Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 828

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд  хийсэн хуралдаанаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “Б” ХХК, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс. 

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Б” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст  даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нарийн бичгийн дарга О.Энхжаргал, нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Н.Баянсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М  нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр эзэмших болсон ба хуульд заасны дагуу хайгуулын үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн байдаг.

... 2016 оны 11 дүгээр сарын 18-нд “...хайгуулын ажлын тооцоотой үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээч томилуулах тухай” тухай 283 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан ба хүсэлтийн дагуу Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХХ-2016/13 тоот шийдвэрээр шинжээч томилогдсон.

Шинжээч дүгнэлтээ гарган Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 16-нд өгсөн ба 2017 оны 03 дугаар сарын 16-ны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн ба албан ёсоор хэлбэржиж гараагүй байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор шийдвэр нь хэлбэржиж гарсан байдаг.

Дээрх шийдвэр бичгээр гарахаас өмнө манай компанийн зүгээс 9 дэх жилийн төлбөрийг төлсөн ба ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоход шаардлагатай бүх зүйлсийг бэлдсэн байсан ба ганцхан дээрх шийдвэр нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гарах боломжгүй тухайгаа удаа дараа албан бичгээр мэдэгдэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан байхад хариуцагчаас манай компанийн эрхийг зөрчиж тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухай талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон ч  гэсэн уг Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж заасны дагуу уг онцгой эрхийг нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаагаар хязгаарлаагүй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг заасны дотор хайгуулын ажлын үр дүнгийн тайланг  хэлэлцэж хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхаар хуульчилсан байдаг ба төрийн захиргааны байгууллагын шийдвэрээс болж хавсрагдах ёстой баримт нь хугацаандаа гаргаагүйг нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хуулийн холбогдох заалтуудад харшлаагүй, төрийн захиргааны байгууллагаас болж заавал өргөдөлд хавсаргах баримт нь баталгаажиж гараагүй байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн онцгой эрх болох ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг хязгаарлаж, тусгай зөвшөөрлийн хугацааг нь дуусгавар болгон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг уг үндэслэлээр шийдвэрлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй.

... Нэхэмжлэгч “Б” ХХК Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайлангаа хэлэлцүүлж байгаа гэдэг асуудлыг заавал Кадастрын хэлтэст мэдэгдэх хуулиар хүлээсэн үүрэг байхгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “...шинжээчийн дүгнэлт гаргуулна, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэсэн энэ асуудал нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө ерөнхийдөө бүрдчихсэн асуудал байгаа. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан асуудал бол 100% нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг биш. Яагаад гэвэл нэхэмжлэгч хийсэн ажлаа шинжээчийн дүгнэлт гаргуулаад, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр өгүүлээд, дүгнэлтээ гаргуулж төрийн захиргааны байгууллага нөөцөд хүлээн авч бүртгэх, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шийдвэр гарах ажиллагаа нь төрийн захиргааны байгууллага болон нэхэмжлэгч байгууллагын холбогдож бүрдүүлж өгсөн материалын хамтаар энэхүү заалт хэрэгжих бүрэн боломжтой болж байгаа юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан ажиллагаан дээр хугацаа хэтрэлттэй, хугацааны хувьд сунгагдсан асуудал байгаа. Ашигт малтмалын газраас дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэл нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байдаг. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр энэ асуудлаар хандаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлчихлээ одоо тушаал нь хэлбэржиж гараагүй байна гэдэг асуудлыг тавиад байхад, дотоод хяналтын хуудсаараа хүснэгтэн дээр нь тэрийг шалгах шаардлага байхгүй гэдгээрээ дуусгавар болгож байгаа нь өөрсдөө ажилдаа хайнга хандаж байна. Хариуцагч байгууллагын ажлын ачаалал их гэдгээрээ нэхэмжлэгч компанийн эрхийг хохироож болохгүй.

... Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон хүсэлтээ гаргаж байгаа

 тохиолдолд, ашиглалтын тусгай зөвшөөрлийг авах бүрэн боломжтой гэсэн байна. Нэхэмжлэгч компани 9 жил хийсэн ажлаа ганцхан Кадастрын хэлтэст хүсэлт өгч, мэдэгдээгүй гэдэг шалтгаанаар өргөдөл гаргах эрхээ болон хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглалтын зориулалтыг өөрчлөх боломжоо алдана гэдэг бол байж боломгүй зүйл гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллага хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж байсан учраас уг асуудлыг төрийн захиргааны байгууллага хуулийн дагуу авч шийдвэрлэх бүрэн боломжтой юм. 

Иймд“... “Б” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: 

“... 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Б” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-***** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх дэл нэртэй 221 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр гурван жилийн хугацаагаар “Б” ХХК-д анх олгогдсон байна.

... Хамгийн сүүлд 2014 оны 03 дугаар сарын 24-ээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний хүртэл 3 жилийн хугацаагаар сунгагдаж байсан. Асуудал юунд байна 

гэхээр эднийх бас жоохон хольж яриад байна,  Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасан хий эзэмшиж байгаа онцгой эрхийнхээ дагуу эрхээ эдэлнэ, хийтэйгийн хувьд онцгой эрхийнхээ дагуу өөрийн хий эзэмшиж байгаа талбайнхаа аль нэг хэсэгт ч юм уу эсхүл бүхэлд нь ч юмуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаад ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй байсан гэж ярьж байна. Энэ эрхийнх нь талаар маргасан зүйл байхгүй.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр ХВ-014178 тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс тооцон 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар сунгасныг кадастрын мэдээллийн санд бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул ХҮ-***** тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байна.

Тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгогдох талбайд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 53.1.1-д зааснаар “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх зохицуулалтгүй болно.

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Б” ХХК нь 166/06 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 7/4813 тоот албан бичгээр “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх дэл нэртэй талбай бүхий хайгуулын ХҮ-***** тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дууссан нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг хангахгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” болохыг мэдэгдсэн байна.

... 2008 оноос хойш лиценз эзэмшиж байгаа, Ашигт малтмалын тухай хуулийг мэдэж байгаа, Ашигт малтмал газрын тосны газарт жил болгон төлбөрөө хийгээд, хугацаагаа хойшлуулж харьцдаг, өөр олон лицензтэй байгууллагын хувьд Кадастрын хэлтэст бид нар нөөцөө бодуулж байгаа тийм учраас А зөвшөөрөл хүсэж Кадастрын хэлтсийн даргад хүсэлт гаргаад, Кадастрын хэлтэс нь Эрдэс баялгийн зөвлөлтэй холбогдох ийм л ажиллагаа хийгдэх юм шиг харагдаад байгаа юм. 

Манайд ганц “Б” ХХК биш 4000, 5000 мянган тусгай зөвшөөрөл эзэмшигч байна, тэр болгоны тусгай зөвшөөрөл хэзээ дуусгавар болж байгаад хяналт тавих боломжгүй, системээс автоматаар дуусгавар боллоо гээд гарч ирж байгаа. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан хугацаа дууссан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

“Б” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх дэл нэртэй 221 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг 9 дэх жилийн хугацаа 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр дуусгавар болсныг мөн оны 03 дугаар сарын 31-ний өдөр кадастрын мэдээллийн системд бүртгэжээ.  

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нөөцийг бүртгэж авах талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр албажиж гараагүй байгаагаас шалтгаалж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргах боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзалгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан онцгой эрхийг хязгаарласан хууль бус үйлдэл бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус” гэж маргажээ. 

Ашигт малтмалын тухай хуульд “... хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох…”-оор, “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”-аар хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа нь “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд дуусгавар болохоор хуульчилсан байна. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа нь хэний ч хүсэл зоригоос үл хамаарч хуанлийн өдөр хоногоор тоологдох бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь уг хугацааг сунгуулах, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаагүй тохиолдолд хугацаа дуусгавар болж “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэсэн ойлголт байхгүй болох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн онцгой эрхийг хязгаарласан хууль бус үйлдэл” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” байна. 

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь ХҮ-***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа хүчинтэй байх хугацаанд уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хариуцагч байгууллагад гаргаагүй байна. Харин 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу ХҮ-***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болсноос хойш 3 хоногийн дараа “бид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахаар бэлтгэж байгаа” гэсэн агуулга бүхий 100/03 тоот  албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хүргүүлжээ. 

Дээрхээс дүгнэн үзвэл, “Б” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх дэл нэртэй 221 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.  

Гэвч “Б” ХХК нь хуулиар тогтоосон дээрх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх дэл нэртэй 221 гектар бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаагүй /гаргах боломжгүй байсан/ нь нэхэмжлэгчийн хүсэл зориг, хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамаараагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч Н.Оюунцэцэгийн “...Улсын сангийн нөөцөд бүртгэ гэсэн шийдвэр 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарсан,... газрын даргын тушаал 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр албажиж гарсан” гэсэн мэдүүлэг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуулийн 25 дугаар зүйлд заасан баримтууд дутуу бол хүсэлтийг хүлээн авахгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал, 

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах журмыг зохицуулсан байх бөгөөд өргөдөлд “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг хавсаргахаар заажээ. 

“Баярс констракшн” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг байрлах Хөх дэл нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа 9 жилийн хугацаанд хайгуулын ажил гүйцэтгэж 43,8 сая төгрөгийг зарцуулсан тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан байх ба хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлтээ 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан  байна. 

Дээрх тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн  боловч “Нөөц хүлээн авч бүртгэх тухай” Ашигт малтмал газрын тосны газрын даргын н/20 дугаар тушаал  нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гарчээ. 

Дээрхээс үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй явдалд нэхэмжлэгчийг бүрэн буруутгах боломжгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь Ашигт малтмал, газрын тосны газар болоод Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны удаашралтай байдлаас хамаарсан байна. 

Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу олгогдсон “... хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” эрхтэй байхаар хуульчилсан нь тухайн талбайд хайгуулын ажил гүйцэтгэж зардал гаргасан хуулийн этгээдэд хуулиар үзүүлж буй давуу байдал юм.  

Иймд нэхэмжлэгч байгууллагад хуулиар олгогдсон давуу эрхийг хангах үүднээс “...“Б” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст  даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст  даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ