Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00298

 

          Б.Алтантуяа, Б.Дархансүх,

Г.Оюунцацрал нарын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Алтантуяа

Нэхэмжлэгч : Б.Дархансүх, Г.Оюунцацрал

Хариуцагч : Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэгчийн 2016.5.17-ны өдрийн 11 дүгээр тогтоол болон 2016.06.02-ны өдрийн үнэлгээний тайлангийн холбогдох хэсгийг  хүчингүй болгох тухай

Нэхэмжлэгч Б.Алтантуяагийн төлөөлөгч Н.Төгсбаярын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн 2015.6.03-ны өдрийн 147 дугаартай захирамжаар 131.359.046 төгрөгийг Б.Алтантуяагаас гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016.5.17-ны өдөр 11 дугаар тогтоолоор Капитал зууч ХХК-р үнэлгээ хийлгэхээр тогтоосон бөгөөд үүний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай барилга, улсын бүртгэлийн Ү-20003015723 дугаарт бүртгэлтэй өргөтгөлийн барилга, худалдаа үйлчилгээний зориулалттай Г-0359583 дугаар гэрчилгээтэй газрыг үнэлсэн.   Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн мөн  санал авахгүйгээр үнэлгээчин томилсон, үнэлгээчний зардал хэт өндөр байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийн 2016.6.02-ны өдрийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Дархансүх, Г.Оюунцацрал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Шүүхийн 2015 оны 147 дугаар захирамжаар 131.359.046 төгрөгийг Б.Алтантуяагаас гаргуулж Хаан банкинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2016.5.17-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор үнэлгээчин томилсон. Капитал зууч ХХК 2016.6.02-ны өдөр үнэлгээ гаргасан. Бид уг орон сууцыг худалдан авахдаа банкны зээлээр авч, маш их хэмжээний хүү төлж, олон жилийн хүч хөдөлмөрөө шингээсэн. Бид улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум,10-р баг, 5-р хороолол, 2А байр,  60 тоот  3 өрөө сууцыг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийн 2016.6.02-ны өдрийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь Б.Алтантуяагийн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.6.03-ны өдрийн 147 дугаар захирамжаар Б.Алтантуяагаас 131.359.046 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул  2015.11.02-ны өдрийн  42/119 дугаар  битүүмжлэх  тогтоолоор барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах 59,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 20,0 мкв талбайтай өргөтгөлийн байр, 111 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжлэн, 2015.11.12-ны өдрийн 012 дугаар хууран авч  Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу санал авах талаар мэдэгдэхэд үнэлгээчин томилуулах хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 26/ 

Хариуцагч нь Б.Дархансүх, Г.Оюунцацрал нарын нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.6.03-ны өдрийн 147 дугаар захирамжаар Б.Алтантуяагаас 131.359.046 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул 2016.01.06-ны өдөр  002  дугаар  битүүмжлэх тогтоолоор 60 тоот Ү-2003000560 дугаартай 39 кв.м 3 өрөө орон сууцыг битүүмжлэн 2016.01.15-ны өдрийн 013 дугаар тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177.1-т заасны санал авах талаар мэдэгдэхэд үнэлгээчин томилуулах хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 57/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-г баримтлан Б.Алтантуяа, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нарын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн 2016.6.02-ны өдрийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Алтантуяагийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, газар нь төв зам дагуу байрлалтай А зэрэглэлийн бүсд хамаарагдах бөгөөд зах зээлийн үнэлгээгээр өндөр үнэлгэдэх боломжтой барилга. Гэтэл томилсон үнэлгээчний гаргасан үнэлгээ нь өмчлөгч нарын өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр үнэлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дахин үнэлгээчин томилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Б.Алтантуяа нь  “...Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.5.17-ны өдрийн 11 дүгээр тогтоол болон Капитал зууч ХХК-ийн 2016.6.02-ны өдрийн үнэлгээний тайлангаас Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаарт бүртгэлтэй барилга, улсын бүртгэлийн Ү-20003015723 дугаарт бүртгэлтэй өргөтгөлийн барилга, худалдаа үйлчилгээний зориулалттай Г-№0359583 дугаар гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгох...”,

Б.Дархансүх, Г.Оюунцацрал нар  “...хариуцагчийн  2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр  тогтоол болон  Капитал зууч ХХК-ийн 2016.6.02-ны өдрийн үнэлгээний тайлангаас улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 2А байр, 60 тоот 3 өрөө сууцны үнэлгээг хүчингүй болгох...” шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг /хх 124/ давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. /хх 137/

1. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.Төгсбаярын /хх 17, 61/ гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Алтантуяа нь 131.359.046 төгрөг төлөх тухай Хаан банктай харилцан тохиролцож  2015.6.03-ны өдөр 171 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсныг Сум дундын 7-р шүүхийн  шүүгч 2015 оны 6 дүгээр сарын 03-ны өдөр 147 дугаар захирамжаар /хх 74/ баталгаажуулсан хэдий ч Б.Алтантуяа  мөнгийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4233 дугаар захирамжаар /хх 73/ 507 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 72/ бичигдэж,  албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

 Төлбөр төлөгч Б.Алтантуяа 2016.02.26 -ны өдөр Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд хандан эд хөрөнгөө  үнэлүүлэх хүсэлт гаргасан, мөн сарын 29-ний өдрийн Б.Дархансүх, Г.Оюунцацрал нарт үнийн талаар санал авах тухай мэдэгдэхэд  үнийн санал өгөөгүй, төлбөр авагч нь хөрөнгийг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлэх хүсэлт гаргасан нь тус тус тогтоогдсон буюу талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх  ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчөөгүй гэж үзнэ.   

Хоёр шатны шүүх Б.Алтантуяа, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нарын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.    

 2. Харин шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулна.

а/. Нэг хариуцагчид холбогдох Б.Алтантуяа болон Б.Дархансүх, Г.Оюунцацрал  нарын нэхэмжлэл хоорондоо ялгаатай байхад шүүх тэдгээрийг нэг шаардлага гаргасан байдлаар шийдвэр гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.   

Б.Алтантуяа нь 131.359.046 төгрөг төлөхөөр Хаан банктай харилцан тохиролцож  2015.6.03-ны өдөр 171 дугаар эвлэрлийн гэрээ байгуулсаныг Сум дундын 7-р шүүх 2015 оны 147 дугаар захирамжаар баталгаажуулсан бөгөөд Б.Алтантуяа мөнгө төлөөгүй тул  2015 онд 507 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байдаг. 507 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу явагдсан ажиллагааг эс зөвшөөрч Б.Алтантуяа 2016.6.07-ны /хх1/ өдөр, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нар /хх 37/ 2016.6.08-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5637 дугаар захирамжаар  нэгтгэсэн хэдий ч шаардлага нь өөр өөр тул нэхэмжлэл тус бүрийн талаар шийдвэрт заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ.

Б.Алтантуяа нь “...шийдвэр гүйцэтгэгчийн 2016.5.17-ны өдрийн 11 дүгээр  тогтоолыг бүхэлд хүчингүй болгох, үнэлгээний 2016.06.02-ны өдрийн тайлангаас Ү-2003006821, Ү-2003015723, Г-№0359583 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөд холбогдох хэсгийг  хүчингүй болгох...” нэхэмжлэлийг, харин Б.Дархансүх, Г.Оюунцацрал нар нь “шийдвэр гүйцэтгэгчийн 2016.5.17-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох, үнэлгээний 2016.6.02-ны өдрийн тайлангийн Ү-2003000560 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгох...” нэхэмжлэлийг тус тус гаргасан тул  Б.Алтантуяа болон Б.Дархансүх, Г.Оюунцацралын нарын шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна. 

б/. Нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргасан байхад улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлээгүй нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөх байхад хоёр шатны шүүх нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн гэж үзсэн нь буруу байна.    

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг  Б.Алтантуяа  2016.6.07-ны /хх1/ өдөр, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нар /хх 37/ 2016.6.08-ны өдөр тус тус шүүхэд  гаргаж, өөр өөр эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжид Б.Алтантуяагаас 70.200 төгрөг,  Б.Дархансүх, Г.Оюунцацрал нараас 70.200 төгрөг нийт 140.400 төгрөг гаргуулах өөрчлөлтийг  шийдвэр болон магадлалд  оруулна.

 3. Түүнчлэн, нэхэмжлэгч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан үндэслэлээр Б.Алтантуяагаас 70.200 төгрөг, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нараас 70.200 төгрөг нийт 140.400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-г баримтлан Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2016.5.17-ны өдрийн 11 дүгээр тогтоол болон 2016.6.02-ны өдрийн үнэлгээний тайлангаас Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаарт бүртгэлтэй  барилга, улсын бүртгэлийн Ү-20003015723 дугаарт бүртгэлтэй өргөтгөлийн барилга, худалдаа үйлчилгээний зориулалттай Г-№0359583 дугаар гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгох тухай Б.Алтантуяагийн нэхэмжлэл болон 2016.5.17-ны өдрийн 11 дүгээр тогтоол мөн 2016.6.02-ны өдрийн үнэлгээний тайлангаас улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум,10-р баг, 5-р хороолол, 2А байр, 60 тоот  3 өрөө сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай  Б.Дархансүх, Г.Оюунцацрал нарын нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн  хоёр  дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг,  57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэг, 60-р зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан Б.Алтантуяагаас 70.200 төгрөг, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нараас 70.200 төгрөг нийт 140.400 төгрөг гаргуулж  улсын орлогод оруулсугай...”  гэж,

магадлалын тогтоох хэсгийн хоёр  дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан Б.Алтантуяагаас 70.200 төгрөг, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нараас 70.200 төгрөг нийт 140.400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.Төгсбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан Б.Алтантуяагаас 70.200 төгрөг, Б.Дархансүх, Г.Оюунцацрал нараас 70.200 төгрөг нийт 140.400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                         ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ