Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 771

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** овгийн Ц ийн Д 

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Гуравдагч этгээд: “У” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.Д г *** тоот 100.53 кв.м 3 өрөө орон сууц, *** дугаар байрны зоорийн давхрын *** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Д , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч , гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , Ц.Ц,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Ц.Д нь 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “М” ХХК-тай 1А/07 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, *** тоот “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулсан. Дээр дурдсан гэрээний дагуу “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Зайсанд барьж буй *** байр /гэрээнд зааснаар/-ны *** тоот орон сууцны зориулалттай 100,53 кв.м талбайтай, 3 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах *** автомашины зогсоолыг захиалан бариулсан. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөр тооцоог хийж дуусгасан ба орон сууц, автозогсоолыг захиалагчаас хүлээн авч эзэмшин, ашиглаж байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандан өөрийн эд хөрөнгөө бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулахаар холбогдох хууль журмын дагуу баримтыг бүрдүүлэн хүсэлтээ өгсөн боловч дор дурьдсан үндэслэлээр бүртгээгүй юм. Үүнд:

1. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь дуусаагүй барилгын гэрчилгээтэй

2. Уны барьцаанд бүртгэлтэй

3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн

4. Албадан дуудлага худалдааны тогтоолтой гэсэн байна.

Ц.Д миний бие тухайн орон сууц, автомашины зогсоолыг захиалахдаа дээрх үүргүүдийг мэдэх боломжгүй байсан, түүнчлэн тухайн орон сууц, автомашины зогсоолыг миний оруулсан хөрөнгөөр барьсан тул эдгээр үүргүүдийг хүлээх үндэслэлгүй гэж үзсэн тул дээд шатны байгууллага болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гомдол гаргасан боловч өмнө нь өмчлөх эрхийг тогтоож байсан, хүчингүй болгосон шүүгчийн захирамжийг дурьдан хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн нь илт хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй болох нь шүүхээр тогтоогдсон байдаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор “М” ХХК-ийн барьсан орон сууцны өмчлөгчөөр Ц.Д болон бусад нэр бүхий иргэд, хуулийн этгээдийг өмчлөгчөөр тогтоосон нь хүчин төгөлдөр байгаа юм.

Иймд иргэн Ц.Д г *** тоот 100,53 кв.м 3 өрөө орон сууц, *** дугаар байрны зоорийн давхарт байрлах *** автомашины зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан эс үйлдлийг хууль бусад тооцон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д г бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгана уу...” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагад гаргасан миний орон сууц, авто зогсоол бүртгүүлэх мэдүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг гаргасан гэж хариуцагч байгууллагаас өдрийг сольж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг гаргасан байхад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг гаргасан гэж сарыг сольж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариу өгсөн болгон худал баримт гаргаж өгсөн байна.” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 10 сарын дараа татгалзсан хариу ирүүлсэн. Үүнийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй  эс үйлдэхүй гэж үзэх боломжтой. Мөн мэдүүлгийг хүлээн авахаас, бүртгэхээс татгалзсан үйлдэл гэж үзсэн ч өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. 

Хариуцагчийн хариу тайлбарын 1 дэх хэсэгт,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д "Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэх, гэрчилгээ олгохыг хориглоно" гэх заалтыг баримтлан үл нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэхээс татгалзсан байна. Гэвч нэхэмжлэгч шинээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд өөрөөр хэлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16  дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж заасны дагуу бүртгэх боломжтой байсан. Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д "Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй", 182 дугаар зүйлийн 182.1-д "Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийг бүртгүүлнэ" гэж тус тус заасан эдгээр заалтуудыг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16  дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу уг үл хөдлөх хөрөнгийг шинээр бүртгэх боломжтой байсан. Тодорхой хэлбэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анх удаа бүртгүүлэхээр очиход өмнө нь бүртгэгдсэн тухай тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг хязгаарлаж байна.

Хариуцагчийн хариу тайлбарын 2 дахь хэсэгт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасныг баримтлан бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх боломжгүй байна гэжээ. Гэтэл энэ нь өөрчлөлт, хөдөлгөөн хийх тухай асуудал биш шинээр бүртгүүлэх тухай асуудал юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4, 20.3, 20.5-д тус тус заасан заалтуудыг баримтлан өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэргүйгээр өмчлөх эрхийг бүртгэх үндэслэл байхгүй байна гэж тайлбарлажээ. Гэтэл нэхэмжлэгч Ц.Д гийн нэр дээр өмчлөх эрхийг хязгаарласан ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор Ц.Д г уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Үүний дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрт заасан төлбөрийг  “М” ХХК-иас албадан гаргуулах, Ц.Д гийн *** тоот орон сууц, *** тоот автомашины зогсоолтой холбоотой Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаас уг үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдсэн тул бүртгэх боломжгүй гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Шинээр бүртгүүлэхээр бол нотлох баримтаа бүрдүүлэх журмын дагуу нэхэмжлэгч шаардлагатай баримтуудыг бүгдийг бүрдүүлж өгсөн.

Хариу тайлбарын 3 дугаарт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан заалтыг баримтлан бүртгэхээс татгалзсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэр дээр байгаа, “У” ХХК-ийн  барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх, түүнд нэмэлт өөрчлөлт хийх асуудал биш бөгөөд шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх асуудал тул бүртгэхээс татгалзах нь хууль бус байна.

Гуравдагч этгээд “У” ХХК-иас өөр хуулийн этгээдэд холбоотой гаргасан шүүхийн шийдвэрийг өөрт  хамааруулан тайлбар өгсөн. Эрх бүхий байгууллагаас улсын бүртгэлд өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн гэж байна. Гэтэл Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ц.Д гийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг битүүмжлэх, дуудлага худалдаагаар оруулах ажиллагаанууд нь хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Иймд Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй” , Улсын бүртгэлийн ерөнхий хуульд “улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинж чанартай байх ёстой” , мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 7.1, 19.1, 16.1-д тус тус заасан заалтуудыг баримтлалгүй улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгоход саад болж байна. “М” ХХК болон Ц.Д гийн хооронд захиалгын гэрээ байгуулж, талууд үүргээ биелүүлсэн буюу “М” ХХК барилгаа барьж дуусгаж, нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн. Иймд Ц.Д гийн маргаан бүхий эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д хариуцагч байгууллагад холбогдох шууд үүрэгжүүлсэн заалттай. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан дуусаагүй барилга байгууламжийг зарим тохиолдолд бүртгэж болно гэсэн сонгох боломжтой эрх зүйн заалтыг хэрэглэсэн хирнээ үүнийгээ өөрсдийн зөв мэтээр тайлбарлаж нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Ц.Д г уг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гарсан ба тус шийдвэрийн холбогдох хэсэгт буюу  хүчингүй болгосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч Ц.Д гийн орон сууц, авто зогсоол хамаарагдана.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...*** дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй , аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /***/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээ, *** дугаартай, 2717 м.кв талбайтай, *** хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /***/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн*** тоот гэрчилгээ тус тус олгосон байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг “М” ХХК мэдүүлэгт хавсаргаж өгснийг үндэслэн бүртгэсэн байна.

“М” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Утай *** тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй *** дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй *** дугаартай, 2717 м.кв талбайтай, *** хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг тус тус барьцаалж, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлснийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

*** тоот орон сууц, *** тоот авто зогсоолыг иргэн Ц.Д нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлгийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна.

1.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-л “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ц.Д гийн өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.

2. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй *** дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй *** дугаартай, 2717 м.кв талбайтай, *** хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ц.Д гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

3. Уг эд хөрөнгүүд нь Утай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Унаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч байгууллага бүртгэлийн ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хийсэн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг объектыг хэсэгчлэн чөлөөлсөн тохиолдолд бид маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Ц.Д гийн нэр дээр бүртгэх боломжтой.

Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна. Иймд иргэн Ц.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.8-т “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох ” гэж заасныг хариуцагч үндэслэсэн байна. Гэвч *** дугаар барилга нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой тул Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй” гэж зааснаар иргэн Ц.Д д *** дугаар байрны *** тоот орон сууцыг дангаар өмчлөх эрхээ бүртгүүлэх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.1018.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг хариуцагч үндэслэсэн байна. Үүний тухайд Унаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.055.460.140 төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “М” ХХК-иас 2.055.460.140 төгрөгийг гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлсийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үнэн.

Гэвч дээрх шийдвэр, магадлал, тогтоолын биелэлтийг баталгаажуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” захирамжаар манай компанийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.Д*** нь манай компанийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр бус нийт 24.780.825.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилснээр шүүгчийн захирамжийг шууд зөрчсөн үйлдэл болсон. Үүнтэй холбоотойгоор манай компаний зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх үл хөдлөх эд хөрөнгөд иргэн Ц.Д гийн өмчлөлийн орон сууц, авто зогсоол хамаарах эсэх нь тодорхойгүй байхад нотлолгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг үндэслэсэн нь буруу болжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасныг хариуцагч үндэслэсэн байна.

Гэвч Уны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй. Учир нь манай компани дээрх “Зээлийн барьцааны гэрээ”-нд Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлсноор нийт  24.780.825.000 /хорин дөрвөн тэрбум долоон зуун наян сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий долоон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Харин одоогийн байдлаар Уанд төлөх үлдэгдэл төлбөр бол дээрх барьцааны үнийн дүнгийн зөвхөн 7.53 хувь буюу 1.867.8***.391 /нэг тэрбум найман жаран долоон сая найман зуун ерэн таван мянга гурван зуун ерэн нэг/ төгрөг үлдээд байна.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар барьцааны шаардлага хэвээр хадгалагдах тул Уны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна.

Мөн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийж байгаа асуудал биш. Хэрэгт авагдсан нотлох баримтанд “М” ХХК нь *** хотхоны *** дугаар байрны өмчлөгч мөн болохыг баталсан гэрчилгээ огт байхгүй. Хэрэв уг барилга 100 хувь манай компанийн өмч болж гэрчилгээ гарсан тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой. Учир нь энэ бол гэрчилгээг өөрчилж буй асуудал юм. Харин Ц.Д гийн асуудал бол шинээр гэрчилгээ гаргуулах харилцаа юм. Тэгэхээр уг *** дугаар байр одоог хүртэл 30 хувийн шинээр баригдсан барилгаас өөрийн өмчийн гэрчилгээг шинээр авахаар Ц.Д мэдүүлэг гаргасан. Тиймээс шинээр гэрчилгээ авах гэж байхад бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалтыг үндэслэсэн захиргааны байгууллагын акт хууль зөрчсөн гэж үзэж байна...” гэжээ.

Гуравдагч этгээд “У” ХХК хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн орон сууц нь “М” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарч байгаа юм.

“М” ХХК нь Утай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн нэмэлт гэрээ тус тус байгуулж нийт 3,467,493,640 төгрөгийн зээлийг авсан.

Дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Зээлийн барьцааны гэрээг байгуулан, ***-гийн гудамж *** тоот хаягт 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй  барилгын гэрчилгээ, *** тоот автомашины зогсоолын зориулалттай *** хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ, Г*** тоот автомашины зогсоолын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон тэдгээрийн ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт тус тус барьцаалсан.

Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй *** дугаар байр тухайн үед “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрх нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан байсан. Гэтэл “М” ХХК нь банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, ашиг олох зорилгоор иргэн Ц.Д тэй 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” –нүүдийг тус тус байгуулсан бөгөөд энэ талаар банкинд огт мэдэгдээгүй болно. Энэхүү үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30.1, Зээлийн барьцааны гэрээний 5.4-т тус тус заасан барьцааны зүйлийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл авах хуульд заасан журмыг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн *** хотхоны *** дугаар байрны *** тоотод байрлах 100.53 м.кв орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй, хүчинтэй хэвээр байна.

Учир нь “М” ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул Унаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс “хариуцагч “М” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулан Уинд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ***гийн *** тоот барилга, мөн хаягт байрлах *** тоот автомашины зогсоол, .....Г*** тоот барилга, ...зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанд даалгаж” шийдвэрлэсэн. Зээлдэгч “М” ХХК нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан зээлийн төлбөрөө өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй байх тул *** хотхоны *** дугаар байрны *** тоот орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг дуусгавар болоогүй байна. Мөн дээрх шүүхийн шийдвэрээр “... “М” ХХК-ийн иргэдтэй байгуулсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулж байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т зааснаар “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх”, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1.3-т “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан байх” гэж заасны дагуу Уны барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахад банкнаас заавал зөвшөөрөл авсан байх үүрэгтэй тул улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Иймд иргэн Ц.Д гийн өмчлөгчөөр бүртгүүлэн, гэрчилгээ олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: эрхийн улсын бүртгэлд Ү-*** дугаарт *** тоот орон сууцны дутуу гүйцэтгэлтэй барилга, Ү-*** дугаарт *** тоот авто зогсоолын барилга, Ү-*** дугаарт Г*** тоот 80 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолын барилга бүртгэгдсэн. Нэхэмжлэгчийн авто зогсоол Ү-*** дугаарт бүртгэлтэй Г*** дугаар барилгад хамаарч байгаа.

Нэхэмжлэгч анхнаасаа бүртгэлгүй байсан хөрөнгийг шинээр бүртгүүлэх талаар ярьж оролцогчдыг төөрөгдүүлж байна. Үнэндээ өмнө нь 3 эд хөрөнгө буюу 30, 80, *** хувийн тус тус гүйцэтгэлтэй объектууд нь ирээдүйд хийх гүйцэтгэлийн хамт хариуцагч байгууллагад бүртгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл эд хөрөнгүүд нь өмнө нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд энэ нь шинээр эд хөрөнгөө бүртгүүлэх асуудал биш тул хариуцагч байгууллагаас бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эд хөрөнгийг бүртгэхээс татгалзах олон үндэслэл байдгийн хамгийн ноцтой буюу чухал авч үзэх шаардлагатай нөхцөл нь бүртгүүлэхээр хүссэн эд хөрөнгө нь өмчлөлийн эрхтэй холбоотой маргаан байгаа тохиолдолд бүртгэх боломжгүй. Тийм учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар шинээр эд хөрөнгө бүртгэх тухай асуудал биш бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу үл хөдлөх эрхийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буй хариу тайлбар хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Одоо уг объект 80 хувийн гүйцэтгэлтэй “У” ХХК-ийн барьцаанд байгаа. Хэрэв үүнийг салгаж бүртгүүлэхээр бол эхлээд 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа хасалт хийх тул энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д зааснаар улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийх тухай асуудал юм. Гэтэл мөн хуулийн 19.1-д заасны дагуу нэмэлт өөрчлөлт оруулахад мөн хуулийн 19-2-т зааснаар барьцаалагчийн зөвшөөрөл шаардлагатай. “М” ХХК нь “У” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны үүргээ биелүүлээгүй тул гуравдагч этгээдийн зүгээс зөвшөөрөл олгох боломжгүй. 

Иймд нэхэмжлэгч хариуцагчийг хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа үндэслэл нь хариуцагчийн татгалзаж буй үйлдэл биш гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн бүртгэхээс татгалзсан үйлдэл бус “М” ХХК нь иргэд болон “У” ХХК-д аль аль талд нь мэдэгдэлгүйгээр гэрээ хийсэн үйлдлээс үүдэн нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд хариуцагчийн хуулийн дагуу бүртгэсэн үйлдлийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн 30,80 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээний тухайд маргахгүй гэсэн хирнээ дутуу гүйцэтгэлтэй барилгад гэрчилгээ олгож болно гэж заалтыг баримтлан хариуцагчийг буруутгаж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Ц.Д г *** тоот 100.53 кв.м 3 өрөө орон сууц, *** дугаар байрны зоорийн давхрын *** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Ц.Д нь 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “М” ХХК-тай 1А/07 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, *** тоот “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулж, гэрээнд тусгаснаар 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 12/01 тоот арилжааны гэрээний дагуу төлбөрийг тооцож, “М” ХХК-ийн *** гудамж *** дугаар байрны *** тоот 100.53 м.кв 3 өрөө орон сууц, Г*** дугаар байрны зоорийн давхрын *** автомашины зогсоолыг эзэмшжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор “М” ХХК-ийн барьсан *** гудамж *** дугаар байрны *** тоот 100.53 м.кв 3 өрөө орон сууц, Г*** дугаар байрны зоорийн давхрын *** автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д г тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 

Ц.Д 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх орон сууц болон авто зогсоолыг өмчлөлдөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт, мэдүүлэг гаргасан байх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууц бүртгүүлэх мэдүүлэг дээр “...1/ орон сууцны барилга бүхэлдээ улсын бүртгэлд Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 2/ Уны барьцаанд бүртгэлтэй тул зөвшөөрөл авах шаардлагатай, 3/ албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолтой” гэсэн үндэслэл зааж “буцаав” гэсэн тэмдэглэгээтэйгээр, авто машины зогсоолын мэдүүлэг дээр “орон сууцтай ижил нөхцлөөр буцаав” гэсэн тэмдэглэгээтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үндэслэлүүдээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзжээ. 

*** гудамж *** дугаар байрны *** тоот 100.53 м.кв 3 өрөө орон сууц, Г*** дугаар байрны зоорийн давхрын *** автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын татгалзал  дараах үндэслэлтэй байна.

“М” ХХК-ийн гаргасан мэдүүлгээр *** дугаар 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт,  Г*** дугаар 1650.4 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, авто зогсоолын барилга 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт тус тус “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, мөн “М” ХХК, У хоорондын 2011 оны 07 дугаар сарын 27,  2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ***, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот барьцааны гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд бүхэлдээ барьцаалагдсан, уг барьцааны эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, өөрөөр хэлбэл 2014 онд орон сууц, авто зогсоол захиалан бариулах гэрээний дагуу нэхэмжлэгчийг уг орон сууц, авто зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаас өмнө 2011 онд барилгууд бүхэлдээ өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн төдийгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “шинээр бий болсон болон баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх” талаар зохицуулсан бөгөөд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн түүн дээр баригдаж буй барилгыг дуусаагүй, дутуу гүйцэтгэлтэй байхад нь бүртгэж болох мөн зүйлийн 16.2 дахь заалтын дагуу бүртгэсэн нь хууль зөрчөөгүйн дээр ийнхүү бүртгэх үед нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Нэхэмжлэгч тал дуусаагүй барилгыг бүртгэх талаарх дээрх зохицуулалтыг үгүйсгээгүй атлаа, ийнхүү бүртгэгдсэн барилгаас өөрт ногдох хэсгийг бүртгүүлэхээр хандахдаа шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн орон сууц, авто зогсоол нь ***, Г*** дугаартай барилгад багтаж бүхлээрээ эрхийн улсын бүртгэлд Ү-***, Ү-*** дугаарт бүртгэгдсэн, түүнээс өмчлөх эрх олж авсан өмчлөгч нь өөрт ногдох орон сууц, авто зогсоолын хэсгийг эрхийн улсын бүртгэлд салгаж бүртгүүлэхэд Ү-***, Ү-*** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ тэр хэмжээгээр хасагдаж эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт ордог, өөрөөр хэлбэл энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах зохицуулалтад хамаарна. 

Иймээс нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэх эрхтэй ч ийнхүү эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээдийн буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн Уны зөвшөөрлийг заавал авсан байхыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар шаарджээ. 

Иймд Ц.Д г өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлгээ гаргах үед түүний бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Могулскай” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байснаас гадна  уг үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцааны гэрээ бүртгэлтэй байсан тул бүртгэхээс татгалзаж, Уны зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр бүртгүүлэх боломжтойг мэдэгдэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 “мэдүүлэгт дурьдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, 19 дүгээр зүйлийн 19.2 “эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байна”,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн заалтуудад нийцсэн, хууль ёсны үйлдэл байна. 

Түүнчлэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нэг үндэслэл болох албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан гэх үндэслэл нь ийнхүү татгалзсан тухайн цаг хугацаанд мөн л үндэслэлтэй байжээ. 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “М” ХХК-иас 2.055.460.140 төгрөгийг гаргуулж, Уинд олгохоор, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлсийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэлийн шаардлагад хамаарах орон сууц, авто зогсоол бүхий *** гудамж, *** хотхоны *** дугаар байр, Г*** дугаар барилга бүхэлдээ багтжээ. 

Дээрх шийдвэрийн дагуух шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоотоор Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст  “М” ХХК-ийн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, үүнд Ү-***, Ү-*** дугаарт бүртгэлтэй ***, Г*** дугаартай барилгууд бүхэлдээ багтсан байна. 

Мөн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 140/001 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу зарим эд хөрөнгийг хурааж албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, үүнд Г*** дугаар барилга авто зогсоолууд багтсан, харин хураагдсан орон сууцанд *** дугаар байрны *** тоот орон сууц тусгагдаагүй байдаг ч *** дугаар байр бүхэлдээ битүүмжлэгдсэн байдаг. 

Иймд Ц.Д г өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлгээ гаргах үед түүний бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Могулскай” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулж байсан тул энэ үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй байна. 

Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон нэр бүхий иргэдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагааны холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01521 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 720 дугаар магадлалыг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01006 дугаар тогтоолоор “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010  дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан  ***гийн гудамж, *** хотхоны *** дугаар байр ... Ц.Д гийн *** тоот орон сууц болон *** тоот автомашины зогсоол ... д холбоотой бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.  

Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1006 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн ч барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй, зээлийн барьцааны гэрээ эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчилж бүртгэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөх барьцаалагч Уны зөвшөөрлийг шаардах нь зүйн хэрэг, өөрөөр хэлбэл мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үндэслэлүүд арилаагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “барьцаалуулагч нь барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй”, өөрөөр хэлбэл “М” ХХК нь барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь буруу байна. 

Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөлдөө бүртгүүлэхээр “2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг гаргасан, энэ нь түүний мөн өдөр гараар бөглөж бичсэн орон сууц, авто зогсоол бүртгүүлэх тухай хүсэлтүүдээр тогтоогдоно, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гаргасан мэдүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан мэтээр хариуцагч сольж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр татгалзсан үндэслэл бичиж буцаасан, өөрөөр хэлбэл мэдүүлгийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй, мөн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа “ ... бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон ... ” гэж тодорхойлсон ба “мэдүүлгүүд дээрх гараар бичсэн бичиглэл болон хүсэлтүүд дээрх гараар бичсэн бичиглэлүүд бичгийн хэлбэрийн хувьд зөрүүтэй, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл дээрх түүний гарын үсэг нь мэдүүлэг болон хүсэлтэд бичсэнээс мөн зөрүүтэй байх бөгөөд хариуцагч мэдүүлгийг сольсон эсэх дээр тухайлан үгүйсгэж маргаагүй болно. 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан 14 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй байж болохоор хэдий ч уг эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл үгүй, дээр дүгнэгдсэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасан үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүй бүрийг шууд хууль бус гэж дүгнэх боломжгүй, эс үйлдэхүй дангаараа даалгах шаардлагыг хангах үндэслэл болохгүй, бүр тодруулбал хугацаанд нь шийдвэрлээгүй байдал нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасан үйлдлийг хууль бус гэж үзэх, бүртгэхийг даалгах үндэслэл болохгүй. 

Ийнхүү *** тоот 100.53 кв.м 3 өрөө орон сууц, Г*** дугаар байрны зоорийн давхрын *** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр Ц.Д гийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бүртгэлийн байгууллагын шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хуульд зааснаас өөрөөр хөндөөгүй байх тул “*** тоот 100.53 кв.м 3 өрөө орон сууц, Г*** дугаар байрны зоорийн давхрын *** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд өмчлөлдөө шилжүүлэн бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах эрхтэй, шүүхийн энэхүү шийдвэр нь Ц.Д г Унаас зөвшөөрөл авсны үндсэн дээр өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хандах, энэ талаар шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй. 

Хариуцагч нь тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарах *** тоот автомашины зогсоол бүхий Г*** дугаар эрхийн улсын бүртгэлд Ү-*** дугаарт бүртгэгдсэн барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй *** дугаар барилгатай андуурч бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ц.Д г *** тоот 100.53 кв.м 3 өрөө орон сууц, *** дугаар байрны зоорийн давхрын  *** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ц.Д г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА