Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02894

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 18-ны өдрийн 5408 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийн тулд иргэн Ж.Э миний өмчлөлийн Ү-2205010119 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б байрны 54 тоот орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргахдаа дараах зөрчлийг гаргаж, миний эрх ашиг ноцтой зөрчиж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх орон сууцны үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй атлаа 2017 оны 06 сарын 06-ны өдөр гаргасан “Хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 6/39 тоот тогтоолоор миний эд хөрөнгийг 160,000,000 төгрөгийн 50 хувь буюу 80,000,000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ эд хөрөнгийн үнийг надтай тохиролцоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг огт хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл төлбөрт хураасан орон сууцны санал болгох үнийг надтай харилцан тохиролцож тогтоогоогүй, ШШГТХ-ийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлээгүй байж, албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Тиймээс ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай бөгөөд үнэлгээ хийлгэсний дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө бие даан худалдан борлуулах саналыг гаргах боломжийг эдлүүлээгүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2 удаа явуулсан боловч энэхүү дуудлага худалдаанууд хүчингүй болсон шалтгаан үндэслэл нь тодорхойгүй өмчлөгчийн хувиар дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй зэрэг байдал нь дуудлага худалдаа явуулах журмыг ноцтой зөрчиж байна. ШШГТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу “үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/39 тоот тогтоолын талаарх гомдлоо энэхүү тогтоол гарснаас хойш 7 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/39 тоот тогтоолын талаар надад 06 сарын 12-ны өдөр хүргүүлснийг би 14-ний өдөр хүлээж авсан. Иймд хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5408 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1569 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00144 дугаар тогтоолоор Ж.Эгаас 56,828,274 төгрөг гаргуулж “Хас” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Эгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б байрны 54 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж харилцан тохиролцсон 160,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 112,000,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч Ж.Эд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн. Тус албанаас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй болно. Төлбөр төлөгч Ж.Э нь 2016 оны 11 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд харилцан тохиролцсон үнэлгээг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07740 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07015 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Тус албанаас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан 2 дах албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд мэдэгдэл, тогтоолыг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/16854 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/05408 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Эгаас 56,388,355 төгрөг гаргуулж “Хас банкинд олгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б байрны 54 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1569 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2016/00144 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг Ж.Э сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт 2016 оны 09 сарын 27-ны өдөр гүйцэтгэх хуудас бичиж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

Нэхэмжлэгч хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...албадан дуудлага худалдааны үнэлгээг хууль бусаар тогтоосон, ...хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй” гэж тайлбарласан болно.

 

2002 оны 01 сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 11 сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, үнэлгээг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШЗ2015/07015 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгч дахин шүүхэд  гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 10.00 цагт болох Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/39 дугаар тогтоолын мэдэгдлийг 2017 оны 06 сарын 14-ний өдөр хүлээн авчээ.

 

Хуулийн дээрх зохицуулалт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, хоёр дах албадан дуудлага худалдаанд оролцох эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ж.Эгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АЗБАЯР