Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0140

 

“ШЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга  Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ө, гуравдагч этгээд “Х” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О, түүний өмгөөлөгч А.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “ШЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 812 дугаар шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “ШЦ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар “Эрх шилжүүлэх тухай” нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ....” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Ц нар давж заалдах гомдолдоо:

“... “ШЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад хобогдох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/88 дугаар “Эрх шилжүүлэх тухай” нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 812 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан “...шүүх шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

1. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/453 тоот захирамжийн үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 116м.кв 15 жилийн хугацаатайгаар...зориулалтаар эзэмшиж байгаа билээ.

Шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд “ШЦ” ХХК-ийн эзэмшиж буй газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хугацааг 2017-2019 он гэж тодорхойлж, “ШЦ” ХХК нь маргаан бүхий газарт 2017-2019 оны хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэх нөхцөл байдал тус тус тогтоогдов” гэжээ.

Шүүх дээрх дүгнэлтйг гаргахдаа “ШЦ” ХХК-ийн эзэмшиж буй газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нөхцөл байдлыг тогтоож, маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцсэн эсэх, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байсан.

“Хүндэтгэн үзэх” шалтгаан гэдэгт бусдын буруутай үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй байх нөхцөл байдал хамаарахаар Улсын дээд шүүхийн 2006 оны Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид дурьдсан байдаг.

Маргаан бүхий газарт үйлчилгээний зориулалттай холимог карказан бүтэцтэй 25 давхар барилга барихаар 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн СБД-11/555/1.13 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас “Техникийн нөхцөл”-ийг тус тус аваад байсан. Гэвч Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тухайн барилгыг барихад одоогоор төвлөрсөн дулаанаар хангах боломж бүрдээгүй, дулааны шинэ эх үүсвэр баригдаж, дулаан үйлдвэрлэл нэмэгдэх хүртэлх хугацаанд техникийн хувьд хүндрэлтэй тул төлөвлөж буй барилгыг дулааны шинэ эх үүсвэртэй уялдуулахыг зөвлөсөн хариуг манайд ирүүлсэн.

Энэхүү шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн бөгөөд тус шалтгааны улмаас барилгын ажил хүлээгдэж улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/453 тоот захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгуулсан.

Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгаснаас хойш тухайн газарт хашааг буулган шинэчилж, үйл ажиллагаа явуулах гэсэн боловч “СМ” ХХК-ийн 1 талт 3 ширхэг тулгуурт байгууламжийг хууль зөрчин эзэмшиж уг байгууламжийн тал хэсэг нь манай эзэмшлийн газарт байршиж, хашааг буулгах, шинэчлэх, үйл ажиллагаа явуулахад саад болж байсан. Энэхүү асуудлаар манай компани нь “СМ” ХХК, Улаанбаатар хотын захирагчийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэгт удаа дараа хандсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл уг самбарыг буулгаагүй байсан.

“СМ” ХХК-ийн энэхүү буруутай үйл ажиллагаа байсан, үүний улмаас нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргах ажиллагаанд болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ШЦ ХХК-ийг яг ямар хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болохыг тодорхойлоогүй бөгөөд шүүх санаачлагаараа тус хэргийг шийдвэрлэх мөчид буюу шүүхийн шийдвэртээ 2017-2019 онуудыг тодорхойлсон байгаа юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зохицуулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл “гэрээ байгуулагдсан” өдрөөс эхлэн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа тоологдох ба “ШЦ” ХХК-ийн хувьд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар харагдаж байна.

Гэтэл дээрх хугацаанд “ШЦ” ХХК нь Улаанбаатар хотын захирагчийн албанд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18/11 дугаар албан бичиг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18/16 дугаар албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18/19 дугаар албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18/20 дугаар албан бичгүүдээр хандаж, “СМ” ХХК болон “М” ХХК-иудын самбаруудыг буулгах албан шаардлагыг уламжилж өгөхийг хүссэн хүсэлтүүдийг тавьж байсан. /ХХ17-ХХ23/

Бусдын буруутай үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй байх нөхцөл байдал буюу хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь “ШЦ” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/882 дугаар “Эрх шилжүүлэх тухай ” нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн оролцогч нарт гардуулж, шүүх хуралдаанаар дээрх шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид мэтгэлцэж оролцсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэж тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаарлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж уншиж танилцуулсан болно.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд нэмэгдүүлсэн шаардлагыг татгалзсан тохиолдолд гомдол гаргах, эсхүл нэхэмжлэлийн татгалзсан үндэслэлийг зөвтгөн дахин нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байсан бөгөөд шүүхийн шийдвэр бичгээр гарахад нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж бичигдсэн байна.

Ийнхүү уншиж сонсогсоноос өөр шийдвэр гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс хэргийн үйл баримтыг бүрэн тодруулах, хангалттай баримт авагдаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/294 дүгээр захирамжаар маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1116 м.кв газрыг нэхэмжлэгчид үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгажээ.

Харин маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1136 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэгт гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц обьект бий болгоогүй, холбогдох бичиг баримт бүрдүүлээгүй байхыг ойлгоно.

Энэ тохиолдолд хариуцагч нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн хийсэн тул нэхэмжлэгч 2017 онд газар эзэмших эрхээ сунгуулснаас хойш маргаан бүхий захирамж гаргах хүртэлх хугацаанд тухайн газрыг ямар үндэслэлээр ашиглаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шүүх тодруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ШЦ” ХХК-иас газраа ашиглах боломжгүй байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн албанд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18/11 дүгээр, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18/16 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18/19 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18/20 дугаар албан бичгүүдээр тус тус хандаж, “СМ” ХХК болон “М” ХХК-иудын самбаруудыг буулгах албан шаардлагыг уламжилж өгөхийг хүссэн хүсэлтүүдийг хүргүүлсэн хэмээн тайлбарлаж, тухайн албан бичгүүдийг шүүхэд ирүүлжээ.

Гэтэл эдгээр албан бичгүүдийг нэхэмжлэгч захиргааны байгууллагуудад хүргүүлсэн эсэх, хариуцагчаас дээрх хүсэлтүүдийг хүлээн авсан, хариу өгч байсан эсэх, мөн “СМ” ХХК болон “М” ХХК-иудын самбар болон шонг хэний зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгчийн газар дээр байрлуулсан нь тодорхойгүй байх ба энэ талаар нотлох баримтыг бүрдүүлэх нь нэхэмжлэгч маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтооход шаардлагатай, мөн нэхэмжлэгчийн маргаж байгаачлан хариуцагчийн шийдвэр хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

Түүнчлэн шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий газарт хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчээс тухайн газрын хөрсийг ухах ажиллагаа хийсэн болох нь гэрэл зургаар баталгаажуулсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байсан газар дээр суурийн зориулалттай гэх нүх ухсанаас өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, дан хашаалсан байдалтай байсан... 2017-2019 оны хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэх нөхцөл байдал тус тус тогтоогдов...” гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь ийнхүү нүх ухсан нь газрыг зориулалтаар нь ашиглахтай холбоотой үйл ажиллагаа мөн эсэх, үүнтэй холбоотой шаардлагатай баримтуудыг бүрдүүлээгүй байна гэж үзлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар “Эрх шилжүүлэх тухай” нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн ... анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэж тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж уншиж танилцуулсан нь хууль зөрчсөн ...” гэх гомдлын тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн боловч хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв....” гэж бичжээ.

Үүнээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх нөхцөл байдал илэрвэл шүүх мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

Гэтэл анхан шатны шүүх уг маргаан бүхий актыг “...нэхэмжлэгч “ШЦ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй төдийгүй нөгөө талаас уг маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй бөгөөд мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.2-т заасныг зөрчиж шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, тайлбарласнаар өөр шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийг захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА