| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/03131/И |
| Дугаар | 001/ХТ2018/00837 |
| Огноо | 2018-05-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2018/00837
Б.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02866 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00378 дугаар магадлалтай,
Б.Ц-ийн нэхэмжлэлтэй
АТҮТ-ТӨААТҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Н.О, Ц.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ....АТҮТ-ТӨААТҮГ-т анх Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба нэртэй байх үеэс буюу 2011 оноос бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж, 2016 оны 2 дугаар сард орон нутгаас шилжин ирж бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. АТҮТ-ТӨААТҮГ-ын захирлын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалд Б.Ц-ийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг бичээгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тусгасан. Орон тоо хасагдсан, үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийсэн гэж байгаа боловч миний ажиллаж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрыг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс болгож нэрийг өөрчилсөн ба түүний чиг үүрэг, орон тоонд өөрчлөлт оруулаагүй, зөвхөн тухайн нэгжийг газар байсныг нь хэлтэс болгож өөрчилсөн боловч тухайн чиг үүргийг хариуцсан нэгжийн бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэг хэвээр үлдсэн. Гэтэл шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн гэсэн ажлын байр байхгүй болсон гэж үзэн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн ажлын байранд хариуцагч байгууллага өөр хүнийг авч ажиллуулж байгаа бөгөөд дээрх тушаалыг албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авах талаар тус газрын даргын өрөөнд орж уулзахад эргүүлэн ажилд авна, түр хүлээж бай гээд явуулдаг байсан. Өмнө нь нэхэмжлэл гаргаж байсан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 09911 дугаар захирамж, мөн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2017/10600 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан тайлбарт: АТҮТ-ийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. 2016 оны 9 сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүртгэлийн мэргэжилтэн 30 хүний орон тоотой ажиллаж байсан. 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 27 болгож цөөрсөн. Өмнө Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь 41 орон тоотой байсан. Дотор нь бүртгэлийн архив лавлагааны тасаг гээд 13 орон тоотой. Бүртгэлийн лавлагааны тасаг нь бие даасан байдлаар салаад Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэсэг болж 36 орон тоотой ажиллаж байгаа. Бүртгэлийн шилжилт хөдөлгөөн импортын бүртгэлийн хэлтэс нь өөрөө 34 орон тоотой байж байгаад дарга, хэлтсүүд нэгтгэгдээд 36 орон тоо болж байгаа. Гэхдээ энд салсан байдлаар газрын дарга, бүртгэлийн ахлах мэргэжилтэн, бүртгэлийн хяналтын мэргэжилтэн, бүртгэлийн хяналт статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн гэдэг 7 хүний орон тоо бол бүртгэлийн хэлтэстэй нэгтгэгдэж орж ирсэн. Энэ нь өөрөө 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/77 тушаалын хавсралтаас бүрэн харагдаа. Энэ үүднээс бүртгэлийн мэргэжилтэн гэдэг орон тоо нь 30 байсныг 27 болж 3 орон тоогоор буурсан. Үүнтэй холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ц-д мэдэгдлийг өгсөн. Б.Ц- мэдэгдлээ хүлээж авснаас хойш 30 хоног өнгөрүүлж, шинэ жил тохиож байгаатай холбогдуулаад шинэ жилд оролцуулж, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн учраас ажлаас чөлөөлж байгааг Б.Ц- өөрөө мэдэж байсан. Үнэхээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байсан бол 2017 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн ажлаас чөлөөлөхөд ажил хүлээлцээд, тэтгэмжээ авахгүй байсан. Төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний газрын дүрмийн 6.10.7, 6.10.12-т заасны дагуу захиралд халж чөлөөлөх бүрэн эрх нь олгогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02866 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00378 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын орон тоо, зохион байгуултын өөрчлөлтөөс өмнөх болон дараагийн тушаалууд тэдгээрт заагдсан ажлын байрны тодорхойлолт хэрэгт байхгүй байхад орон тоо бодиттой хасагдсаныг харьцуулан дүгнэх боломжгүй байна гэжээ. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч болон хариуцагч талууд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх саналаа илэрхийлсэн. Үүний дагуу анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигчид нотлох баримтаа өөрөө цуглуулах үүргээ биелүүлж нотлох баримт бүрэн цугларсан гэж үзэж шүүх хуралдаанаа хийлгэсэн. Шүүх шүүх хуралдаанд талуудаас нэмж гаргах хүсэлтийг асуухад талуудад гаргах хүсэлт байхгүй гэсэн. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хэрэгт цугларсан баримтыг үнэлэн хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Ц- АТҮТ-ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
АТҮТ-ТӨААТҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар Б.Ц-ийг тус төвийн Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний үүрэгт ажлаас халж, үндэслэлээ орон тоо цөөрүүлсэн гэжээ.
Хэргийн баримтад авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн АТҮТ- ТӨААТҮГ-ын захирлын А/277 тоот тушаалаар тус газарт бүртгэлийн мэргэжилтэний орон тоо 30 байсныг 27 болгон цөөрүүлсэн байх боловч орон тоо хасагдах бодит нөхцөл бий болсон, түүнчлэн ижил орон тоонд адил үүрэг гүйцэтгэж байсан ажилчдаас ямар шалгуурыг үндэслэн Б.Ц-ийг халсан нь тодорхой бус байна.
Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй талаархи давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийг буруутгах боломжгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00378 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ