Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 203

 

“Чингисхаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Чингисхаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8028/0094, 8028/0066, 8028/0041, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8026/0039, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8021/0152, 8022/0061, 8022/0040, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8011/0102, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 20/0137 дугаартай газруудын эзэмших эрхийг “Чингисхаан банк” ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303-С дугаар шийдвэрээр Жаст групп ХХК-иас зээлийн өр төлбөр 10,301,022,930.40 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,663,064.00 төгрөг гаргуулж, тус банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж, улмаар 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээг байгуулснаар албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Төлбөр төлөгч “Жаст групп” ХХК нь дээрх ажиллагаагаар битүүмжлэгдсэн хөрөнгөөс дор дурдсан 9 газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрт тооцон шилжүүлж эвлэрэх тухай саналыг манай банкинд гаргасны дагуу бид 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх, эвлэрэх гэрээг байгуулж, хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бидний хооронд байгуулсан гэрээний нөхцөлүүд, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, бусад баримт бичгийн хүчин төгөлдөр байдлыг тус тус хуульд нийцүүлэн хянан үзээд Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/26923 дугаар албан бичгийг хүргүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг манай банкинд шилжүүлэх тухай мэдэгдсэн. Бид газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой хууль тогтоомжид заасан шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрэн бүрдүүлж, зохих хураамжийг төлсөн болно. Гэвч үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрч байхад манай асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан ажлын 15 өдрийн хугацаа хэд дахин хэтрээд байгаа юм.

Бид Нийслэлийн Засаг даргад 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ/26 дугаар албан хүсэлтээр хандсан боловч манай асуудал Засаг даргад танилцуулагдаагүй тухай хариу өгсөн болно. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13 дах хэсэгт заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7.1-д Нийслэлийн газрын алба нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна, 7.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам-ын 2.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг тухай шатны Засаг даргын харьяалах газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авна, 2.5-д хүсэлт болон түүнд хавсаргасан бичиг баримт Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 15 хоногт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гаргах тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг бэлтгэж танилцуулан шийдвэр гаргуулах гэж заасан байна.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/404 дүгээр захирамжийн 1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна.

Гэвч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь өнөөдрийг хүртэл тодорхой үйлдэл, шалтгаангүйгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд эрх бүхий гүйцэтгэх байгууллага болон төлбөр төлөгч, төлбөр авагч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд 9 газар эзэмших эрхийг тус банкинд шилжүүлэх талаар гаргах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай материалыг бэлдэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хүсэлтийг хэлэлцүүлсэн бөгөөд Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 8 газрын шаардлагатай бичиг баримтыг нэмж судалсны дараа захирамжийн төсөлд оруулах гэсэн үндэслэлээр захирамжийн төсөлд хүсэлтийг оруулах ажиллагааг түдгэлзүүлэхээр, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 2100 м.кв газрын эрхийг байршил шилжүүлэх хурлаар шийдвэрлэхээр хойшлуулж шийдвэрлэсэн болно.

Манай газарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, “Чингисхаан банк” ХХК-иас ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичигт нэхэмжлэгч болон “Жаст групп” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, нотариатчиар гэрчлүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх, эвлэрэх гэрээг хавсарган ирүүлсэн бөгөөд энэ гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудал нь шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай хамааралгүй буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд зохицуулагдах бөгөөд энэ зүйлд заасан баримт бичгийг бүрэн ирүүлээгүй тул газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй байсан болно.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 36,6 тэрбум төгрөгийг “Жаст групп” ХХК-иас гаргуулж, Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд олгохоор 2 дугаар заалтаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр бүхий барьцаа хөрөнгө, түүний дотор “Чингисхаан банк” ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж буй /Хан-Уул дүүрэгт байрлалтай ШТС-аас бусад/ шатахуун түгээх станц, нефтийн агуулах, авто баазын объект болон түүний доорх эзэмшил газар зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг дурдсан байна.

“Чингисхаан банк” ХХК-ийн эзэмших эрхийг шилжүүлэн авахыг хүсч буй газруудын эрхийн гэрчилгээ нь Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкны барьцаанд байгаа болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул уг газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэн захирамжийн төсөл боловсруулах үндэслэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт байхгүй байна.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг 17110, Наадамчдын зам ШТС-109 хаягт байрлаж байсан 2100 м.кв газар дээр байрлаж байсан үл хөдлөх хөрөнгийг “Жаст групп” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр “Жаст ойл” ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд энэ газар нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замын өргөтгөлд шинэчлэлтийн трасст эзэмшил газар бүхлээрээ орж Жаст ойл ХХК нь манай байгууллагатай гэрээ байгуулан газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, ШТС-ийн холбогдох барилгуудыг буулгасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээд “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэр бүхий 9 газар эзэмших эрх нь 2008 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны банкнаас өөрийн охин компани болох “Жаст ойл” ХХК-ийн санхүүжилтэд зориулж авсан зээлийн барьцаанд тавигдсан бөгөөд компани санхүүгийн хүндрэлд орж “Жаст ойл” ХХК-аа иргэн Г.Дашнямд зарсан болно. Худалдан авсан тал болох иргэн Г.Дашням нь “Жаст ойл” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг хариуцах үүргийг гэрээгээр хүлээсэн. Гэтэл Чингисхаан банк ХХК-д төлөх шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан эдгээр газар эзэмших эрхүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, бидний зүгээс зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулах “Чингисхаан банк” ХХК-ийн шаардлагыг биелүүлсэн. Иймд нэр бүхий 9 газар эзэмших эрхээр зээлийн эргэн төлөлтийг хангуулах асуудал нь “Жаст ойл” ХХК-ийн Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкны өр зээлтэй холбогдон шилжих боломжгүй байдал үүсээд байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар баталгаажуулж хуулийн хүчин төгөлдөр болсон. Харин “Чингисхаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох нэхэмжлэлийн хүрээнд дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалд дурдаж Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банканд шилжүүлэн авах эрх нь үүсэж буй эд хөрөнгө болох нэр бүхий 9 газрын эзэмших эрхийг өөрт шилжүүлэн өгүүлэхээр шаарджээ.

Энэхүү нэхэмжлэл нь тус эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, эрх шилжүүлэн авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар нэгэнт тогтоож шийдсэн эд хөрөнгийн талаар захиргааны хэргийн шүүхэд маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус заасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд нэхэмжлэгчийн шилжүүлэн авахаар даалгаж буй эд хөрөнгүүдийг олгохоор нэгэнт тогтоосон тул хариуцагчийн зүгээс тус хүчин төгөлдөр магадлалыг зөрчин нэхэмжлэгч байгууллагад газрын эрхийн шилжүүлэн өгөх тогтоолын төслийг бэлтгэн оруулах, шийдвэрлүүлэх хууль зүйн эрх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т тус тус заасныг баримтлан ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8028/0094, 8028/0066, 8028/0041, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8026/0039, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8021/0152, 8022/0061, 8022/0040, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8011/0102, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 20/0137 дугаартай газруудын эзэмших эрхийг Чингисхаан банк ХХК-д шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, өмгөөлөгч П.Одгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагааг зогсоосон гол үндэслэл нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2/3827 дугаар албан тоот юм.

“Чингисхаан банк” ХХК-аас дээрх албан тоотыг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар анхан шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлүүлсэн. Нийслэлийн ШГА иргэний шүүхэд гаргасан тайлбартаа 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2/3827 албан тоот гаргах болсон үндэслэлээ “Жаст групп” ХХК өөрийн газар эзэмших эрх болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгөө ОХУ-ын ЭЗХА-ны олон улсын банкинд барьцаалж мөн шилжүүлэх эвлэрлийн гэрээ хийсэн тул “Чингисхаан банк” ХХК газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүх 2015 оны 1583 дугаар магадлалаар “Жаст групп” ХХК-ийн газар эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагааг зогсоож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Жаст групп” ХХК -аас ОХУ-ын ЭЗХА-ны олон улсын банктай зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд гуравдагч этгээд болох тухайн банкнаас зээлийн гэрээний барьцаанд 9 газар эзэмших эрхийг барьцаалсан, тиймээс барьцаалсан зүйлээс зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжинд хангуулж гадаадын банкны нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж авах ёстой хэмээн тайлбар хийдэг.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд гадаадын хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг барьцаалах болон шилжүүлэхийг шууд хориглодог. Тийм ч учраас Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг маш тодорхой дурдаж энэхүү заалтад нийцүүлсэн тохиолдолд эвлэрэл хэрэгжих боломжтой гэж шийдвэрлэсэн.

Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд гадаадын хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэмээн илэрхий хуулийг зөрчсөн дүгнэлт хийснээр “Жаст групп” ХХК нь одоо газар эзэмших эрхгүй болсон тул Нийслэлийн өмчийн харилцааны газрын “газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан” нь зөв гэсэн буруу шийдвэр гаргасан.

“Жаст групп” ХХК-ны дээр дурдсан 8 газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй мөн ОХУ-ын ЭЗХА-ны олон улсын банкинд шилжүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй \Монголд бүртгэлгүй гадаадын хуулийн этгээд учир хуулиар хориглосон\ байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасны дагуу “Жаст групп” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болсон хэмээн буруу дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

Мөн “Жаст групп” ХХК болон ОХУ-ын ЭЗХА-ны олон улсын банк хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээ тодруулбал газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх асуудлууд “Чингисхаан банк” ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэдгийг иргэний анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар маш дэлгэрэнгүй хэлэлцээд шийдчихсэн асуудал бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасны дагуу тухайн асуудлыг шийдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд дахин шүүхээр авч хэлэлцэхийг хориглодог. Мөн хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг тус тус зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан нэгж талбарын дугаар бүхий 9 газрын эзэмших эрх шилжүүлэх захирамжийн төсөл боловсруулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 312 дугаар захирамжаар “Жаст групп” ХХК нь нэгж талбарын дугаар бүхий 9 газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303-С дугаар шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд “Жаст групп” ХХК-иас 10,301,022,930 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Чингис хаан банк” ХХК, “Жаст групп” ХХК нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, шатахуун түгээх станцын зориулалт бүхий 9 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг өр төлбөрт тооцуулан шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны байгууллага газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийн төсөл боловсруулахаас хууль бус үндэслэлээр татгалзсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хүсэлтэд хавсаргахаар зохицуулжээ.

Энэ тохиолдолд захиргааны байгууллагыг газар шилжүүлэхээс “хууль бусаар татгалзсан” гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь дээрх газруудын эзэмших эрхийн гэрчилгээ болон уг газар дээр байрлах станцын барилга нь зээлийн гэрээний барьцаанд тус тус бүртгэлтэй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1717 дугаар албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1904 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шилжүүлэн эзэмшихийг хүсч буй газар нь бусад этгээдийн барьцаанд байгаа, уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн асуудал тодорхойгүй байхад захиргааны байгууллагаас газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх асуудал нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр үүсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас тусдаа ажиллагаа бөгөөд захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх эрхтэй учир нэхэмжлэгчийн “газар шилжүүлэх асуудал нь шүүхийн шийдвэрийн хүрээнд баталгаажсан хүсэл зоригийн илэрхийлэл байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах эрх газар эзэмшигч этгээдэд үүсэх ба энэ тохиолдолд шатахуун түгээх станцын зориулалт бүхий 9 газрын газар эзэмших эрх нь зээлийн гэрээний барьцаанд, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өр төлбөрийн хэрэгсэл болсон байгаа нөхцөлд захиргааны байгууллагаас уг газар эзэмшигч этгээдийг өөрчлөхөөр, газар шилжүүлсэн захирамжийн төсөл бэлтгэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрээр 8 газар эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгож, нэгэнт шийдвэрлэсэн байхад шүүхээс дахин шийдвэр гүйцэтгэлийн асуудлаар дүгнэлт гаргасан нь буруу” гэх гомдлын тухайд:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1583 дугаар магадлалаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны “Жаст групп” ХХК-ийн эзэмшлийн 8 газар эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эндээс дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон маргааны үйл баримт, хэргийн нөхцөл энэхүү хэргийн үйл баримтаас өөр байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийг “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр шийдсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн” гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу шилжилт хөдөлгөөн түдгэлзүүлсэн ажиллагааг шүүхээс хүчингүй болгосон нь газар шилжүүлэх захирамж гаргах ажиллагаанд шууд хамааралгүй буюу маргаан бүхий газар бусдын барьцаанд байгаа үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй юм.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй бөгөөд “Жаст групп” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 9 газрын эзэмших эрхийг бусдад давхардуулан барьцаалж, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн нь энэ хэргийн хариуцагч болох захиргааны байгууллагыг буруутгах, улмаар захирамжийн төсөл боловсруулахаас “хууль бусаар татгалзсан” гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ