Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00740

 

Х Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02369 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаар магадлалтай,

Х Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.С, О.Анарт холбогдох,     

Зээлийн гэрээг цуцалж, 13.607, 84 ам.доллар буюу 33.850.590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-н, хариуцагч Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Х.Б, хариуцагч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагч Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х Б- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч Г.С нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдаж авах зориулалтаар 20.000 ам.долларыг жилийн 14.3 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 8.111.16 ам.доллар, хүү 16.639.26 ам.доллар, нийт 24.750.42 ам.долларыг төлсөн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 2 тоотод байрлах 1 өрөө, 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Уг гэрээнд хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр О.А оролцсон. Зээлдэгч нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 11.888.84 ам.доллар, хүүд 1.719 ам.доллар, нийт 13.607.84 ам.долларыг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-, хариуцагч Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-нарын шүүхэд гаргасан тайлбарт: 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр 20 000 ам долларыг жилийн 14.3 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай буюу 10 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр 415 202 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нарт анх 415 202 төгрөгийг төлөх юм бол зээлийн гэрээний үүрэг 10 жил болохоос өмнө дуусна гэж ойлгуулсан. Х Б- ХХК нь хүүг хувьсах хүүтэй буюу анх тогтоосон 11 хувийн хүүг өөрчлөх эрхтэй байхаар гэрээндээ тусгаж, мөн ам.долларын хаягийг тухайн гэрээ байгуулагдах үеийн Монгол банкны ханшаар бус тухайн ажлын өдрийн Х Б-ны ам.доллар худалдах ханшаар тооцож, зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр зааж хэт нэг талыг барьсан гэрээг байгуулсан. Анх зээл авсны дараа зээлийн төлөлт хийхэд 415 202 төгрөгөөр эргэн төлөлт хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 160 ам.доллар хасагдсан. 2016 оны 02 дугаар сарын төлбөрийг хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 12 ам.доллар хасагдсан. Энэ талаар нэхэмжлэгчээс лавлаж асуухад ам.долларын ханштай холбоотой, уг гэрээний дагуу ам.долларын хэлбэрээр төлөхөөр дуусахгүй, иймээс зээлийг төгрөгт шилжүүлж гэрээгээ шинэчил гэдэг шаардлагыг тавьсан. Талуудыг гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1 155.95 төгрөг байсан ба тухайн үеийн ханшаар тооцох юм бол 23 120 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл байсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 37 000 000 орчим төгрөг төлсөн. 2016 оны 3 дугаар сард төлбөрийн үлдэгдэл нь тухайн өдрийн ханшаар 24 000 000 төгрөг байсан. Анх 23 000 000 төгрөгийн зээл авсан, 37 000 000 төгрөгийг төлсөн байхад дахин 24 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх нөхцөл байдлыг зээлдэгч нар харсан. Ингээд хариуцагч нар банкны шаардлагыг хүлээж авалгүй зээлийн төлбөрөө төлөхийг зогсоосон. Энэхүү маргаантай холбоотой зээлдэгч нарын дансны хуулгыг авч үзэхэд 2010 оны 4 дүгээр сар хүртэл 20 сарын хугацаанд зээлийн хүүг бодож байгаад түүнээс хойш зээлийн хүүг өөрсдөө дур мэдэж өөрчилж 13.78 хувиар тооцож, 2011 оны 8 дугаар сар хүртэл үүнээс хойш 14.28 тооцож зээлийн хүүг нэмэгдүүлсэн боловч энэ талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй. Хэрэв шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол өмнө төлсөн төлбөртэй нийт бодож үзэхэд 70 000 000 төгрөг болно. Анх 23 000 000 төгрөгийн зээл авсан байж 70 000 000 төгрөг болгож буцааж төлөх нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу стандарт гэрээний 1.8, 1.13 гэсэн тодорхой заалтууд нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна. Мөн гэрээний 1.4-д заасан банк хүүгээ хэдийд ч өөрчлөх эрхтэй, өөрчилсөн талаараа нөгөө талд заавал мэдэгдэх шаардлагагүй гэсэн заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан байвал стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэх заалтад хамаарч байна. Хариуцагч нарын зүгээс төлбөр төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Харин 2016 оны 3 дугаар сараас гэрээний хугацаа дуусах буюу 2018 оны 6 дугаар сар хүртэл сар бүрийн төлөх төлбөр 415 202 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд нийт үлдэх хугацаанд 11 625 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02369 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан Харчу овогт Ганболдын Сугар /РД:ЦБ71101578/, Харнууд овогт Оёдоогийн Ариунаа /РД:ОЮ72120401/ нараас 33.850.590 төгрөг гаргуулж, Х Б- ХХК /РД:2578697/-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, О.Анар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204014390 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.А-, Г.С нараас 327.203 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х Б- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.203 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч О.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-, хариуцагч Г.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, хэргийн бодит нөхцел байдал, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байхад дэвж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зарим зүйл заалт хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл бөгөөд гэрээний 16 хавсралт буюу зээлийн эргэн төлөх төлбөрийн хэмжээг төгрөгөөр бичсэн нь зээлдэгчийг төөрөгдөлд оруулсан гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Түүнчлэн хариуцагч 2008 оны 7 сарын 27-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэлбэрээр хуваарийн дагуу зээлийг буцаан төпж байснаас үзэхэд тэрээр гэрээний төлбөр төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч биелүүлж байсан гэж үзэхээр байна гэсэн бөгөөд дээрхээс харвал “Барьцаат зээлийн гэрээ”-ний 16 хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талуудын харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн нөхцөл гэж үзэж дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс дээрх эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний хугацаа дуустал зээлийг төлж сар бүр 415.202 төгрөгийг 2016 оны 3 сараас 2018 оны 7 сар хүртэл буюу 28 сарын хугацаанд төлөхөөр зөвшөөрсөн ба шүүхийн зүгээс зээлийн гэрээний 16 хавсралтад заасан хуваарийг зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэж үзсэн атлаа хариуцагчийн дээрх үндэслэл бүхий татгалзлыг хүлээн авалгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, логик алдаатай, илт үндэслэлгүй шийдвэр болсон байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ талуудын байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний 16-д заасан хуваарь мөн гэж үзсэн боловч банкны зүгээс гэрээг цуцалж дуусгавар болгосон тул үлдэгдэл төлбөр болох 33.850.590 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэний дараа зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлж дуусгавар болгох хүсэл зоригтой байсан боловч банкны зүгээс дээрх саналыг хүлээн аваагүй бөгөөд зээлийн гэрээг шинэчлэх буюу, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт зоригтой байсан учир банкны шаардлагыг хүлээн авалгүй зээлийн гэрээний төлбөр төлөлтийг зогсоосон. Гэвч давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй төлбөр төлөлтөө зогсоосон учир банк гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн үндэслэлтэй байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл 22.2, 30 дугаар зүйл 30.1-т зааснаас харвал банкнаас олгох зээлийн гэрээнд зээлийг эргүүлэн төлөх нөхцөлийг тодорхой тусгах бөгөөд зээлдэгч нь тухайн нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүрэг хүлээхээр зохицуулж өгсөн байна. Хариуцагч нар нь анх 2008 онд зээлийн гэрээ байгуулан 8 жилийн турш гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг эргэн төлж байсан. Гэрээнд заасан хуваарь гэдэг нь талуудын хооронд 2008 оны 7 сарын 27-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний 16 хавсралтад заасан сар бүр 415.202 төгрөг бөгөөд энэхүү эргэн төлөлтийн хуваарийг банк тогтоож өгсөн ба 8 жилийн хугацаанд энэхүү хуваарийн дагуу төлж байхад ямар нэг маргаан гараагүй, хуваарь өөрчлөх талаар санал тавьж байгаагүй юм. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хавсралт 16 нь гэрээний салшгүй хэсэг буюу гэрээний нэг хэсэг болох юм. Зээлийн гэрээний хугацаа нь 10 жил бөгөөд нийт 120 сарын турш 415.202 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээ дуусгавар болох буюу зээл хаагдах ёстой байна. Талуудын хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ” нь зээлдэгч банкнаас авсан зээлийг ямар хугацаанд, хэрхэн төлж барагдуулах талаарх тохиролцоо юм. Дээр дурдсанчлан зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлийг эргэн төлж байсан ба гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр буюу 2016 оны 02 сараас 2018 оны 8 сарыг хүртэлх төлбөрийг төлж барагдуулах боломжтой гэсэн татгалзал нь үндэслэлтэй бөгөөд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зөвшөөрч байгаа хэрэг юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн дээрх үндэслэл бүхий татгалзлыг хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд хэт нэг талыг барьсан, үндэслэл муутай анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарыг зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй боловч хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

1.Х Б- ХХК хариуцагч Г.С, О.А нарт холбогдуулж зээлийн гэрээний  үүрэг 13.607,84 ам.доллар буюу 33.850.590 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Хариуцагч зээлийн гэрээний 1.8, 1.13 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, төлөгдсөн төлбөрийг тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцон зээлийн төлбөрөөс хасахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

Хариуцагч нар орон сууц худалдах-худалдан авах зорилгоор Х Б- ХХК-иас 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20.000 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 14.3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан орон сууцыг барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Гэрээний 1.4-т “банк нь жил бүрийн 4, 10 дугаар саруудад зээлийн хүүг банкны суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулж... зээлийн хүүг шинэчлэн тогтоохоор, ...зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар болон бичгээр мэдэгдэх, ...мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхгүй байх  үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан Х Б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2012 оны 6 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлхи суурь хүүг шинэчлэн тогтоох тухай тушаалуудаас үзвэл тус банкны ам.долларын зээлийн суурь хүү 2010 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 11 хувиар тогтовортой байж, мөн өдрөөс эхлэн 10.50 болж буурч, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 11 болж өсчээ. /хх-ийн 60-75 тал/

Хүүгийн хэмжээ буурсан болон өссөн талаар нэхэмжлэгч Х Б- ХХК нь зээлдэгчид мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэрээ урт буюу 120 сарын хугацаатай байгуулагдсан ба зээлийн хүү, үндсэн төлбөрийг эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралт 1а, 1б-д заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр төлөхийг гэрээний 1.7-д заажээ. Гэрээний хавсралт 1б-д зээлдэгчийн сар бүр төлөх зээлийн нийт төлбөрийн хэмжээг 415.202 төгрөг байхаар тодорхойлсон байна.

Үүний зэрэгцээ гэрээний 1.7-д “...АНУ-ын доллараар олгож буй зээлийн хувьд зээлийн нийт төлбөр нь ...хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна”, гэрээний 1.8-д “зээлийг олгосон валютын төрлөөс үл хамааран зээлдэгч зээлийг зөвхөн төгрөгөөр эргэн төлнө. Төгрөгөөр авсан зээлийн эргэн төлөлтийг банк тухайн ажлын өдөрт багтаан тухайн өдрийн Х Б-ны АНУ-ын доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлнэ”, гэрээний 1.13-т “АНУ-ын долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-ын доллар худалдан авах ханшаар, АНУ-ын доллараар олгосон зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийх бөгөөд ханшийг тухайн өдөр банкны АНУ-ын доллар худалдаж буй ханшаар тооцно” гэж тус тус заажээ.

2. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4-т зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болох тул Х Б- ХХК болон Г.С, О.А нарын хооронд байгуулагдсан  зээлийн гэрээгээр гадаад валют буюу 20.000 ам.доллар зээлэхээр тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

Харин хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хавсралт 1б-д зээлийг эргэн төлөхдөө сар бүр тогтмол хэмжээгээр буюу 415.202 төгрөг төлөхөөр тохиролцсон, гэрээний 1.7-д сар бүр төлөх зээлийн хэмжээ тогтмол байна, валютын төрлөөс үл хамаарч зээлийг зөвхөн төгрөгөөр төлнө гэсэн атлаа ийнхүү төгрөгөөр төлсөн зээлийг банк өөрөө тухайн өдрийн ам.долларын ханшид хөрвүүлж, төлөлтийг ам.доллараар тооцох гэсэн агуулгатай  гэрээний 1.8, 1.13-т заасан нөхцөл нь хоорондоо зөрчилтэй байгааг анхаараагүй, эдгээрийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх эсэхэд хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй нь  буруу болжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх гэрээний 1.4-т заасныг Иргэний хуулийн 202.1-д зааснаар тайлбарлаж зээлийн жилийн хүүг 11 хувь байхаар тогтоосон нь үндэслэлтэй болж чадаагүй байна. Талууд анх гэрээ байгуулахдаа жилийн суурь хүүг 11 хувь, хувьсах хүү 3.3 хувь, хүүгийн хэмжээ жилийн 14.3 хувь байхаар тохиролцсон, энэхүү хэмжээ өөрчлөгдөж болохыг, өөрчлөгдсөн бол зээлдэгчид мэдэгдэхийг тус тус заасан боловч жилийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч  Г.С, О.А нар гадаад валют буюу ам.доллар зээлсэн хэдий ч талууд тухайн үеийн ам.доллар, төгрөгийн ханшийг тогтоож, эргэн төлөлтийг төгрөгөөр  тогтоон тохиролцож болох ба энэ нөхцөлд нэхэмжлэгч Х Б- ХХК-ийн зүгээс гэрээний 1.8, 1.13-т заасныг баримталж зээлийн үүргийг ам.доллараар тооцон шаардах эрхгүй байна.

Гэрээ байгуулагдах үед 1 ам.доллар 1156.6 төгрөгтэй тэнцэж байсан талаар зохигч маргаагүй, зээлсэн 20.000 ам.долларыг хөрвүүлбэл, 23.132.000 төгрөг болж байх бөгөөд  сард 415.202 төгрөг төлөхөөр тохиролцсон нь зээлийн хүү болон үндсэн зээлээс төлөгдөх хэлбэрээр зээлийн үүргийг гүйцэтгэж дуусах агуулга илэрхийлэгдсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нарын төгрөгөөр хийсэн төлөлтийг нэхэмжлэгч Х Б- ХХК нь тухайн төлбөр төлөгдсөн өдрийн өөрийн банкны ам.доллар худалдан авах ханшид шилжүүлж, эхлээд хүү, үлдсэнийг үндсэн зээлд тооцон төлүүлж байсан баримт хэрэгт авагдсан хэдий ч хяналтын шатны шүүхээс тухайн цаг хугацааны эргэн төлөлт бүрд тооцоо хийж дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэв.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02369 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 269.075 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ