Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2017/0247/З |
Дугаар | 962 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 962
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ын А
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт,
Хариуцагч: Гадаад харилцааны сайдад тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “…Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч н.Б******* болон ахлах байцаагч нарын Б.А ийн регистрийн дугаартай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, мөн Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.О******* 2010 оны 76 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.А т захиргааны шийтгэл ногдуулсан 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлд Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гэсэн мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх, гадаад паспортыг цоолсон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Гадаад харилцааны сайдад эрх зүйн дипломат аргаар нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахыг даалгах, Гадаад харилцааны сайд хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин, нэхэмжлэгч Б.А , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б , хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , өмгөөлөгч А.Б нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Иргэний бүртгэл мэдээллийн төв нь Б.А******* миний овог нэр, регистрийн дугаарыг ашиглаж, хадам эгч асан Л.А******* зурагтай иргэний үнэмлэх, Е серийн 0******* дугаартай Үндэсний гадаад паспортыг түүнд ашиглуулах зорилгоор олгожээ. Дээрх хуурамч бичиг баримтыг ашиглан Л.А******* нь 2005-2012 оны хооронд Монгол Улсын хилийг хууль бусаар 11 удаа зөрчиж, БНСУ-д кафе ажиллуулж байжээ. ИБМУТ нь 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр үндэслэлгүйгээр Б.А миний гадаадад зорчих эрхийг хязгаарласан захирамжилсан захиргааны акт гаргасан байна. Тагнуулын Ерөнхий газар дээрх шийдвэрт үндэслэн миний гадаадад зорчих эрхийг хязгаарласан гэж мэдүүлж байна. Б.А би 2010 оны 04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 03 сарын 02 өнөөдрийг хүртэл, цаашид ч хийгээгүй хэргийнхээ төлөө иргэний болон ажил төрлийн нэр хүндээрээ хохирсон тул алдагдсан нэр төрөө сэргээлгэхийн тулд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 39.1-д “ Иргэний бүртгэлийн ажилтны хууль; бус үйл ажиллагааны улмаас Монгол Улсын иргэн ... хүний эрх ашиг хохирсон бол учирсан; гэм хорыг хууль тогтоомжид заасны дагуу арилгана”, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно”, мөн хуулийн 10.1-д “ Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ”, Захиргааны Ерөнхий хуулийн 47.4-д “ Эрх, хууль Eсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч хандаж болно”, мөн хуулийн 47.1.6 ~д зааснаар “ Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль Eсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр дараах нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна. ИБМУТ-ийн / тухайн үеийн нэршлээр/ 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Е серийн / 0******* дугаартай үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б.А миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ТБ ***** \ Л.А******* зурагтай ***** тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох,
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 9.2-д “Иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт нэг бүр нь сери дугаартай болон иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээ нь тухайн жилдээ үл давхцах дугаартай байна”, мөн хуулийн 22.1-д “...Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг болно. Монгол Улсын иргэний үнэмлэх батлагдсан загвартай байна”, мөн хуулийн 22.7-д “Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээхийг хориглоно” гэж хуульчилжээ.
Монгол Улсын иргэн Б.А ТБ***** би 1988 онд 16 нас хүрч ДА дугаартай паспортыг анх удаа, дараа нь 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2008оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Д******* дугаартай иргэний үнэмлэхээ хуульд заасны дагуу солиулж, хууль Eсоор эзэмшиж байсан.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэгч-операторч нь “Хэвлэгч-операторчийн иргэний үнэмлэх хэвлэх ажлын арга ажиллагааны заавар”-ын 14.а-д “Иргэний үнэмлэх бүртгэлийн ажилтнаар дамжуулахгүйгээр иргэний үнэмлэх солих материал хүлээн авах”-ыг хориглоно гэсэн ноцтой зөрчиж, Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ТБ***** \ Л.А******* зурагтай ***** тоот хуурамч иргэний үнэмлэхийг олгосон байна.
Иймд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн ажилтны Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ТБ ***** \ Л.А******* зурагтай ***** тоот хуурамч иргэний үнэмлэх олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна.
2. 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б******* болон гадаад паспортын ахлах байцаагч нарын 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ТБ ***** 1\ Л.А******* зурагтай Е серийн 0******* тоот хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг илт хууль бус” байсан болохыг тогтоолгох,
Гадаад паспортын байцаагч Л.Б*******, гадаад паспортын ахлах байцаагч нар нь Иргэний бүртгэл мэдээллийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах бичиг баримт олгох, технологи ажиллагааны журмын 13-д “Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг хүссэн иргэний материалыг нийслэлд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гадаад паспортын байцаагч тогтоосон ажлын өдрүүдэд зөвхөн эзэмшигчээс хүлээн авна. Мөн журмын 1.4-д “Үндэсний гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг авахаар иргэний бүрдүүлсэн материалыг хүлээн авсан паспортын байцаагч нийслэлд ИБМУТ- ийн мэдээллийн сангаас заавал урьдчилан шалгуулахын зэрэгцээ бүртгэл мэдээлэлтэй холбоотой бусад эх сурвалжийг ашиглан дор дурдсан шалгалт хийнэ.
14.а Иргэний үнэмлэх хүчин төгөлдөр эсэх, 14.в Иргэний үнэмлэхэд бичигдсэн овог нэр, төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, хүйс, оршин суугаа хаяг, ажил эрхлэлтийн байдал нь гадаад паспорт, түүнтэй адилтгах бичиг баримт авах мэдүүлгийн хуудас, өргөдөлд зөв бичигдсэн эсэх, мэдээллийн санд байгаа бичлэгтэй тохирч байгаа эсэхийг тулгана. Хэрэв зөрүүтэй бол Үндэсний баримтын архиваар тодорхойлолт гаргуулан зөрчлийг залруулсан тухай тэмдэглэл хийлгэнэ, 14.д Тухайн иргэнийг өөрийг нь байлцуулан гадаад паспорт, түүнтэй адилтгах бичигт тавигдах зураг нь иргэний үнэмлэх дэх зураг болон түүний өөрийн дүр төрх, нүүр царайтай тохирч байгаа эсэхийг тулгаж үзнэ,14.E Гадаад паспорт авахыг хүсэгчийн бүрдүүлсэн материал, баримт бичгийг шалган үзсэний дараа байцаагч мэдээллийн санд байгаа иргэний үнэмлэх хүчинтэй эсэхэд шалгалт хийх, 16-д Иргэний үнэмлэхний зураг тухайн хүний зурагтай тохирохгүй байх тохиолдолд иргэний баримтын төв архивын их зураг бүхий баримтаар тулган, архивын ажилтан зургийг тэмдгээр баталгаажуулж, тэмдэглэн өөрийн гарын үсгийг зурна, 22-д Паспортын байцаагч нь баталгаажуулсан захиалга хуудсыг дахин шалгаад, өөрийн биеэр гадаад паспортын ахлах байцаагчид хянуулахаар хүлээлгэн өгнө, 23-д Гадаад паспортын ахлах байцаагч нь энэ журмын 14 а,б,в,г,е,E-д заасан шалгалтыг хийж, зөрчил илрээгүй бол захиалга хуудас дахь паспортын байцаагчийн баталгаажуулсан зургийг хувийн тэмдгээр давхар баталгаажуулан, дахин шалгасныг нотолж, өөрийн гарын үсгийг зурна гэж тус тус заасныг зөрчиж, миний гарын үсгийг хуурамчаар зурсан этгээдэд Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ ТБ ***** \ Л.А******* зурагтай E серийн 0******* тоот хуурамч үндэсний гадаад паспорт олгосон байна. 2015 оны 6 дугаар сард Л.А*******тай тааралдаад асуудлыг шийдүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт дагуулан очсон. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б******* Л.А*******г 250000 төгрөгөөр торгоод, Л.А*******гаар “Нэг хүн надаас бэр дүүгийн чинь нэртэй гадаад паспорт гаргуулж өгье гээд сураггүй болсон” гэсэн утгатай өргөдөл хэлж бичүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргасан. 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ТБ***** \ Л.А******* зурагтай Е серийн 0******* тоот хуурамч үндэсний гадаад паспорт буюу зөрчилтэй паспортын зураг тулгалтын лавлагаа авах гэсэн боловч байгууллагын нууц гээд олгоогүй тул Тагнуулын ерөнхий газарт хандаж, гомдол гаргасан.
Иймд гадаад паспортын байцаагч Л.Б*******, гадаад паспортын ахлах байцаагч нарын Л.А*******д ашиглуулах зорилгоор 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ ***** \ Л.А******* зурагтай Е серийн 0******* тоот хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг “илт хууль бус” болохыг тогтоож өгнө үү.
3. Иргэний Бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О******* 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот захиргааны актыг “илт хууль бус” байсан болохыг тогтоолгох, Б.А надад захиргааны шийтгэл ногдуулсан 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлд Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдэл нь бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг даалгуулах
2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.А би өөрийн хууль ёсны бичиг баримт болох ДА дугаартай иргэний үнэмлэхээр Үндэсний гадаад паспорт гаргуулахаар мэдүүлэг бөглөн өөрийн биеэр очсон. Мэдүүлгийг хүлээн авсан гадаад паспортын байцаагч Л.А******* зурагтай миний овог нэр, регистрийн дугаартай баримтыг компютерийн дэлгэцнээс хальт харуулаад миний иргэний үнэмлэхийг хурааж авсан.
Иргэний бүртгэл мэдээллийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах бичиг баримт олгох, технологи ажиллагааны журам”-ын 18-д “Шалгалтын явцад хуурамч буюу бусдын баримт бичиг ашигласан байж болзошгүй тохиолдолд паспортын байцаагч уг материалыг хяналтын улсын байцаагчид нягтлан шалгуулахаар хүлээлгэн өгнө. Хяналтын улсын байцаагч баримт бичиг эзэмшигчийг тогтоож, асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ” гэж журамлажээ. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргын тушаалаар баталсан 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 100 тоот тушаалаар баталсан “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх” журмын 4-т “Хуурамч, бусдын баримт бичиг ашигласан этгээдийн гадаадад зорчих эрхийг “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах, тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ”, мөн журамд “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ хуурамч, бусдын паспорт , баримт бичиг ашигласныг ...нотлох баримт материалыг байцаагч бүрдүүлнэ”, дээрх материалыг бүрдүүлсний үндсэн дээр иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагч Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих, эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргуулна, “Шийдвэрт эрх” түдгэлзүүлсэн шалтгаан болон хугацааг тодорхой тусгасан байна”, “...Шийдвэрийг иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын ахлах байцаагч хянаж, баталснаар уг шийдвэр хүчин; төгөлдөр болно “Шийдвэр батлагдсан даруй Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 8-д дахь хэсэгт заасны дагуу гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн иргэнд мэдэгдэх хуудсаар хариу өгнө” гэж тус тус журамлажээ. Журамд зааснаар Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ТБ ***** \ Л.А******* зурагтай E серийн 0******* тоот хуурамч үндэсний гадаад паспортад үндэслэн Л.А******* гадаадад зорчих эрхийг хязгаарласан захиргааны акт гаргаж, 2010 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай түдгэлзүүлэх байсан атал Л.А*******д хариуцлага тооцохгүйгээр Б.А миний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг хязгаарласан 76 тоот “илт хууль бус” захиргааны акт гаргасан байна. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 8-д “Энэ хуулийн 5 д дугаар зүйлийн 1 дэх хэрэгт заасан үндэслэлээр иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага... үндэслэл бүхий хариуг бичгээр өгнө” гэж хуульчилсан боловч Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О нь дээрх 76 тоот захиргааны актаа надад өнөөдрийг хүртэл огт танилцуулж байгаагүй бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан хяналтын улсын байцаагч Ш.Уртнасангийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийн цахим сангаас гаргаж өгсөн хориг тавилтын цахим мэдээлэлд үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр намайг 40000 төгрөгөөр торгоод, хууль Eсны бичиг баримт болох ДА дугаартай иргэний үнэмлэхийг минь буцаан өгч, илт хууль бус захиргааны шийтгэл ногдуулсан байна.
4. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтны 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ ***** / Л.А******* зурагтай ***** дугаартай иргэний үнэмлэх, Б.А миний овог нэр, регистрийн дугаартай ТБ***** Л.А******* зурагтай Е серийн 0******* тоот хуурамч үндэсний гадаад паспортыг цоолж устгасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 7.1.5-д “Хилийн чандад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль Eсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” гэж, Монгол Улсын Иргэний хэрэг Хурлын 71 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын консулын дүрмийн 7 дугаар заалтад Консулын алба Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суугаа улсад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний удирдлагын дор ажиллана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-д “ Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа, Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа, Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ”, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Хуурамч, бусдын бичиг баримт ашигласан этгээдийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах”-аар тус тус хуульчилжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтанд 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.А миний овог нэр, регистрийн дугаартай ТБ***** , Л.А******* зурагтай хуурамч иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорттай 2005 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2008 оны 08 дугаар сарын31-ний өдрийг хүртэл 11 удаа Монгол Улсын хилийг хууль бусаар зөрчсөн Л.А*******д шалгалт хийлгүйгээр Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ***** / Л.А******* зурагтай хуурамч иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортыг цоолж устган Л.А*******д буцаан олгосон байна. Л.А******* нь БНСУ-д суугаа консулын ажилтны цоолж устгасан Б.А миний овог нэр, регистрийн дугаартай \ТБ ***** \ ,Л.А******* зурагтай хуурамч иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортаар БНСУ-ын хилийг нэвтэрч, өөрийн нэртэй Т0016868 буцах үнэмлэхээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн байна. БНСУ-д суугаа консулын ажилтны дээрх хууль бус үйлдлийн улмаас Б.А намайг БНСУ-ын визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчиж байсан гэж, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл БНСУ-ын хил нэвтрэх эрхээ хязгаарлуулж, иргэний болон ажил хэргийн нэр хүндээрээ хохироод байна. БНСУ-д суугаа консулын ажилтны дээрх хууль бус үйлдэл нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12.1-д “Аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль Eсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэр дотор чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй”, Монгол Улсын үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 18 дахь заалт “Гадаадад явах, оршин суух эх орондоо буцаж ирэх эрхийг БНСУ-ын талыг Б.А миний эрх ашиг хууль Eсны ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр гаргахад хүргэсэн. Эрх зүйн шууд үр дагавар бүхий сөрөг илт хууль бус шийдвэр болсон байна. Иймд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтны 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А миний овог нэр регистрийн дугаартай /ТБ***** / Л.А******* зурагтай ***** 8 дугаартай иргэний үнэмлэх Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ***** / Л.А******* зурагтай Е серийн 0******* тоот хуурамч үндэсний гадаад паспорт цоолж устгасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.
5. Гадаад хэргийн сайдад хандаж гаргасан хүсэлтэд хариу ирүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.А ийн хилийн чандад зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалахыг даалгах.
“Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилчдын хууль бус үйл ажиллагааны улмаас 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Б.А ийн гадаадад хувийн хэргээр зорчих эрхээ хязгаарлаад байна. Учир нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын Монгол Улсын Элчин сайдын Консулын ажилтан Л.А*******д буцах үнэмлэх олгохдоо Б.А ийн нэр, регистрийн дугаартай гадаад паспорт, иргэний үнэмлэхийг цоолж, ямар нэг хяналт хийлгүйгээр 2012 оноос 2017 оны хооронд нэхэмжлэгчийг БНСУ-д хууль бусаар амьдарч, хууль зөрчиж байсан гэж хилийн хориг тавьсан нэхэмжлэгч нь эрх ашгаа хамгаалуулахаар Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын дипломат албыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн удирдана” гэж, Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 7.1.5-д “Хилийн чандад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль Eсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” гэж, Монгол Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын консулын дүрмийн 7 дугаар заалтад “Консулын алба Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний удирдлагын дор ажиллана” гэж тус тус журамласны дагуу дээд шатны захиргааны байгууллага болох Гадаад харилцааны яаманд 2016 оны 2 дугаар сараас хойш удаа дараа хандсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ”, 19 дүгээр зүйлийн 19.3-т “Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө” гэж заасан боловч Гадаад хэргийн сайд нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр БНСУ-ын талд нот бичиг явууллаа гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлж, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйг гаргасан байна. Нэхэмжлэгч нь БНСУ-руу 2017 оны 07 дугаар сард виз мэдүүлсэн боловч 07 дугаар сарын 04-ний өдөр өмнө визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчиж байсан гэсэн үндэслэлээр БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс виз олгохоос татгалзаад байна.
Иймд бидний зүгээс Б.А нь гэмт хэргийн хохирогч болж хилийн чанадад эрх нь зөрчигдсөөр байгаа тул гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу ирүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн хилийн чанадад зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалахыг Гадаад хэргийн сайдад даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний бүртгэл мэдээллийн төвийн даргын 2007 оны 19 дүгээр тушаалаар баталсан “Иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох технологи ажиллагааны журам”-ын 14-т “Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг авахаар иргэний бүрдүүлсэн материалыг хүлээн авсан паспортын байцаагч нийслэлд ИБМУТ-ийн мэдээллийн сангаас дор дурдсан шалгалтыг хийнэ. а/ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх” гэж заасны дагуу шалган бүртгэж иргэн Б овогтой А т 2005 онд Е-******* дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг олгосон байна.
Иргэн Б.А г 2001 онд УБ 8326125, 2008 онд дугаартай иргэний үнэмлэхийг Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсээс олгогдсон, харин 2005 онд олгосон гэх иргэний үнэмлэхийн бүртгэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байна” гэв.
Хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“…Улсын бүртгэлийн цахим санд иргэн Б ын А нь ТБ***** регистрийн дугаараар бүртгэлтэй бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн үед хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Д.О нь “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх” журмын 1-д “Хуурамч, бусдын паспорт , баримт бичиг ашигласан ... гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.”, мөн журмын 2 дах хэсгийн б-д “хуурамч, ....гэснийг нотлох баримт. Дээрх материалыг бүрдүүлсний үндсэн дээр ....хяналтын улсын байцаагч Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн эсэх талаар шийдвэр гаргуулна ” гэснийг тус тус үндэслэн хяналтын улсын байцаагчийн 76 тоот шийдвэр гаргасан байна. Энэ нь зөвхөн шинээр гадаад паспорт авах бүртгэлд хамаарах болно.
Иргэн Б.А т олгогдсон хуурамч гэх 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Е******* дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35.1-д “Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн, эсхүл сум, дүүргийн Засаг даргын болон иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу|хүчингүй болгож, мэдээллийн сангаас хасч, зөрчлийг арилгасан байна. Мөн иргэн Б.А ийн гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цуцалсан байна.
Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23 тоот прокурорын тогтоолд “Л.А******* нь Б.А ийн нэртэй гадаад паспортыг ашиглаж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэжээ.
Иргэн Б.А нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт ... иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А ээс Гадаад харилцааны сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч н.Б******* болон ахлах байцаагч нарын Б.А ийн регистрийн дугаартай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.О******* 2010 оны 76 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.А т захиргааны шийтгэл ногдуулсан 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлд Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гэсэн мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх, гадаад паспортыг цоолсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Гадаад харилцааны сайдад эрх зүйн дипломат аргаар нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахыг даалгах, Гадаад харилцааны сайд хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсныг шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: утга агуулгын илэрхий алдаатай; иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль Eсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заажээ.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах үүрэгтэй”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг болно...”, 22.7-д “Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх ... хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэний баримт бичгийг иргэний биечлэн гаргасан өргөдлөөр ... тухайн иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан дахин олгож болно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзвэл иргэний үнэмлэх нь тухайн иргэнийг мөн болохыг батлах, гэрчлэх баримт бичиг бөгөөд иргэний үнэмлэхийг дахин шинээр авахдаа иргэн өөрөө биечлэн ирж өргөдөл гаргаж, түүний үнэн зөвийг улсын бүртгэлийн ажилтан буюу улсын бүртгэлийн байгууллага шалгаж, үнэн зөв тохиолдолд иргэний үнэмлэхийг дахин олгох үүрэгтэй байна.
Мөн тухайн иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэн олгохыг хуулиар хоригложээ.
Б.А нь 1988 онд 16 насанд хүрч иргэний үнэмлэх анх авч, тус иргэний үнэмлэхээ 2001 онд шинэчилж, 2008 оныг хүртэл иргэний үнэмлэхний мэдээлэлдээ өөрчлөлт оруулж, иргэний үнэмлэх дээрх зургаа солиогүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл иргэн Б.А ийн мэдээлэл бүхий иргэн Л.А******* зурагтай иргэний үнэмлэхийг Б.А өөрөө өргөдөл гаргаагүй байхад Улсын бүртгэлийн байгууллагаас худал мэдээлэлд үндэслэн, мэдээллийн үнэн зөвийг шалгах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Л.А*******д олгосон байна.
Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4153 дугаар шинжээчийн дүгнэлт, иргэн Л.А******* Тагнуулын ерөнхий газарт 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгүүд, иргэн Л.А******* 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний үнэмлэх авахад бөглөдөг тусгай маягтыг Б.А , Л.А******* нарын хэн нь ч бөглөөгүй болох нь тус тус нотлогдож байх тул иргэн Л.А*******д түүний зурагтай иргэн Б.А ийн мэдээлэл бүхий иргэний үнэмлэх олгосон үйлдэл нь илт хууль бус байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч н.Б******* болон ахлах байцаагч нарын Б.А ийн регистрийн дугаартай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно”, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно” гэж тус тус заажээ.
Мөн Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн даргын 2007 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан Иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох технологи ажиллагааны журмын 13-т “Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг хүссэн иргэний материалыг ... зөвхөн эзэмшигчээс хүлээн авч үйлчилнэ”, 14-т “Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг авахаар иргэний бүрдүүлсэн материалыг хүлээн авсан паспортын байцаагч ИБМУТ-ийн мэдээллийн сангаас ... болон ИБМУТ-өөр дамжуулан заавал урьдчилан шалгуулахын зэрэгцээ бүртгэл, мэдээлэлтэй холбоотой бусад эх сурвалжийг ашиглан дор дурдсан шалгалт хийнэ ... “ гэж тус тус заажээ.
Дээрх хууль, журмын заалтуудаас үзвэл гадаад паспорт нь тухайн иргэнийг гадаад улсад явааг гэрчлэх албан Eсны баримт бичиг бөгөөд тухайн иргэн үндэсний энгийн гадаад паспорт авахдаа биечлэн мэдүүлэг гаргаж, бүртгэлийн байгууллага хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн зөвхөн тухайн иргэнд өөрт нь олгохоор байна.
Тодруулбал үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг хүссэн иргэний материалыг зөвхөн өөрөөс нь паспортын байцаагч хүлээн авч тухайн баримт материалын үнэн зөвийг шалгах үүрэгтэй байна.
Гэвч Б.А ээс 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрөө хүсч үндэсний энгийн гадаад паспорт гаргуулахаар материалаа бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагад өгөөгүй байхад түүний нэр дээр Е-0******* дугаар бүхий гадаад паспорт гаргасан Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус байна.
Учир нь нэхэмжлэгч өөрөө хүсч үндэсний энгийн гадаад паспорт гаргуулахаар мэдүүлээгүй байхад түүний мэдээллийг агуулсан Л.А******* зураг бүхий гадаад паспортыг бусдад гарган өгч байгаа нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Иргэн өөрийн нэртэй байна”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан иргэний эрхийг Улсын бүртгэлийн байгууллага зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гурав. Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.О******* 2010 оны 76 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.А т захиргааны шийтгэл ногдуулсан 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлд Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:
2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хяналтын улсын ахлах байцаагч Д.О 76 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх ашигласан гэх шалтгаанаар хориг тавьж гадаадад зорчих эрхийг нь хязгаарлаж байжээ.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан ... этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж тус тус заажээ.
Мөн Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргын 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх журам”-ын 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ дараах материалыг байцаагч бүрдүүлнэ”, а-д “тухайн иргэнээс гаргуулж авсан тодорхойлолт буюу зөрчил гаргасан тухай холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичиг”, б-д “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан ... нотлох баримт” гэж тус тус заасан байна.
Дээрх хууль, журмын дагуу нэхэмжлэгч Б.А нь ямар нэгэн байдлаар хуурамч, бусдын бичиг баримт ашигласан эсэхийг улсын бүртгэлийн байгууллага шалгаж, холбогдох нотлох баримтыг улсын байцаагч бүрдүүлсний үндсэн дээр гадаадад зорчих эрхийг нь хязгаарлах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгч Б.А ийг өөрийнхөө иргэний үнэмлэхийг үндэслэж гадаад паспорт хүссэн байхад Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний үнэмлэхийг нь өөрийнх нь мөн эсэх, хуурамч эсэхийг шалгах ажиллагаа хийгээгүй, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлээгүй байж хуурамч иргэний үнэмлэх ашигласан гэж үзэж гадаадад зорчих эрхийг нь хязгаарлаж 76 тоот шийдвэр гаргаж байгаа нь илт хууль бус байна.
Нэхэмжлэгч Б.А ийг бусдад бичиг баримтаа ашиглуулсан гэсэн үндэслэлээр 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0041787 дугаар шийтгэврийн хуудас бичиж 40.000 төгрөгөөр торгожээ.
Гэвч нэхэмжлэгч нь бичиг баримтаа бусдад ашиглуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч анх удаа үндэсний энгийн гадаад паспорт гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч түүний нэр бүхий хуурамч гэх Е-0******* дугаар гадаад паспортыг ашиглаж 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор Л.А******* гарч 2012 онд Монгол Улсад Л.А******* өөрийн нэрээр орж ирсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 7.8/1296 тоот албан бичиг, түүний хавсралт, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 03/6854 дугаар албан бичгийн хавсралт, Л.А******* шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг бичиг баримтаа бусдад ашиглуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0041787 дугаар шийтгэврийн хуудсыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Л.А******* үйлдэл нь Б.А ийн бичиг баримтыг ашиглан Монгол Улсын хилээр удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар нэвтэрч, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул Л.А*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Улсын ерөнхий прокурорын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/1340 тоот хариу мэдэгдэх хуудас, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж буй Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаас тус тус нотлогдож байна.
Иймд Л.А******* гэмт үйлдлийн улмаас хохирсон Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэж үзэх боломжгүй тул улсын бүртгэлд Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээлэл оруулсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус гэж үзэх нь зүйтэй байна.
Нэгэнт Л.А******* үйлдлийн улмаас хохирсон Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээлэл оруулсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус гэж үзсэн тул тус мэдээллийг Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй юм.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/8604 дугаар албан бичгээр иргэн Б.А т хуурамч гэх 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Е-0******* дугаартай үндэсний энгийн гадаад паспорт хүчингүй болж, мэдээллийн сангаас хасагдсан болохыг мэдэгдсэн байх хэдий ч Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээллийг устгасан гэж үзэх боломжгүй юм.
Дөрөв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх, гадаад паспортыг цоолсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.А ийн мэдээлэл бүхий Л.А******* зурагтай Монгол Улсын иргэний үнэмлэх, Е-0******* дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг Монгол Улсаас БНСУ-д суугаа консулын ажилтан цоолж Л.А*******д буцаан өгч, түүнийг нь Л.А******* устгасан болох нь Л.А******* гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, эсхүл 2 буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл хуурамч, бусдын паспорт ашигласан бол гадаадад зорчих эрхийг иргэний бүртгэлийн байгууллага, цагдаагийн байгууллага түдгэлзүүлэх эрхтэй байна.
Харин Монгол Улсаас гадаад улсад суугаа консулын ажилтан хуурамч, бусдын паспорт ашигласан этгээдэд хариуцлага хүлээлгэх, иргэний үнэмлэх, паспортыг цоолж, устгах эрх олгогдоогүй байх бөгөөд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, улмаар улсын бүртгэлийн байгууллагад бичиг баримтыг хүлээлгэн өгөх Eстой байсан байна.
Иймд хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн Гадаад харилцааны яамны консулын ажилтны үйлдлийг хууль бус гэж шүүх үзлээ.
Тав. Гадаад харилцааны сайдад эрх зүйн дипломат аргаар нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахыг даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.А ийн Иргэний бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулиар олгогдсон эрх нь Төрийн захиргааны байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн байна.
Дипломат албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын дипломат албыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн удирдана”, 4.2-т “Дипломат албаны хилийн чанад дахь үйл ажиллагааг Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Дипломат төлөөлөгчийн газар дараах чиг үүргийг гүйцэтгэнэ”, 7.1.5-д “хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль Eсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” гэж тус тус заажээ.
Иймд Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны сайд хилийн чанадад Монгол Улсын иргэний эрх, хууль Eсны ашиг сонирхлыг дипломат аргаар хамгаалах чиг үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хилийн чанадад дипломат аргаар хамгаалахыг хариуцагч Гадаад харилцааны сайдад даалгах нь зүйтэй байх бөгөөд энэ талаар Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед “...нэхэмжлэгчийн визний асуудлаар дахин нот бичиг явуулах боломжтой...” гэдгээ илэрхийлж байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Зургаа. Гадаад харилцааны сайд хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.А нь 2016 оны 2 дугаар сараас хойш холбогдох хууль, журмын дагуу Гадаад харилцааны сайдад эрхээ хамгаалуулахаар удаа дараа хандсан гэж тайлбарлан маргаж байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу Б.А т Гадаад харилцааны сайдаас 2016 оны 10/1866, 10/3222 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн байна.
Түүнчлэн Гадаад хэргийн сайдаас /хуучин нэрээр/ 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын талд нот бичиг явуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох баримт бичгүүдээр нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль Eсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.
Иймд Гадаад харилцааны сайд нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн байх бөгөөд хариуцагч Гадаад харилцааны сайдыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.7, 23 дугаар зүйлийн 23.1, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч н.Б******* болон ахлах байцаагч нарын Б.А ийн регистрийн дугаартай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг тус тус илт хууль болохыг тогтоосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч н.О******* 2010 оны 76 тоот захиргааны акт, Б.А т захиргааны шийтгэл ногдуулсан 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41787 тоот шийтгэврийг, улсын бүртгэлд Б.А ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гэсэн мэдээлэл оруулсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас бүрэн устгахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх, гадаад паспортыг цоолсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоосугай.
4. Дипломат албаны 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.5-д заасныг тус тус баримтлан Гадаад харилцааны сайдад эрх зүйн дипломат аргаар нэхэмжлэгч Б.А ийн эрхийг хамгаалахыг даалгасугай.
5. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан “Гадаад харилцааны сайд хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35.100 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү гардаж аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА