Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 01396

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7а-30 тоотод оршин суух Өлзийжаргал овогтой Батмандахын /ФД-82061311 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7а-30 тоотод оршин суух Намхай овогтой Амарзаяад /ИЭ-78060267 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга .......... хариуцагч Н.Амарзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Ө.Батмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Н.Амарзаяатай 2009 онд танилцаж ханилаад 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулан 1 гэрт амьдарсан.Танилцсанаасаа хойш 2009-2014 онд хүүхэдтэй болох гэж байнгын эмчилгээнд явж байсан.Ингээд үр дүн өгөөгүй учир 2014-2016 он хүртэл үр суулгах эмчилгээнд 3 удаа орсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас эмчилгээ амжилтгүй болж байсан.Цуг амьдарч, эмчилгээ хийлгэж байх хугацаанд эхнэр Амарзаяа намайг байнга элдэв янзаар хараан зүхэж, хүүхэдтэй болохгүй байгаа шалтгаанаа надаас болж байгаа мэтээр эр хүний минь хувьд дорд үзэн харьцдаг байсан ба гэр орондоо тайван амарч чадахаа байсан.Өдөр бүр хэрүүл хийж, сүүлдээ хардаж, сэрдэж тайван байлгахаа больсон.Үүгээр ч зогсохгүй гэр бүлийн хэрүүлдээ миний гэр бүл, ээж дүү нарыг минь оролцуулж удам угсаагаар минь доромжлох болсон.Би энэ бүх хугацаанд бидний зан ааш, үзэл бодол таарахгүй гэдгийг маш сайн ойлголоо.Намайг эр нөхрөө гэж хүндэтгэж үздэггүй, ёс бусаар харьцдаг.Би цаашид энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй.Миний ээж өнөөдөр хүү бэр хоёроороо халамжлуулж чадахгүй, хөлсний байранд амьдарч байна.Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй,татлаа түтлээ байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.       

       Хариуцагч Н.Амарзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Намхай овогтой Амарзаяа нь Өлзийжаргал овогтой Батмандахтай 2009 оны 5 танилцаад 2 сар гаран үерхэж байгаад 2009 оны 11 сард Батмандах нь намайг ээжтэйгээ хамт ах Батбаярын 4-14-130 тоотод амьдарч байхад манай гэрт өмссөн хувцастайгаа орж ирж, хамт амьдрах болсон.Удаагүй урд Хапитатад ах Батбаяр хашаа байшин бариад ээж бид хоёрыг тусад нь гаргасан.Бид хамтдаа л хороололд гарсан.Энэ үед Батмандах нь дүү нар болон ээж Өлзийжаргалын хамт орон гэр байхгүй 6-20-4-р орцонд шатан доор амьдардаг байсан ба ээж нь орцны жижүүр хийдэг байсныг сүүлд  мэдсэн....Хамтдаа амьдрахын төлөө өдийг хүртэл хэн хэн маань зүтгэж явсан.Хамт амьдарснаас хойш 2 жилийн дараа Хапитатын байраа томсгоод тэндээ амьдарч байгаад 28.0 төгрөгөөр зараад, унаж байсан машинаа зарж, хадгаламжинд байсан мөнгөө нэмж, байрны урьдчилгаа  48.0 сая төгрөг хийж, одоо амьдарч байгаа байраа 2014 оны 11-р сард авсан.Амьдарч эхлээд эхний 2 жилд амьдралаа сайжруулах гэж бид 2 үр хүүхдэд анхаарлаа хандуулаагүй явсаар 3 дахь жилэээс нь жирэмсэн болохгүй болохоор нь эмнэлгээр явж эхэлсэн.

     Батмандах шүүхэд гаргасан өргөдөлдөө... намайг буруутан мэтээр бичээд байгааг ойлгохгүй байна. Хамт амьдарч эхэлснээс хойш 3 дахь жилээс гэхээр 2012 оноос л эмчилгээ хийлгэж эхэлсэн.Картан дээр тодорхой байгаа.Бүлтэн эмчийн эмнэлэг дээр эмчлүүлээд гаргахад Бүлтэн  эмч за одоо 2 сарын дараа жирэмслэхгүй бол нөхөрөө үзүүлээрэй гэж хэлсэн.Батмандах өөрөө сайн мэдэж байгаа. Тэрнээс хойш 6 сар өнгөрөхөд жирэмсэн болоогүй ээ...

     Эвлэрүүлэн зуучлалд, шүүхэд өргөдөл өгөөд заавал сална гээд байгаа Батмандахын байгаа байдал одоо бодоход 2015 оны 11 сараас эхэлж хөрч эхэлснийг би сая л анзаарлаа.Үр шилжүүлэн суулгах ажилбарт 2 дахь удаагаа 2016 оны 5-р сард явахад хэрүүлтэй маргаантай л намайг эмнэлэг рүү хүргэж өгөөд л буцсан.Буцаж ирэхэд хүний нөхөр байна даа, хөндий хүйтэн ... би л дурандаа хүүхэдтэй болох гээд байгаа юм шиг л аашилж байсан.Миний сэтгэл санаа тайван, хоёулаа хамтдаа зүтгэж явсан бол энэ 2 суулгалтын нэг ч гэсэн амжилттай болох л байсан.Батмандах өөрөө сэтгэл гаргаж, надад халуун дулаан хандаж, хамтдаа зүтгээгүй байж намайг буруутгаж болохгүй...Хамт амьдарч байсан хугацаанд сайн сайхан зүйл зөндөө л байсан.Тийм ч болохгүй болчихсон амьдрал бишээ.

         Бидний босгосон 7 \долоон\ жилийн амьдралд би л болохгүй бүтэхгүй байсан гэдэгтэй санал нийлэхгүй байна.Батмандах өөрөөсөө жаахан ч гэсэн алдаагаа хайж үзсэн нь дээр болов уу? ...Хадам ээж, дүү нарынх нь гаргаж байгаа ааш авирыг дуугай тэвчиж байсан нь буруу юм болов уу? Манайхыг байранд орсны дараа хадам ээж хэд хоног манайд байхдаа согтуу орж ирэн орилж чарлан хаалга саван агсан тавьж байсан. Батбаатар гэдэг дүү нь хүртэл орж ирж агсан тавьдаг. Дүү нар нь ээжийгээ хүртэл тайван байлгахгүй агсан тавьж зовоодог. Надаас гадна 2 бэр байгаа тэд нартайгаа ч таардаггүй хэрүүл зодоон хийдэг л хүмүүс....

      Би Батмандахтай 7 жил ханилахдаа энэ амьдралын минь насны хань гэж итгэж явсан одоо ч итгэж л байгаа. Намайг яаж гомдоож явсанаа өөрөө мэдэх байлгүй дээ.Энэ бүгдийг би уучилж амьдарсан даа.Энэ амьдарлын эцсийг нь үзтэл салах тал дээр миний хувьд эсрэг байр суурьтай байгаа.Бид хоёрын дундаас төрсөн хүүхэд татлаа түтлээ байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна...” гэж Батмандахын амнаас ямар амархан гарч байна...Долоон жилийн хамтын амьдрал, ханиа гэж бүх амьдралаа зориулсан миний сэтгэлийг торох юмгүй нулимж байгаа юм уу?...Бидний хамтын амьдралыг Батмандах ганцаараа шийдэж дуусгавар болгох эрх түүнд байхгүй гэж бодож байна.Бидэнд зээлтэй ч 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө байр \тавилгатай\, 40-59 орх Соната-7  автомашин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая гөг зарсаны үлдэгдэл /8-р сард орж ирэх 5.0 сая\төг гээд дутуу юм байхгүй.Миний хувьд цаашид эмнэлэгийнхээ үр дүнг үзээд түүнийг уучилж, эвлэрэн амьдарч болно гэж бодож байна.

       Долоон жил хамтдаа зовох цагтаа зовж, зүдрэх цагтаа зүдэрч байж  босгосон амьдралаа сүйтгэхийг Бүсгүй хүн би хүсэхгүй байна.Батмандахыг уучилж, хамтдаа амвдарая гэж бодож, итгэж чадаж байхад эр хүн та ухаарч амьдрах хэрэгтэй.Гэрлэлтээ цуцлуулах гэж яарч, адгаад байгаа учрыг би саяхан мэдсэн.Шүүхэд өргөдөл өгсөн цагаасаа надтай утсаар ярихгүй, миний дуудлагыг авахгүй байгаа ч би өдөр бүр залгаж, түүнтэй учраа олох гэж хичээж байгаа... утас руу нь залгатал эмэгтэй хүн авсан...”Батмандахтай танилцаад 3 сар гаруй болж байгаа түүнийг эхнэртэй гэж мэдээгүй... би хуурагдсан байна шүү дээ ... би жирэмсэн ... нэг болохоор үгүй ч юм шиг... “ зүйл яриад бид хоёр 1 цаг гаруй ярьсан.Шаардлагатай гэвэл утсаар ярьсан бичлэгийг шүүхэд гаргаж өгч болно. Салах гээд байгаа шалтгаан нь энэ эмэгтэй юм бол эр хүн шиг үнэнээ хэлэхэд ... би эмэгтэй хүн долоон жил хамт амьдарсан болохоор түүнийг уучилж чадна шүү дээ.Үнэхээр тэр эмэгтэйгүйгээр амьдрал нь дуусах гээд байгаа бол хамтдаа эвээр асуудлыг шийдье л дээ гэжээ

          Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...  Гэр бүл цуцлах асуудал дээр би салахаар шийдсэн.Нөхөр Ө.Батмандах нь намайг яаж хуурч, гэр бүлээсээ гадуур нэг биш хоёр эмэгтэйтэй дотно харьцаатай байж, адаг сүүлд нь хүүхэдтэй болохгүй байгаа нь зөвхөн миний буруу мэтээр ярьж, надад хүйтэн хөндий хандаж байгаа байдлыг нь тэвчиж чадахгүй байгаа.Дундын өмчлөлийн эд хөрөнгөн дээрээ эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашиныг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг тогтоолгож, бүх эд хөрөнгөө хуваалгахаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Энэ долоон жилийн хамтын амьдралын туршид зээлтэй ч 5-7а-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатай\, байр,40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын машин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая\төг зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Батмандах авсан 5.0 сая төгрөг зэрэг нь бүгд бидний дундын өмчлөлийн эд хөрөнгүүд. Ө.Батмандах нь 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашиныг тендэртэй тээвэрт явахаар 2016 оны 3-р сарын 23 ны өдөр өөрийн санаачилгаараа “Хүчит Арслан” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн.Энэ автомашин нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байна.

        1. 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашиныг 2016 оны 3-р сард А.Батмандах  “Хүчит Арслан” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байх тул уг автомашиныг дундын эд хөрөнгө болохыг тогтоох.

         2. Зээлтэй ч 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатгй\, байр, 40-59 ОРХ улсын дугаартай маркын автомашин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая төгрөгөөр зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Батмандах авсан 5.0 сая'төг, бүгд бидний дундын өмчлөлийн хөрөнгүүд. Эдгээр эд хөрөнгөөс  байр, автомашиныг үнэлүүлж, зээлээ дараад үлдсэн эд херөнгөө хувааж авах.

        3.Ө.Батмандахтай танилцахаас өмнө 2002 онд Завханаас шилжиж ирэхдээ 5 ханатай гэрийн 2 давхар бүрээстэй, шалавч, битүү ширдэг,  2 давхар хаалгатай, зуух зэрэг эд хогшлын хамт Хабитатын байрны дээвэр дээр хураалттай  байсныг минь миний зөвшөөрөлгүй аваад үгүй хийсэн.Хоёр дүүдээ хуваагаад өгсөн байсан.Энэ талаар асуухаар түр бариулж байгаа,өгнө л гээд саяхан гал голомтоо тахиулахаар зуух, гэрийг асуухад чи шүүхдээд аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад ав гэж тавлаад байгаа юм.Энэ гэр миний төрж өссөн, манай удмын гал голомт учраас Ө.Батмандахаас гэрээ бүрэн бүтнээр нь зуухтай нь авна.Эдгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа тул шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

     

         Нэхэмжлэгч Ө.Батмандах сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.Батмандах миний бие н.Амарзаяаг хуурч байсан удаа надад байхгүй. Бид 2 үр хүүхэд олдохгүйн улмаас хоорондын харьцаанд цав үүсч хэрүүл маргаан тасархаа больсон.Хүүхэдтэй болохгүй байгаа шалтгааныг н.Амарзаяа миний бузраас болж болохгүй байна гэж байнга элдвээр хараан хэлж эр хүний хувьд байнга доромжилж төрсөн эхийг минь хүртэл элдвээр дуудан хөөж түүний энэ байдал нь байнга давтагдах болсон тул би салах хүсэлт гаргасан.н.Амарзаяа бид хоёр 2014 оны 08 сард орон сууц авахааар шийдэж 5-7а-30 тоот 61.4 мкв 2 өрөө авах болсон боловч н.Амарзаяаг хамтран зээлдэгчээр оруулах гэсэн боловч ажилласан жилийн хугацаа нь хүрэхгүйгээс 2 сараар хойшилж 2014 оны 10 сард авахаар болсон ч урьдчилгаа мөнгө дутаж Батмандах би үеэл дүү Уранчимэгээс удаан хугацаагаар мөнгө зээлж энэ байрыг авсан.2016 оны 02 сард амьдралдаа нэмэр болгохоор хот хоорондын тендэрт оруулж  амралтаараа таксинд явж байхаар 40-59 ОРХ дугаартай Соната 7 маркын машинаа хувь лизингээр авсан нь үнээн.Авсанаас хойш тендэр нь явахгүй байсны улмаас  эргэн төлөлтөө хийж чадахгүйн улмаас 2016 оны 09 сарын 11-ны өдөр зарж өрөө дарсан нь үнэн болно.

      Хабитатад байсан байшингийн дээвэр дээр хураасан гэрээс Ө.Батмандах би гэрийн хаалга, 2 ширхэг дээвэр л дүүдээ өгсөн нь үнэн. Гэрийн хаалганаас бусад мод нь Дэнжид байдаг н.Амарзаяагйин төрсөн эгч болох н.Ариунаагийн байшингийн дээвэр дээр хураалттай байгаа.Мөн Хабитатаас нүүхдээ илжирсэн шалавчнуудыг нь хаяж гайгүй үлдсэнийг нь дэнжид байдаг эгчийнх нь хашаанд зуух тулгатай нь аваачиж буулгасан. 03-62 ОРХ дугаартай Мазда маркийн авто машиныг Амарзаяа бид 2 ярилцаж тохироод эмнэлгийн зардалд мөнгө хэрэгтэй тул 5.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 5.000.000 төгрөгийг сүүлд авахаар болж зарсан.Энэ машин нь сугалааны машин байсан тул 2.700.000 төгрөгийг нь эмнэлгийн төлбөрт оруулж үлдсэнийг нь азын юм гээд гэртэй тавилга авсан.Ө.Батмандах би эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж Амарзаяад оногдох хувийг олгоход татгалзах зүйлгүй.Байрыг өөрийн өмчлөлдөө авч оногдох хувийг Амарзаяад олгоно гэжээ

        Хариуцагч Н.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна.Батмандах 5 сарын 10-наас хойш гэртээ ирж хонохгүй байгаа.Өөр хүнтэй байгаа болохыг би мэдсэн.Би цаашид амьдрах боломжгүй.Эд хөрөнгийн хувьд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжинэ.Байр зээлийн барьцаанд 62 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.Соната-7,Мазда машинуудыг зарсан байгаа.Нийт 116 533 703 төгрөгний дундын эд хөрөнгөө байгаа.Үүнээс байрны зээлийн төлбөр 62 сая төгрөгийг хасаад үлдсэнийг 2 хуваах саналтай. Батмандах 2 машинаа зарж 22 800 000 төгрөг авсан тул түүнд оногдох хэсгээс хасаж би өөрөө байраа авч үлдэх хүсэлтэй. Бид 2 манай ээжийн гэрт амьдарч байгаад ахын барьж өгсөн хашаа байшинд орсон.Уг хашаа байшингаа 2014 онд 28 000 000 төгрөгөөр зараад дээр нь би унаж байсан машинаа зараад 48 сая төгрөг байршуулж байрны зээлд хамрагдсан. Соната-7 машиныг урд нь байсан Соната-6 машиныг зараад авсан. Бурмаагаас 10 сая төгрөг зээлж авсан гэдэг нь худал.Соната-7 машиныг 13 сая төгрөгөөр авсан.12 800 000 төгрөгөөр Батмандах зарсан.Мазда машиныг сугалаагаар хожоод 10 сая төгрөгөөр зарсан. Байр авахад Батмандахын дүүгээс их мөнгө аваагүй 2 сая орчим төгрөг Батмандах л авсан байх.Миний аав ээжийн 5 ханатай гэр байсан.Түүнээс бүрээс эсгий туурга,дээвэр,ширдэг,зуух зэргийг Батмандах дүүдээ өгсөн.Эдгээрийг гаргуулж авна гэжээ.

        Шүүх хэргээс гэрлэлтийн баталгааны хуулбар,эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл,орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ,шинжээчийн дүгнэлт,тээврийн хэрэгсэл худалдах гэрээ 2ш,банкны зээлийн болон барьцааны гэрээ,захиргааны шийтгэлийн матераил,эмнэлгийн баримт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад                                                                                                                                                   

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Ө.Батмандах хариуцагч Н.Амарзаяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрч,гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч эд хөрөнгийг хуваах тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн боловч орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээж Н.Амарзаяад оногдох хувийг өгнө гэж тайлбарласан.

Зохигчид 2009 оны 9 сард гэр бүл болж 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулсан байна.Зохигчдын хооронд “хүүхэд олохгүй” нөхцөл байдалд суурилсан үл ойлголцол,бие биенээ үл хүндэтгэх байдал,хууран мэхлэлт,хүчирхийлэлээс шалтгаалан 2016 оны 5 сараас гэр бүлийн доторхи харилцаа муудсан байх ба 2016-6-28-нд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнгүй болсон,хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн тухайгаа тайлбарлаж байх тул гэрлэлтийн цуцлах үндэстэй гэж дүгнэв.

Гэр бүлийн гишүүдийн гэрлэснээс хойш бий болсон хамтран өмчлөх өмчлөлд Орхон аймгмйн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө байр банкны зээлийн барьцаанд байгаа ба 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашин, Мазда маркийн автомашин тус тус байсан, нэхэмжлэгч зарж борлуулсан болох нь зохигчдын тайлбар,улсын бүртгэлийн гэрчилгээ,зээлийн гэрээ,автомашин худалдах худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байна.

Орон сууцыг зохигчид хамтран зээлж авсан бөгөөд улсын бүртгэлд 2 иргэний өмчөөр бүртгэгдсэн, Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулгаар орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 2016 оны 11 сарын 10–ны байдлаар 61 916 187.17 төгрөг болох нь зээлийн болон барьцааны гэрээ,гэрчилгээ,дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Орон сууцыг худалдан авах эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн талаар Н.Амарзаяа тайлбарлахдаа “Бид 2 манай ээжийн гэрт амьдарч байгаад ахын барьж өгсөн хашаа байшинд орсон.Уг хашаа байшингаа 2014 онд 28 000 000 төгрөгөөр зараад дээр нь би унаж байсан машинаа зараад 48 сая төгрөг байршуулж байрны зээлд хамрагдсан” гэж,Ө.Батмандах “урьдчилгаа мөнгө дутаж Батмандах би үеэл дүү Уранчимэгээс удаан хугацаагаар мөнгө зээлж энэ байрыг авсан”гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгч 2016-4-01-ний өдөр 03 62 ОРХ улсын дугаартай MAZDA маркийн автомашиныг 10 000 000 төгрөгөөр,2016-9-11-нд 4059 ОРХ дугаартай SONATA 7 маркийн автомашиныг 10 000 000 төгрөгөөр тус тус бусдад худалдсан болох нь, SONATA 7 машиныг зохигчид гэрлэсний дараа худалдаж авсан, MAZDA маркийн автомашиныг орон сууц авахдаа сугалаагаар хожсон болох нь тус тус нотлогдсон.Иймд дээрхи хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ. Гэрлэлтийг цуцалж байгаа тул эдгээр хөрөнгүүдийг Иргэний хуульд заасан журмын дагуу гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг тогтоож хуваарилах үндэслэлтэй.

Зохигчдын дундын хөрөнгө болох Орхон аймгмйн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө байрыг шинжээч 93 743 703 төгрөгөөр үнэлсэн ба банкны зээлийн төлбөрийн үлдэгдэл 61 916 187.17 төгрөг.Мөн 2ш автомашиныг нэхэмжлэгч Ө.Батмандах тус бүр 10 000 000 төгрөгөөр худалдсан.Нийт хөрөнгийн хэмжээ 113 743 703 төгрөг болж байх ба 2 хүнд хуваахад гэрлэгчдэд тус бүр 56,871,851 төгрөг оногдоно. Нэхэмжлэгчид оногдох хувиас 2ш автомашиныг худалдан борлуулж  өөрөө авсан 20 000 000 төгрөгийг хасахаар 36 871 851 төгрөг оногдоно.Үүнээс банкны зээлийн үлдэгдэл 61 916 187 төгрөгийг 2 хуваасны нэг 30 958 093 төгрөгийг хасвал Ө.Батмандахад 5 913 758 төгрөг оногдохоор байна.Иймд 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Амарзаяагийн өмчлөлд банкны зээлийн төлбөрийн үлдэгдлийн хамт хуваарилан үлдээж,Н.Амарзаяагаас 5 913 758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.Хариуцагчаас шүүхэд гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай “Натурал текстайл групп ХХК-ний захиралын тушаалаар Ө.Батмандах 2016-9-01-нээс ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь нотлогдсон.

        Мөн хариуцагч Н.Амарзаяагийн хуваарьт хөрөнгө болох эцэг эхээс уламжлагдан ирсэн 5 ханатай гэрийн 2 давхар бүрээс,туурга,шалавч,битүү ширдэг,хаалга,зуух зэргээс авсанаа Ө.Батмандах тайлбараараа баталсан ба буцааж өгсөн гэх тайлбар нь нотлогдоогүй тул эдгээрийг гаргуулж Н.Амарзаяад олгох үндэстэй.

       Хариуцагч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулахаар,хариуцагчаас хөрөнгө хуваасан хэмжээнд тэмдэгтийн хураамж гаргуулахаар тус тус хуваарилалаа.

        Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгч шүүх хуралдаан товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр дзүйлийн 14.3-д заасныг баримтлан Ө.Батмандах,Н.Амарзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан 4059 ОРХ улсын дугаартай SONATA 7 маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

          3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Орхон аймгмйн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө орон сууцыг Н.Амарзаяагийн өмчлөлд хуваарилан үлдээж,Н.Амарзаяагаас 5 913 758 /таван сая есөн зуун арван гурван мянга долоон зуун тавин найман/төгрөг гаргуулан Ө.Батмандахад олгосугай.

         4.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ө.Батмандахаас 5 ханатай гэрийн 2 давхар бүрээс,туурга, шалавч, битүү ширдэг,хаалга,зуух зэргийг гаргуулан Н.Амарзаяад олгосугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөг,хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж Н.Амарзаяагаас 372 109 төгрөг гаргуулан төрийн санд,Н.Батмандахаас 186 054 төгрөг гаргуулан Н.Амарзаяад олгосугай.

          6. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ