| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2017/02158/И |
| Дугаар | 001/ХТ2018/00576 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00576
Н.Цийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02560 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалтай,
Н.Цийн нэхэмжлэлтэй
НШГАнд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Н.Цийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжаар “С” ХХК-иас 168 865 506 40 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 25 дугаар байрны 18 тоот байрлах 41,62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 83 240 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Байрны зах зээлийн үнэ 1 м.кв нь 3 000 000 төгрөгөөр үнэлэгдэж 120 000 000 төгрөгөөр худалдагдахаар байгаа бөгөөд НШГАнаас үнэлсэн 83 240 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд НШГАны үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр “С” ХХК болон 10 иргэнээс 169 466 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Н.Ц, Ж.Хатанболд нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 18 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Тус орон сууцанд өмчлөгч Н.Ц, Ж.Хатанболд нар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй ба төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ болох 83 240 000 төгрөгөөр тогтоосон. Иймд Н.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Нямлхагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй гарсан. Уг үнэлгээг гаргахдаа өртгийн хандлагын арга , зах зээлийн харьцуулан жиших арга хэрэглэж бодитой үнэлсэн тул шинжээчийн үнэлгээнд эргэлзэх зүйл байхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/ 02560 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар НШГАнд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр “С” ХХК болон 10 иргэнээс 169 466 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн гэсний дараа /2002 оны/ гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Ц хяналтын гомдолдоо: Н.Ц миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар захирамжаар ““С”” ХХКомпани болон 10 иргэнээс 169 466 645 төгрөг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк”-нд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19-р хороолол, 25 дугаар байрны 18 тоотод байрлах 41.62 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 57-р байр 109 тоотод байрлах 36 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар НШГАнаас хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 83.240.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байгаа тухай гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02560 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн шүүх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Манай байрны зах зээлийн үнэ 120.000.000 төгрөг байгаа гэдэг нь нийтийн сүлжээний дурын зарын сүлжээнээс харахад тодорхой байх бөгөөд анхан шатны шүүхэд дахин хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргахад хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 06 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч НШГАнд холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж үзэхдээ хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж, хэрэглэвэл зохих хуулийг оновчтой тодорхойлж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжаар Н.Ц нарын нийт 11 хариуцагчаас 168 865 506 40 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээс хангуулахыг шийдвэрлэж, үүнд Н.Цийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаар бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 25 дугаар байрны 18 тоот байрлах 41,62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц багтсан, шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Барьцааны зүйлийн өмчлөгч, төлбөр төлөгч Н.Ц, Ж.Хатанболд нарын өмчлөлийн орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16/03-29 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хураан авсан ажиллагаа хийгджээ./хх-14-18, 19-25/
Шийдвэр гүйцэтгэгчээс Н.Ц, Ж.Хатанболд нарт албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар санал авах тухай мэдэгдэхэд үнийн санал өгөөгүй, төлбөр авагч нь хөрөнгийг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлэх хүсэлт гаргасан нь тус тус тогтоогдсон ба талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпани орон сууцны зах зээлийн үнийг 83 240 000 төгрөгөөр тогтоосон, нэхэмжлэгч нь уг үнэлгээг зөвшөөрөхгүй буюу үл хөдлөх хөрөнгийн үнэ 120 000 000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг үгүйсгэх баримт, нотолгоог шүүхэд гаргаагүй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулдаг тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь хууль зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА