Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 439

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03281 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХК холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунням,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1985 оны 7 сард одоогийн М ХК-д сэтгүүлчээр уригдаж орсон бөгөөд 2017 оны 4 сараас М ХК-ийн 1-р сувгийн Түүх, өв уламжлалын албаны продюсероор томилогдсон. Ховд аймгаас ирсэн албан бичгийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд 15 хүний бүрэлдэхүүнтэй, тус аймагт уран бүтээлийн баг зохион байгуулж ажиллахдаа улсын баяр наадамд зориулж “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг бэлтгэсэн. Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь уг нэвтрүүлгийн төлбөрт 2 000 000 төгрөгийг Төрийн банк дахь байгууллагын дансаар шилжүүлж, нийт 15 уран бүтээлчийг хүлээж авахад 1 автомашины зардал, уран бүтээлчдийн Ховд аймагт ажиллахад шаардагдах томилолтын зардлыг даахаар тохиролцсон. Гэтэл М ХК-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц биднийг байгууллагад орох мөнгийг хувийн дансаар авч ашигласан гэж ташаа дүгнэн, тайлбар авахгүйгээр намайг ажлаас халсан. М ХК-ээс Ховд аймагт ажиллах уран бүтээлчдэд гаргасан зардал нь 1 220 000 төгрөг бөгөөд энэ нь тус аймаг руу явсан 2 автомашины нэгний шатахууны зардал 800 000 төгрөг, уран бүтээлчдийн замын зардал болох 420 000 төгрөг болсон. Харин Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь ирж очих зөвхөн 1 машиных нь шатахууны зардал болон тус аймагт ажиллахад шаардагдах байр хоолны зардал 45 000 төгрөг гаргасныг уран бүтээлчдэд томилолт, хоолны зардал болгон өгсөн. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч М ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Д нь М ХК-ийн Өв уламжлалын нэвтрүүлгийн албанд продюсер хийж байхдаа байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй ноцтой зөрчил гаргасан. М ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх зохицуулалт байх ба 5.3.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40, 131.1.3 дугаар зүйлүүдийг үндэслэхийн зэрэгцээ дор дурдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ямар нэгэн болзолгүйгээр шууд цуцална гэж заасан ба ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг заасан байна. Д.Дгийн гаргасан зөрчил нь дээрх журмын 5.3.1-ийн “г”, “ө”, 7.1-ийн “в” хэсэгт ноцтой зөрчил байна. Иймд Ерөнхий захирлын Б/421 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хууль, журмын дагуу үндэслэлтэй гарсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дг М ХКийн Өв уламжлалын нэвтрүүлгийн албаны продюсерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч М ХКээс 4 504 726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дгийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М ХК даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХКээс улсын тэмдэгтийн хураамжид 87 026 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Д нь Ховд аймагт Дөрвөн бэрх нэвтрүүлэг бэлтгэн томилолтоор ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, өөрийн хувийн дансаар нэвтрүүлгийн төлбөр шилжүүлэн авсан санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь дараах баримтуудаар нотлогддог. Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газраас ирүүлсэн "Дөрвөн бэрх" нэвтрүүлгийн тайлангаар нэвтрүүлэгт 7 488 000 төгрөгийг зарцуулсан гэсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газраас тус байгууллагын Төрийн банк дахь 100000198061 тоот дансаар захиалгат нэвтрүүлгийн төлбөр гэж 2 000 000 төгрөг шилжүүлсэн, байгууллагад өөр төлбөр ороогүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Д.Дгийн дансанд нэвтрүүлгийн зардалд зориулж 2 988 000 төгрөгөөс 10 хувийн татвар суутган 2 689 200 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нийт 7 488 000 төгрөгийг Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар төсөвлөснөөс дээрх 2 зардлыг хасч үлдэх 2 500 000 төгрөгийг хэзээ, хэрхэн авч зарцуулсан талаар баримтгүй. Томилолтоор ажиллахдаа "Албан томилолтоор ажиллах удирдамж" батлуулаагүй, томилолтын тайлан гаргаж өгөөгүй. Эдгээр үйлдэл нь М ХК-д мөрдөгдөж байгаа "М ХК-ийн ажилтнуудын гадаад, дотоодод албан томилолтоор ажилллах журам"-ын 5.2, 5.3, 4.7 дахь заалт болон "М ХК-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицүулах журам"-ын 4.2 дахь заалтыг зөрчин 2 000 000 төгрөгөөс бусад зардлыг Д.Д дур мэдэн, ажил албан тушаалаа урвуулан ашилаж өөртөө шилжүүлэн авсан. Дээрх зөрчлүүд нь "М ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.3 5.3.1 гэсэн үндэслэлүүдээр Д.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан байхад шүүх дээрх журмуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03281 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М ХК холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 1985 оны 7 дугаар сараас хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч байгууллагын ерөнхий захирал 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б/421 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн “г”, “ө”, 7.1-ийн “в” хэсэг, Захирлуудын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн хурлын шийдвэр, М ХК-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 4 дүгээр бүлгийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Д.Дг ажлаас халсан үйл баримт тогтоогдож байна. /хх 1, 4, 167 дахь тал/

Хариуцагч тал нэхэмжлэгчийг томилолтоор ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгө 2 689 200 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч ашигласан, томилолтын зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй ноцтой зөрчил гарган хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн “г”, “ө”-д заасныг зөрчсөн гэж маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцон гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгаж, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байхаас гадна зөрчил нь тогтоогдсон байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М ХКийн ерөнхий захирлын 2016 оны 549 тоот тушаалын хавсралтаар “М ХК-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг баталсан байх ба уг журмын заалтыг зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор талууд хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй учир нэхэмжлэгч Д.Дг дээрх журмыг 4.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч байгууллагын ерөнхий захирал Б/421 дүгээр тушаалдаа нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөнийг тодорхой тусгаагүй, мөн байгууллагын дагаж мөрдөх журам, хурлын тэмдэглэл зэргийг үндэслэсэн байгаа нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй байгаа хэдий ч талууд хөдөлмөрийн гэрээндээ хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн “г”, “ө”-д заасныг ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байх тул хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.2.4, 6.2.16-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

Энэ тохиолдолд хариуцагч тал нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийг нотлох үүрэгтэй.

Хариуцагчийн шүүхэд цуглуулж өгсөн "Дөрвөн бэрх" нэвтрүүлгийн тайлан, нэвтрүүлэг хийсэн уран бүтээлчдэд өгсөн мөнгөний тооцоо, банкны орлогын болон төлбөрийн мэдүүлэг, томилолтын мөнгө олгосон баримт, тооцооны хуудас, албан томилолтын үнэмлэх зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газраас нэхэмжлэгч Д.Дгийн дансаар шилжүүлсэн 2 689 200 төгрөг нь хариуцагч байгууллагын мөнгөн хөрөнгө, түүнийг нэхэмжлэгч албан тушаалаа урвуулан ашиглаж олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Д.Д хариуцагч байгууллага болон Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус аймагт очиж "Дөрвөн бэрх" нэвтрүүлэг хийсэн байх бөгөөд Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гэрээний 4.2-т заасны дагуу нэвтрүүлэг хийхэд гарсан зардал буюу хөтлөгчийн ажлын хөлс, онгоцны 2 талын зардал, дээл хувцасны зардал, өргөмжлөл, нэвтрүүлгийн 2 шүүгчийн хөлс, зургийн багийн гишүүдийн урамшуулал зэргийг нэхэмжлэгч Д.Дгийн данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг мөнгийг зохих этгээдүүдэд хувааж өгсөн болох нь хэрэгт авагдсан "Дөрвөн бэрх" нэвтрүүлгийн тайлан, Ховд аймагт улсын баяр наадмын "Дөрвөн бэрх" нэвтрүүлэг хийсэн уран бүтээлчдийн шагнал, зарлага, орлогын болон төлбөрийн баримт, Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2/1933 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогддог. /хх 21-22, 38, 40-41/

Иймээс хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03281 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Ч.ЦЭНД