Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/01184

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/01184

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э-д холбогдох

7 088 846 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дарьхүү овогтой ******* нь ******* ХХК-д 2014 оны 09 дүгээр сард борлуулалтын менежер албан тушаалд ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3 517 626 /гурван сая таван зуун арван долоон мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгний бэлэн мөнгөний дутагдал гарсан. ******* нь энэхүү мөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч, 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор өөрийн эзэмшлийн зуслангийн газар болон байшингаа зарж төлбөр тооцоог барагдуулна гэж өрөгдөл бичиж, ******* дугаартай, Яшилт овгийн ******* гэх хүний эзэмшлийн Газар эзэмших гэрчилгээг өгсөн боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй. 3 517 626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* заасан хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн шалтгаанаар хэргийг буцаасан билээ. Уг асуудал шүүхийн шатанд шийдвэрлэгдэж хариу гараагүй байх хугацаанд манай компаний борлуулалтын албанаас Хүлэг Хүнсний захад байрлах гэрээт борлуулагч дэлгүүртэй тооцоо нийлэхэд *******ын хувийн дансанд компанид төлөх ёстой мөнгийг шилжүүлсэн нь илэрсэн. Энэ үйлдлийн улмаас компанид нэмж 3 571 220 /гурван сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун хорин/ төгрөгийн хохирлыг учруулж нийтдээ 7 088 846 төгрөгний төлбөрийн дутагдал гаргасан тул энэхүү хохиролыг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******ад холбогдох иргэний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Уг асуудлаар шүүхэд гомдол гаргах хугацааг мэдэлгүй өнгөрсөн тул маргаан үүсгэж чадаагүй. 2016 оны 04 дүгээр сард бусадтай нийлж хулгай хийсэн гэх асуудлыг шалгана гэх үндэслэлээр хагас сар ажлын байранд ажил хийлгүүлээгүй ба асуудлыг шийдвэрлэсэн гээд ажилд оруулсны дараа тодорхойгүй шалтгаанаар ажлаас халсан. Энэ үед 7 088 846 төгрөг дутаасан гэх асуудлыг огт хэлээгүй яриагүй, нягтлан бодогчтой тооцоо хийхэд өр төлбөр байгаагүй. 2016 оны 01 дүгээр сард манай байгууллагад аудитын шалгалт ирэх болж миний борлуулалтын орлого гүйцэт орж ирээгүй байна гэх шалтгаанаар над дээр тухайн үед 4 000 000 төгрөгний өр бичих болсон ба уг өрийг байгуулага, хувь хүн нь төлөх нь тодорхой байсан учир түүнийг хариуцна гээд гарын үсэг зур гэсний дагуу зурж байсан. Энэ нь бусад байгууллага, хувь хүнээс авах борлуулалтын өр байсан ба дараа сард гүйцээж өр төлбөрүүдийг нь төлсөн. Энэ үед дутуу өр 1 сая гаран төгрөг байна гэж хэлэхэд нь баримтаа шүүж үзээрэй гэхэд тэгэсхийгээд чимээгүй болсон. Ингээд энэ асуудал дууссан. Өртэй ямар нэгэн байгууллага гарсан гэх асуудал тухайн үед байгаагүй. Харин манай байгууллагад намайг ажиллаж байх үед нэг өдрийн борлуулалтын тооцооны баримт алга болсон хэрэг гарч мөн над дээр өр бичигдсэн. Энэ байдлыг тогтоож чадаагүй учир намайг төл гээд миний цалингаас суутгаж эхэлсэн. Ингээд жилийн эцэст тооцоо тайлан санхүүгийн баримт гарч ирэхээр учир нь олдох байх гэж бодоод би цалингаас авахад нь юу ч хэлж чадаагүй. Ингээд намайг ажлаас гарах үед үлдэгдэл 1 сая гаран төгрөг үлдлээ гэж хэлж байсан. Тухайн үед энэ мэтийн өр төлбөр удаа дараа миний нэр дээр гаргаж байсан учир би хэл ам болж байсан. Үүний учир ажлаас халагдсан гэж ойлгож байсан болохоос надаас их хэмжээний төгрөг мөнгө нэхээгүй. Хуучин дарга болон нягтлан бүгдийг мэдэж байгаа. Санхүүгийн баримт тооцоо будилах болгонд над дээр өр болгон бичдэг байдал удаа дараа гарч байгаа учир би хүлээн зөвшөөрөхгүй. Бүх баримт санхүү дээр очсон хойноо будилж асуудал үүсдэг байдал удаа дараа болж байна. Гэнэт өр гаргаж ирнэ, төлөөгүй байна гэнэ. Бүрэн хаан ХХК-тай ямар ч борлуулалтын орлогын өр төлбөргүй, тухайн үед баримтуудыг хүлээлгэн өгч байсан ба намайг ажиллаагүй байх үед өөр хүнд хариуцуулна гээд 2016 оны 04 дүгээр сард өгсөн ба Жавзан гэх хүний нөхөр ажлыг хүлээн авч байсан. Иймд дээрх асуудалд би буруугагдах үндэслэлгүй . Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан 7 088 846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Хариуцагч ******* ******* ХХК-д 2014 оны 09 дүгээр сард ажилд орж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр борлуулалтын менежерийн ажлаас халагдсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Борлуулалтын менежер ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3 517 626 төгрөгний бэлэн мөнгөний дутагдал гарсан, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас халагдсаны дараа дэлгүүртэй тооцоо нийлэхэд 3 571 220 төгрөг дутааж нийтдээ компанид 7 088 846 төгрөгийн дутагдал хохирол учруулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр зээлээр түгээдэг байсан бөгөөд авлага цуглуулж тооцоог дор бүр нь хийж байсан, шинэ жил дөхөөд дэлгүүрүүд зээл их авсан өр цуглуулах ажиллагаа бүрэн хийгдэж дуусаагүй байтал хотоос аудитын шалгалт ирсэн. Тухайн үед дээрхи төлбөрийг чам дээр гарсан өр гэж бичнэ гэсэн яагаад гэхээр түгээлт хийсэн дэлгүүрүүдтэй гэрээгүй учир зээлээр олгосон бүтээгдэхүүний төлбөр өр болж харагдсан. Би барьцаа хөрөнгөтэй байсан тул ингэж бич гэсний дагуу бичсэн болохоос мөнгө дутаасан зүйлгүй. Дараа нь авлагаа хурааж байгууллагадаа тушаасан. Дэлгүүрийн тооцоо зөрөх учиргүй намайг ажлаас халагдахад өр төлбөр гарсан гэж хэлж яриагүй, нягтлан бодогчтой тооцоо нийлэхэд 700 000 төгрөг дутуу гэж байсан өр төлбөр 7 сая болсныг ойлгохгүй байна. Тэгээд ч тооцоотой бол надад бичиг баримт өгөх ёсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Гэрч гийн ...2018 оны 06 дугаар сард компаниас намайг дуудаж тооцоо нийлсэн. 2016-2018 оны бүх тооцоог нийлэхэд 3 751 000 төгрөгийн тооцоо гарсан, манайх бүтээгдэхүүнээ аваад тооцоог цаг тухай бүрт хийдэг байсан, урамшууллаа ч хугацаандаа авч байсан гэсэн мэдүүлэгээс борлуулалтын менежер *******ыг бүтээгдэхүүн борлуулсан мөнгөө цаг тухай бүрд төлдөг бөгөөд түүнд хяналт тавих боломжтой байжээ гэж дүгнэж байна. Тодруулбал: ******* ХХК нь зарсан бүтээгдэхүүний урамшууллыг олгож байгаа хэлбэрээр орлого зарлагын гүйлгээг хянах боломжтой бөгөөд гэрчийн мэдүүлгээр 2018 оны 06 дугаар сард нийлэхэд 3 751 000 төгрөгийн тооцоо гарсан гэж байх тул Далай ван аудит ХХК-ний шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэл болгон үнэлэв. Уг дүгнэлтээр ******* нь дансны авлагаар 1 458 300 төгрөг, дэлгүүрээс хувийн дансаар 1 631 700 төгрөг тушаасан баримтгүй тул нийт 3 090 000 төгрөгийн өртэй гэж тодорхойлсон.

******* ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд тамга тэмдэг, гарын үсгээр бүрэн баталгааждаггүй, өр авлагын тооцоо нийлж 2 талын гарын үсгээр баталгаажуулдаггүй, бараа бүтээгдэхүүний тооллогын баримт гарын үсгээр баталгааждаггүй зэрэг алдаа дутагдалтай байсан боловч төрийн сан, татварт тушаасан санхүүгийн тайлан балансаас түүсэн учир компаний тайлан балансад тусгасан гэсэн үндэслэлээр шинжээч дүгнэлтээ гаргасан тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй, хариуцагч *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэвч хариуцагч ******* хөдөлмөрийн гэрээ байгуулсан, цуцалсныг хүлээн зөвшөөрч байна.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Хариуцагч *******ыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд ажлаас халагдах үед түүнтэй тооцоо хийгээгүй, хэдэн төгрөгний дутагдал гаргасан талаар баталгаажуулаагүй нь маргааны эх үндэс болсон байна .

Ажил олгогч нь ажилтан *******тай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрч байх боловч ******* нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байх явцдаа ******* ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуульд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд хариуцагч *******аас нийт 3 090 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 998 846 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ид хэргийн материалтай ирж танилцах, шүүх хуралдааны товыг тухай бүрт хүргүүлж байсан боловч шүүх хуралдаанд ирээгүй, бусад итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар гаргасан тул ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 128 380 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 64 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 3 090 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 998 846 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Шийдвэр хүчин төгөлдөр болмогц *******ын үйлдвэрээс ачиж гарсан бүтээгдэхүүний баримт 2016 оны 1-5 сар, дэлгүүрүүдэд нийлүүлсэн бүтээгдэхүүний баримт 2016 оны 1-5 сарын баримтуудыг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.

3.    Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128 380 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 64 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ