| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2017/0229/Э |
| Дугаар | 721 |
| Огноо | 2017-10-12 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 721
Б.Чад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Агар,
ялтан Б.Чын өмгөөлөгч З.Ц,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Ч, түүний өмгөөлөгч З.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Чад холбогдох 201625012967 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-н Б.Ч, 1967 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг,
Найрамдал дүүргийн ардын шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 5 жил хорих ял шийтгэснийг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 3 дугаар магадлалаар 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоосон,
Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн, 4 жилийн хорих ял оногдуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, /РД: ЦА67052210/;
Б.Ч нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны 1-3б тоотод хүргэн ах Ц.Бтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Б-н баруун гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж, түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Чыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чын цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй, ажлын хэсэг дээрээ “Хонг Ли” гэсэн бичиглэл бүхий үзүүр хэсэг нь хугарч мухарласан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Ялтан Б.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн хийсэн гэмт хэрэгтээ маш гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Одоо хохирогч болох хүргэн ахын гар болон биеийн эрүүл мэнд сайжирч, гомдол саналгүй байгаа. Миний хувьд хохирогчид цаашид үргэлж эрүүл мэнд болон бусад зүйлд туслаж байх болно. Ер нь би дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүйгээр, нийгэмдээ ажил, хөдөлмөрөө хийж амьдрах болно. Миний хэргийн зүйлчлэлийг шинэ Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлж, хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэжээ.
Ялтан Б.Чын өмгөөлөгч З.Ц гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос Б.Чыг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 1-3/Б/ тоотод хүргэн ах Ц.Бтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун гарын бугалга хэсэгт зүсэж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүхээс дээрх Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Б.Чыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Б.Ч нь үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлж, хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг, урьд тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд сайнгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, цаашид үргэлж тусалж, дахин ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй гэж андгайлдаг. Яллагдагч Б.Ч: “Хохирогч Ц.Б нь миний хэвлийн баруун хэсэгт цохихоор уурандаа ширээн дээр байсан хутга авсан. Тэр түргэн зантай, миний эгчийг зоддог”, “миний эгчийг хошногддог гэж ярьсан” гэж /хх-5, 51/ тус тус мэдүүлжээ. Хохирогч Ц.Б нь “Би хэвтэж байхдаа Б.Чын гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ өшиглөснийг цохисон гэсэн” /хх-6/ гэжээ. Б.Чад холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5 дахь хэсэгт заасан: “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтооход онцгойлон ач холбогдол өгч анзаарсангүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс Б.Чад прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэл муутай боллоо. Шинээр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокуророос зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь хүндрэхээр байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Ч нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны 1-3б тоотод хүргэн ах Ц.Бтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Бат-Эрдэнийн баруун гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд “баруун бугалганы булчин, том артери, венийн судас, мэдрэл гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун гарын сарвууны хөдөлгөөн хязгаарлагдсан” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Б-н “... 2016 оны 7 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед намайг гэртээ амарч байхад хүргэн дүү Б.Ч согтуу орж ирээд “чи яасан том юм” гэж маргаад хэл амаар доромжлоод байхаар нь “чи зүгээр байгаа ч дээ” гэж хэлээд болихгүй байхаар нь орноосоо босоод иртэл өрөөнөөс гараад явчихсан. Би цонхон дээр очоод гадагшаа хараад зогсож байтал араас хүрээд ирэхээр нь эргээд харсан чинь дахин хэл амаар доромжлоод маргаад байхаар нь “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн ба баруун гар халуун оргиод байхаар нь харсан чинь хутгалсан байсан. Би хутгалуулснаа мэдээд зүүн гараараа Б.Чын хутгатай гарыг барьж аваад хутгыг нь авах гээд чадахгүй байж байхад манай эхнэр Н сандлаар Б.Чын бөгс рүү 1, 2 удаа, хутгатай гар луу нь 1 удаа цохиод хутгыг нь алдуулсан. Б.Ч хутгаа алдаад гараад зугтаасан. Эхнэр шууд гарч гүйгээд гудамжнаас танихгүй, жолоо барьж чаддаг хүүхэд дуудаад, машин бариулаад Госпиталь орж үзүүлэхэд вен болон артерын судас тасарсан байна гээд шууд судас боож, боолт хийгээд гэмтэл рүү явах хэрэгтэй гэж хэлээд өөрсдийн түргэний тэргээр Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтэлд очиход шууд хагалгаанд оруулсан. Надад тухайн үед вен, артерын судас холбох болон мэдрэлийн 3 судас тасарсан учир мөн холбох хагалгаа хийсэн...” /хх-13-14/,
Гэрч Б.Н-н “... 2016 оны 7 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед нөхөр Ц.Бтэй хамт гэртээ амраад хэвтэж байхад Б.Ч гаднаас согтуу, гэрийнхээ халаад, унталгын хувцастайгаа орж ирээд Ц.Бтэй “чи манай хөгшин эгчээр тэжээлгээд амьдраад байдаг хэн бэ, би ажил хийж тогныхоо мөнгийг төлдөг шүү, чи юу ч хийдэггүй” гээд маргаад байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би босоод “чи юу гээд солиороод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “ингэж амьдардаггүй л байхгүй юу, эгчээ” гээд нилээн ширүүн маргаад байсан. Тэгээд Б.Ч нэг сүр, сар хийгээд гал тогоо руу орох шиг болсон. Харин Ц.Б цонхон дээр очоод зогсоод байж байхад Б.Ч дахин өрөөнд орж ирээд Ц.Б дээр очсон ба маргаан дөнгөж эхлээд удаагүй байхад Ц.Б “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Ц.Б хутгыг булаах гээд чадахгүй байхад би сандараад сандал аваад Б.Чыг цохисон. Сандлаар хаашаа нь цохисон гэдгээ санахгүй байна. Бат-Эрдэнийн гараас цус олгойдоод би сандарсан байсан. Би “чи хүн алчихлаа шүү дээ” гээд орилсон чинь Б.Ч айгаад зугтаасан. Би цагдаа, эмнэлэг дуудна гээд гадагшаа гарч, гадаа байсан 2 хүүхдээс тусламж гуйж, машин барьж чадах уу гэхэд чадна гэхээр нь Бат-Эрдэнийг аваад Госпиталь орсон. Госпитальд үзүүлэхэд артер, венийн судас тасарсан, цус их алдсан, шоконд орох магадлалтай байна гээд артер, венийн судсыг нь боож оёоод, 3 дугаар эмнэлгийн эмч нар утсаа авахгүй байна гэхээр нь би өөрийн хамаатан Юндэн эмч рүү залгаад “тусламж хэрэгтэй байна, Б.Ч хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Госпиталийн эмч нартай түргэний машинаар Гэмтлийн эмнэлэгт очоод шууд хагалгаанд орсон. Хагалгаа шөнийн 02 цагт ороод, өглөө 07 цагт дууссан. Цус их сэлбэсэн ба хагалгаа амжилттай болсон. Хагалгаанаас гарснаас хойш 3 хоног шокийн байдалтай байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Зааврын дагуу эмчилгээ хийгдэж байгаа ч гэсэн гарын сарвуу мэдээ орохгүй байна...” /хх-16-18/,
Б.Чын сэжигтнээр өгсөн “... 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад 19 цагийн үед дэлгүүрээс 0.33 граммын, “Хараа” нэртэй архи аваад гэртээ ганцаараа уусан. Би уусан архиндаа халамцаад хоёр давхар луу гарч төрсөн эгч Нэргүйгийн нөхөр Ц.Бтэй маргалдсан. Өмнө нь Ц.Б “чи муу банди, танай эгчийг чинь би хошногоддог шүү дээ” гээд согтуудаа хэлж байсан ба тэр нь санаанд ороод дээрээс нь бага зэрэг архи уугаад зориг орчихсон байсан. Тэгээд би “чи миний хөгшин эгчийг хайрлаж чадах уу” гэж хэлээд доошоо буугаад өрөөнөөсөө хутга авч дээшээ гараад уг нь айлгая гэж бодсон боловч архиндаа согтсон байсан учраас баруун гарын эрээн булчин хэсэгт зүсэх шиг болсон ба маш их цус гарахаар нь би айж, сандраад гараад гүйчихсэн...” /хх-51-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ц.Б-н биед баруун бугалганы булчин, том артери, венийн судас, мэдрэл гэмтээсэн, гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун гарын сарвууны /тэнийлгэсэн байрлалд/ хөдөлгөөн хязгаарлагдсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 50 хувь тогтонги алдагдуулна...” гэх 11575 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-38/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Ялтан Б.Чад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Чын үйлдэлд “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар түүнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд “зэвсэг хэрэглэсэн” гэх хүндрүүлэх шинж байгаагүй, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэсэн гэмт хэргийг хүндрүүлэх шинж нэмэгдсэн боловч уг шинж нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хамаарах тул Б.Чын үйлдлийг “... зэвсэг хэрэглэсэн ...” гэж түүний гэмт хэрэг үйлдэх үед нь Эрүүгийн хуульд байгаагүй шинжид хамааруулан хэргийг зүйлчилж, буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж эрх зүйн байдлыг нь дордуулах учиргүй юм.
Иймд ялтанд аль илүү ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх зарчмыг баримтлан Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн, ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Түүнчлэн Б.Чыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа ойлгож дүгнэлт хийсэн, хохирол төлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтан Б.Ч, түүний өмгөөлөгч З.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтад “Б овогт Б-ийн Чыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг, “Б овогт Б-н Чыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Чыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг, “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Б.Чад оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЮУНЧУЛУУН