| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 186/2017/0266/Э |
| Дугаар | 689 |
| Огноо | 2017-09-26 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 689
Т.Уд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Н.Булганчимэг,
хохирогч А.С, түүний өмгөөлөгч Д.Ө,
шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч Ж.Э,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 582 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Булганчимэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Т.Уд холбогдох 201301050518 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Т.У, 1968 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Оросын холбооны улсад төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ____/,
Т.У нь хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр, --- ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд 7 дугаар хорооллын баригдаж байсан 100 айлын орон сууцыг “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт борлуулж өгнө” гэж БНХАУ-ын иргэн В-ээс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кудам ресторанд 2010 оны 4 дүгээр сарын эхээр 22.000 ам.доллар буюу 30.194.120 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 80.000 ам.доллар буюу 109.796.800 төгрөгийг, 2010 оны 5 дугаар сард “Герман улсаас бараа ирсэн гаалийн төлбөр төлөх шаардлагатай байна 7 хоногийн хугацаатай 5000 ам.доллар зээлээч” гэж 5000 ам.доллар буюу 6.924.250 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 107.000 ам.доллар буюу 146.915.170 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: БНХАУ-ын иргэн В нь уг барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан уу, эсвэл --- ХХК-ийн хөрөнгөөр барьсан уу гэдгийг дахин шалгах,
БНХАУ-ын иргэн В-ийг А.С нь бүрэн төлөөлөх итгэмжлэл нь үндэстэй эсэх /итгэмжлэлийн хугацаа дууссан итгэмжлэл эргэлзээтэй байна/,
Энэ хэргийн хохирогч иргэний нэхэмжлэгч болох БНХАУ-ын иргэн В-ийг эрэн сурвалжилж олж түүнээс дахин байцаалт авах,
Т.У нь уг мөнгийг юунд зарцуулсныг нарийвчлан шалгах /Т.У-н эзэмшдэг дансны орлого зарлагын гүйлгээг шалгах/,
Эдгээрийг шалгасны эцэст Т.У-н үйлдэлд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийг бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байх тул Т.Уд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж Т.Уд Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-д заасан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримт хавсаргаж ирүүлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Булганчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн 582 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.
1. --- ХХК нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр 1 гишүүнтэй, БНХАУ-ын иргэн В-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймээс БНХАУ-ын иргэн В нь Орхон аймагт баригдаж байгаа барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан уу, эсвэл --- ХХК-ийн хөрөнгөөр барьсан уу гэдгийг шалгах шаардлагагүй юм.
2. БНХАУ-ын иргэн В нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. --- ХХК-иас А.С-г томилсон албан бичгийн хугацаанд А.С хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, --- ХХК-иас А.С-д уг хэргийг шийдвэрлэх хүртэл дахин итгэмжлэл олгосон ба энэхүү баримтууд хэрэгт авагдсан.
3. Энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч болох БНХАУ-ын иргэн В-ийг олох, эрэн сурвалжлах шаардлагагүй. Учир нь хэрэгт Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 7-1/349 дугаартай албан бичгээр БНХАУ-ын иргэн В нь 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Буянт-Ухаа боомтоор хилээр гарсан болох нь тогтоогдсон. Мөн шүүгч БНХАУ-ын иргэн В-ээс дахин байцаалт авахаар захирамжиндаа заасан. Гэвч дахин байцаалтаар юуг тодруулах нь ойлгомжгүй бөгөөд БНХАУ-ын иргэн В нь мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн ба түүний мэдүүлэг ба гэрч нарын мэдүүлгийн хооронд зөрүү байхгүй. Иймд хохирогчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.
4. Т.У нь БНХАУ-ын иргэн В-ээс авсан мөнгийг юунд зарцуулсан талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй. Тухайн барилгыг ашиглалтанд оруулах талаар холбогдох хүмүүстэй уулзаж уг мөнгийг зарцуулсан гэж мэдүүлдэг боловч гэрч Х.О, Ё.Б нарын мэдүүлгээр Т.У нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт --- ХХК-ийн барилгыг ашиглалтанд оруулах талаар уулзаж байгаагүй болох нь тогтоогдож байна. Арилжааны банкнаас яллагдагч Т.У-н эзэмшдэг дансны орлого, зарлагын гүйлгээг шалгасан талаарх баримтууд 1 дүгээр хавтасны 35-43, 140-149 дүгээр хуудсанд авагдсан байдаг.
5. Яллагдагч Т.У нь хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр, --- ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд 7 дугаар хорооллын баригдаж байсан 100 айлын орон сууцыг “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт борлуулж өгнө” гэж БНХАУ-ын иргэн В-ээс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кудам ресторанд 2010 оны 4 дүгээр сарын эхээр 22.000 ам.доллар буюу 30.194.120 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 80.000 ам.доллар буюу 109.796.800 төгрөгийг, 2010 оны 5 дугаар сард “Герман улсаас бараа ирсэн гаалийн төлбөр төлөх шаардлагатай байна 7 хоногийн хугацаатай 5000 ам.доллар зээлээч” гэж 5000 ам.доллар буюу 6.924.250 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 107.000 ам.доллар буюу 146.915.170 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч В-ийн мэдүүлэг, гэрч H-ын мэдүүлэг, гэрч Ж.А-н мэдүүлэг, гэрч Б.Д-ийн мэдүүлэг, Шинжээчийн 3859 тоот дүгнэлт, 80.000 ам.долларыг Т.Уд хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. Иймд Т.Уд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2017 оны 7 дугаар 21-ний өдрийн 582 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хуурч мэхлэх аргаар --- ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар хороололд баригдаж байсан 100 айлын орон сууцыг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт борлуулж өгнө гэсэн байдлаар тайлбарладаг. Прокурорын эсэргүүцлийн 3 дахь заалтад энэ хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч болох БНХАУ-ын иргэн В гэсэн асуудал яригдаж байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай --- ХХК-ийн гэрчилгээ байгаа гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Энэ бол Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр бүртгэгдсэн, 1 гишүүнтэй болохыг баталсан баримт. Барилга байгууламж барьсан. Түүнийг борлуулах ёстой байсан гэдэг асуудлыг тавьсан. Энэ нь Барилгын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт Барилгын үйл ажиллагаа эрхлэх гадаадын иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлнэ гэж заасан. Яагаад гадаадын иргэн, хуулийн этгээд барилгын үйл ажиллагаа эрхлэх асуудлаа хуулийн дагуу бүртгүүлдэг атлаа хавтаст хэрэгт тийм баримт байхгүй. --- ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар хороололд баригдаж байсан 100 айлын орон сууцыг барьсан, бүртгүүлсэн, үүнийг улсын комисс хэдэн сарын хэдний өдөр хүлээж авсан гэдэг үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Үүнийг тогтоож байж хуулийн этгээд хохирогч болох уу, эсхүл хувь хүн хохирогч болох уу гэдгийг тогтоох шаардлага гарч ирж байна. В нь барилгын хөрөнгө оруулагч байсан уу, эсхүл яг өөрийнхөө хөрөнгөөр гадаадын иргэний хувьд барилгыг барьсан уу гэдгийг тогтоогоогүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хохирогчийг зөв тогтоох хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл өнөөдөр А.С гэх хүн орж ирээд би хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэсэн. Тэгвэл А.С-н мэдлээс гарсан эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Монгол Улсын хилээр 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гарсан гэдэг. Гэтэл үүнээс хойш олон удаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэний журмаар нотариат дээр очиж итгэмжлэл хийлгэсэн байдаг. В Монгол Улсын хилээр гарснаас хойш 2 жил болоход Х тайлан өгч байгаа нь компанийн тамга тэмдэг нь энд ашиглагдаж байна гэдэг нь нотлогдож байна. Ийм байдлаар хохирогчийг тогтоогоогүй, хэрхэн хохирсныг тогтоогоогүй байхад шүүх Т.У-н гэм бурууг хэлэлцэх боломжгүй байсан учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийгөө иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч гэж бодож байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Манай компани 1 гишүүнтэй учраас Вү Кейчин “би өөрийнхөө хөрөнгөөр” гэж тайлбар өгснийг өмгөөлөгч Ж.Э “компани хохироогүй, В өөрөө мөнгөө гаргасан” гэдэг. Тухайн үед өгсөн гээд байгаа мөнгөнүүд нь манай компаниас гарсан. 80.000, 20.000 ам.долларыг нь хүнээс зээлж өгсөн. Компани өөр хувь хүнээс мөнгө зээлээд дараа нь мөнгийг нь хүүтэй төлсөн. Манай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй. Орхон аймгийн захирагчийн алба болон Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээ байгаа. Монгол Улсын хилээр орж ирэхгүй байгаа шалтгаан нь тухайн үед барилга барихад их хэмжээний тоосго БНХАУ-с зээлсэн байсан, тэр мөнгийг нь төлөөгүй байсан учраас орж ирээгүй. Үлдэгдэл Карказаа зарж байж төлбөрөө төлнө. Компанийн тамга тэмдэг энд байгаа учраас ашигласан гэж яриад байна. 2015 онд гүйцэтгэх захирал томилсон учраас тайлан дээр гарын үсгээ зурж тамгаа баталгаажуулах үүрэгтэй. 2014 онд карказнуудаа худалдан борлуулаад 2015 онд улсын комисст хүлээлгэн өгсөн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Т.У нь --- ХХК-ийн барилгыг ашиглалтад оруулж, Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж өгнө гэж уг компаниас мөнгө авсан болохоос В-ээс мөнгө аваагүй нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Компанийг хохироосон болохоос В-ыг хохироогоогүй. Компанийн ерөнхий захирал өөрөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн. Хэргийн талаар шалгавал зохих бүх зүйлийг шалгасан учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Т.Уд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 582 дугаар захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхээс БНХАУ-ын иргэн В нь уг барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан уу, эсвэл --- ХХК-ийн хөрөнгөөр барьсан уу гэдгийг дахин шалгах,
БНХАУ-ын иргэн В-ийг А.С нь бүрэн төлөөлөх итгэмжлэл нь үндэстэй эсэх /итгэмжлэлийн хугацаа дууссан итгэмжлэл эргэлзээтэй байна/,
Энэ хэргийн хохирогч иргэний нэхэмжлэгч болох БНХАУ-ын иргэн В-ийг эрэн сурвалжилж олж түүнээс дахин байцаалт авах,
Т.У нь уг мөнгийг юунд зарцуулсныг нарийвчлан шалгах /Т.У-ын эзэмшдэг дансны орлого зарлагын гүйлгээг шалгах/ зэрэг ажиллагааг хийж, Т.У-н үйлдэлд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийг бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна гэж хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс тодруулах шаардлагатай байна. Үүнд:
Т.У-г давтан үйлдлээр 22.000 ам.доллар, 80.000 ам доллар, 5.000 ам доллар залилан авсан гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч энэ хэргийг хохирогч нь хэн болохыг тогтоож чадаагүй байна. Иймд уг хэргийн хохирогч нь БНХАУ-н иргэн В үү, эсхүл --- ХХК уу гэдгийг тодруулан нэг мөр болгож, хохирогчийг зөв тогтоосноор эрх зүйн үр дагавар өөрчлөгдөх тул үүнийг зайлшгүй тодруулах шаардлагатай.
Хавтаст хэрэгт А.С хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр /1хх-10/, иргэний нэхэмжлэгч болон хууль ёсны төлөөлөгчөөр /1хх-11/ тус тус тогтоосон байх ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өөр эрх, үүрэг эдэлдэг байхад А.С-г 3 өөр оролцогчийн хувиар энэ хэрэгт оролцуулахаар тогтоосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн эрх”, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд “иргэний нэхэмжлэгчийн эрх”-ийг тус тус тодорхой заасан байх ба А.С-г энэ хэрэгт ямар оролцогчийн хувиар оролцохыг дахин тогтоох шаардлагатай.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, --- ХХК нар нь албан ёсны гэрээ байгуулан ажилласан байхад эдгээр байгууллагуудтай ямар ч хамааралгүй Т.Уд дээрхи мөнгийг ямар ч баримтгүйгээр өгсөн байдал тоглтоогдож байх тул Хав22.000 ам.доллар, 80.000 ам.доллар, 5.000 ам.долларыг хохирогч талаас ямар зориулалтаар өгсөн, энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгааг тогтоох шаардлагатай. Тухайлбал, Т.Уд өгсөн мөнгө нь түүний ажлын хөлс, эсхүл зээл зэрэг өөр бусад ямар зорилготой өгсөн мөнгө болохыг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Үүнийг зөв тогтоосноор Эрүүгийн гэмт хэрэг үү, Иргэний эрх зүйн үүргийн харилцаа юу гэдэг талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Мөн 22.000 ам.доллар, 80.000 ам.доллар, 5.000 ам.долларыг ямар эх үүсвэрээс олгосон болох, дээрх мөнгө --- ХХК-ийн данснаас гарсан эсэх болон компанийн жил, жилийн тайланд тусгагдсан эсэхийг шалгах шаардлагатай. Энэ нь тухайн хэргийн хохирогчийг зөв тогтооход тодорхой үр нөлөөтэй болох юм.
Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 19 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 582 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол Т.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.ОЮУНЧУЛУУН