Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2369

 

      2017 оны 11 сарын 01 өдөр

     Дугаар 183/ШШ2017/02369

               Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, өөрийн байранд байрлах  “Хас банк” ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,    

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван оргил, 63 дугаар байрны 23 тоотод оршин суух, Харчу овогт Ганболдын Сугар /РД:ЦБ71101578/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван оргил, 63 дугаар байрны 23 тоотод оршин суух, Харнууд овогт Оёдоогийн Ариунаа /РД:ОЮ72120401/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 607,84 ам доллар буюу 33 850 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Х.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20 000 ам долларыг жилийн 14.3 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдаж авах зориулалтаар авсан. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 8 111,16 ам.доллар, зээлийн хүүд 16 639,26 ам доллар, нийт 24 750,42 ам долларыг төлсөн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 2 тоотод байрлах 1 өрөө, 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 11 888,84 ам доллар, зээлийн хүүгийн төлбөрт 1 719 ам доллар, нийт 13 607.84 ам долларыг гаргуулахаар шүүхэд хандсан. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж  өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нар нь анх зээл авахаар банкинд хандсан бөгөөд тухайн үед банкны зүгээс ам долларын зээлийг олгоно гэснээр 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 20 000 ам долларыг жилийн 14.3 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай буюу 10 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр 415 202 төгрөг төлөхөөр тохиролцсон. Бидэнд анх ойлгуулахдаа 415 202 төгрөгийг төлөөд байх юм бол зээлийн гэрээний үүрэг 10 жил болохоос өмнө дуусна гэж ойлгуулсан учраас тухайн үед зөвшөөрч байсан. Банкны зүгээс хүүг хувьсах хүүтэй буюу анх тогтоосон 11 хувийн хүүг өөрсдийн дураар хүүг өөрчлөх эрхтэй байхаар тусгаж, мөн ам долларын хаягийг тухайн гэрээ байгуулагдах үеийн Монгол банкны ханшаар бус тухайн ажлын өдрийн Хас банкны ам.доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр зааж хэт нэг талыг барьсан гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Анх зээл авсны дараа зээлийн төлөлт хийхэд 415 202 төгрөгөөр эргэн төлөлт хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 160 ам доллар хасагдаж байсан. Хамгийн сүүлд төлбөр хийсэн буюу 2016 оны 02 дугаар сарын төлбөрийг хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 12 ам доллар хасагдсан тул лавлаж асуухад ам.долларын ханштай холбоотой, энэ гэрээг ам долларын хэлбэрээр төлөх юм бол дуусахгүй тиймээс зээлийг төгрөгт шилжүүлж гэрээгээ шинэчил гэсэн шаардлагыг тавьсан. Талуудыг гэрээ байгуулах үед ам долларын ханш 1 155,95 төгрөг байсан ба тухайн үеийн ханшаар тооцох юм бол 23 120 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл байсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 37 орчим сая төгрөг төлсөн. Сүүлийн төлбөр төлсөн үе буюу 2016 оны 03 дугаар сард төлбөрийн үлдэгдэл нь тухайн өдрийн ханшаар 24 сая төгрөг байсан. Анх 23 сая төгрөгийн зээлийг авсан, 37 сая төгрөгийг төлсөн байхад дахин 24 сая төгрөгийн үлдэгдэлтэй байх нөхцөл байдлыг зээлдэгч нар харсан зээлдэгч нар банкны шаардлагыг хүлээж авалгүй зээлийн төлбөрийг төлөхийг зогсоосон. Энэхүү маргаантай холбоотой зээлдэгч нар нь дансны хуулгыг авч үзэхэд 2010 оны 04 дүгээр сар хүртэл 20 сарын хугацаанд зээлийн хүүг бодож байгаад түүнээс хойш зээлийн хүүг өөрсдөө дур мэдэж өөрчилж 13.78 хувиар тооцож 2011 оны 08 дугаар сар хүртэл үүнээс хойш 14.28 тооцож зээлийн хүүг нэмэгдүүлсэн боловч энэ талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй. Хэрэв шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол өмнө төлсөн төлбөртэй нийт бодож үзэхэд 70 сая төгрөг болно. Анх 23 сая төгрөгийн зээл авсан байж 70 төгрөг болгож буцааж төлөх нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу стандарт гэрээний 1.8, 1.13 гэсэн тодорхой заалтууд нь өөрөө Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчсөн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна. Мөн гэрээний 1.4-д заасан банк хүүгээ хэдийд өөрчлөх эрхтэй, өөрчилсөн талаараа нөгөө талд заавал мэдэгдэх шаардлагагүй гэсэн заалт нь Монгол улсын Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан байвал стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэх заалтад хамаарч байгаа юм. Хариуцагч нарын зүгээс огт төлбөр төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Харин 2016 оны 03 дугаар сараас гэрээний хугацаа дуусах буюу 2018 оны 06 дугаар сар хүртэл сар бүрийн төлөх төлбөр 415 202 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд нийт үлдэх хугацаанд 11 625 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК зээлийн гэрээний үүрэгт 13 607,84 ам доллар буюу 33 850 590 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Г.Сугар, О.Ариунаа нараас шаардаж байна.

Хариуцагч нь Г.Сугар, О.Ариунаа нар нь гэрээний цаашид үргэлжлэх хугацаанд 11 625 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх боловч зээлийн гэрээ нь гэрээний талуудын чөлөөт байдлыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцлөөр байгуулагдсан гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20 000 ам.долларыг 120 сарын хугацаатай, нэг жилийн 14.3 хувийн хүүтэй, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцсон барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014390 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг бариулж, барьцааны эрхийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нар хүлээн авсан зэрэг үйл баримт тогтоогдох ба талууд зээлийн үнийн дүнгийн тооцоолол, зээлийн төлбөрт төлсөн төлбөрийн талаар болон гэрээний үргэлжлэх хугацаанд зээлийн хүү нэг жилийн 13.78-14.28 хувь байсан, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэх үйл баримтын талаар маргаангүй.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг шинжлэн судлаад, уг гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарна гэж үзлээ. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

 

Хариуцагч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зарим зүйл заалт хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл бөгөөд гэрээний 1б хавсралт буюу зээлийн эргэн төлөх төлбөрийн хэмжээг төгрөгөөр бичсэн нь зээлдэгчийг төөрөгдөлд оруулсан гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь:

 

Гэрээний 1.8-д “Зээлийг олгосон валютын төрлөөс үл хамааран зээлдэгч зээлийг зөвхөн төгрөгөөр эргэн төлнө. Төгрөгөөр авсан зээлийн эргэн төлөлтийг банк тухайн ажлын өдөрт багтаан тухайн өдрийн Хас банкны ам.доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлнэ” гэж зааснаас үзэхэд зээлдэгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлвөл зохих ам.долларын хэмжээнд ногдох төгрөгөөр зээлийг төлөх, үүнийг зээлдүүлэгч тухайн өдрийн ханшаар тооцож ам.долларт хөрвүүлж зээлийн төлбөрөөс хасахаар заасан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл банк валют арилжих зорилгоор зээлдэгч зөвхөн тухайн банкнаас ам.долларыг худалдан авч, зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан байх боловч энэ үндэслэл нь хариуцагчийн татгалзалтай холбоогүй буюу ам.долларын зээлийг зээл олгох үеийн ханшаар төгрөгөөр тооцон төлөхөөр тохиролцсон гэх хариуцагчийн татгалзлыг нотлохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэлбэрээр хуваарийн дагуу зээлийг буцаан төлж байснаас үзэхэд тэрээр гэрээний төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч биелүүлж байсан гэж үзэхээр байна. 

 

Мөн хариуцагч, банктай байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа  болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасныг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан боловч дээрх хуулийн заалтыг мөнгөний ханш эрх бүхий байгууллагын шийдвэрээр өссөн буурсныг ойлгох тул энэ тохиолдол хамаарахгүй гэж үзэхийг тайлбарлаад нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн төгрөгийн ам.доллартай харьцах Монгол банкны ханшаар тооцож гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзсэн болохыг дурдаж байна.

 

Эцэст нь дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Г.Сугар, О.Ариунаа нараас зээлийн гэрээний үүрэгт 33 850 590 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор, хариуцагч нар гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нарт хариуцуулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан Харчу овогт Ганболдын Сугар /РД:ЦБ71101578/, Харнууд овогт Оёдоогийн Ариунаа /РД:ОЮ72120401/ нараас 33 850 590 /гучин гурван сая найман зуун тавин мянга таван зуун ерэн/ төгрөг гаргуулж, “Хас банк” ХХК /РД:2578697/-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Сугар, О.Ариунаа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204014390 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ариунаа, Г.Сугар нараас 327 203 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 203 улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ