Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00093

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШГА-д холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5408 дугаар шийдвэрийг гүйцэтгэхийн тулд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б дугаар байрны 54 тоот орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргахдаа дараах зөрчлийг гаргаж, миний эрх ашиг ноцтой зөрчиж байна. Дээрх орон сууцны үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй атлаа 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “Хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 6/39 тоот тогтоолоор миний эд хөрөнгийг 160 000 000 төгрөгийн 50 хувь буюу 80 000 000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Энэ эд хөрөнгийн үнийг надтай тохиролцоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, төлбөрт хураасан орон сууцны санал болгох үнийг надтай харилцан тохиролцож тогтоогоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлээгүй, албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай бөгөөд үнэлгээ хийлгэсний дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө бие даан худалдан борлуулах саналыг гаргах боломжийг эдлүүлээгүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2 удаа явуулсан боловч энэхүү дуудлага худалдаанууд хүчингүй болсон шалтгаан, үндэслэл тодорхойгүй, өмчлөгчийн хувиар дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй зэрэг нь дуудлага худалдаа явуулах журмыг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт хэсэгт зааснаар 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/39 тоот тогтоолын талаарх гомдлоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэл гаргасан болно. Шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/39 тоот тогтоолын талаар надад 6 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлснийг би 14-ний өдөр хүлээж авсан. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 5408 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1569 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00144 дүгээр тогтоолоор Ж.Э-аас 56 828 274 төгрөг гаргуулж “Х” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Э-ийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж харилцан тохиролцсон 160 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 70 хувь буюу 112 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ж.Э-д 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн. Тус албанаас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч Ж.Э 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харилцан тохиролцсон үнэлгээг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07740 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 7015 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Тус албанаас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд мэдэгдэл, тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/16854 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,        

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх орон сууцны үнэлгээг надтай харилцан тохиролцож тогтоогоогүй атлаа 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/39 дүгээр тогтоолоор миний эд хөрөнгийг 160 000 000 төгрөгийн 50 хувь буюу 80 000 000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Төлбөрт хураасан орон сууцны санал болгох үнийг надтай тохиролцон тогтоогоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлээгүй албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг зөрчсөн болно. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай, үнэлгээ хийлгэсний дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө бие даан худалдан борлуулах саналыг гаргах боломж эдлүүлээгүй.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2 удаа явуулсан боловч энэ дуудлага худалдаанууд хүчингүй болсон үндэслэл тодорхойгүй, өмчлөгчийн хувиар дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй зэрэг нь дуудлага худалдаа явуулах журмыг ноцтой зөрчиж байна. Миний хүсэлтийг харгалзан үзэж хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч НШГА-д холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/05408 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Э-аас 56 388 355 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б байрны 54 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний 1569 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2016/00144 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хх 20-26/

Хариуцагч НШГА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч  Ж.Э төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас түүний зээлийн төлбөрт барьцаалсан орон сууцыг битүүмжлэн хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлсэн нь тогтоогдож байх ба дээрхи үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг төлбөр төлөгч Ж.Э 160 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Х” ХХК нь хүлээн зөвшөөрч үнэлгээг харилцан тохиролцсон /хх-30/ тул шинжээчээр заавал үнэлүүлэх шаардлагагүй. Иймд дуудлага худалдаа явуулах үеийн үнэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлйн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 30-31 /       

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дах хэсэгт зааснаар анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд санал гараагүй тул НШГА 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3/39 дүгээр “Хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол гаргаж,  2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлийг 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ж.Э-д танилцуулсан нь түүний тайлбараар тогтоогджээ.

Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнэ болох 160 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон, дуудлага худалдаанд оруулсан учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буруу явагдсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА