Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00952

 

Урын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03040 дүгээр шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 366 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Уар

          Хариуцагч: Д.Өт холбогдох

          49.551.500 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батчимэг, хариуцагчийн төлөөлөгч Н.Нямжаргал, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө  Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан 2013 оны 1, 2 дугаар саруудад тус газрын үнэлгээний хорооны дарга М.Эрдэнэбат, гишүүн Ц.Чинбат, Ө.Энхтунгалаг, Б.Отгонбаяр нараар тендерт шалгарсан мэтээр хурлын тэмдэглэл, зөвлөмж, худалдах-худалдан авах гэрээг хуурамчаар үйлдүүлж төрсөн охин Ө.Цэцэглэнгийн нөхөр Б.Төгөлдөр, Ө.Эгшиглэнгийн нөхөр А.Батжаргал нараас компьютер, түүний дагалдах хэрэгслүүд зэргийг нийт 153,491,500 төгрөгөөр зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнээр худалдан авч үнийн дүнгийн зөрүүнээс 49,551,500 төгрөг хувьдаа завшиж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Дээрх үйлдэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2013-06-18-ны өдөр Эрүүгийн хуулийн 264.2-р эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн 150.3-р ял сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөх хүсэлт гаргаж, өршөөлд хамрагдах өргөдлийг Б.Өлзийбаатар гаргасан. Үүнийг үндэслэн мөрдөн байцаагч 2016-11-16-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох санал ирүүлсэн. Нийслэлийн Прокурорын газар хянаад 2016-11- 30-ны өдөр 151 дугаар тогтоол гаргаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-р хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тогтоолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1-д зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна. Эд хөрөнгө үнэлгээний Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2014-07-08-ны өдрийн 100/06 дугаар дүгнэлтээр зах зээлийн үнээс 49,551,500 төгрөгөөр илүү үнэлж компьютер, дагалдах тоног төхөөрөмжийг худалдан авч төрийн эрх ашгийг хохироосон нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш хохирлыг Архивын Ерөнхий газар нэхэмжлээгүй учир төрд учирсан хохирол төлөгдөөгүй. Д.Өын гэм буруу тогтоогдсон, учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн тул  хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж прокурор үзэж байгаа. Прокурор энэхүү хохирлыг шаардсан нэхэмжлэл гаргах үндэслэл буюу эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.8, Прокурорын байгууллагын тухай хуулийн 20.1, 20.4, Иргэний хуулийн 62.3-р олгогдсон. Прокурорын дээд байгууллага нь Уар тул өршөөл болон бусад байдлаар хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн улмаас улсад учруулсан төлөгдөхгүй, орхигддог хохирлыг арилгуулах, улсын орлогод оруулахаар Төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан. Иймд Д.Өаас эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд 49.551.500 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гаргасан хариу тайлбартаа: Д.Ө Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын хэрэгцээнд 2013 оны 2 дугаар сард компьютер нийлүүлэх тухай тендер зохион байгуулж, персонал болон зөөврийн компьютер, зөөврийн хард диск зэргийг 153,491,700 төгрөгийн зардлаар худалдан авсан. Архивын Ерөнхий газрын 2013 оны урсгал зардалд буюу төсөвт суулгаж өгсөн зардлыг зориулалтын дагуу зарцуулж, байгууллагад хэрэгцээ шаардлагатай байсан худалдан авалтыг хийсэн. Өмнөх жилүүдэд тендергүйгээр шаардлагатай бараа материалаа авдаг байсны дагуу урьдаас захиж бэлдсэн бараагаа байгууллагад авах гэтэл Сангийн яамнаас тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу нэгэнт аваад бэлдсэн байсан бараандаа баримт бичиг бүрдүүлсэн. Санаатайгаар байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авах болсон үндэслэл нь, Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын дагуу 21 аймгийн архивын хэлтэст компьютер, техник хэрэгслээр хангах эх үүсвэрийг шийдвэрлүүлэн. Энэ нь Архивын Ерөнхий газарт компьютер нийлүүлэх үнийн санал, авах баримт бичиг, Төрийн өмчийн хорооны 2013-04-15-ны өдрийн Бүртгэлд тусгах тухай 3/953 дугаартай албан бичиг, хавсралтууд, аймгуудад олгосон компьютер, техник хэрэгслийн жагсаалт, зарлагын баримтуудаар нотлогддог. Төсвийн урсгал зардалд хуваарилж өгсөн мөнгөн дүнг хэтрүүлэлгүйгээр, зориулалтын дагуу худалдан авалтыг хийсэн ба худалдан авсан компьютер, техник хэрэгслүүд хэвийн ашиглагдаж буй нь тогтоогдно. Түүнчлэн, тухайн эрүүгийн хэрэгт Архивын Ерөнхий газраас томилогдсон төлөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нь байгууллагад бодит хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тухайн компьютеруудыг худалдан авсан үнэ, байгууллагад орлого авсан үнэ нь санхүүгийн баримтаар таарч байгааг  зөвшөөрсөн. Төлөвлөсөн төсөвт алдагдал гаргаагүй, төрийн эрх ашгийг зөрчөөгүй, төсөвт бодит хохирол учраагүй нь холбогдох этгээдүүдийн тайлбар, мэдүүлэг, баримтаар нотлогдсоор байтал  үнийн дүнгийн зөрүүнээс 49 551 500 төгрөгийг хувьдаа завшиж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буйг зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэх 49 551 500 төгрөгийн үнийн дүнг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүйн дээр үнэлгээний байгууллагын зах зээлийн судалгааны дүгнэлтээр төрд учирсан бодит хохирлыг тодорхойлох боломжгүй гэж үзэж, уг хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  49 551 500 төгрөг хувьдаа завшсан гэдэг нь ор үндэсгүй худал зүйл юм. Үнэлгээний байгууллагын дүгнэлтэнд бичигдсэн үнийн дүн бол тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлийн дундаж ханшийг илэрхийлэхээс бус заавал тухайн үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ёстой гэсэн үг биш юм. Гэтэл, заавал үнэлгээний байгууллагын гаргасан ханшаар худалдан авалт хийх ёстой байсан мэтээр хийсвэр хохирол бий болгон нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцээгүй, шударга бус явдал байна. Д.Ө үнэлгээний байгууллагын судалсан үнэ ханшаас өөр үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байж болох ч худалдан авсан үнээр байгууллагын данс бүртгэлд хүлээлгэн өгч, худалдагч аж ахуй нэгжүүдэд үнийг нь төлснөөс бус төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хувьдаа завшсан зүйлгүй.  49 551 500 төгрөгөөр төрийн эрх ашгийг хохироосон гэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Д.Ө худалдан авсан барааг худалдах үнэ өртгийг тодорхойлох эрхтэй худалдагч тал биш, харин худалдан авагч тал байсан. Тэдгээр бараа бүтээгдэхүүн Д.Өын өмч хөрөнгө биш бөгөөд худалдагч аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнээ үнэлсэн үнэ өртгөөр худалдан авалт хийснийг Д.Өыг үнэ тогтоосон мэтээр буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Д.Өт холбогдох эрүүгийн хэргийг өршөөлийн хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон, түүнд хохирлоо нөхөн төлөхийг зөвшөөрсөн гэж тусгагдсан ч түүний бичсэн гэх өргөдлийг мөрдөн байцаагч үгчлэн хэлж бичүүлсэн, хэрэг үйлдсэн гэдэгтээ санал нийлдэггүй тул зөвшөөрөхгүй. Хууль зүйн мэдлэг дутмагаас прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн, Уар хохирлыг шаардах эрхтэй этгээд биш юм. Эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Архивын Ерөнхий газрыг төлөөлж түүний ажилтан явж байсан. Иймд Арихивын Ерөнхий газар шаардах эрхтэй ч Уар шаардахгүй юм. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03040 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Өлзийбатаараас 49 551 500 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 405 707 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 366 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Урын нэхэмжлэл гаргах эрхийг эс зөвшөөрч маргасан. Хэргийн материалд авагдсан байгаа /хх 12-14/ Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 151 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 3-т Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан. Мөн Прокурорын тухай хуулийн 20.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр...захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор ... оролцоно”, ИХШХШтХ-ийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус заасан байна.  Уар нэхэмжлэл гаргахдаа эрх бүхий төрийн байгууллагын хүсэлтэд үндэслээгүй. Уарт нэхэмжлэх эрх нээгдээгүй байхад  шүүх нэхэмжлэх эрхтэй этгээд хэмээн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 65.1.5, 117.1-г  зөрчсөн.  Иймд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Уар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “...Д.Ө Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан тендерт шалгарсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өөрийн охин, хүргэн, нараас зах зээлийн үнэлгээнээс 49,551,500 төгрөгөөр илүү үнээр компьютер болон дагалдах хэрэгсэл худалдан авч онц их хэмжээний хохирол учруулсан...хариуцагчид холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон...Архивын ерөнхий газар хохирлыг нэхэмжлээгүй...улсад учирсан хохирол төлөгдөөгүй байна...” гэсэн үндэслэлээр Д.Өлзийбаатраас 49.551.500 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг шаардсан  байна. /хх 1/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...өмнөх жилүүдэд тендергүйгээр бараа материал авдаг байсны дагуу худалдан авалт хийж авах гэтэл Сангийн яамнаас тендерээр худалдан авалт хийх чиглэл өгсөн бөгөөд нэгэнт аваад бэлдсэн байсан бараанд бичиг баримт бүрдүүлсэн асуудал гаргасан... архивт мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу худалдан авалтыг урсгал зардлын хэмжээнд хийсэн...Архивын Ерөнхий газрын төлөөлөгч байгууллагад хохирол учраагүй гэдгийг хэлсэн...учирсан хохирол байхгүй...” гэж маргажээ. /хх 32-33/

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан бүхэлд нь хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...Д.Өт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-р хэрэгсэхгүй болгосон байна...уг тогтоолд иргэний нэхэмжлэгч учирсан хохирлыг шаардаж шүүхэд хандах эрхтэйг дурдсан... Архивын Ерөнхий газар Д.Өаас хохирлоо  шаардаагүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.8-р прокурор шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөлийг бүрдүүлсэн... Архивын Ерөнхий газар улсын төсвөөс санхүүждэг тул төрд хохирол учирсан гэж үзнэ...хуулийн дагуу бусдыг төлөөлөх эрх бүхий, төр, нийтийн зөрчигдсөн эрхийг өөрийн санаачилгаар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хамгаалж оролцох эрх Уарт байгаа тул шүүх Үндэсний архивын газраас хүсэлт, итгэмжлэл олгосон эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийг хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж, улсад учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ. ...хариуцагч улсад хохирол учруулсан нь тогтоогдсон... гэм буруу болон хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн явцад прокурорын тогтоол болон Д.Өын өөрийнх нь хүсэлтээр тогтоогдсон тул шүүх дахин нотлох ажиллагаа хийхгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

          Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...прокурорын 2016 оны 151 дугаар тогтоолд Д.Ө онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон гэжээ... Д.Ө гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэл зоригоо илэрхийлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-р хэргийг хэрэгсэхгүй болгосон байна... Прокурорын тухай хуулийн 20.1-р Уар   нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй...” гэжээ.

         Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа “...Уар нэхэмжлэл гаргахдаа эрх бүхий төрийн байгууллагын хүсэлтэд үндэслээгүй... шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй...” гэжээ. 

         Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Урын нэхэмжлэлтэй хэргийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримт буюу Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн “шинжилгээ хийлгэх тухай” 2014-06-26-ны өдрийн тогтоол /хх 4-6/, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2014-06-27-ны өдрийн 06/5471 дугаартай албан бичиг /хх 3/, Итгэлт-Эстимейт ХХК-ийн 2014-07-08-ны өдрийн 100/06 дугаар дүгнэлт /хх 7-11/, Д.Ө нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчид 2016-11-08-ны өдөр хандан гаргасан хүсэлт /хх 18/, яллагдагчийг дахин байцаасан 2016-11-15-ны өдрийн тэмдэглэл /хх 15-17/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016-11-30-ны өдрийн 151 дүгээр тогтоол /хх 12-14/, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2017-04-27-ны өдрийн 06/3834 дугаар албан бичиг /хх 19/, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017-10-03-ны өдрийн Б/307 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл /хх 20/, хариуцагчаас олгосон 2017-11-06-ны өдрийн итгэмжлэл, гэрээ /хх 28, 34-36/-г үндэслэн шийдвэр гаргажээ.

       Хоёр шатны шүүх шийдвэр гаргахдаа хэлэлцсэн эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

        2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн байна. 

        а/. Прокурорын тухай /2017 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “...төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл прокурор...төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно...” гэж заажээ.   

       Архивын Ерөнхий газрын хүсэлт хэрэгт байхгүй тул Монгол Уар нь Д.Өт холбогдох иргэний хэрэгт уг байгууллагын хүсэлтээр оролцоогүй байна.

       Түүнчлэн, шүүх  хэргийг шийдвэрлэхдээ  “... Архивын Ерөнхий газар иргэний журмаар өөрт учирсан хохирлоо шаардаагүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

       Учирсан гэх хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээс татгалзсан эсэх талаар  Архивын Ерөнхий газраас авсан мэдээлэл, баримт хэрэгт байхгүй тул “...хохирогч, иргэний нэхэмжлэгч учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаагүй...” гэж үзэхгүй.

       б/. Шүүх “...төрийн байгууллага ...хохирлыг нэхэмжлээгүй... нь ...прокурор өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох... үндэслэл болно...” гэсэн агуулгатай дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн зохицуулалтыг баримталсан нь буруу буюу шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7.8 дахь хэсэг нь эрүүгийн хэргийг хэлэлцэхэд прокурор оролцох тохиолдолд хамааралтай байх тул хуулийн уг заалт нь төрийн байгууллагын итгэмжлэлгүй прокурор шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл болохгүй байна

       3. Нэхэмжлэгч 49,551,500 төгрөгийг “...улсын орлогод оруулах шаардлага...” гаргасан бөгөөд ийнхүү шаардах болсон үндэслэлээ тайлбарлаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь дутагдалтай болжээ.

       Нийслэлийн прокурорын газрын прокурор 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 151 дугаартай тогтоол гаргаж, “...Д.Ө нь Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан 49,551,500 төгрөгийн ашиг олж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан...” гэж үзсэн бөгөөд уг эрүүгийн хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нь учирсан хохирлыг шаардах эрхтэй талаар дурдсан байна.

       Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016 оны 151 дугаар тогтоолд зааснаар    Архивын Ерөнхий газарт 49,551,500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байгаа тул уг мөнгийг Архивын Ерөнхий газарт бус, харин улсын орлогод оруулахаар шийдвэрлэхэд үндэслэл шаардлагатай юм. 

        4. Уар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчид хандсан Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06/3834 дугаар албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг бичигт “...Д.Өт холбогдох хэргийг...хэрэгсэхгүй болгосон боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй төрийн эрх ашиг хохирсоор байна...иймд...иргэний хэрэгт нэхэмжлэл гаргаж...төрийг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс оролцох бүрэн эрхийг олгож байна...” гэжээ.

       Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016 оны 151 дугаар тогтоолд Архивын Ерөнхий газарт 49,551,500 төгрөгийн хохирол учирсан талаар заасан байх тул уг мөнгийг хариуцагчаас нэхэмжлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Уарт гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авах нөхцөл  болохгүй.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Д.Өаас 49,551,500 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах тухай Урын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгоно.

       Прокурорын байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу, эрх бүхий төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн Д.Өт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.    .

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03040 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 366 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлд заасныг баримтлан Д.Өаас 49,551,500 төгрөг гаргуулах тухай Урын нэхэмжлэлтэй хэргийг хэрэсэхгүй болгосугай.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 405.707 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ