Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00082

 

 “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02232 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн хариуцагч Г.С, О.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 13 607.84 ам.доллар буюу 33 850 590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч О.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат нэхэмжлэлдээ: Г.С нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчтэй барьцаат зээлийн 59000177 дугаар гэрээ байгуулж, 20 000 ам.долларын зээлийг жилийн 14.3 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Уг зээлийн эргэн төлөлт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зөрчигдсөн тул хариуцагчтай тохиролцон ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх боломж, зээлийн хуримтлагдсан төлөлтөө хувааж төлөх боломж олгохоор уулзаж тохиролцох гэсэн боловч зээлдэгч тохиролцохгүй зээлийн зөрчил гаргасан. Уг зээлээр худалдан авсан Ү-2204014390 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 14 хороо, 14 хороолол, 1 байр 3 тоотын 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Дээрх гэрээнд О.А нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний гол нөхцөл 1б дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 3 дугаар сард 200 ам.доллар төлж, түүнээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчдэд банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачилга гаргаагүй. Иймээс зээлийн гэрээний 3.3.1, 3.3.9-д зааснаар банкны санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 11 888.84 ам.доллар, хүүний төлбөр 1 719 ам.доллар, нийт 13 607.84 ам.доллар байна. Иймд зээлдэгч нараас 13 607.84 ам.долларыг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн гэрээний 2.2.11-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр нь барагдуулах талаар шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 000 ам.долларыг жилийн 14.3 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдаж авах зориулалтаар авсан. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 8 111,16 ам.доллар, зээлийн хүүд 16 639,26 ам доллар, нийт 24 750,42 ам долларыг төлсөн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 2 тоотод байрлах 1 өрөө, 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа. Зээлийн төлбөрийг төлөх, ам.доллараар биш төгрөгөөр тооцох талаар харилцан тохиролцохоор мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээг цуцалсан. Тиймээс ч үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй, одоо үндсэн зээлийн төлбөрт 11 888,84 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 1 719 ам.доллар, нийт 13 607.84 ам доллар буюу 33 850 590 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй, хэрэв ам.доллараар төлөх боломжгүй бол төгрөгөөр төлөх боломжтой байсан, мөн өөрсдөө зээлийн төлөлтийн хуваарь болон зээлийн тооцооллын талаар нэхэмжлэгч талаас асуух тодруулах эрх нь байсан. Хууль зөрчөөгүй, зээлийн гэрээний хүүг 14.3 буюу хувьсах хүүтэй гэж гэрээнд заасан, мөн зээлийн гэрээний хүү буурсан нь зээлийн тооцооллоос харагдана. Гэтэл эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байхад хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулчихаад гэрээний үүргээ зөрчсөний дараа гэрээний заалт зөрчилтэй, стандарт гэрээ гэж тайлбарласныг зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийг зөрчсөн тул нэг талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд хандсан тул гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 11 625 656 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 23 000 000 төгрөгийн зээл авахаар банкинд хандахад зөвхөн ам.долларын зээлийг олгоно гэсэн тул 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 000 ам.долларыг жилийн 14.3 хувийн хүүтэй, 120 сар буюу 10 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр 415 202 төгрөг төлөхөөр тохиролцсон. Анх 415 202 төгрөгийг төлөөд байх юм бол зээлийн гэрээний үүрэг 10 жил болохоос өмнө дуусна гэж ойлгуулсан учраас зөвшөөрсөн. Банкны зүгээс хүүг хувьсах хүүтэй буюу анх тогтоосон 11 хувийн хүүг өөрсдийн дураар хүүг өөрчлөх эрхтэй байхаар тусгаж, мөн ам.долларын ханшийг тухайн гэрээ байгуулагдах үеийн Монгол банкны ханшаар бус тухайн ажлын өдрийн ХБ-ны ам.доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр зааж хэт нэг талыг барьсан гэрээ байгуулсан гэж үзэж байна. Анх зээл авсны дараа зээлийн төлөлт хийхэд 415 202 төгрөгөөр эргэн төлөлт хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 160 ам.доллар хасагдаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын төлбөрийг хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 12 ам.доллар хасагдсан тул лавлаж асуухад ам.долларын ханштай холбоотой, энэ гэрээг ам.долларын хэлбэрээр төлөх юм бол дуусахгүй тул зээлийг төгрөгт шилжүүлж гэрээгээ шинэчлэх шаардлагыг тавьсан. Талуудыг гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1 155.95 төгрөг байсан ба тухайн үеийн ханшаар тооцвол 23 120 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл байсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 37 000 000 орчим төгрөг төлсөн. Сүүлийн төлбөр төлсөн 2016 оны 03 дугаар сард төлбөрийн үлдэгдэл нь тухайн өдрийн ханшаар 24 000 000 төгрөг байсан. Анх 23 000 000 төгрөгийн зээлийг авсан, 37 000 000 төгрөгийг төлсөн байхад дахин 24 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх нөхцөл байдлыг зээлдэгч нар үзээд банкны шаардлагыг хүлээж авалгүй зээлийн төлбөрийг төлөхийг зогсоосон. Энэхүү маргаантай холбоотой зээлдэгч нар нь дансны хуулгыг үзэхэд 2010 оны 04 дүгээр сар хүртэл 20 сарын хугацаанд зээлийн хүүг бодож байгаад түүнээс хойш зээлийн хүүг дур мэдэн өөрчилж 13.78 хувиар тооцож 2011 оны 8 дугаар сар хүртэл үүнээс хойш 14.28 тооцож зээлийн хүүг нэмэгдүүлсэн боловч энэ талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд өмнө нь төлсөн төлбөртэй нийлээд 70 000 000 төгрөг болно. Анх 23 000 000 төгрөгийн зээл авсан байж 70 000 000 төгрөг болгож буцааж төлөх нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.8, 1.13 гэсэн тодорхой заалтууд нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна. Мөн гэрээний 1.4-д заасан банк хүүгээ хэдийд ч өөрчлөх эрхтэй, өөрчилсөн талаараа нөгөө талд заавал мэдэгдэх шаардлагагүй гэсэн заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан байвал стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэх заалтад хамаарч байгаа юм. Хариуцагч нар төлбөр төлөхгүй гэж маргаагүй. Харин 2016 оны 3 дугаар сараас гэрээний хугацаа дуусах буюу 2018 оны 6 дугаар сар хүртэл сар бүрийн төлөх төлбөр 415 202 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд нийт үлдэх хугацаанд 11 625 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Барьцаат зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 20 000 ам.долларыг шилжүүлэн авсан, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан талаар маргахгүй. Харин гэрээний үүрэг зөрчигдсөн буюу 2016 оны 3 сараас 2018 оны 7 сарыг дуустал буюу гэрээний хугацаа дуустал 28 сарын төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 415 202 төгрөгөөр тооцож, 11 625 656 төгрөгийг төлөх саналтай байна. Учир нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт сар бүр 415 202 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Хэрэв гэрээний дагуу төгрөгөөр төлсөн төлөлтийг ам.долларт шилжүүлж тооцвол ам.долларын ханшийн зөрүүнээс шалтгаалан хариуцагч нарт хохиролтой байхтул төгрөгөөр тооцох талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ, зээлийн гэрээний 1.4-т заасан заалт нь хүчин төгөлдөр эсэхийг анхаарах шаардлагатай. Мөн талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 1.8, 1.4, 1.13 дугаар заалтууд нь хоорондоо зөрчилтэй. Нэхэмжлэгчээс хариуцагч нарын гэрээнд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш ам.долларын ханш тасралтгүй өссөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул үүргийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлөх нь зүйтэй гэж үзэж байна.  Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  нараас зээлийн гэрээний үүрэгт 15 738 827 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 111 763 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204014390 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 203 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 236 644 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэпд 13 607.84 ам.доллар буюу 33 850 590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргасан боловч зарим хэсгийг хангахгүй орхисонд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 13 607.84 ам.долларыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэн төгрөгт хөрвүүлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг үүсэх үеийн ханшийг зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар буюу 1 156.60 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 18 111 763 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан байх гэдэг нөхцөл нь Монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийн худалдан авах чадварын өсөлт бууралттай холбоотой зохицуулалт тул шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь ам.доллараар гүйцэтгэх төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг төгрөгөөр тооцон шаардахдаа нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2 487.58 төгрөгөөр тооцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэрэгсэхгүй болгосон 18 111 763 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Г.С, О.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 607.84 ам.доллар буюу 33 850 590 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 11 625 656 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр  зээлдэгч 20 000 ам. долларыг 120 сарын хугацаатай, жилийн 14.3 хувийн хүүтэй, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж, зээлийг хуваарийн дагуу эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж зээл 20 000 ам.долларыг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийн үүргийн барьцаанд худалдан авсан орон сууцыг барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны үүрэг үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч Г.С, О.А нар зээлийн хөрөнгө буюу 20 000 ам.долларыг хүлээн авч, эргэн төлөх хуваарийн дагуу төлж байсан боловч, 2016 оны 3 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, зээлдүүлэгчийн удаа дараа гаргасан шаардлагыг биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ХБ ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 3.6, 3.7-д заасныг үндэслэн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж,  цуцлах хүртэлх хугацааны хүү, үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал төлбөрийн үлдэгдлийг гэрээний 1.13 дахь “ам.доллараар олгосон зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийх бөгөөд ханшийг тухайн өдөр банкны ам.доллар худалдаж байгаа ханшаар тооцно” гэснийг үндэслэн үндсэн төлбөр 11 888,84 ам.доллар, хүү 1 719 ам.доллар, нийт 13 607.84 ам. доллар гэж тодорхойлон, нэхэмжлэл гаргах үеэр ханшийг тооцон 33 850 590 төгрөг шаардсан бол хариуцагч тал гэрээний 1.7, 1.8 дахь заалт, эргэн төлөлтийн хуваарийг урьдчилан тогтоосныг үндэслэн сар бүр 415 202 төгрөг төлөх үүргийн дагуу тооцвол 11 625 656 төгрөг төлөх үндэслэлтэй, үлдсэнийг зөвшөөрөх боломжгүй, учир нь  сар бүр харилцан тохиролцож тогтоосон тогтмол дүнгээр төлөхөд 120  сарын хугацаанаас өмнө зээл бүрэн төлөгдөнө гэж ойлгож гэрээг байгуулсан гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч талын төлбөрийн үлдэгдлийн тооцооллын үндэслэл болсон гэрээний заалт, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон гэрээний заалтууд агуулгаараа зөрчилтэй, ойлгомжгүй байх тул түүний агуулгыг Иргэний хуулийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний бусад нөхцөл, ерөнхий агуулгаар тайлбарлах боломжтой.

   Гэрээний ерөнхий агуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл талууд  сар бүр төлөх зээлийн төлбөрийг зээл, зээлийн хүүг оролцуулан 415 202 төгрөгөөр тэнцүү хэмжээгээр, тогтмол байхаар хатуу тогтоосон, ийнхүү төлөлт хийхэд 20 000 ам.доллар буюу 23 132 000 төгрөгийн /тухайн үеийн монгол төгрөгтэй харьцах ханш 1156.6 төгрөгөөр тооцоход/ зээл нь хүүгийн хамт 120 сарын хугацаанд 49 824 240 төгрөгийн хэмжээнд бүрэн төлөгдөж дуусах агуулга бүхий  гэрээг  талууд харилцан тохиролцож байгуулсан гэж үзэхээр байна.

Хариуцагчаас гэрээгээр тогтоосон хэмжээгээр сар бүр зээл, зээлийн хүүг төлж, нийт 36 326 060 төгрөгийг зээлийн үүрэгт төлсөн баримтыг нэхэмжлэгч ХБ шүүхэд гаргажээ. /Хх1-142-144/

 Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн зээлдэгчээс  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үлдэгдлийг ам.доллараар шаардсаныг гэрээ байгуулагдах үеийн монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцох нь гэрээний агуулгад нийцэхээр байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 11 888.84 ам.доллар, хүү 1 719 ам.доллар, нийт 13 607.84 ам.доллар нэхэмжилснийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээ байгуулагдах үеийн буюу үүрэг үүсэх үеийн ханш 1156.6 төгрөгөөр тооцож, 15 738 827 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль болон гэрээний агуулгад нийцэх ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                                           ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

                                                                                                                 А.ОТГОНЦЭЦЭГ