Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00652

 

Ж.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00093 дугаар магадлалтай

Ж.Э-гийн нэхэмжлэлтэй,

“Н”-д холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н”- нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5408 дугаар шийдвэрийг гүйцэтгэхийн тулд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б дугаар байрны 54 тоот орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргахдаа дараах зөрчлийг гаргаж, миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Дээрх орон сууцны үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй атлаа 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/39 тоот тогтоолоор миний эд хөрөнгийг 160 000 000 төгрөгийн 50 хувь буюу 80 000 000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Энэ эд хөрөнгийн үнийг надтай тохиролцоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, төлбөрт хураасан орон сууцны санал болгох үнийг надтай харилцан тохиролцож тогтоогоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлээгүй, албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай бөгөөд үнэлгээ хийлгэсний дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө бие даан худалдан борлуулах саналыг гаргах боломжийг эдлүүлээгүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2 удаа явуулсан боловч энэхүү дуудлага худалдаанууд хүчингүй болсон шалтгаан, үндэслэл тодорхойгүй, өмчлөгчийн хувиар дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй зэрэг нь дуудлага худалдаа явуулах журмыг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт хэсэгт зааснаар 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/39 тоот тогтоолын талаарх гомдлоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэл гаргасан болно. Шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/39 тоот тогтоолын талаар надад 6 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлснийг би 14-ний өдөр хүлээж авсан. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 5408 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1569 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00144 дүгээр тогтоолоор Ж.Э-гаас 56 828 274 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Э-гийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж харилцан тохиролцсон 160 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 70 хувь буюу 112 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ж.Э-д 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн. Тус албанаас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч Ж.Э- 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харилцан тохиролцсон үнэлгээг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07740 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 7015 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Тус албанаас 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд мэдэгдэл, тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/16854 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ж.Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,      

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00093 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ж.Э- миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэр болоод Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00093 дугаар бүхий магадлалыг эс зөвшөөрч байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

“Н”-наас Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5408 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийн тулд иргэн Ж.Э- миний өмчлөлийн Ү-2205010119 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 7Б байрны 54 тоот орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргахдаа дараах зөрчлийг гаргаж миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Үүнд: “Н” нь дээрх орон сууцны үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй атлаа 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/39 тоот тогтоолоор миний эд хөрөнгийг 160 сая төгрөгийн 50% буюу 80 сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн” байна. Энэ эд хөрөнгийн үнийг надтай тохиролцоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан эд хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөнө” гэснийг огт хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл төлбөрт хураасан орон сууцны санал болгох үнийг надтай харилцан тохиролцож тогтоогоогүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлээгүй байж албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай бөгөөд, мөн үнэлгээ хийлгэсний дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө бие даан худалдан борлуулах саналыг гаргах боломжийг эдлүүлээгүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2 удаа явуулсан боловч энэхүү дуудлага худалдаанууд хүчингүй болсон шалтгаан үндэслэл нь тодорхойгүй өмчлөгчийн хуваарь дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй зэрэг байдал нь дуудлага худалдаа явуулах журмыг ноцтой зөрчиж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00093 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул иргэн Ж.Э- миний гомдлыг хянан шийдвэрлэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож дээр дурдсан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Э- нь “Н”-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хоёр дахь дуудлага худалдаанд оруулах гэж байгаа эд хөрөнгийн үнийг надтай тохиролцоогүй, эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлээгүй байж албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017/ 62 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргах боломжийг эдлүүлээгүй, өмчлөгчийг дуудлага худалдаанд оролцуулах боломжоор хангаагүй зэрэг нь дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн...” гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/05408 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Ж.Э-гаас 56 388 355 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 7б байрны 54 тоот орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Н” дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Ж.Э- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнэлсэн 160 000 000 төгрөгийн үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тул үнэлгээг харилцан тохиролцсон гэж үзэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар талуудын харилцан тохиролцсон үнийн 70%-иар буюу 112 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг тогтоож, дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул борлогдоогүй байна.

Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т зааснаар талуудын харилцаж тохиролцсон үнийн  50%-иар санал болгох доод үнийг тогтоож, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, нийтэд зарлаж, төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2.-т талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй бол эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн үнийн талаар маргаагүй, харилцан тохиролцсон гэж үзсэн тул шинжээч томилох шаардлагагүй байна.

Түүнчлэн албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон үнийн 30%, 50%-иар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., 177.4 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 37 дугаар зүйлийн 37.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4. дэх зохицуулалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо  хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2., 62 дугаар зүйлийн 62.1. дэх заалтуудыг зөрчсөн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэжээ.

Маргаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сард гүйцэтгэгдсэн тул хариуцагч  2002 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гомдолд дурдсан, зөрчигдсөн гэх хуулийн зохицуулалт нь 2017 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар  сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зохицуулалт тул нэхэмжлэлд дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00093 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД