Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2016/0514/З |
Дугаар | 890 |
Огноо | 2017-11-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 890
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дуламсүрэн нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “Ө” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Гуравдагч этгээд: “Б” ХХК, “А” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “...“Б” ХХК-д 1,7 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар тушаалыг болон мөн сайдын 2015 оны А/******* дугаар тушаалын “Д” ХХК-д газар олгосон хэсгийг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Э” ХХК-д 2 га газар олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээд “Д” ХХК, “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гэрч М.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Ө” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун урд талд 2007 оны оноос хойш 30 000 мкв талбайг эзэмшиж, ашигласаар ирсэн. Уг газар дээр замын трасс орсон гэсэн маргаан үүсч шүүхэд хандаад, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/389 дүгээр захирамжийн дагуу 13.4 га газрыг эзэмших эрхтэй болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан. 30 000 мкв газрыг эзэмшиж байхдаа том хашаа барьсан байсан ч маргаантай байсан учраас хашаагаа буулгасан. 13.4 га газрыг эзэмших эрхтэй болсноосоо хойш хашаа барих гээд газар дээрээ очиход Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Б” ХХК-д давхардуулан газар олгосон байсан.
Нэхэмжлэлийн шаардлага “Б” ХХК-д 1.7 га газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар тушаалыг хүчингүй болгуулах байсныг нэмэгдүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/******* дугаар тушаалын “Д*******” ХХК-д газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах, мөн тус сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар “Э” ХХК-д 2 га газар олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай болгосон. Дээрх 3 газар нь манай газартай давхардсан байгаа.
“Б” ХХК-д 1.7 га газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар тушаал, мөн сайдын 2015 оны А/******* дугаар тушаалын “Д*******” ХХК-д болон сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар “Э” ХХК-д 2 га газар олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ө ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагыг тодорхой зааж өгсөн байдаг. Үүний дагуу Төрийн захиргааны төв байгууллага болон Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамны сайдаас дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу аж ахуй нэгжид газар ашиглах эрхийг олгосон байдаг. Ө ХХК нь 2007 онд 30 000 мкв газар ашиглаж байсан гэдэг ч түүнийг нь нотлох баримт байдаггүй. 2015 онд газар авсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Б” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар тушаалаар газар ашиглах эрх авсан. Маргаан бүхий газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэдлийн газар гэдэг нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тодорхой харагдаж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу эрх хэмжээг олгосон. Нэхэмжлэгч анх 2015 оны 05 дугаар сард хашаагаа барих гэж очоод мэдсэн гэж тайлбар хэлж байна. Нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сард гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэв.
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цын өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Маргааны гол үйл баримт бол тухайн газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны эзэмшлийн газар уу эсхүл Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгох газар уу гэдэг асуудал байгаа юм. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад тодорхой зааж өгсөн байгаа. Шүүхээс газрын давхцал, хилийн заагыг тодруулахаар шинжээч томилсон гэж харж байна. Шинжээчийн дүгнэлтээр газрыг давхцалтай байна гэж тэмдэглэсэн байна. Энэ шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар маргаагүй гэдэг нь шүүх хуралдааны явцад харагдлаа. Тухайн үед ажиллаж байсан хүн гэрчээр асуугдаж, асуудлыг тодруулж өглөө гэж харж байна.
Монгол Улсын Их Хурлын тогтоолд дурдагдсан байдлаар нь хэмжилтүүдийг хийж үзэхэд тус 2 компанийн газар давхцалтай гарсан байна. Нэхэмжлэгч Нийслэлийн газрын албанаас хууль дүрмийн дагуу газар эзэмших эрхийг авсан гэж байгаа боловч Нийслэлийн газрын алба тухайн газар олголтыг хийхдээ тухайн газар өөрсдийнх нь эзэмших эрх хэмжээтэй газарт хамаарч буй эсэх талаар судалгаа хийгээгүй. Хууль бус захиргааны актын хэмжээнд авагдсан захирамжаар олгогдсон газраа хууль ёсоор авсан гэж тайлбарлаж байгаа нь гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэв.
Гуравдагч этгээд “А” ХХК, “Д******* ч*******” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...3 дугаар шон дээр ямар нэгэн байдлаар давхцал байхгүй. 21 дүгээр шонгийн хувьд 25 дугаар тогтоолд тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шон тогтоолд дурдагдсан шон биш. Ажлын хэсэг шинээр хилийн заагыг тогтоох биш, Монгол Улсын Их хурлаар баталсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолыг баталгаажуулж, тухайн цэгийг тэмдэгжүүлэх л үүрэг хүлээсэн. Газар дээр ямар үйл ажиллагаа явуулах нь гуравдагч этгээд болон яамны хоорондын асуудал тул нэхэмжлэгчид хамааралгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх юм бол захиргааны байгууллагад зохих журмын дагуу нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. Мөн гуравдагч этгээд Б ХХК-ийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хууль, журмын дагуу шударгаар газар эзэмших эрх олж авсан гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь ...”Б” ХХК-д 1.7 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/******* тоот тушаалын “Д” ХХК, “А” ХХК-д, мөн сайдын 2017 оны А/293 тоот тушаалын “Э” ХХК-д газар олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/******* тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлагаа “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-318 дугаар тушаалын “Б” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/******* тушаалын “Д” ХХК-д, мөн сайдын 2016 оны А/220 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан тул шүүх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Ө” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутагт 134000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн ам нэртэй газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар 1,7 га газрыг “Бухч******* “ХХК-д , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/******* тушаалаар 1,5 га газрыг “Д” ХХК-д , мөн сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар 2 га газрыг “Э” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манай байгууллага нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/389 дүгээр захирамжаар 134000 м.кв газар эзэмшиж байхад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас өөр хуулийн этгээдэд давхардуулан газар олгосон нь хууль бус” гэж маргажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “... дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс”-д “аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргах” эрх хэмжээтэй байх бөгөөд маргаан бүхий газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор тогтоосон “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т багтаж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Тодруулбал, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг “...Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх авто замын гүүрний баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон...” гэж тогтоожээ.
Нэр бүхий хуулийн этгээдүүдэд газар ашиглуулах шийдвэр гаргасан хариуцагчийн шийдвэрүүдэд маргаан бүхий газар байрлаж байгаа газрыг “Хүрхрээгийн ам”, “Хүрэл тогоотын ам”, “Жаргалантын ам” гэж өөр өөрөөр бичсэн хэдий ч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2049 тоот албан бичигт ““Ө” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газар нь гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ашиглаж буй газартай 17305.50 мкв талбайгаар, гуравдагч этгээд “Д” ХХК-ийн ашиглаж буй газартай 17065.96 мкв талбайгаар тус тус давхцалтай, “А” ХХК болон “Э” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалгүй байна” гэснээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшиж, ашиглаж буй газрууд нь “Хүрэл тогоотын ам”-ны доод хэсэгт байршиж байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “одоо байгаа 21 болон 3 тоот шонгуудаар авч үзвэл маргаан бүхий газар нь дархан цаазат газрын хилийн заагт хамаарахгүй байна” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу байрлуулсан шонгуудыг 2015 оны шинэчлэн суулгахдаа буруу хаягжуулсан байдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үгүйсгэхгүй байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь дээрх тогтоолд тусгагдаагүй 75 тоот шон гарч ирсэн, уг шон нь юуг илэрхийлж байгааг хариуцагч тайлбарлаж чадахгүй байгаа болон гэрч М.Т******* “...Хилийн заагийг тогтоох гэж 2015 онд шон нэмсэн... өмнө байрлуулсан шонг зөөгөөгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн газар дээр 21 болон 3 тоот шон гэж хаягжуулсан шонгууд нь Баянзүрхийн гүүрнээс зүүн урд зүгт байрлаж байх ба нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн дархан цаазат газрын хилийн заагтай давхцахгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар ирүүлсэн зургуудаар тогтоогдож байна.
Харин газар дээр нь хэмжилт хийсэн шинжээчдийн таамаглаж буй 21 тоот шон /хугарсан, улаан өнгөтэй/ нь Улсын Их Хурлын 1995 оны 26 тогтоолд заасан 21 тоот шон мөн болох нь уг дүгнэлтэд “75 дугаар шонгийн зүүн урд зүгт туул голын гүүрний баруун урд үзүүрээс баруун урь зүгт 53 м-ийн зайд” гэж тэмдэглэгдсэн , гэрч М.Т******* “Анх 2001 онд ажил хүлээж авахад Баянзүрхийн гүүрний баруун доод талд, туул голоос 50 м, гүүрээс 100 орчим метр зайд 21 тоот шон байсан” гэсэн мэдүүлгээр , одоо “75 тоот шон” гэж хаягжуулсан байгаа шон /1,5м орчим өндөр, цэнхэр пайзтай, бетонон шон/ нь нь Улсын Их Хурлын 1995 оны 26 тогтоолд заасан 3 тоот шон мөн болох нь уг тогтоолд “Хүрэл тогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон” гэж байршлыг заасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2015 онд тэмдэгжүүлэлт хийхдээ 3 тоот шонг 75 гэж буруу хаягжуулсан” гэж тайлбарлаж байгаагаар тус тус тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй гуравдагч этгээдүүдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн газрууд нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 тогтоолын хавсралтаар тогтоосон “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийн дотор байрлаж байна гэж үзэхээр байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2014 оны А-318 дугаар тушаалаар 1,7 га газрыг “Бухч******* “ХХК-д, 2015 оны А/******* тушаалаар 1,5 га газрыг “Д” ХХК-д, 2016 оны А/220 дугаар тушаалаар 2 га газрыг “Э” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-318 дугаар тушаалын “Б” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/******* тушаалын “Д” ХХК-д, мөн сайдын 2016 оны А/220 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Э” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх боловч тус компани нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлээс хасагдаж , хуулийн этгээдийн эрхгүй болсон байх тул “Э” ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэрээр хөндөгдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэж тайлбар авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-аас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-318 дугаар тушаалын “Б” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/******* тушаалын “Д” ХХК-д, мөн сайдын 2016 оны А/220 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-аас “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/******* тоот тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд нийт 151955 төгрөгийг нэхэмжлэгч “Ө” ХХК-аас урьдчилан төлсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН