Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00763

 

М.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/03791 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00307 дугаар магадлалтай,

М.Н-гийн нэхэмжлэлтэй

Л.Т-д холбогдох,      

Гэрээний үүрэгт 8 602 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Л.Т-гийн гуйлтаар Баянзүрх дүүргийн 16-р хороолол 19-р байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг Сэд хаан ББСБ-д 2015.02.10-ны өдөр 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч өгсөн. Л.Т- нь Сэд хаан ББСБ-аас 12 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийг жилийн 3,8% хүүтэйгээр авсаныг мэдэж зээл хүүгээ төлж байснаа зарим сард хугацаа хэтрүүлж, дутуу төлсөөр эцэст нь байр барьцаанд хураагдах болоход М.Н- 2016.11.28-ны өдөр 6.302.110 төгрөгийг Сэд хаан ББСБ-д төлж байраа авсан. Мөн нэхэмжлэгчийн алтан ээмэг, гинжийг Банбан барьцаат зээлийн газарт 2016.07 сарын үед 300.000 төгрөгийн барьцаанд бариулж зээл аваад тэр чигтээ алга болж, аргагүйн эрхэнд 300.000 төгрөгийг өмнөөс нь төлж алтан ээмэг, гинжийг чөлөөлж авсан. Иймд Л.Т-гөөс зээл 6.302.110 төгрөг, 2016 оны 02 сарын 24-ний өдөр зээлийн сунгалт хийлгэсэн 2.000.000 төгрөг, 2017 оны 07 сард Банбан Барьцаат зээлийн газарт 300.000 төгрөг төлснийг нийт 8.602.110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн шүүхэд гаргасан тайлбарт: Л.Т- нь 2015 оны 02 дугаар сарын 10-ний өдөр нэхэмжлэгч М.Н-гаас 8.500.000 төгрөгийн зээл авсан. Улмаар энэхүү зээлсэн мөнгөндөө зээл болон хүүг сар тутамд Сэд хаан ББСБ төлж байсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн булган шубээ барьцаанд тавьж 2.000.000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/03791 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Т-гөөс 1.665.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлээс 6.937.110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 152.584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-гөөс 41.590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00307 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/03791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281.1 гэсний дараа 496 дугаар зүйлийн 496.1 гэж нэмж, 1.665.000 гэснийг 5.102.110 гэж, 6.937.110 гэснийг 3.500.000 гэж, 2 дах заалтын 41.590 гэснийг 96.584 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 101\ШШ2017\03791 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210\МА2018\00307 дугаар магадлалд Иргэний хуулийн 496, 199.3 заасан үндэслэлээр 3.437.110 төгрөгийг нэмэгдүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 210\МА2018\00307 магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Т- М.Н-гаас 8.602.110 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1.665.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Л.Т-н хүсэлтээр М.Н- Сэдхаан ББСБ-с 10.000.000 төгрөгийн зээл авч, үүнээс 8.500.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч зээлийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь ББСБ-д зээлийн үлдэгдэлд 6.302.110 төгрөгийг төлсөн, мөн ломбардад түүний бөгжийг барьцаалуулж 300.000 төгрөг зээлж, төлөөгүйгээс нэхэмжлэгч зээлийг төлж барьцааны зүйлийг чөлөөлүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Т-н Сэдхаан ББСБ-д сар тутам хүү төлж байсныг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцсныг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч Л.Т- зээлсэн мөнгөө нэхэмжлэгч М.Н-д хугацаанд нь төлж өгөөгүйгээс нэхэмжлэгч бусдад илүү мөнгө төлснөөс хохирол шаардсан нэхэмжлэлээс 5.102.110 төгрөгийг гаргуулж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00307 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ