Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 618

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М--ьд холбогдох  

 

МУИС-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 339 600 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 оны 02 дугаар сараас эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Нагояагийн сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төсөлд япон хэлний багшаар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд дэд профессорын албан тушаалд томилогдон ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр намайг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд, давхар гүйцэтгэх ажлаар Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төвийн дэд профессорын албан тушаалыг хавсран ажиллуулахаар болсон. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №17/01 тоот мэдэгдлээр япон хэлний багшийн орон тоог цөөрүүлж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс цуцлахыг зааж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надад гардуулсан ба тус өдрөөс хойш би үүрэгт ажлаа хийгээгүй.

Иймд МУИС-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.О намайг урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 339 600 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М--ь шүүхэд гаргасан тайлбартаа: Японы эрх зүйн боловсрол судалгааны төв нь Япон Улсын Нагояагийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хоорондын 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн меморандумын дагуу байгуулагдсан. МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан “М--ьд профессор багш ажиллуулах журам”-аар багшийн жилд гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ бусад ажлын багц цагийг тогтоосон бөгөөд Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн ангид япон хэлний зөвхөн 1 багшийн багц цагийн ногдол байдаг. Иймд Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны зүгээс Хууль зүйн сургуульд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/2778 дугаар тоот албан бичгийг хүргүүлснээр МУИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 17/01 дугаартай мэдэгдэх хуудсыг Д.Од хүргүүлсэн. Ийнхүү мэдэгдэл өгсөн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан МУИС-д холбогдох 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 тоот МУИС-ийн  захирлын тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарлаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас давсан дүгнэлт хийсэн. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг Д.Од гардуулаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан шийдвэр гарсан эсэхийг лавлан, сонгон шалгаруулалт явуулахыг хүсч, МУИС-ийн захиргаа хяналт, шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Батцэнгэл, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нарт өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн нөхцлийг шалгаж, дүгнээгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөр тушаал гаргаж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 01 дүгээр сарын цалин 1 355 812,0 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр амралтын мөнгө 1 854 360,0 төгрөг, тэтгэмж 1 448 000 төгрөгийг Д.Оийн дансанд шилжүүлж, 02 дугаар сарын цалинг огт өгөөгүй. 3 дугаар сарын 03-ны өдөр МУИС-ийн захирлын тушаал гарсан байхад 2017 оны 02 дугаар сард ажлаар хангаагүй, цалин олгоогүй.

2016 оны 3 дугаар сард МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулганы бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу Япон Улсын Хакухо сангийн шугамаар 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сургалтанд хамрагдсан. 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бүтцэд өөрчлөлт ороогүй, ажилтны тоо цөөрөөгүй, МУИС-ийн Захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/20 дугаар тушаалын 6 дугаар хавсралтад Хууль зүйн сургуулийн бүтэц, орон тоо, цалингийн хэмжээг баталж, уг хавсралтын 35 дугаар хүснэгтэд Д.Оийн дэд профессорын албан тушаалыг баталгаажуулсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл бодитоор бий болоогүй, ажлын байр цөөрөөгүй байхад ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэл заасан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн. Мөн ямар шалгуураар эрдмийн зэрэг цолтой багш нь ажлаас чөлөөлөгдсөн нь ойлгомжгүй бөгөөд тухайн ажлын байрны шаардлагыг харгалзан үзээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М--ьд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны Б/91 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 9 339 600 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон байх тул уг шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал, шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг бөгөөд хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгч буй бичгийн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхыг шаарддаг.

            Хариуцагч байгууллага нь маргааны үйл баримт болсон бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхдөө өөрийн байгууллагын “архивын хуулбар үнэн тэмдэг” дарж баталгаажуулан, хуульд заасан журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг алдааг залруулалгүйгээр нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож буй талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй юм.

Хөдөлмөрийн харилцаанд ажилтны ажил үүргийг нь бодитойгоор гүйцэтгүүлэхгүй байгаа тохиолдолд эрх зөрчигдсөн гэж үздэг. Гэтэл эрх зөрчигдөхөөс өмнө гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн зөрүүтэй дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхийг хуулиар олгосон хэдий ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь хуулиар тогтоосон шаардлага хангаагүйн улмаас маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч М--ь нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД