үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дараах байдлаар тасалдсан байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Үүнд Зээлдэгчээс хүү төлсөн, батлан даагчаас хөрөнгөөр зээл, хүү төлсөн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудал нь хөөн хэлэлцэх хугацааны дотор л гарах асуудал бөгөөд хэрэв 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан бол үүнээс өмнө тасалдах асуудал яригдах боломжтой болно. 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр батлан даалтын үүрэг хүлээсэн этгээдээс зээл, хүү төлснөөр хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу хугацааг дахин шинээр тоолох үндэслэлийг бүрдүүлснийг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Хэрэв 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байгаа юм. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 63 хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

К Б-ХХК нь В С ХХК-с зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.111.535.023 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зээлийн үүргийг биелүүлсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

  1. Хэргийн үйл баримтын товч дурдвал:

Нэхэмжлэгч К Б-ХХК хариуцагч В СХХК-ийн хооронд 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 10.860.000 юанийг жилийн 15.6 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар 6 сарын хугацаатай зээлжээ.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Мфикскапитал ХХК өөрийн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч, зээлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46/В хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг, газрын хамт барьцаалж К Б-ХХК, Мфикскапитал ХХК, В СХХК-ийн хооронд батлан даалтын гурвалсан гэрээ, К Б-ХХК, В СХХК-ийн хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. /хх-ийн 11-17/

2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр К Б-ХХК болон В СХХК-ийн хооронд нэмэлт гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний 6 сарын хугацааг 18 сар болгосноос гадна зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн өөрчилсөн байна. Мөн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр талууд зээлийн үлдэгдэл юанийг 1.368.763,42 ам.долларт шилжүүлж, жилийн хүүг 20.4 хувь болгож, гэрээний хугацааг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн барьцаанд байгаа 50 хувийн гүйцэтгэлтэй барилга баригдаж дуусч байгаатай холбоотой К Б-болон Мфикскапитал ХХК 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/55 тоот барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Мфикскапитал ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46/В байрны 1-24 тоот хаягт байрлах, 85-90 хувийн гүйцэтгэлтэй 24 айлын орон сууцыг барьцаалахаар тохиролцжээ. /хх-ийн 18, 19, 20-21/

Зээлдэгч В СХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үүрэгт нийт 1.176.251.91 ам.доллар төлсөн, батлан даагч бөгөөд барьцаалуулагч Мфикскапитал ХХК нь В СХХК-ийн зээлийн төлбөрөөс 2013 оны 3 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд 639.323.36 ам.доллар тус тус төлсөн байна.

Мфикскапитал ХХК нь В СХХК-ийн төлбөрийг дараах байдлаар төлжээ.

            Мфикскапитал ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр К Б-ХХК-тай 13/84, 13/85 тоот “зээлийн төлбөрт барьцааны зарим хөрөнгийг шилжүүлэх гэрээ” байгуулж, мөн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дахин 13/94 тоот гэрээгээр 13/84 гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Эдгээр гэрээний агуулгаас үзэхэд Мфикскапитал ХХК нь К Б-ХХК-иас өөрийн зээлсэн зээлийн төлбөрт барьцаалсан Хан-Уул дүүргийн, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсан тойруу 48В байрны 1 тоотод байрлах 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг, мөн хаягт байрлах 44 байрны 1 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг өөрийн болон В СХХК, мөн бусад компанийн зээлийн зарим төлбөрт тооцон шилжүүлсэн, энэхүү гэрээндээ зээлээс хэсэгчлэн төлсөн нь үлдэгдэл төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болохыг дурдсан байна. /хх-ийн 163-167/

2. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйгээс зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зээлдүүлэгч К Б-ХХК болон зээлдэгч В СХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна.

Хоёр шатны шүүх В СХХК-ийн төлбөр төлсөн сүүлчийн хугацаа буюу 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шаардлага гаргах хугацааг тоолж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

К Б-ХХК-иас В СХХК-ийн авсан зээлийн үүргийг хангуулахаар Мфикскапитал ХХК батлан даалтын гэрээнээс гадна барьцааны гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна.

2013 оны 3 дугаар сарын 19, 22-ний өдрүүдэд К Б-ХХК болон Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр Мфикскапитал ХХК нь өөрийн зээлийн үүргийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/149, 08/135 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгийг зээлийн төлбөртөө тооцон шилжүүлэхдээ В СХХК-ийн зээлээс хэсэгчлэн төлсөн ба энэ нь В СХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Мфикскапитал ХХК, К Б-ХХК, В СХХК-ийн хооронд байгуулагдсан 3 талт батлан даалтын гэрээ, Мфикскапитал ХХК, К Б-ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 08/55 тоот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46/В хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай барилгын барьцааны гэрээний үүрэг, үр дагавартай холбоотой гэж үзэх үндэслэлгүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, В СХХК зээлийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноос банк батлан даагчаас нөхөх хариуцлагын хүрээнд зээлийг нэхэмжилж төлүүлсэн эсэх, эсхүл Мфикскапитал ХХК нь сайн дураар В СХХК-ийн нэрийн өмнөөс мөнгийг  төлсөн гэх үндэслэл байгааг эсэх нь бүрэн тогтоогдоогүй тул хоёр шатны шүүхийн зээлдэгчийн зээлийн, батлан даагчийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг тусад нь тодорхойлж, зөвхөн В СХХК-ийн сүүлчийн төлбөр төлсөн үеэс шаардлага гаргах хугацааг эхлэн тоолсон нь үндэслэл муутай гэж үзэв.

Түүнчлэн хэргийн баримтаас үзэхэд В СХХК-ийн зээлийн гэрээний үүрэг, зээлийн нөхцлийг буюу эргэн төлөлтийн хугацааг сунгаж, өөрчлүүлэх талаар зээлдүүлэгч К Б-ХХК-д Мфикскапитал ХХК хүсэлт гаргаж байсан, барьцааны гэрээг өөрийн нэрийн өмнөөс шинэчлэн байгуулсан байдлаас зээлдэгч, барьцаалуулагч компаниудын харилцан хамаарал, батлан даалтын болон барьцааны гэрээний нөхцөл, дээр дурдсан Мфикскапитал ХХК-ийн зээл өөр хөрөнгөөс зээлийн зарим хэсгийг төлсөн зэргийг анхан шатны шүүх харьцуулан дүгнээгүй, энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй тул хоёр шатны шүүх Иргэний хуулийн  79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.     

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02404 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2493 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 5.715.626 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ