Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2017/00953/и |
Дугаар | 001/ХТ2018/00953 |
Огноо | 2018-06-14 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/00953
Ш.Сгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 493 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ш.С
Хариуцагч: Март холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13.419.870 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.С, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.С 2010 оноос хойш Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаа ба Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/44 дугаар захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөж, 2015-03-13-ны өдөр ажилдаа эргэн орсон. Гэтэл Нийслэлийн Боловсролын газраас 62 дугаар сургуулийн захиралын ажил хийлгэхгүй байлгах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх шалтгаанаар гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн. 2015-04-03-ны өдөр албан тушаалыг түр түдгэлзүүлэх саналаар дүүргийн прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзэж түдгэлзүүлэх тогтоолыг баталсан. Прокурорын байгууллага эрүүгийн хэргийг шалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1, 208.1.1-р хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Боловсролын газрын төлөөлөгч удаа дараа гомдол гаргаж хянуулсан боловч прокурорын шийдвэрийг зөв гэж үзэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийн дагуу 2016-04-03-ны өдрөөс үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүний дагуу шүүх 2016-09-12-ны өдрийн 181/ШШ2016/00656 дугаар шийдвэр, давж заалдах шүүх 1834-р магадлал гаргасан ч Дээд шүүх хэргийг буцаасан. Дахин төрийн хүлээх үүргийг ажил олгогчоор дамжуулан хэрэгжүүлэх талаар нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ажил олгогч 2017 оны 182/ШШ2017/01389 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгохдоо дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй хэмээн дүгнэсэн. Дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389.1, 389.2.3-т зааснаар нэхэмжилж байсан бөгөөд шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан 13 419 870 төгрөгийг Мрын нөөц хөрөнгөөс гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу Засгийн газрын нөөц сан нь уг тусгай санд хамаардаг бөгөөд уг хуулийн 8.3-т заасан төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга хэмжээг санхүүжүүлэхэд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулахаар хуульчилсан. Түүнчлэн, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.2-т заасны дагуу Засгийн газар гаргадаг бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Засгийн газар нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т заасны дагуу асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг. Дээр дурдсан нэрлэж заасан үндэслэлд Ш.Сгийн ажил, албан тушаал түдгэлзсэн үеийн цалин хөлсийг олгох асуудал хамаарахгүй байна. Түүнчлэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зохицуулалт байгаа боловч Ш.С хохирогч бус гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан этгээд тул уг зохицуулалтанд мөн хамаарахгүй. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Ш.Сд холбогдуулан хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд зөвхөн өөрийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 9.315.696 төгрөг гаргуулж, Ш.Сд олгож, нэхэмжлэлээс 4.104.174 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ш.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 164.001 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 493 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах, эмнэлгийн байгууллагад байлгах, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэх, ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагааг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хууль бусаар явуулсан болох нь тогтоогдсон тохиолдолд хохирогчид хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр хуульчилсан байна. Ш.Сд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болон албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээг авснаас өөрөөр түүнд таслан сэргийлэх болон албадлагын арга хэмжээ аваагүй. Дээрх ажиллагааг мөрдөн байцаагч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж явуулсан болон хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дурдсанчлан “Ш.Сд холбогдох Эрүүгийн хуулийн 253.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор түүнд энэ хугацаанд авсан таслан сэргийлэх арга хэмжээ болон албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээг хууль бус байсан” гэж үзэх үндэслэлгүй. Мөрдөгч, прокурорын ажиллагаа “хууль бус” байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 498.4-т заасан “хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл” болох тул “хууль бус” гэж тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчид төрөөс гэм хорын хохирол нэхэмжлэх эрх үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл, “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр Ш.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн болохыг тодорхойлж байгаа хэрэг биш бөгөөд хууль бусаар явуулсан ажиллагаанд хамааралгүй болно. Иймд төрийн холбогдох албан тушаалтны хууль бус ажиллагааг тогтоолгүйгээр хохирол нөхөн төлүүлэх эрхтэй гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 498.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ш.С Март холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин 13,419,870 төгрөг, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг шаарджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай” тогтоол гаргаж, “... Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 346 дугаар захирамжийг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гаргуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй...” гэж Ш.Сд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. /хх 8/
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 390 дүгээр тогтоолоор /хх 9/ уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх 9-10/
Ш.С өөрт учирсан хохирлыг шаардсаныг шүүх нэхэмжлэлээр шийдвэрлэсэн нь буруу байна.
Ш.С нь “...хууль бусаар яллагдагчаар татагдсан...” гэсэн үндэслэлээр өөрт учирсан хохирлыг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр шаардсан бөгөөд энэ тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцох боломжтой юм.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Шүүх Ш.Сгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-г зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.
Мрыг Мрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд төлөөлнө.
Март холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөгчийг хариуцагчийн итгэмжлэлгүй оролцуулсан /хх 16, 18, 19, 22, 48/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 493 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ