Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1507

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01382/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ***тоотод оршин суух Б*** О*** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, *** тоотод оршин суух Б*** Т*** /РД: ***/-д холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э***, Б.Б***, хариуцагч М.Т***, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг М.Т***од 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн 10,000,000 төгрөгийг Б.Б*** данснаас шилжүүлэн авсан. М.Т*** нь гэрээнд заасны дагуу мөнгөө төлж чадахгүй байсан учир гэрээний хугацааг сунгасан. М.Т*** нь нийт 3,000,000 төгрөгийн хүү төлсөн. Энэ мөнгө нь Б.Б***н дансанд орж ирсэн. Түүнээс өөр ямар ч мөнгө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, төлөөгүй 2 сарын хүү 2,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангийг үндсэн төлбөрөөс тооцож 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.О***аас 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүнд нийт 4,000,000 төгрөг төлсөн. Мөн Н.О*** надаас 800,000 төгрөгийн үнэ бүхий зуурмагны машин түр хугацаагаар хэрэглэхээд авсан бөгөөд одоо түүнийг буцаан өгөөгүй байгаа тул зуурмагны машинаа авахгүйгээр түүний үнэ 800,000 төгрөг, мөн бага багаар нийт 500,000 төгрөг өгсөн, хүүнд нийт 4,000,000 төгрөг өгсөнөө тооцохоор нийт 5,300,000 төгрөгийг төлсөн байна. Иймд хүүг бүрэн төлж дууссан байна гэж бодож байна. Иймээс үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сараас эхлэн хэсэгчлэн төлөх саналтай байна. Алдангийг төлөх ямар ч боломжгүй тул төлөхөөс татгалзаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*

Нэхэмжлэгч Н.О*** нь хариуцагч М.Т***од холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.Т*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүүг бүрэн төлж дууссан тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.О*** нь 10,000,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай , нэг сарын 10 хувийн хүүтэйгээр хариуцагч М.Т***од зээлсэн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 09 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохигчид зээлийн гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Н.О***, М.Т*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Энэхүү хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.О*** нь гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг хариуцагч М.Т***ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хариуцагч М.Т***ын шүүх хуралдаанд гаргасан “... зээлийн гэрээ байгуулж, Н.О***аас 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Т*** нь зээлийн гэрээ болон тус гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан хугацаанд 3 сарын хүү болох 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Харин зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч М.Т*** нь 2017 оны 05 дугаар сараас эхлэн хэсэгчлэн төлөх хүсэлтэй гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэлд зээлийн гэрээг 2 удаа сунгаж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дууссан гэж дурдсан боловч мөн өдөр хүртэл сунгасан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Иймд зээлийн гэрээний хугацааг хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Н.О*** нь хариуцагч М.Т***оос гэрээний үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны доторх хүүгийн төлбөрийн хамт шаардах эрхтэй байна.

Хариуцагч М.Т*** нь түр хугацаанд ашиглуулахаар шилжүүлсэн зуурмагны машинаа буцаан авахгүйгээр үнэ болох 800,000 төгрөгийг төлөх хүүнээс хасуулна, бага багаар шилжүүлсэн мөнгөө тооцохоор нийт 500,000 төгрөг шилжүүлсэн, хүүнд нийт 4,000,000 төгрөг өгсөн гээд нийт 5,300,000 төгрөгийг хүүнд төлсөн гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа боловч хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд харин хүүгийн төлбөрт өгсөн гэх 1,000,000 төгрөг, мөн бага багаар шилжүүлсэн нийт 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Н.О***т төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн түр хугацаагаар ашиглуулахаар Н.О***т шилжүүлсэн гэх зуурмагны машины үнэ болох 800,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасуулна гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрөөгүй, талуудын хооронд дээрх эд хөрөнгийн талаар ямар нэгэн үүрэг үүссэн эсэх нь тодорхойгүй байх тул зуурмагны машины үнэ гэх 800,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч дээрх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тайлбарынхаа үндэслэлийг нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дээрх төлбөрүүдийг төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.О*** нь алданги 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч М.Т*** зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр  төлүүлэх эрхтэй” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т: “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т: “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д: “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй  хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр талууд тохирсон нь дээрх хуульд заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч Н.О*** нь төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 10,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 5,000,000 төгрөгийг хариуцагч М.Т***оос нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Т***оос зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 933,324 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,933,324 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,066,676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүүгийн төлбөрийг тооцохдоо хэрэгт авагдсан зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцож үзэхэд хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээл авснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 3 сарын хугацааны хүүнд 3,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд мөн өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах хугацаа буюу 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 28 хоногийн хугацаанд хүүг тооцоход 933,324 төгрөг болсон болно.

 

Хариуцагч М.Т***од шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлож, тус шүүх хуралдаан дээр хариуцагч М.Т*** өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6101 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр товлосон, мөн өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч М.Т*** нь өмгөөлөгч Ж.У***ийг сонгосон боловч өмгөөлөгч нь Улаанбаатар хотод шүүх хуралдаан давхацсан тул өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6422 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон байна.

Өмгөөлөгч Ж.У*** 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцан, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутын шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хариуцагч М.Т*** нь шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Ж.У*** нь миний эрх ашиг сонирхлыг бүрэн хамгаалах эсэхэд эргэлзээ төрж байна гэсэн үндэслэлээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Т***оос үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 15,933,324 төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч Н.О***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,066,676 төгрөгийн шарадлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т***оос улсын тэмдэгтийн хураамжид 237,617 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ