Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ержол, Т.Байхал нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

 

хяналтын прокурор М.Отгонжаргал,

хохирогч К.Алтангүл, хохирогчийн өмгөөлөгчид А.Серикжан, С.Нургайып,

шүүгдэгч Т.Байхал, орчуулагч Т.Маншук, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ардабек, нарыг оролцуулан, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ержол, Т.Байхал нарт холбогдох эрүүгийн 201604000055 дугаартай хэргийг хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар оршин суудаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Цэнгэл тоосго” ХХК-д ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Барах сүйндек овогт Баймуратын Ержол РД: БЮ78051573.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр оршин суудаг, дээд боловсролтой, холбооны технологи инженер мэргэжилтэй, “Цэнгэл тоосго” ХХК-ийн захирал ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бахат овогт Тулбаханы Байхал РД: БЛ75012412.

 

Шүүгдэгч Б.Ержол нь “Цэнгэл тоосго" ХХК-нд ажил гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.4, 18.2.6-д "ажил үүргээ осол эндэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх", 18.2.7-д "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" гэсэн заалтуудыг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1-т заасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй, 13.2.4 -т заасан "Зам дээр болон түүний ойр орчимд ажил үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах", Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх тухай 7 дугаар зүйлийн 7.6-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, осол гарахгүй байх нөхцөлийг хангах", Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 25.7-д " Машин механизмыг бүрэн зогсоож, түүнийг залгах салгах хэрэгслийг гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад завсар үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө", 284-д заасан "Ил уурхайд автомашин ажиллах үед хориглох зүйлс, Үйлдвэрийн захиргаанаас баталсан технологийн зориулалттай автомашинд сууж явах эрх бүхий хяналтын албаны болон зарим нэр зааснаас бусад хүмүүсийг тээвэрлэх", 288-д заасан "Автомашины засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ачааг бүрэн буулгасан, шавар цасыг арилгасан байхаас гадна засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална" гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 03 сарын 03-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгэл тоосго" ХХК-ийн шар шороо авдаг талбайд 0453 УНУ улсын дугаартай ВЕЙВЕН маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн Н.Ержаныг дайрч амь насыг нь хохироосон,

Шүүгдэгч Т.Байхал нь “Цэнгэл тоосго" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т " Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна", 27.3-т "ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна", мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д "Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах", мөн хуулийн 28.1.3-т " Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28.1.4-т "Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх" 28.1.6-д "Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм заавар журам баталж мөрдүүлэх" 28.1.8-д " Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад   хамрагдаагүй, зааварчилга 00173 аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 280-д заасан "Ил уурхайн замын хөдөлгөөнийг зохицуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн дагуу нэг загварын баталгаат дохио тэмдгүүдийг хэрэглэнэ. Гадны байгууллагаас ирж буй автомашин, трактор болон өөрөө явагч, ачих, өргөх, тээх, зөөх зориулалттай машины жолооч, машин ч нарт үйлдвэрийн захиргаанаас авто аж ахуйн захиргаатай хамтран уурхайд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, уурхайн доторх авто замын сүлжээг танилцуулан, эрх олгосон нөхцөлд ил уурхайд түр ажиллахыг зөвшөөрнө" гэсэн заалтыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 03 сарын 03-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгэл тоосго" ХХК-ийн шар шороо авдаг талбайд шороо ачих гэж байсан Б.Ержолын "0453 УНУ" улсын дугаартай "ВЕЙВЕН" маркийн тээврийн хэрэгсэлд иргэн Н.Ержан дайруулж нас барсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Бахат овогтой Тулбаханы Байхалыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Барах сүйндик овогтой Баймуратын Ержолыг аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Байхалыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ержолыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт шүүгдэгч Т.Байхалд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ержолд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч К.Алтангүлд шүүгдэгч Т.Байхал нь 3 сая төгрөг, шүүгдэгч Б.Ержол нь 2 сая төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Байхалд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ержолд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч К.Алтангүлийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын 8-р багт оршин суудаг Төлек овогт Каримханы Алтангүл би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлдээ эс зөвшөөрч анхан шатны шүүх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар ял тэнсэх гол үндэслэл нь гэмт хэргийн ангилал, нийгмийн хор аюулын шинж хэр хэмжээ, тухайн этгээдийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан байдал, гэмшсэн байдал зэрэг урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байхыг анхаарахыг шаарддаг. Хэрэв эдгээр урьдчилсан нөхцөлүүдийг тухайн шүүгдэгчийн хувьд хангаагүй тохиолдолд хорих ялыг тэнсэх боломжийг хаасан агуулгатай заалт юм. Өөрөөр хэлбэл ялтныг тэнсэх хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй байхад шүүхээс ялтанд ЭХ-ын 61 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн юм.

Шүүгдэгч Б.Ержолын хувьд тухайн гэмт хэргийг хийснээс хойш анхан шатны шүүх хуралдаан дуустал хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, гэмшээгүй, надаас уучлалт гуйгаагүй, сэтгэл санааны хохирлыг минь төлж өгөөгүй юм. Уучлалт гуйх байтугай анхан шатны шүүх хуралдаанд үг тайлбар хэлэхдээ инээж шүүхийг болон намайг, мөн тэнд сууж байсан сонирхогч этгээдүүд болох хамаатан, төрөл садангийн хүмүүсийг доромжилсон юм. /шүүх хуралдааны видео бичлэгийг үзнэ үү/

Мөн анхан шатны шүүх нь “хүн амь насаар нь хохирчхоод байхад хохиролгүй хэмээн үзэж, шүүгдэгч нарыг ялаас чөлөөлж байгаа явдалд” маш их гомдолтой байна. Хэрэв хүнийг дайрч алсан этгээдэд ямар ч ял байхгүй юм бол би ч гэсэн шүүгдэгч Ержолыг дайрч алахыг хүсэж байна. Би ийм гэмт хэрэг үйлдээд шүүхийн өмнө ирсэн тохиолдолд намайг ч гэсэн ялаас чөлөөлж өгөх баталгаа гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх нь хохирлын талаар хангалттай баримт байсаар байтал хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэхээс татгалзаж, хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцээгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ”, 291 дүгээр зүйлийн 291.1-т “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг зөрчсөн юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, ялтнуудад оногдуулсан ялыг биеэр эдлүүлж, иргэний нэхэмжлэлийг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Байхалийн өмгөөлөгч Б.Баасандоржийн давж заалдах гомдолд: “Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Б.Баасандорж миний бие шүүгдэгч Тулбахан овогтой Байхалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Байхалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-дах хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож нэмэлт ял хэрэглэхгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар хорих, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Дээрх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Жолооч Б.Ержол нь “Цэнгэл-Тоосго” ХХК-ийн захирал Т.Байхалтай амаар тохиролцож тус компанид тодорхой ажил гүйцэтгэж байсан. Осолдогч Н.Ержан нь Б.Ержолтай амаар тохиролцож ажил үүрэг гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.9 дэх хэсэгт заасан “Хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй иргэн” гэсэн хуулийн зохцуулалтанд хамаарна гэж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Учир нь Б.Ержол нь “Цэнгэл-Тоосго” ХХК-ийн захирал Т.Байхалтай амаар тохиролцож ажил гүйцэтгэсэн нь Хөдөлмөр аюулгүй байдлын, Эрүүл ахуйн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.9 дэх хэсэгт заасан бусад хэлбэрээр гэдэгт хамаарагдаж байгааг ойлгоно. Харин Цэнгэл-Тоосго ХХК-ийн захирал Т.Байхал нь осолдогч Н.Ержантай амаар буюу бусад хэлбэрээр тохиролцож ажил үүрэг гүйцэтгүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай харагдаж байхад шүүх бусад хэлбэр гэдэгт хамааруулж Т.Байхалд ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

2. “Цэнгэл-Тоосго” ХХК-ийн захирал Т.Байхалын үйлдэл эс үйлдэл нь осолдогч Н.Ержаны үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад шүүх “Цэнгэл-Тоосго” ХХК-ийн захирал Т.Байхалыг “Хөдөлмөр хамгаалал Эрүүл ахуйн журам” зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй, харин Г.Байхалын үйлдэл, эс үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэг талыг барьсан, нотлох баримтыг гал бүрээс нь гүйцэд үнэлээгүй хэргийг шийдсэн нь ЭБШХ-ийн 284.3 дахь хэсэгт "Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож хэргийг ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралттай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримталж Т.Байкалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ержолын өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдолд: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Мөрдөн байцаагчийн “Шинжээ томилох тухай” тогтоолыг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарсан “Цэнгэл тоосго” ХХК-ийн ажлын байранд болсон хүний амь нас хохирсон гэх золгүй явдал нь үйлдвэрлэлийн осол болох нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын хуралдааны тэмдэглэл \2016.04.12\, мөн өдөр гаргасан “Үйлдвэрлэлийн осол гарсан тухай акт”, Шинжлэх ухаан технологийн их сургууль Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шинжээчийн баг томилох тухай” А\40 дүгээр тушаалаар ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь уг золгүй явдал нь үйлдвэрлэлийн осол болохыг тус тус тогтоожээ.

 

2. Мөрдөн байцаагч Х.Ержолыг анх гэрчээр байцаасан тэмдэглэл: Асуулт: Энэ шороог тээвэрлэх ажил эхлэхийн өмнө компанийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар анхааруулга, зөвлөмж өгч байсан уу?, мөн өдөр болгон ажил эхлэхийн өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар зааварчилга зөвлөмж өгч гарын үсэг зуруулж байсан уу? Хариулт: Үгүй, тийм ямар ч бичгээр зааварчилж байгаагүй. Асуулт: Та компанитай ажил гүйцэтгэх талаар бичгээр гэрээ хийж байсан уу ?. Хариулт. Үгүй бичгээр гэрээ. хийж байгаагүй...” гэжээ

3. Мөрдөн байцаагчаас гэрч болон хэргийн холбогдогч гэх “Цэнгэл тоосго” ХХК-ийн захирал Байхал, ажилтан гэх Ганибалаас удаа дараа авсан мэдүүлэгт жолооч Х.Ержолд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар албан ёсоор гарын үсэг зуруулж, зөвлөмж өгч байгаагүй түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй тухай мэдүүлсэн байдаг юм.

4. Мөрдөн байцаагчаас жолооч Б.Ержолтай хамт Цэнгэл суманд очсон “Цэнгэл тоосго” ХХК-ны үйлдвэрлэлийн талбайд шороо зөөж байсан жолооч Х.Хажымурат, Д.Айболат нарыг гэрчээр асуусан тэмдэглэлд жолооч Х.Хажымурат, Д.Айболат нар нь “Цэнгэл-тоосго” ХХК-ний захиргаанаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар ямар нэгэн бичигт гарын үсэг зуруулж, зөвлөмж анхааруулга өгч байгаагүй, түүнчлэн жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тухай мэдүүлсэн байдаг юм.

5. Мөрдөн байцаагчаас осол гарсан газарт ажил үүргээ гүйцэтгэж байсан “Цэнгэл тоосго” ХХК-ийн ажилчин И.Жамантайг асуусан тэмдэглэлд “...Ержол ухарч ирээд жаахан ташуу зогсож байхаар нь би өмнө ачиж байсан газраас үргэлжүүлэн шороо авахад эвгүй болсон тул Ержанд дохиж урагшаа хөдлөхийг хэлсэн юм. Энэ үед Ержан 2-3 метр урагшаа хөдлөөд зогсож байсан. Энэ үед бид урагшаа дахин хөдлөхийг гараараа дохиж хэлсэн. Тэгээд Ержол дахин хөдлөөд урагшаа хөдлөөд явж байх үед машины арын дугуйнаас дотроос нэг том зүйл гараад ирэхээр нь гайхад энэ юу бол гээд харсан чинь нөгөө туслах Ержан гэдэг залуу байсан ..”гэжээ. \хэргийн 31-33 дугаар талд\

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолд “ ...Энэ зүйлийн 183.1-д заасан "... аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж уулын болон уурхайн, барилгын, түүнчлэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад тэсэрч дэлбэрэх аюултай үйл ажиллагааг гүйцэтгэх явцад заавал дагаж мөрдвөл зохих хууль тогтоомжийг огт хэрэгжүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлэхгүйг хэлнэ гэжээ. Эрүүгийн 2016000055 дугаартай хэрэгт “Цэнгэл тоосго” ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн “Ачиж буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар”, “Аюулгүй ажиллагааны заавар”, “Цэнгэл тоосго” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг бичиг баримтууд нотлох баримтад авагдсан байна. Дээрх бичмэл нотлох баримтуудыг “Цэнгэл тоосго” ХХК-ийн захирлын тушаалаар баталгаажуулсан байна. Гэтэл дээр дурдсан заавар, журам, дотоод журмыг шороо тээвэрлэж байсан жолооч Б.Ержолд танилцуулаагүй нь уулын болон уурхайн, барилгын, түүнчлэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад тэсэрч дэлбэрэх аюултай үйл ажиллагааг гүйцэтгэх явцад заавал дагаж мөрдвөл зохих хууль тогтоомжийг огт хэрэгжүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй болж байна. Энэ нь уг гэмт хэрэгт Объектив болон субъектив талын шинж байхгүй гэдгийг нотлож байна.

7. Шинжлэх ухаан технологийн их сургууль Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн' “Шинжээчийн баг томилох тухай” А\40 дүгээр тушаалаар ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Авто тээврийн болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.4, 18.2.5 18.2.6, 18.2.7 дахь заалтууд “Цэнгэл тоосго” ХХК-тай хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гэрээ хийж ажиллаагүй, ямар нэгэн баримтад гарын үсэг зураагүй жолооч Б.Ержолд хамааралгүй асуудал гэж үзэж байна. Нөгөө талаас дээрх дүгнэлтээр уг золгүй явдал нь “Цэнгэл тоосго” ХХК-тай холбоотой болох буюу үйлдвэрлэлийн осол гэж гарсан учраас нэг үйлдэлд нэг этгээдийг буруутгах зарчимтай гэж үзэж байна. Жолооч Б.Ержолыг Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.7, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.4 дэх хэсэг болон Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.6, Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар баталсан “Авто тээрийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 2.9,, “ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн “Уурхайн тээвэр” гэсэн дөрөвдүгээр бүлгийн “4.1.Автомашин ба тракторын тээвэр” хэсэг буюу дүрмийн 257, 284-ийн д, 288, 289 дэх заалтуудыг зөрчсөн гэсэн асуудал нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг агуулж байна. Гэтэл өмнө яллагдагч Б.Ержолд нь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч сүүлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын тогтоол нь хүчинтэй байна. Иймд шинжээч нарын, дүгнэлтэнд тусгасан Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн холбогдох заалтууд зөрчсөн гэсэн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

8. Шинжлэх ухаан технологийн их сургууль Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шинжээчийн баг томилох тухай” А\40 дүгээр, тушаалаар ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд “Цэнгэл тоосго” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4, 28.1.5, 28.1.6, 28.1.7, 28.1.8, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6-р сарын 22-ны өдрийн АҮ114 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив”, 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн А\223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, 2015 оны 12-р сарын 28-ны өдрийн А\295 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”, 2016 оны 2-р сарын 5-ны өдрийн А\33 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр", Монгол улсын Үйлдвэр, худалдааны Сайдын 2003 оны 6-р сарын 3-ны өдрийн 96 дугаар тушаалаар баталсан “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ. Иймд ажил олгогч буюу “Цэнгэл тоосго” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон учир энэ нь жолооч Б.Ержол буруугүй болохыг нотлож байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцон шүүгдэгч Б.Ержолд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгч Б.Ержолыг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хохирогч К.Алтынгүл, шүүгдэгч Б.Ержол, Т.Байхал нарын гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн тогтоолыг үндэслэлтэй гаргаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ержол нь 2016 оны 03 сарын 03-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгэл тоосго" ХХК-ийн шар шороо авдаг талбайд 0453 УНУ улсын дугаартай ВЕЙВЕН маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 25.7-д “Машин механизмыг бүрэн зогсоож, түүнийг залгах салгах хэрэгслийг гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад завсар үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө”, 284-д заасан "Ил уурхайд автомашин ажиллах үед хориглох зүйлс, Үйлдвэрийн захиргаанаас баталсан технологийн зориулалттай автомашинд сууж явах эрх бүхий хяналтын албаны болон зарим нэр зааснаас бусад хүмүүсийг тээвэрлэх", 288-д заасан "Автомашины засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ачааг бүрэн буулгасан, шавар цасыг арилгасан байхаас гадна засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална" гэсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.4, 18.2.6-д "ажил үүргээ осол эндэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх", 18.2.7-д "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" гэсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.4 -т заасан "Зам дээр болон түүний ойр орчимд ажил үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах", Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх тухай 7 дугаар зүйлийн 7.6-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, осол гарахгүй байх нөхцөлийг хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Н.Ержаныг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Байхал нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгэл тоосго" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна", 27.3-т "ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна", мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д "Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах", мөн хуулийн 28.1.3-т "Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28.1.4-т "Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх" 28.1.6-д "Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм заавар журам баталж мөрдүүлэх" 28.1.8-д "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга 00173 аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 280-д заасан "Ил уурхайн замын хөдөлгөөнийг зохицуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн дагуу нэг загварын баталгаат дохио тэмдгүүдийг хэрэглэнэ. Гадны байгууллагаас ирж буй автомашин, трактор болон өөрөө явагч, ачих, өргөх, тээх, зөөх зориулалттай машины жолооч, машин ч нарт үйлдвэрийн захиргаанаас авто аж ахуйн захиргаатай хамтран уурхайд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, уурхайн доторх авто замын сүлжээг танилцуулан, эрх олгосон нөхцөлд ил уурхайд түр ажиллахыг зөвшөөрнө" гэсэн заалтыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс тус компани "Цэнгэл тоосго" ХХК-ийн шар шороо авдаг талбайд шороо ачих гэж байсан Б.Ержолын "0453 УНУ" улсын дугаартай “ВЕЙВЕН” маркийн тээврийн хэрэгсэлд иргэн Н.Ержан дайруулж нас барсан нь гэмт хэрэгт  холбогджээ.

 

1. Хохирогч К.Алтынгүлын гаргасан гомдолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэжээ.

 

            Анхан шатны шүүх хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзжээ.

 

Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзвэл хянан харгалзах тодорхой хугацаа тогтоож, хорих ялыг тэнсэх үндэслэлд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан ял тэнсэх шийдвэр гаргахад харшлахгүй нөхцөл байдлыг судлаж үзсэний үндсэн дээр гаргана.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйл, 183 дугаар зүйл заалтууд нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нөхөн төлсөн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзсан үзсэн нь Эрүүгийн хуулинд заасан ерөнхий ангийн заалтыг эрх хэмжээний хүрээнд зөв хэрэглэжээ.

 

Хохиогч К.Алтынгүл нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “ би дараах хохирлыг нэхэмжилж байна 1-рт би гэр оронгүй, 2-рт асран хамгаалагчаасаа хагацсан, 3-р сэтгэл санаагаар хохирсон, 4-р насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ үлдсэн, иймд би 30.0 сая төгрөг нэхэмжилж байна. Гэм буруутай этгээд 18 нас хүртэл асран хамгаалахыг шаардаж байна” гэжээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар “ төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо ...нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоох бөгөөд төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж” тооцохоор зохицуулжээ.

 

Хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд хохирогч К.Алтынгүл мэдүүлэхдээ “хохиролын хувьд бүрэн гүйцэд авсан байгаа, харин хоёр хүүхдийн маань хувь тавилан ирээдүйн асуудал бүрхэг болж хоцров өөр надад хэлэх зүйлгүй, хохирлын хувьд бодит хохирлыг би төлүүлж авсан” гэжээ.

Гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахад гэр орон, сэтгэл санаагаар хохирсон байдлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр, сэтгэл санааны байдал эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүйг дурдаж, харин гэм хор учруулсны нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна.

 

2. Шүүгдэгч Т.Байхалын өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан гомдлын тухайд:  Шүүгдэгч Т.Байхал нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багийн нутаг "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгэл тоосго" ХХК-ийн захирал /1-р хавтаст хэргийн 52, 96, 114, 152, 168 хуудсанд авагдсан баримтуудаар/ бөгөөд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хөдөлмөрийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий этгээд мөн болох нь тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлтээр “1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4, 28.1.8 дахь хэсэг, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 284-д Ил уурхайд автомашин ажиллах үед хориглох зүйлсийн “д”, 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “ ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба ... ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж түүний өмнө ажлаа бүрэн хариуцна” гэж заасан. Гэвч хавтаст авагдсан материалтай танилцахад “Цэнгэл тоосго” ХХК-ийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтныг томилсон ажил олгогчийн тушаал  авагдаагүй байна. Иймд уурхайн аюулгүй ажиллагаа хариуцан хангуулан ажиллах үүрэг бүхий албан тушаалтан нь “Цэнгэл тоосго” ХХК-ийн ажил олгогч буюу Т.Байхал болно гэж дүгнэж байна” гэжээ. 5. “ Цэнгэл тоосго” ХХК-ийн захирал Т.Байхал нь ... техник зохион байгуулалтын арга хэмжээ авч ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээг ажлын байр тус бүрт хийж, мөн ажилчиддаа аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулж, аюулгүйн ажиллагааны зааварчилга өгөх, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Осолдогч Н.Ержан нь цацруулагчтай ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй, өөрийгөө аюул, эрсдэлд учруулж асаалттай машин доогуур орж засварын ажил гүйцэтгэсэн нь осол гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэж байна” гэжээ.

 

Мөн Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийн Геологи уул уурхайн салбарын эрхлэгч К.Хавалболот, уг салбарын профессор Ж.Цэвэгмид, багш Б.Улаанбаатар нарын шинжээчийн дүгнэлтийн 1 асуултад 8 заалт, үйлдвэрийн үйл ажиллагаанд тавих ерөнхий 2 шаардлага, 5 стандартыг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

 

Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйл заалт нь материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, аюулгүй ажиллах дүрмийг зөрчсөн үйлдэл эсхүл уг дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхгүйгээр илрэн гарах бөгөөд “Цэнгэл Тоосго” ХХК-тай хохирогч Н.Ержан нь гэрээ хэлэлцээрээр тохиролцож ажил гүйцэтгүүлэх, амаар болон бичгээр ажил гүйцэтгэсэн нь зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

3. Шүүгдэгч Б.Ержолын өмгөөлөгч Я.Сьездын гаргасан гомдлын тухайд:  Ажил олгогч буюу “Цэнгэл тоосго” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон учир энэ нь жолооч Б.Ержол буруугүй болохыг нотлож байна гэжээ.

 

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Ержолыг тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа аюулгүй ажиллагааны журам зөрчөсний улмаас иргэн Н.Ержаныг тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж дүгнэж шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ержолыг аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан зүйл анги нь Эрүүгийн хуулийн наймдугаар хэсэг, хорин нэгдүгээр бүлэг, нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүлэгт багтаж байгаа бөгөөд энэ гэмт хэргийн субъект нь уул уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул учруулж болзошгүй үйлдвэр, бусад аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааг хариуцсан албан тушаалтан, ажил үүргийн хувьд энэ чиг үүргийг хүлээсэн ажилтан байхаар зохицуулжээ.

 

Мөн энэ зүйл, заалтын аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэдэг ойлголтод шүүгдэгч Б.Ержолын үйлдэл, эс үйлдэхүй хамаарахгүйг анхаарах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Ержолын үйлдлийг зөв зүйлчилж яллах дүгнэлт үйлдүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Т.Байхал, Б.Ержол нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ