Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2017

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2016/02017

 

Ц.Очирбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00720 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Очирбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монь-Ивээл ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 113 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын газрын зариулалттай  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.Очирбат болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Очирбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бурмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батзоригт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Очирбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-133 тоот хаягт байрлалтай Улсын бүртгэлийн Ү-2206005338 тоот гэрчилгээтэй автомашины гарааш, засварын газрын зориулалтай 40 метр квадрат талбайн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл миний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг Монь-Ивээл ХХК болон түүний захирал Баяраа нар зөрчиж 2013 оны 2 дугаар сард автомашины гараашийг  дураараа аашлан нурааж, орон сууцны барилга барьсан.  Мөн Монь-Ивээл ХХК-ийн хашаанд хадгалуулахаар үлдээсэн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг суурийн блокыг барилгын ажилдаа авч ашигласан гэж үзэж байна. Монь-Ивээл ХХК-ийг уг автомашны гражийн барилга барих явцдаа ашигласан байна гэж мэдсэн даруйдаа  захирал Баялаатай ярилцаж хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан. Гэтэл Баяала “цагдаа, хуулиар шийдүүлээд хэрэггүй одоо чиний хохирлыг барагдуулах мөнгө байхгүй байна. Байр ашиглалтад орохоор байр өгье ” гэж тохиролцсон. Иймд гараашийг 92.000.000 төгрөгөөр үнэлж, 4 ширхэг суурийн блокын хохирол 6.000.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 15.000.000 төгрөг, нийт 113.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Монь Ивээл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монь-Ивээл ХХК нь Ц.Очирбатад ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн хохирол учруулаагүй. Монь-Ивээл ХХК-ийн захирал Баяала гэдэг хүн бол 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Батжаг ХХК-ийн захирал Ц.Очирбатаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах 2 438 метр квадрат талбай бүхий автомашины гараашийг газрын хамт тухайн үеийн ханшаар 245 000 ам.доллараар худалдан авсан. Ц.Очирбатыг тухайн хөрөнгийг худалдах үед уг барилга нь банкны зээлийн барьцаанд байсан тул Монь-Ивээл ХХК-ийн захирал Баяала нь Ц.Очирбатын банкны зээлийг төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөн. Мөн Батжаг ХХК-ийн өр төлбөр болох дулааны төлбөр, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2 хувь, татварын 1 хувийг төлж барагдуулсан. Ц.Очирбат нь уг гараашийг бүхэлд нь минийх гэж итгүүлж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, 6 гараашийг Монь Ивээл ХХК-д худалдаж, 2006 оны 12 дугаар сард Баяала болон Монь Ивээл ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэнээр хариуцагч хууль ёсны өмчлөгч нь болсон. Нэхэмжлэгч талаас Монь Ивээл ХХК-ийн хашаанд орхисон 4 ширхэг аяган бетон зуурмаг нь ямар ч ашиглах боломжгүй зүйл байсан. Уг гаражийн төлбөрт байр, нэмж 30.000.000 төгрөг өгнө гэх яригдсан зүйл байхгүй. Тухайн үед Ц.Очирбат нь Монь -Ивээл ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэний дараа 2007 оны 2 дугаар сарын 03-ны өдөр тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийн зуучлалын ажиллагаа явуулж Монь Ивээл ХХК-д 1.100.000 төгрөгийн цалин авч ажиллаж байсан. Батжаг ХХК-ийн захирал Ц.Очирбат, Баяала нарын хооронд орон сууц өгөх талаар яригдаагүй. Ц.Очирбатын гараашийн өмчлөлийн гэрчилгээ нь манай өмчлөлд байсан учраас гараашийн өмчлөлийг шилжүүлэх шаардлагагүй болсон. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц.Очирбат нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт хандаж манай дээр хадгалагдаж буй өмчлөх эрхийн Ү-2206225338 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж нөхөж гэрчилгээ авсан байсан. Одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот энэ хаяг нь өөрчлөгдөөд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болж бүтэц зохион байгуулалтаар өөрчлөгдсөн байхад Ц.Очирбат нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороогоор өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Ц.Очирбат нь манай барилга баригдаж байхад ирж миний гараашийг нураасан гэж яриагүй. Хариуцагч Газрын албанаас зөвшөөрөл авч барилга байгууламж барьж эхлэхдээ суурийн аягануудыг хаясан байгаа. Ц.Очирбат нь тухайн 4 ширхэг суурийг хаяж байгаа талаар мэдэж байсан. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ уг гарааш 92.000.000 төгрөгийн үнэ бүхий гэж байгаа боловч тийм баримт байхгүй. Мөн барилгын 4 ширхэг суурин блок, барилгын бетон хийцүүд нь ямар үнэлгээгээр 6.000.000 төгрөг гэж гарч ирж байгаа гэдэг нь тодорхойгүй.  Өмгөөлөгчийн ажлын хөлс 15.000.000 төгрөг шаардаж байгаа нь гэм хорын хохирол биш. Мөн Ц.Очирбатын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.  Ц.Очирбат нь 2006 онд уг өмчлөлийн гэрчилгээг Монь Ивээл ХХК-д хүлээлгэж өгчихөөд уг гараашийг нураасан гэдгийг 2013 онд мэдсэн гэдгээр  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдэхэд гараж Ц.Очирбатын өмчлөлд байсан тул үүний дагуу Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд 84.3 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийг нь Чимэдлхамаас шилжүүлж авсанаар мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар газартай салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэсний дагуу Монь Ивээл ХХК нь энэ 6 гаражыг барилга, засварын газрын салшгүй хэсэг гэнэ гэж үзсэн. Ц.Очирбатын нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монь Ивээл ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч нь бусад  этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжсэн. Иймд нэхэмжлэгч Ц.Очирбатын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай Ү-2206005338 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монь Ивээл ХХК мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Очирбатаас  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-уул Дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байршилтай Авто машины гарааш, засварын газрын зориулалттай 40 м.кв үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь юм. 2006 онд өөрийн Батжаг ХХК-ийн авто гараашийг 780 м.кв талбай бүхий эдэлбэр газрын  хамт иргэн Baiyila-д худалдах худалдан авах гэрээгээр  худалдсан. Уг гэрээний үүрэг биелэгдсэн бөгөөд энэ талаар маргаан үүсээгүй. Ц.Очирбат  дээрх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Монь Ивээл” ХХК-аас гэм хорын хохиролд 113.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Очирбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 110.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Монь Ивээл” ХХК нэхэмжлэгч Ц.Очирбатын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 40 метр квадрат талбайтай автогараж, засварын зориулалттай Ү-2206005338 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Монь Ивээл” ХХК мөн болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.087.950 төгрөг, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монь Ивээл ХХК-аас 62.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Очирбатад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Очирбат нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэлийн зүйл болсон Ү-2206005338 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь хотын А бүст байрлах, 3 автомашины зогсох боломжтойоор төлөвлөгдсөн дулаан гарааш, засварын газрын зориулалттай 40м2 үл хөдлөх хөрөнгө байсан. Уг үл хөдлөх хөрөнгийг хариуцагч "Монь-Ивээл" ХХК нь 2013 оны 2 сард нурааж, 14 давхар орон сууцны барилга барьсан бөгөөд хариуцагч ийнхүү дураараа аашлан гаражийг нь нураасны улмаас өмчлөгч өөрийн хөрөнгөө 3 жил ашиглах боломжгүй болсны хохирол, мөн цаашид уг хөрөнгө сэргээгдэх боломжгүй, ашиглах боломжгүй болгосны хохирлыг тооцон өмчлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгийг 92,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэгч Ц.Очирбат нь анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа тус үл хөдлөх хөрөнгийг 2006 онд иргэн Б.Чимэддамбаас 16,000,000 төгрөгийн худалдаж авсан тухайгаа тайлбарласан. Тухайн үед худалдагч Б.Чимэддамба нь татвараас зугатаж, нэхэмжлэгчтэй "Бэлэглэлийн гэрээ"-г байгуулсан бөгөөд уг нөхцөл байдлыг шүүх харгалзахгүйгээр, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Өнөөдөр 40м2 дулаан гарааш 3,000,000 төгрөгөөр Хан-Уул дүүрэгт худалдан авах ямар ч боломжгүй, зөвхөн стандартын 11м2 гараашийг 28,000,000-35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар байгааг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч нь 4 ширхэг аяган суурь, бусад барилгын хийцүүдийг хаясан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн тухайн барилгын төмөр бетон хийцүүд нь хариуцагчийн тайлбарлаж байгаачлан барилгад ашиглах боломжгүй зүйл байгаагүй бөгөөд нэхэмжлэгч тухайн үедээ барилгад ашиглахаар 3,000,000 гаруй төгрөгөөр авч байсан гэж шүүхэд мэдэгдсээр байтал тус хөрөнгийг үнэлээгүй байна. Анхан шатны шүүхийн үндэслэл болгосон "бэлэглэлийн гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан илэрхий хууль зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсаар байтал шүүх нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй. "Монь Ивээл" ХХК-ийн ерөнхий захирал BAIYILA нь 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр "Батжаг" ХХК-ийн захирал Ц.Очирбатаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ү-2206004073, УБД: 0029747 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Хан уул дүүргийн 2-р хороо Чингисийн өргөн чөлөө 133, Арьс Импекс Нэгдлийн хашаанд байрлах 2438м2 талбай бүхий авто гараашийг газрын хамт тухайн үеийн зах зээлийн ханш буюу 245,000 ам.доллараар худалдан авсан билээ. Нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийг бүхэлдээ өөрийн өмч гэж байсан боловч гараашийн газар эзэмшигч нь Б.Чимэддамба байсан бөгөөд 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монь ивээл ХХК-ийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан гараашийг шилжүүлэн авсан. 2006 оны 10-р сарын 19-ны өдөр "Батжаг" ХХК-ийн захирал Ц.Очирбат нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу актаар "Монь Ивээл" ХХК-ийн хөрөнгө оруулагч BAIYLA-д хүлээлгэн өгсөн. П.Очирбат өөрийн өмчлөлийн 40 м.кв гарааш засвар үйлчилгээний зориулалттай Ү-2206005338 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг обьектын бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн байдаг. П.Очирбат нь 2006 оноос нэхэмжлэл гаргах хүртэл миний өмчлөлийн гараашийг зөвшөөрөлгүй нураасан хохирол учруулсан талаар нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Манай компани нь 2007 онд авто гараашийн барилгад томоохон засвар хийж ноолуур боловсруулах үйлдвэрийн зориулалттай болгон өөрчлөн Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн газраас 1927.90м2 талбай бүхий Ү-2206004073, УБД:000095505 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөлийн хөрөнгө баталгаажуулж авсан. П.Очирбат нь 2014 оны 10 дугуур сарын 16 ны өдөр Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө гудамж 133 тоот хаягт байрлах 40 мкв талбайтай Авто гарааш, засварын зориулалттай Ү-2206005338 дугаарт бүртгүүлсэн гэрчилгээг гээгдүүлсэн гэх шалтгаанаар хурамч баримт бүрдүүлэн нөхөн авсан. Монь Ивээл ХХК нь маргаан бүхий обьектын хууль ёсны өмчлөгч нь болж захиран зарцуулах эрх үүссэний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр газрын зориулалтыг өөрчлөн Орон сууцны барилга барьсан болно. Монь ивээл ХХК нь П.Очирбатын өмчлөлд байгаа Хан-Уул дүүрэг 2 хороо 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай Ү-2206005338 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь "Монь ивээл" ХХК мөн болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй сөрөг нэхэмжлэлийг гаргасан байхад шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй. Шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, "Монь ивээл" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй  байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Очирбат нь “Монь-Ивээл” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болон зардалд нийт 113 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч Хан-Уул дүүрэг, 2 хороонд байрлах 40 м.кв талбайтай авто гарааш, засварын газрын зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч эд хөрөнгөд нь гэм хор учруулж нурааснаас уг эд хөрөнгө биет байдлаар устаж үгүй болсон тул үнийг болон хохирлыг гаргуулахаар шаардсан байхад хариуцагч нь уг нураагдсан гэх  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нураагдаж, бодит байдалд устаж үгүй болсон үйл баримтын талаар талууд маргахгүй байхад уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн сөрөг шаардлага ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ. Түүнчлэн нэхэмжлэгч хөршийн зүгээс эрхийг зөрчсөн асуудлаар маргаж байгаа эсхүл гэм хор учруулсантай холбоотой хохирол шаардаж байгаагийн аль нь болох, сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжтой эсэхийг тодруулснаар хэргийг зөв шийдвэрлэх юм. 

 

            Бодит байдалд байхгүй зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байхад талуудын мэтгэлцээнийг бүрэн явуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн Б.Төмөр, Б.Энхжаргал, С.Сүхбаатар нараас гаргасан тайлбар, тодорхойлолт гэх баримт нь нотариатаар гэрчлүүлсэн хэдий ч нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхээргүй байна. /1 дүгээр х.х-ийн 65-67 дугаар тал/ Учир нь нотариатч нь тухайн баримтад тусгасан  үйл баримтын үнэн зөвийг бус тайлбар, мэдүүлэг гаргагчийн гарын үсэг мөн эсэхийг л гэрчилнэ. Дээрх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт заасны дагуу шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасны дагуу хууль сануулж, зохих журмаар гэрчийн мэдүүлгийг бэхжүүлснээр нотлох баримтын шаардлагыг хангах юм. 

 

Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Гэтэл уг баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т зааснаар хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монь-Ивээл ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Очирбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                                    Ш.ОЮУНХАНД