Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00921

 

ЭСЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/01307 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар  сарын 06-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

ЭСЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Э-ад холбогдох,   

Хохирол 7.088.846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч ЭСЭ- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Э- нь 2014 оны 9 дүгээр сард борлуулалтын менежер албан тушаалд ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3.517.626 төгрөгний бэлэн мөнгөний дутагдал гарсан. Д.Э- нь энэхүү мөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор өөрийн эзэмшлийн зуслангийн газар болон байшингаа зарж төлбөр тооцоог барагдуулна гэж өрөгдөл бичиж, 000459111 дугаартай, Яшилт овгийн Батсайхан овогтой Чанагнянгар гэх хүний эзэмшлийн газар эзэмших гэрчилгээг өгсөн боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул 3.517.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч заасан хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн шалтгаанаар хэргийг буцаасан билээ. Уг асуудал шүүхийн шатанд шийдвэрлэгдэж хариу гараагүй байх хугацаанд манай компаний борлуулалтын албанаас Хүлэг Хүнсний захад байрлах гэрээт борлуулагч Бүрэн Хаан дэлгүүртэй тооцоо нийлэхэд Д.Э-ын хувийн дансанд компанид төлөх ёстой мөнгийг шилжүүлсэн нь илэрсэн. Энэ үйлдлийн улмаас компанид нэмж 3.571.220 төгрөгийн хохирлыг учруулж нийтдээ 7.088.846 төгрөгний төлбөрийн дутагдал гаргасан тул энэхүү хохирлыг төлүүлэхийн тулд Д.Э-ын одоогийн оршин сууж байгаа хаягийг тодорхой болгох хүсэлтийг хүргүүлсний үндсэн дээр Д.Э- нь өөрийн биеэр ирж хаяг утас дээрээ байгааг мэдэгдсэн учир компанид учруулсан нийтдээ 7.088.846 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Намайг 2016.06.01-ний өдөр ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас халсан. 2016 оны 04 дүгээр сард бусадтай нийлж хулгай хийсэн гэх асуудлыг шалгана гэсэн үндэслэлээр хагас сар ажлын байранд ажил хийлгүүлээгүй ба асуудлыг шийдвэрлэсэн гээд ажилд оруулсны дараа тодорхойгүй шалтгаанаар ажлаас халсан. Энэ үед 7.088.846 төгрөг дутаасан гэх асуудлыг хэлээгүй яриагүй, нягтлан бодогчтой тооцоо хийхэд өр төлбөр байгаагүй. 2016 оны 01 дүгээр сард манай байгууллагад аудитын шалгалт ирэх болж миний борлуулалтын орлого гүйцэт орж ирээгүй байна гэх шалтгаанаар над дээр тухайн үед 4.000.000 төгрөгний өр бичих болсон ба уг өрийг байгуулага, хувь хүн төлөх нь тодорхой байсан учир түүнийг хариуцна гээд гарын үсэг зур гэсний дагуу зурж байсан. Энэ нь бусад байгууллага, хувь хүнээс авах борлуулалтын өр байсан ба дараа сард гүйцээж өр төлбөрүүдийг нь төлсөн. Энэ үед дутуу өр 1 сая гаран төгрөг байна гэж хэлэхэд нь баримтаа шүүж үзээрэй гэхэд тэгэсхийгээд чимээгүй болсон. Манай байгууллагад намайг ажиллаж байх үед нэг өдрийн борлуулалтын тооцооны баримт алга болсон хэрэг гарч мөн над дээр өр бичигдсэн. Ингээд намайг ажлаас гарах үед үлдэгдэл 1 сая гаран төгрөг үлдлээ гэж хэлж байсан. Санхүүгийн баримт тооцоо будилах болгонд над дээр өр болгон бичдэг байдал удаа дараа гарч байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй. Бүрэн хаан ХХК-тай ямар ч борлуулалтын орлогын өр төлбөргүй, хүлээлгэн баримтуудыг тухайн үед өгч байсан ба намайг ажиллаагүй байх үед өөр хүнд хариуцуулна гээд 2016 оны 4 дүгээр сард өгсөн ба Жавзан гэх хүний нөхөр ажлыг хүлээн авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/01307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан ЭСЭ- ХХК-ийн хариуцагч Д.Э-аас 7.088.846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЭСЭ- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128.380 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар  сарын 06-ны өдрийн 19 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/01307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ЭСЭ- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.380 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: …Д.Э- нь 2014 оны 9 дүгээр сард “ЭСЭ-” ХХК-д борлуулалтын менежерийн ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3.517.626 төгрөгийн дутагдал гаргасан, “Хүлэг” хүнсний захад байрлах гэрээт борлуулагч Бүрэн хаан дэлгүүртэй тооцоо нийлэхэд Д.Э-ын хувийн дандсанд 3.571.220 төгрөгийг буюу нийт 7.088.846 төгрөгийн хохиролыг учруулсан гэх болов ч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар түүний шаардлага хангалттай нотлогдоогүй байхад хариуцагчийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн Д.Э-ыг ажлаас гарах үед нь “ЭСЭ-” ХХК-иас ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо нийлээгүй, гаргаж явуулсан ба боломжоор хангаагүй, ажиллаж байхад нь хяналтыг эрх бүхий ажилтнуудаас зохих ёсоор тавиагүй, хэн нэгний хариуцлага алдсанаас үүссэн хохирлыг Д.Э-аас гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй. “ЭСЭ-” ХХК нь санхүүгийн бичгийн баримтын хувьд зөрчилтөй, баримтуудаа стандартын дагуу хөтөлдөггүй, эмх замбараагүй байлгадагаас гадна борлуулагч нартай бараа бүтээгдэхүүний талаар тооцоогоо нийлдэггүй, журнал, бүртгэлгүй, тэр нь эмх цэгцгүй байлгаж үйл ажиллагаагаа явуулсанаас үүдэлтэй гэж үзнэ.Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээд, хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх ба хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлаж, гаргаж өгсөн баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан байх тул “ЭСЭ-" ХХК ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх болон мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах журмыг зөрчсөн талаархи магадлалд заасан дүгнэлт үндэслэлтэй байна.

ЭСЭ- ХХК нь Д.Э-аас байгууллагад учруулсан хохирол 7.088.846 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Э- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн 2015.11.01-2016.05.31-ний өдрийн борлуулалтын орлого, зарлагын падаан тооцооны баримт, түүнтэй холбогдох санхүүгийн баримт, мөн Бүрэнхаан худалдааны төвд нийт нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээн авсан баримт, борлуулалтын орлого, зарлагын баримт, борлуулалтын орлого бэлнээр болон касст тушаасан орлогын баримтыг нэхэмжлэгч ЭСЭ- ХХК-с гаргуулах хүсэлт гаргасныг, шүүх хангаж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 142/ШЗ2017/04555 тоот захирамж гаргажээ. /хх-35-р тал/

Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт нь тодорхой бус, дутуу байгаагаас шүүх нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, түүнчлэн хэрэгт хавсарган ирүүлсэн 2 хавтас бүхий баримтыг шүүх хэрхэн хүлээн авсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлах, харьцуулан үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна зохигчийн хооронд ямар гэрээний харилцаа үүссэн, хариуцагчийн ажил, үүргээ гүйцэтгэх явцад учруулсан эд хөрөнгийн хохирлын талаар талууд хэрхэн тохиролцсон нь ач холбогдолтой ба энэ талаар хэрэгт баримт  авагдаагүй, нэхэмжлэгчийн хохирол төлүүлэх шаардлага гаргасан эрх зүйн үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 128.380 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ