Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 01335

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг тариаланчид 11-7 тоотод оршин суух, /Регистрийн дугаар БЗ67072103/, Дураал овгийн Буян-Оршихын Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд хариуцагдах  “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд 22 дахь жилдээ ажиллаж байна. Би номын санч-үйлчлэгчээр ажиллаж байтал СМТ-ын захирал Б.Оюунгэрэл 2016-08-18-ны өдрийн 23 тоот тушаал гарган, намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосонд гомдолтой байна. Би ажил таслаж байгаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй учир надад ажлаас халагдах ямар нэгэн шалтгаан байхгүй болно. Би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй билээ. Гэтэл Б.Оюунгэрэл захиралын тушаалд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас халсан бололтой юм. Энэ нь намайг гүтгэсэн хэрэг бөгөөд түүний хууль эрх зүйн мэдлэггүй болох нь тодорхой харагдлаа. Мөн тушаалд ажил хүлээлцэх комиссийн бүрэлдэхүүнд гишүүдэд Б.Оюунгэрэл эрхлэгч гэж бичсэн байгаа нь өөрийгөө ажил хүлээлцэх комисст оруулсан нь ямар учиртай юм бол. Б.Оюунгэрэл нь ээлжийн амралттай байхдаа намайг ажлаас халах тушаал гаргаж байгаа нь тэр хүний ёс зүйд нийцэхгүй бөгөөд энэ нь хүчин төгөлдөр эрхийн акт биш гэж үзэж байна. Иймд Б.Оюунгэрэл захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүйд тооцож, намайг Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Оюунгэрэл намайг хэсгийн хороонд ажиллаж байхдаа ажлын байранд архи уусан гэж гүтгэсэн. Би суманд хэрэгжиж байгаа ногооны талбай, хашаажуулах төсөлд оролцох төсөл бичиж байтал Улаантолгойн багийн засаг дарга Ц.Бямбасүрэн номоо солихоор орж ирэхээр нь би зөвлөгөө авч байтал Оюунгэрэл гарахдаа Соёл мэдээллийн төвийн гадна хаалгыг гаднаас нь түгжиж явсан байсан. Би гэрээт харуул Лхагвадавааг утсаар дуудаж гадна хаалга онгойлгуулж гарсан. Э Соёл мэдээллийн төвийн камерт бичигдсэн гэж Оюунгэрэл хэлдэг боловч камер үзүүлээгүй.Намайг архи уусан гээд гүтгээд байгаа юм. Би огт ажил таслаагүй.6 сард 3 өдрийн цалин хассан байсан.Цагийн бүртгэл үзээгүй.Оюунгэрэл өөрөө  цаг бүртгэдэг.6 сарын 6-8-нд өөрөө томилолтоор явсан байсан.Тэр үедээ намайг тасалсан гэж гүтгэж цагийн тайлан гаргаж өгсөн. Оюунгэрэл цагийн бүртгэлийг хэнд ч өгдөггүй, хэнд ч үзүүлдэггүй.  Явахдаа хэн нэгэнд үлдээгээгүй. Би үүнийг 6 сарын цалингаа авахдаа мэдсэн. Би амраад 8 сарын 16-нд ажилдаа ороход Оюунгэрэл дарга ажилдаа орсон байсан.Надад ямар нэгзүйл мэдэгдээгүй гэнэт 8 сарын 18-ны өглөө тушаал өгсөн.Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Оюунчимэгийг Жаргалант сумын соёл мэдээллийн төвийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай тушаалаар халсан нь үндэслэлтэй. Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажил таслаж, Соёл мэдээллийн төвд сонгуулийн хэсгийн хороо байрлаж байхад ажлын байран дээр архи уусан. Нотлох баримтууд байгаа. Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Оюунгэрэл би БСГ-ын даргын 296 тоот дугаартай албан тоотын дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орж 15-ны өглөө Сумын засаг дарга Х.Бөхтулгад албан ёсоор мэдэгдсэн. Б.Оюунчимэгийг ээлжийн амралттай үедээ халаагүй болно. Иймд Б.Оюунчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах үндэслэлтэй тул Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх, хэрэгт авагдсан 23 дугаартай тушаал,цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ,дотоод журам зэргийг шинжлэн судлаад

                                                                    ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд номын санч-үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Оюунчимэгийг  Соёл мэдээллийн төвийн захиралын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 8.2.2, 8.2.3, 11.1.1, 11.1.2,11.1.4-ын 6 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1.1 дэх заалт зэргийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар,хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан тушаалын хуулбар зэргээр нотлогдсон.Хариуцагч тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа” . Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажил таслаж, Соёл мэдээллийн төвд сонгуулийн хэсгийн хороо байрлаж байхад ажлын байран дээр архи уусан” гэжээ.

Б.Оюунчимэгийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан,ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн,эсвэл согтуу ирсэн” бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан,хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2,11.1.4-д энэ талаар мөн заасан байх боловч Б.Оюунчимэг хэдийд хэдэн өдрийн ажил тасалсан болох нь,мөн ажлын байран дээр 6 сарын 22-ны өдөр архи уусан болох нь тус тус нотлох баримтаар тогтоогдоогүй,хариуцагч өөрийн шийдвэр болон хариу тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.Иймд хариуцагчийн 2016 оны 23 дугаартай тушаал үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч түүний төлөөлөгч өмгөөлөгч нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”гэж, 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх,хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-д”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл,тайлбар,түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтыг өөрөө цуглуулах гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны мэдэгдэх хуудас хүлээж авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хянан шийдвэрлэсэн болно.    Б.Оюунчимэгийг  Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 1 524 087 төгрөг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.Б.Оюунчимэг сард 571533 төгрөгний дундаж цалин авч байсан болох нь хэргийн 11 дүгээр худаст байгаа цалингийн тодорхойлолт,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон ба 2016-8-18-наас хойш 56 хоног ажилгүй байсан байх тул энэ хугацааны олговорыг тооцсон/571 533:21х56/болно.

            Нэхэмжлэгч Б.Оюунчимэг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмэдгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байтал 70200 төгрөг төрийн санд тушаасан байх тул мөн хуулийн 44.1.2-д заасны дагуу буцаан олгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас 39335 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,156 дугаар зүйлийн 156.1.1 -д заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Оюунчимэгийг  Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвөөс 1,524,087 төгрөг гаргуулан холбогдох хуулийн дагуу төлөх шимтгэл хураамжийг тооцон Б.Оюунчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж Б.Оюунчимэгт олгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 39335 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ

.