Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1287

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00946/и

 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** А*** /РД: *** /,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** Д*** /РД: *** /,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** О*** /РД: МЮ78022880/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д*** х албанд холбогдох,

 

“*** ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн *** тай “үнэлгээчин томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т***, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тай шүүгчийн захирамжаар 131,359,046 төгрөгийг Б.А*** гаас гаргуулж *** банкинд олгохоор шийдвэрлэсэн. *** албаны шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилж, үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн. Улмаас *** ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ гаргасан. Дээрх үнэлгээгээр миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилохдоо бидний саналыг авахгүйгээр үнэлгээчин томилж, дээрх үйлчилгээний зардал хэт өндөр байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** байранд байрлах худалдаа үйлчилгээний барилга, 20 мкв өргөтгөлийн барилга, 111 мкв талбай бүхий Худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний *** ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өприйн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д*** , Г.О*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   “Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тай шүүгчийн захирамжаар 131,359,046 төгрөгийг Б.А*** гаас гаргуулж *** банкинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. *** албаны шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилж, үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн. Улмаас *** ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ гаргасан. Бид уг орон сууцыг худалдан авахдаа банкны зээлээр авч, маш их хэмжээний хүү төлж, олон жилийн хүч хөдөлмөрөө шингээж энэ байрыг авч байсан. Дээрх үнэлгээгээр миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилохдоо бидний саналыг авахгүйгээр үнэлгээчин томилж, дээрх үйлчилгээний зардал хэт өндөр байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ***0 тоот, 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний *** ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээ, ***ар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай 2016 оны 05 сарын 17-ны өдрийн *** тай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А*** , Б.Д*** , Г.О*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд “*** ” ХХК-ийн үнэлгээгээр Б.А*** , Б.Д*** , Г.О*** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар ямар нэг гомдол гаргаагүй. Иймээс үнэлгээчин томилох тухай тогтоол, *** ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Д*** х алба шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар Б.А*** гаас 131,359,046 төгрөгийг гаргуулж, *** банкинд олгохоор шийдвэрлэгджээ.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул 2015 оны 11 сарын 02-ны өдрийн 42/119 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** байранд байрлах Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 59,6 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн *** ын улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 20,0 мкв талбайтай өргөтгөлийн  байр, 111 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжлэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** эд хөрөнгө хураах тогтоолоор, мөн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн *** тай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох Б.Д*** , Г.О*** нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ***0 тоот, Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2016 оны 01 сарын 15-ны өдрийн ** дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хураан  авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах талаар мэдэгдэхэд өмчлөгч Б.Д*** , Г.О*** нар нь үнийн санал өгөхөөс татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2016 оны 04 сарын 26-ны өдөр манай албанд ирүүлсэн бөгөөд төлбөр төлөгч Б.А***   болон төлбөр авагч *** банкнаас хөндлөнгийн үнэлгээчин томилон үнэлүүлэх саналаа гаргасан.

Иймд дээрх хуульд заасны дагуу 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 11 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, *** ХХК-ийг  үнэлгээчнээр томилон үнэлүүлэхэд дээрх эд хөрөнгийг нийтэд нь 185,295,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Б.Д*** , Г.О*** нарын өмчлөлийн орон сууцыг 75,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч Б.А*** , Б.Д*** , Г.О*** нар нь *** албанд холбогдуулан, “*** ” ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд энэхүү гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна.

 

Б.А*** гийн гомдолтой, Д*** х албанд холбогдох, Б.Д*** , Г.О*** нарын гомдолтой, Д*** х албанд холбогдох иргэний хэргүүдэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд гомдлын үндэслэл ижил, нэг шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой зэрэг үндэслэлээр зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар тус хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэсэн болно.

 

Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн *** дугаар “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Б.А*** нь *** банкинд 131,359,046 төгрөг 92 мөнгийг 2015 оны 09 сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, эвлэрсэн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан бөгөөд мөн шүүгчийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.

 

Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 42/0119 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** байранд байрлах Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 59,6 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, *** ын улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 20,0 мкв талбайтай өргөтгөлийн  байр, 111 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг тус тус битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ***тай тогтоолоор хураан авсан, мөн 2016 оны 01 сарын 06-ны өдрийн *** тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ***0 тоот, Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2016 оны 01 сарын 15-ны өдрийн ** дугаар эд хөрөнгө хураасан тогтоолоор хураан авсан байна.

Гомдол гаргагч Б.А*** нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д*** х албанд үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан, тус албаны 2016 оны 02 сарын 29-ний өдрийн албан бичгээр өмчлөгч Б.Д*** , Г.О*** нараас үнийн санал авах тухай мэдэгдэхэд дээрх хүмүүсээс үнийн санал өгөх хүсэлгүй байгаа тухай мэдэгдсэн, төлбөр авагч *** банк барьцаа хөрөнгийг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан Б.А*** гийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 2016 оны 02 сарын 26-ны өдрийн хүсэлт, тус албаны 2016 оны 02 сарын 29-ний өдрийн 03/804 дугаар албан бичиг, Б.Д*** , Г.О*** нарын үнэлгээ өгөхөөс татгалзсан хүсэлт, *** банкны 2016 оны 05 сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн *** тай үнэлгээчин томилох тухай тогтоолоор *** ХХК-ийг томилсны дагуу тус компанийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** байранд байрлах Худалдаа үйлчилгээний барилгыг 71,520,000 төгрөгөөр, Өргөтгөлийн барилгыг 36,000,000 төгрөгөөр, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 2,775,000 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ***0 тоот, 3 өрөө орон сууцыг 75,000,000 төгрөгөөр, нийтдээ 185,295,000 төгрөгөөр үнэлжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаануудын талаар талууд гомдол гаргаагүй болно.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч Б.А*** , Б.Д*** , Г.О*** нар нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн байх боловч ийнхүү хэт багаар үнэлсэн гэх үндэслэлээ нотлоогүй байна.

Мөн гомдол гаргагч нар үнэлгээчин томилохдоо бидний саналыг аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх үндэслэлүүдийг заасан бөгөөд 37.2.2-т төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заасан байх тул гомдол гаргагч нарын дээрх тайлбар үндэслэлгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч нар нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Б.А*** , Б.Д*** , Г.О*** нарын Д*** х албанд холбогдуулан гаргасан “*** ” ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гомдол гаргагч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.А*** , Б.Д*** , Г.О*** нарын Д*** х албанд холбогдуулан гаргасан “*** ” ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.А*** , Б.Д*** , Г.О*** нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ