Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00020

 

 

   “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Эн-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/01307 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Эн-д холбогдох,

“Э” ХХК-д учруулсан хохирол 7.088.846 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т, хариуцагч Д.Эн, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Эн нь “Э” ХХК -д 2014 оны 09 дүгээр сард борлуулалтын менежер албан тушаалд ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3.517.626 төгрөгний бэлэн мөнгөний дутагдал гарсан. Д.Эн нь энэхүү мөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор өөрийн эзэмшлийн зуслангийн газар болон байшингаа зарж төлбөр тооцоог барагдуулна гэж өрөгдөл бичиж, 000459111 дугаартай, Яшилт овгийн Батсайхан овогтой Чанагнянгар гэх хүний эзэмшлийн Газар эзэмших гэрчилгээг өгсөн боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул 3.517.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч заасан хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн шалтгаанаар хэргийг буцаасан билээ. Уг асуудал шүүхийн шатанд шийдвэрлэгдэж хариу гараагүй байх хугацаанд манай компаний борлуулалтын албанаас Хүлэг Хүнсний захад байрлах гэрээт борлуулагч Бүрэн Хаан дэлгүүртэй тооцоо нийлэхэд Д.Эн-ийн хувийн дансанд компанид төлөх ёстой мөнгийг шилжүүлсэн нь илэрсэн. Энэ үйлдлийн улмаас компанид нэмж         3.571.220 төгрөгийн хохирлыг учруулж нийтдээ 7.088.846 төгрөгний төлбөрийн дутагдал гаргасан тул энэхүү хохирлыг төлүүлэхийн тулд Д.Эн-ийн одоогийн оршин сууж байгаа хаягийг тодорхой болгох хүсэлтийг хүргүүлсний үндсэн дээр Д.Эн нь өөрийн биеэр ирж хаяг утас дээрээ байгааг мэдэгдсэн учир компанид учруулсан нийтдээ 7.088.846 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016.06.01-ний өдөр ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас халсан. 2016 оны 04 дүгээр сард бусадтай нийлж хулгай хийсэн гэх асуудлыг шалгана гэх үндэслэлээр хагас сар ажлын байранд ажил хийлгүүлээгүй ба асуудлыг шийдвэрлэсэн гээд ажилд оруулсны дараа тодорхойгүй шалтгаанаар ажлаас халсан. Энэ үед 7.088.846 төгрөг дутаасан гэх асуудлыг хэлээгүй яриагүй, нягтлан бодогчтой тооцоо хийхэд өр төлбөр байгаагүй. 2016 оны 01 дүгээр сард манай байгууллагад аудитын шалгалт ирэх болж миний борлуулалтын орлого гүйцэт орж ирээгүй байна гэх шалтгаанаар над дээр тухайн үед 4.000.000 төгрөгний өр бичих болсон ба уг өрийг байгуулага, хувь хүн нь төлөх нь тодорхой байсан учир түүнийг хариуцна гээд гарын үсэг зур гэсний дагуу зурж байсан. Энэ нь бусад байгууллага, хувь хүнээс авах борлуулалтын өр байсан ба дараа сард гүйцээж өр төлбөрүүдийг нь төлсөн. Энэ үед дутуу өр 1 сая гаран төгрөг байна гэж хэлэхэд нь баримтаа шүүж үзээрэй гэхэд тэгэсхийгээд чимээгүй болсон. Ингээд энэ асуудал дууссан. Өртэй ямар нэгэн байгууллага гарсан гэх асуудал тухайн үед байгаагүй. Харин манай байгууллагад намайг ажиллаж байх үед нэг өдрийн борлуулалтын тооцооны баримт алга болсон хэрэг гарч мөн над дээр өр бичигдсэн. Энэ байдлыг тогтоож чадаагүй учир намайг төл гээд миний цалингаас суутгаж эхэлсэн. Ингээд жилийн эцэст тооцоо тайлан санхүүгийн баримт гарч ирэхээр учир нь олдох байх гэж бодоод би цалингаас авахад нь юу ч хэлж чадаагүй. Ингээд намайг ажлаас гарах үед үлдэгдэл 1 сая гаран төгрөг үлдлээ гэж хэлж байсан. Тухайн үед энэ мэтийн өр төлбөр удаа дараа миний нэр дээр гаргаж байсан учир би хэл ам болж байсан. Үүний учир ажлаас халагдсан гэж ойлгож байсан болохоос надаас их хэмжээний төгрөг мөнгө нэхээгүй. Хуучин дарга болон нягтлан бүгдийг мэдэж байгаа. Санхүүгийн баримт тооцоо будилах болгонд над дээр өр болгон бичдэг байдал удаа дараа гарч байгаа учир би хүлээн зөвшөөрөхгүй. Бүх баримт санхүү дээр очсон хойноо будилж асуудал үүсдэг байдал удаа дараа болж байна. Гэнэт өр гаргаж ирнэ, төлөөгүй байна гэнэ. Бүрэн хаан ХХК-тай ямар ч борлуулалтын орлогын өр төлбөргүй, хүлээлгэн баримтуудыг тухайн үед өгч байсан ба намайг ажиллаагүй байх үед өөр хүнд хариуцуулна гээд 2016 оны 04 дүгээр сард өгсөн ба Жавзан гэх хүний нөхөр ажлыг хүлээн авч байсан. Иймд дээрх асуудалд би буруугагдах үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/01307 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн хариуцагч Д.Энаас 7.088.846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128.380 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож байгаа дээрх баримт нь холбогдох нотлох баримтаар баталгаажаагүй, 2 тал хүлээн авсан бараа бүтээгдэхүүн, эргэж тушаасан мөнгө зэргийн талаар тооцоо нийлж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна..." гэж бичсэн байгаа нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, нотлогдоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлалгүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шударга бусаар шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь: Хариуцагч Д.Эн нь “Э” ХХК-тай тооцоо нийлж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд “Э” ХХК-д үүсгэсэн өр төлбөр болох 4,250,949 төгрөгийг хүлээн зөвшөөрч “Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ”-нд өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулсан. Гэтэл хариуцагч Д.Эн нь удаа дараа өөрийн “Э” ХХК-д учруулсан өр төлбөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан атал, шүүхээс хариуцагч Д.Эн-ийн гаргасан ямарваа нэгэн нотлох баримтгүй буюу үндэслэлгүй гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, нотлогдоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлалгүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шударга бусаар шийдвэрлэсэн алдаатай шийдвэр болсон байгаа юм.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар-142/ШШ2017/01307 тоот Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Хавтаст хэргийн 15-20-р талд Бүрэнхаан гэрээт борлуулагчийн 2016 оны 02 сараас 2016 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаарх тооцоог хавсаргасан боловч, энэ нь Д.Эн-ийн тооцоотой хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, түүнчлэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Хаан банкны делозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримт зэргээс Д.Эн-ийн гаргасан дутагдлыг чухам аль баримтаар нотлогдож байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь дээрх баримтыг зааглан ялгаж нэхэмжпэлийн шаардлагаа үндэслэж чадахгүй байна...” гэж бичсэн байгаа нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлалгүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шударга бусаар шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн хариуцагч Д.Эн нь тус компанид ажиллах хугацаандаа “Хүлэг” хүнсний захад байрлах, манай компанийн гэрээт борлуулагч болох “Бүрэн Хайлааст” ХХК-ийн “Бүрэн хаан” нэрийн дэлгүүрт тус компанийг төлөөлөн бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгч, хүлээлгэн өгсөн барааны төлбөрт 3.571.220 төгрөгийг ХААН банкны хувийн 5127160341 тоот харилцах дансанруу хүлээн авч, улмаар тухайн барааны үнийг манай компанид тушаагаагүй байдаг бөгөөд хариуцагч Д.Эн нь дээрх барааны үнийг хувийн дансанд хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 54-62-р хуудсанд авагдсан “Бүрэн Хайлааст” ХХК-д Худалдагч ажилтай Лагдан овогтой Бийраа /хамтран эзэмшигч Номуун овогтой Батсүх/-ийн эзэмшлийн ХААН банкны 5091160960 тоот харилцах дансны хуулгаар болон Худалдагч Л.Бийраагийн бичгээр гаргасан тайлбараар тус тус нотлогддог.

Гэтэл тус компанийн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг хариуцагч Д.Эн нь ХААН банкны хувийн харилцах дансанд хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч, тухайн хүлээн авсан мөнгийг хариуцагч Д.Эн нэхэмжлэгч “Э” ХХК-д хүлээлгэн өгснийг нотлох ямарваа нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, мөн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлалгүйгээр хариуцагч Д.Эн-ийн өр дутагдал гаргасан асуудлыг үгүйсгэсэн явдал нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Түүнчлэн Д.Эныг ажилд авсан тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Д.Эныг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халсан байх бөгөөд ажлаас халагдах үед түүнтэй тооцоо хийгээгүй, хэдэн төгрөгийн өр дутагдал гаргасан талаар баталгаажуулаагүй. Ажлаас халагдаж бүх тооцоо дууссаны дараа түүний нэр дээр дахин өр төлбөр гаргаж ирсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тэдний хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Харин зохигчдын тайлбар, хийж гүйцэтгэж байсан ажлын агуулгаас дүгнэхэд хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан байна гэж дүгнэх үндэстэй байна...” гэж бичсэн байгаа нь мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, нотлогдоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлалгүйгээр хэргийг шударга бусаар шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Д.Эн-ийн “Э” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэж байсан нөхцөл байдал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт: "байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт: “... Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу зөвхөн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх боломжтой, байнгын ажлын байр болох нь илтэд илэрхий байхад, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон хариуцагч талаас Д.Эн-ийн “Э” ХХК-д ажиллаж байсан ажлын байрны нөхцөл байдлын талаар болон Д.Эн-тэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг тодруулахгүйгээр, анхан шатны шүүхээс “...Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тэдний хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Харин зохигчдын тайлбар, хийж гүйцэтгэж байсан ажлын агуулгаас дүгнэхэд хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан байна гэж дүгнэх үндэстэй байна...” гэж үзсэн явдал нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор судалж, үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Бодит нөхцөл байдал дээр хариуцагч Д.Эн нь ажлаас халагдсаны дараа хариуцаж байсан ажлаа нэхэмжлэгч “Э” ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, ажлаа хаяж явсан буюу “Э” ХХК-ийн зүгээс хариуцагч Д.Энтай эцсийн байдлаар тооцоо хийж дуусгах нөхцөл боломжоор хангаагүй, удаа дараа хүрэлцэн ирж тооцоо нийлэхийг шаардсан боловч, хариуцагч Д.Эн хүрэлцэн ирэхгүйгээр өнөөдрийг хүрсэн байхад анхан шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд торлуулаагүй дүгнэлт гаргасан байгаа нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор судлаагүй гэж үзэх хангалттай үндэслэл байгаа юм. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч Д.Энаас нэхэмжилж буй мөнгөн дүн нь зөвхөн нотлох баримтаар тогтоогдож байгаа мөнгөн дүн болохыг дурдах нь зүйтэй юм.

Иймд Анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлаагүй, нотлогдоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна гэж үзэх тус тусын үндэслэлүүд байгаа тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийг удирдлага болгон шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Э ХХКомпани нь хариуцагч Д.Эн-д холбогдуулан төлбөр 7.088.846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хариуцагч Д.Эн “...ямар нэг өр төлбөр байхгүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж мэтгэлцсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Эн “...нэхэмжлэгч талаас санхүүгийн анхан шатны бүртгэлтэй холбоотой нотлох баримт”-ыг гаргуулах тухай хүсэлт гаргасан байх ба шүүх хүсэлтийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4555 дугаар захирамжаар Э ХХКомпаниас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх борлуулалтын орлого, зарлагын падаан, тооцооны баримт, түүнтэй холбогдох санхүүгийн баримт, Бүрэнхаан худалдааны төвд нийт нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээн авсан баримт, борлуулалтын орлого, зарлагын баримт, борлуулалтын орлого бэлнээр болон дансаар тушаадаг бэлэн кассын орлогын баримт зэргийг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч компаниас санхүүгийн анхан шатны бүртгэлийн баримтыг шүүхэд гаргаж өгөхдөө нотлох баримтыг шаардлагыг хангаж ирүүлээгүй, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны бүх баримтыг огт ирүүлээгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болж байгаа дээрх баримт нь холбогдох нотлох баримтаар баталгаажаагүй, 2 тал хүлээн авсан бараа бүтээгдэхүүн, эргэж тушаасан мөнгө зэргийн талаар тооцоо нийлж харилцан гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна.

Шүүх нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамжинд заасны дагуу шүүхэд ирүүлсэн 2 хавтас санхүүгийн анхан шатны бүртгэлийн баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж хэлэлцээгүй, дээрх 2 хавтас баримтыг нэхэмжлэгчид буцаан олгох эсэхийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/01307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.380 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ