Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00004

 

                                  Ө.Б-ын нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00866 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.А-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, эмчилгээний төлбөр гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй “иргэний хэргийг нэхэмжлэгч Ө.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Н.А-тай 2009 онд танилцаж ханилаад 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулан 1 гэрт амьдарсан. Танилцсанаасаа хойш 2009-2014 онд хүүхэдтэй болох гэж байнгын эмчилгээнд явж байсан. Ингээд үр дүн өгөөгүй учир 2014-2016 он хүртэл үр суулгах эмчилгээнд 3 удаа орсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас эмчилгээ амжилтгүй болж байсан. Цуг амьдарч, эмчилгээ хийлгэж байх хугацаанд эхнэр Н.А намайг байнга элдэв янзаар хараан зүхэж, хүүхэдтэй болохгүй байгаа шалтгаанаа надаас болж байгаа мэтээр эр хүний минь хувьд дорд үзэн харьцдаг байсан ба гэр орондоо тайван амарч чадахаа байсан. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Ө.Б миний бие А-тай хамт амьдарч байх хугацаандаа үр хүүхэдтэй болохыг хичээж 2012 оноос эхлэн эмнэлэгээр эмчлүүлж эхэлсэн. 2012 оноос Бүлтэн эмчид үзүүлж байгаад дараа нь Өөжин мед эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Энэ эмнэлэгт эмчлүүлэхэд 20 гаран сая төгрөгийн зардал гаргасан боловч баримтаар 16.275.150 төгрөгийн зардал нь нотлогдож байгаа. А нь гэрт байсан бүхий л эд эд хөрөнгийг дундын гэж тооцон үнэлүүлж хуваалгах шаардлага гаргаж байхад би эмчилгээнд зориулсан 16.275.150 төгрөгийн тал хувийг түүнээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс Н.А-гаас эмчилгээний төлбөрийн тал хувь болох 8.137.575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Ө.Б би эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж Н.А-д оногдох хувийг олгоход татгалзах зүйлгүй. Байрыг өөрийн өмчлөлдөө авч оногдох хувийг Н.А-д олгоно гэжээ

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна. Б 5 сарын 10-наас хойш гэртээ ирж хонохгүй байгаа. Өөр хүнтэй байгаа болохыг би мэдсэн. Би цаашид амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн хувьд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжинэ.

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Гэр бүл цуцлах асуудал дээр би салахаар шийдсэн. Нөхөр Ө.Б нь намайг яаж хуурч, гэр бүлээсээ гадуур нэг биш хоёр эмэгтэйтэй дотно харьцаатай байж, адаг сүүлд нь хүүхэдтэй болохгүй байгаа нь зөвхөн миний буруу мэтээр ярьж, надад хүйтэн хөндий хандаж байгаа байдлыг нь тэвчиж чадахгүй байгаа. Дундын өмчлөлийн эд хөрөнгөн дээрээ эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг тогтоолгож, бүх эд хөрөнгөө хуваалгахаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ долоон жилийн хамтын амьдралын туршид зээлтэй ч 5-7а-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатай\, байр,40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркын машин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая\төг зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Б авсан 5.0 сая төгрөг зэрэг нь бүгд бидний дундын өмчлөлийн эд хөрөнгүүд.Ө.Б нь 40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг тендертэй тээвэрт явахаар 2016 оны 3-р сарын 23 ны өдөр өөрийн санаачилгаараа Хүчит Арслан ХХК-ний нэр дээр шилжүүлсэн.Энэ автомашин нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байна.

1. 40-59 ОРХ улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг 2016 оны 3-р сард А.Б Хүчит Арслан ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байх тул уг автомашиныг дундын эд хөрөнгө болохыг тогтоох

2. Зээлтэй ч 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатгй\, байр, 40-59 ОРХ улсын дугаартай маркын автомашин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая төгрөгөөр зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Б авсан 5.0 сая төг, бүгд бидний дундын өмчлөлийн хөрөнгүүд. Эдгээр эд хөрөнгөөс байр, автомашиныг үнэлүүлж, зээлээ дараад үлдсэн эд хөрөнгөө хувааж авах.

3.Ө.Б-тай танилцахаас өмнө 2002 онд Завханаас шилжиж ирэхдээ 5 ханатай гэрийн 2 давхар бүрээстэй, шалавч, битүү ширдэг,  2 давхар хаалгатай, зуух зэрэг эд хогшлын хамт Хабитатын байрны дээвэр дээр хураалттай  байсныг минь миний зөвшөөрөлгүй аваад үгүй хийсэн.Хоёр дүүдээ хуваагаад өгсөн байсан.Энэ талаар асуухаар түр бариулж байгаа,өгнө л гээд саяхан гал голомтоо тахиулахаар зуух, гэрийг асуухад чи шүүхдээд аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад ав гэж тавлаад байгаа юм.Энэ гэр миний төрж өссөн, манай удмын гал голомт учраас Ө.Баас гэрээ бүрэн бүтнээр нь зуухтай нь авна.Эдгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа тул шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Н.А надад байрыг тавилгын хамт үлдээж өгнө үү. Лэндс ХХК-д тавилга үнэлүүлэх төлбөр 300,000 төгрөг төлсөн учир уг төлбөрийг Ө.Б-аас гаргуулж өгнө үү. /өмнө нь тавилгуудыг бүгдийг намайг ав гэж ярьж байсан. Хэлсэн үгэдээ хүрэхгүй дур мэдэн хургай хийж зохисгүй авир гаргасан учраас тавилгуудыг үнэлүүлэхэд хүргэсэн/ гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00866 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Ө.Б, Н.А нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан 4059 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө орон сууцыг Н.А-гийн өмчлөлд банкны зээлийн төлбөрийн үлдэгдлийн хамт хуваарилан үлдээж, Н.А-гаас 3.962.161 төгрөг гаргуулан Ө.Б-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ө.Б-аас дээвэр 1 ширхэг-100.000 төгрөг, туурга 1 ширхэг-60.000 төгрөг, хаалга 1 ширхэг-65.000 төгрөг буюу нийт 225.000 төгрөг гаргуулан Н.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дээвэр 3 ширхэг, туурга 7 ширхэг, шалавч, битүү ширдэг, зуух буюу нийт 1.530.000 төгрөг, шинжээчийн төлбөрт төлсөн 300.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн гаргасан эмчилгээний зардал 8.137.575 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 215.351 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 276.730 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, хариуцагч Н.А-гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д, 349.939 төгрөг гаргуулан төрийн санд, Н.Баас 101.545 төгрөг гаргуулан Н.А-д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б давж заалдсан гомдолдоо: Нэхэмжлэгч миний бие хариуцагч Н.А-+тай эд хөрөнгийн маргааны хувьд:

1.0рхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт байрлах 5-7А-30 тоот 61.04 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц;

2.Мазда маркийн 03-62 улсын дугаартай автомашин;

3.Соната-7 маркийн 40-59 ОРХ дугаар бүхий автомашин байгаа билээ.

Хариуцагч Н.А нь дээрхи 2 өрөө байрыг банкнаас надтай хамтран зээл авч худалдаж авсан гэдэг бөгөөд тухайн орон сууц одоо банкны барьцаанд байгаа.Тухайн байрны талаар Ө.Б би тайлбартаа “...тухайн үед байрны зээл авч байхад Н.А нь эрхэлсэн ажилгүй байсан.2010 оноос бид хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2014 онд би зээл авч өөрийн гэсэн хашаа байшинтай болсон” юм.

Ингээд нэхэмжлэгч миний бие 2012 оны 07 сарын 19-нд “МОНГОЛ ХАБИТАТ ХҮМҮҮНЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА”-аас цалингийн зээл болох 7.000.000 төгрөгийн зээл авч хашаа байшиндаа өргөтгөл хийж, томсгон барьж 2014 оны 02 сард хашаа байшингаа би өөрийн нэр дээр шилжүүлж аваад 2014 оны 11 сард орон сууцны зээлд хамрагдахаар хашаа байшингаа 28.000.000 төгрөгөнд зарсан юм.

Н.Атай амьдрахаас өмнө жижиг тэрэгтэй байсан бөгөөд 2012 онд зарж борлуулаад 2014 онд Марк 2 машин худалдаж аваад 2014 онд байрны зээлд орохоор мөн адил зарж Улаанбаатар хотод ажилладаг дүү болох Уранчимэгээс 3.000.000 төгрөг зээлж авч 48.000.000 төгрөгийг хуримтлуулж банкны урьдчилгаа 48.000.000 сая буюу тухайн мөнгийг ийнхүү бүрдүүлээд 2014 онд байраа авсан юм.Тухайн байрны урьдчилгаа бүрдүүлэхэд Н.А нь ямар ч туслалцаа үзүүлээгүй бөгөөд түүний ямар ч оролцоо байгаагүй зөвхөн би өөрийн хүч хөдөлмөрөөрөө мөнгийг бүрдүүлж байрыг авсан байдаг.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэжээ. Иймээс шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэний оролцоогоор тухайн байр авсан гэдэгт ер дүн шинжилгээ хийгээгүй, нэхэмжлэгч энэ талаар хариу тайлбартаа тайлбарласан боловч шүүх үүнийг ер харгалзаж үзээгүй байгаа тул хууль зөрчсөн байна гэж дүгнэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд 2 автомашин байгаа. Мазда маркийн автомашиныг сугалаагаар хожсон бөгөөд 2016 оны 04 сард 10.000.000 төгрөгөөр зарсан байдаг. Үүнээс 5.000.000 төгрөгийг Н.А бид 2 дундаа хэрэгцээндээ хэрэглэсэн байдаг. Иймд үлдсэн 5.000.000 төгрөгөөс оногдох хувь хувиарлах байтал үүнийг анхаарч үзсэнгүй. Соната-7 маркийн автомашины хувьд Ө.Б миний бие зээлээр аваад төлж чадалгүй буцааж зээлэнд нь өгсөн байдаг. Үүнийг дундын өмчлөл тооцож хуваасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 31-ний өдрийн 866 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Н.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах эмчилгээний зардалд хэрэглэсэн 8.137.575 төгрөг гаргуулах тухай шаардлага, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариуцагч Н.А нь дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, 5 ханатай гэрийн эд зүйлийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Зохигчид 2009 оны 09 дүгээр сард гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулан амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос тусдаа амьдарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэрлэгчид гэр бүл болон амьдарч байх хугацаандаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-7А-30 тоотод 61.04 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг банкны зээлээр худалдан авч, мазда маркийн машиныг сугалаагаар хожсон, соната 7 маркийн машин болон гэрийн иж бүрэн тавилга бүхий эд хөрөнгөтэй байсан байна.

Хариуцагч Н.А нь 61,04 м2 талбай бүхий 2 өрөө байрыг өөртөө үлдээж оногдох хэсгийг нэхэмжлэгч Ө.Б-д өгөх, гэрийн тавилгыг хуваан авахаар тохиролцсон тухай тайлбар гаргаснаар шүүх нийт эд хөрөнгө болон өр зээлийг үнэлгээний дагуу гэр бүлийн гишүүдэд хуваан Ө.Б-ын эмчилгээний зардалд хэрэглэсэн 8.137.575 төгрөг гаргуулах Н.А-гийн 5 ханатай гэрийн эд зүйл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчид сугалаагаар хожсон гэх мазда маркийн машиныг гэр бүл болон амьдарч байхдаа бусдад зарж борлуулан мөнгийг хамтын хэрэгцээнд зарцуулсан байх тул /шүүх машин худалдсан мөнгийг юунд зарцуулсныг нарийвчлан тогтоох боломжгүй гэж үзсэн/ уг машины үнийг зохигчдод хуваах шаардлагагүй байхад шүүх 2 машины үнэ 20.000.000 төгрөгийг хуваан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч Ө.Б нь Соната-7 маркийн машиныг зээлээр худалдан авч “Хүчит арслан” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, дараа нь өөрийн нэр дээр буцаан аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогджээ. Нэхэмжлэгч Ө.Б нь зээлээр авсан Соната-7 маркийн авто машины үнийг төлж чадахгүй буцаан өгсөн гэж маргаж буй боловч нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ө.Баас Соната-7 машины үнийн 10.000.000 төгрөгийн тал хувийг гаргуулж, Н.А-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулан бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00866 дугаар шийдвэрийн 3 дахь заалтанд “...Н.А-гаас 3.962.161 төгрөг...” гэснийг “...Н.А-гаас 9.184.961 төгрөг...” гэж,

Шийдвэрийн 5 дахь заалтанд “...Н.А-гаас 349.939 төгрөг...” гэснийг “...Н.Агаас...161.909 төгрөг...” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

 

                                                                         С.УРАНЧИМЭГ