Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 199

 

                                   

 

 

 

 

 

2020        03          16                                 2020/ШЦТ/199        

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэлхам,

Улсын яллагч Ц.Батбямба,

Гэрч Г.Жаргалсайхан,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогтой Гарамжавын Эт холбогдох эрүүгийн “1811021780697” дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан  суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын задгай тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харгана овогтой Гарамжавын Э /РД:ХД-................

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын задгай тоотод амьдардаг /вагончикт/ байрандаа амь хохирогч П.Булганыг маргалдах явцдаа хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” хохирол учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…2018 оны 8 дугаар сарын 01-нд би талийгаачтай хамт 100 айлын банкнаас мөнгө авч 1 литр архи авсан. Архийг хувааж угаад үлдсэн архийг талийгаач ундааны саванд таслан авч өглөө шараа тайлна гэж хэлээд дэрний харалдаа хийсэн. Өглөө босоод иртэл Г.Жаргалсайхан хохирогчийн хувааж хийсэн архийг аваад уучхаад савыг нь буцаагаад тавьчихсан байсан. Хохирогч өглөө босож ирээд миний архийг хэн уучихваа гэтэл Г.Жаргалсайхан уурлаж босоод 2-3 удаа цохисон. Хохирогч намайг шар тайлах архинд яваад ир гэсэн. Би 100 айл орж тэтгэврээ аваад орой 17 цаг болж байхад 1 шил архи аваад ирсэн.  Авч ирсэн архиа бид 3 хувааж уучхаад унтсан. Нэг сэртэл Ц.Ичинбат “...Г.Жаргалсайхан архи захисан юм аа...” гээд архи ууж байсан. Хохирогч сэрээд надад нэг хийчих гээд 1 хундага архи уусан. Архи дуусахад Ц.Ичинбат явж, Энхцэцэг хүүхэдтэйгээ ирсэн. Миний орон дээр талийгаач болон Г.Жаргалсайхан нар унтсан. Шөнө унтаж байхад тэр 2 ноцолдоод байсан. Энхцэцэг үүдний орон дээр Г.Жаргалсайханы унтдаг орон дээр унтаж байсан. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь Энхцэцэг “...Жагаа ахаа миний дэргэд унт...” гэсэн. Би өглөө сэрээд ам цангаад байхаар нь ус ууж байтал Г.Жаргалсайхан бие засаж байсан. Орны хөнжил сөхөөд хартал талийгаач хөлөө эвхчихсэн орны баруун хойд буланд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд юу болов гээд таттал Энхцэцэг өндийж хараад түргэн дууд гэсэн. Энхцэцэг хүүхдээ дагуулаад түргэн дуудахаар гүйгээд явсан. Түргэн дуудтал тодорхой хаяг мэдэхгүй байна намайг зам тосоод байж бай гэсэн. 10 цаг өнгөрч байхад дахин түргэн дуудсан. Түргэн тусламжийн машин 11 болж байхад ирсэн. Очоод үзтэл эмч нас барсан тухай хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 3-ны өглөө цагдаа намайг баривчилсан. Цагдаа нар намайг зодсон. Г.Жаргалсайхан нь оргож алга болсон бөгөөд гэрчээр оролцож байгаад гайхаж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өглөө 10 цагийн үед Жаргалсайхан талийгаачийг дээшээ хараад хэвтэж байхад нь цээжин дээр нь гараараа 2 удаа цохиж байсан. Би боль гэж хэлээд болиулаад би ганцаараа архинд яваад орой 17 цаг болж байхад гэртээ ирсэн. Архинд явж байхдаа манай гэрийн урд байдаг нарийн гудамжинд Энхцэцэгийн нөхөр Батсүхтэй тааралдсан юм. Тэгээд цаашаа тэтгэврээ аваад орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Энэ хугацаанд Жаргалсайхан талийгаачтай хамт үлдсэн. Би Хүчит шонхор зах орж жижиглэн мах, архи аваад гэртээ ирсэн ...” гэх /3-р хх-ийн 8-10х/ гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Ховорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Талийгаач ямар нэг архаг хууч өвчин байгаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Талийгаачтай уулзаагүй бараг жил болж байна. 1974 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, бага насаа Дархан-Уул аймгийн Зулзаяагийн гол өнгөрүүлсэн... гэх мэдүүлэг /хх-1, 31-32 хуудас/

Гэрч Г.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өдөр Э тэтгэврээ аваад 3 кг гургалдай, 5 жижиглэн, 1 кг-аар савласан 2 ширхэг гурил, нэг боодол лаа, 5 ширхэг гурил исгэгч, 1 шил архи авчирсан. Намайг айлын хөргөгчид мах хийчих гэж хэлээд явуулсан. Ирэхэд Э амь хохирогчтой хэрэлдэж байсан. Би өгсүүр замаар явсан учраас амьсгаадаад цэцгийн мандал дээр суугаад амарч байтал хэрүүл сонсогдсон. Амь хохирогч дүүдээ мөнгө өгчхөөд надад том улаан левчик л авч өглөө гэж хэрэлдэж байсан. Э миний байшин барих ажилд тусалсан учраас би 40,000 төгрөг л өгсөн. Чи надад тохмоо тавиулахгүй байж битгий олон юм ярь гэж уурлаад амь хохирогчийг түлхсэн. Энэ үед дуу чимээ гарч байгаа нь сонсогдсон. Намайг ороход толь, аяга хагарсан, шкаф дээр байсан тос болон эд зүйлс унаж, хөнжил гудас газар хөглөрсөн байсан. Намайг ороход энэ хөгшин янхан намайг зодлоо гээд шүүгээ зуухны завсар ёолоод хэвтэж байсан. Э өөрийг нь хардаж маргаан хийсэн тухай  амь хохирогч хэлсэн. Гудамжны доороос та хоёрын хэрүүл тод сонсогдож байна одоо хэрүүл маргаанаа зогсоо гэж хэлсэн. Амь хохирогчийн толгой хагарч, гараараа толгойгоо дарсан байдалтай бөгөөд гарын салаагаар цус урсаж байсан. Э гарч юм угаадаг түмпэн авчраад толгойг нь угаасан. Угааж байх хоорондоо чимодамнаас дэвсгэр даавуу гарган урж цусыг арчсан. Талийгаач толь сам 2 хаана байна гэж асуусан. Би жижиг толь хагарсан тул би сая хаячихлаа. Том толь хаана байгааг мэдэхгүй байна гэж хэлсэн. Том толь нь хана шүүгээ хоёрын засвараар орж хагарсан байсан. Би хогийн шүүр аваад орчин тойрныг цэвэрлэсэн. Намайг орж ирэхэд Э цустай хувинтай усыг асгасан. Талийгаач толгойгоо даавуугаар боож, нарны малгай өмссөн байсан. Архи ууж байтал Батаа гэх хүн орж ирсэн. Энхээг /Энхцэцэг/ талийгаач дуудчих гэсэн. Энхээ бага хүүхэдтэйгээ орж ирсэн. Талийгаач орондоо хар өмд, цэцгэн хээтэй цэнхэр цамц, нарны малгайтай хэвтэж байсан. Э манай бэр ирлээ гээд малгайнаасаа 20,000 төгрөг өгөөд архи болон элсэн чихэр хүүхдэд чихэр авчирч өг гэсэн. Би Батааг дэлгүүр яваад өг гэтэл тэгий гээд гарсан. Явсны дараа нь Энхээгийн нөхөр том хүүтэйгээ цуг орж ирсэн.  Э ахыг байшингаа барихгүй архи уулаа гээд эхнэрээ хамт явъя гэсэн. Орой нөхрийг нь явсны дараа Батаа 1 шил архи, 2 ширхэг гадил, чихэртэй ирсэн. Бид архиа уусан. Батаа явж, Энхцэцэг хүүхэд унтчихлаа гээд үлдсэн. Энхцэцэг миний орон дээр хүүхэдтэйгээ, би амь хохирогч болон Г.Э нартай хамт унтсан. Шөнө янз бүрийн зүйл болоогүй. Э үүрийн 5 цагт намайг дуудсан. Талийгаач амьсгалахгүй байна гэж хэлж байсан. Хартал нүд нь хагас аниастай, нүцгэн байсан. Г.Э болохоо байлаа одоо яах уу? гэсэн. Би Энхээг сэрээж хэлэхэд цагдаа болон эмнэлэг дуудсан. Энхээгийн нөхөр орж ирээд эхнэр, хүүхдээ аваад явсан. Амь хохирогч дээшээ харсан нүцгэн байсан. Би гарын судсыг нь барьж үзтэл цохилохгүй байсан. Г.Э хувцсыг нь өмсгөе гэж хэлсэн. Би гар хүрч болохгүй гэж хэлсэн. Г.Э айл руу явж утсаар түргэн дуудахаар явлаа. Би амь хохирогчийг архины гүн хордлогод орсон гэж хэлье. Чи манайд 3 хоногийн дараа ирээрэй гээд надад 15,000 төгрөг өгсөн. Би жалгаар өгсөн Шадивлангийн автобусанд сууж хотод ирсэн. Ирээд Алтан-Овоонд байх Түмбаяр найзындаа 3 хоносон. Би Нарантуул дээрээс манай найз Багахангай руу ажилд явах уу? гэсэн. Би 2 сар арай болоогүй байхад Хайлаастайн цагдаагийн хэлтэст баригдсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...орой 17 цаг өнгөрч байхад Э ах, Булган хоёр согтуу ирсэн. Хоол хүнсний материал, 1 шил архитай ирсэн. Надад 45,000 төгрөг өгөөд хоол хүнсний материал болох гургалдай, жижиглэн гээд мах ууттай нь өгөөд Энхцэцэгийн гэрт аваачиж, хөргөгчид хийчих гэхээр нь Энхцэцэгийн гэрт очиж махаа хөргөгчид хийгээд, Энхцэцэгт Булган, Э ах 2 согтуу, 1 шил архитай ирлээ, чи очих уу гэхэд манай нөхөр ирж байгаа хоол ундаа хийчхээд очно. Та явж бай гэсэн. Тэгээд би ганцаараа буцаад Э ахын гэрт очоод орох гэхэд амбаар дотор Э ах, Булган хоёр хэрэлдэж байхаар нь гэрт нь оролгүй гадаа сандал дээр суугаад сонссон. Тэгэхэд Э ах Булганыг загнаж байсан ...чи өрлөг хийж  чаддаггүй юм байна, булангийн амлагаа хийдэггүй, тоосго далий муруй өрдөг мөртлөө надаас дандаа архи нэхэж уух юм яв гээд хөөсөн... Булган чи муу хөгшин янхан, намайг эдэлж эдэлчхээд үнсэнд хаясан шалз шиг хаяад байхдаа яадын. Хөгшин янхан дүүдээ мөнгө өгчхөөд надад мөнгө өгсөнгүй гэж орилж байсан. Тэгэхэд Э ах чи залуу Жаргалсайханыг сонирхоод надад тохмоо тавьж өгөхгүй /секс хийхгүй/ байж мөнгө цаас авна гэж байхгүй. Баадаагаасаа мөнгө аваарай гэж хэлээд амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан. Тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч байгаа чимээ, мөн сав суулга унаж байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би  яваад ороход Булган газар уначихсан энэ муу хөгшин янхан намайг алах гэж байна. Булган газар тогооны шүүгээний хажуугаас босоод энэ толгой хагалчихлаа гээд орон дээр суухад Э ах цүнхнээсээ  дэвсгэр даавуу гаргаж ирж ураад  толгойноос нь гарч байсан цусыг арчиж байсан. Тогооны шүүгээн дээрээс унасан аяга, таваг, сав суулгыг дээш нь авч тавиад, хагарсан толийг шүүгээн дээрээс авч гаргаад амбаарын хойно гаргаж тавьчхаад ороход Булган толгойныхоо цусыг арччихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-2, 127-129/,

Гэрч П.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны орой  Г.Э ахаас ус, зоонтог 2 гуйх гээд амбаар луу ортол талийгаач бөгс нь гарчихсан доогуураа нүцгэн, дээгүүрээ ногоон эрээн цамцтай, Э дээгүүрээ шалдан амбаарынхаа хоймрын орон дээр хоёулаа хэвтэж байсан. Жаргалсайхан үүдний орон дээр сууж байсан. Намайг ороход талийгаач нүд нь сүүмийсэн байдалтай зөөлөн намуухан дуугаар найзынх нь ам цангаад байна гэж хэлсэн. Тэгээд би орны нь толгой дээрх тагштай сиропыг уулгаад Э, Жаргалсайхан хоёрт та нар наад архи болиоч, наад хүн чинь эвгүй байдалтай болчихсон байна, түргэн дуудаач гэж хэлээд ус, шүхрээ аваад явсан. Э ах Казков /Булган/ өглөө нас барчихлаа гээд сууж байсан. Тэгэхээр нь би хэдэн цагийн үед юм гэж хэлсэн чинь өглөө 06 цаг 15 минутад гэж хэлсэн. Талийгаач аймаар агсам тавьдаг байсан гэсэн. Талийгаач Э ахын гэрээс огт гарч байгаагүй. Тэр өвгөн өдөр, шөнөгүй архи авч ирж өгдөг байсан...” гэх /хх-1, 42 хуудас/,

Гэрч Ц.Ичинбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Дээд салхит гэдэг дэлгүүрээс 6500 төгрөгөөр “Нутаг” нэртэй 750гр архи авч, хариулт мөнгөнд нь 1 хайрцаг “Улаан шонхор” гэдэг тамхи аваад Эркагийн гэрт очсон. Эркагийн амбаарт ороход тэднийд Жаргалсайхан, Э, Энхцэцэг хүүхэдтэйгээ, хоймрын орон дээр нь нэг эмэгтэй байсан. Тэгээд бид нар авч ирсэн “Нутаг” гэсэн архийг бүгдээрээ уусан. Би авч ирсэн архинаас 1 удаа 100гр хэртэйг уугаад за одоо би явлаа гэж хэлээд 21 цагийн үед Эркагийн гэрээс гараад гэрлүүгээ харьсан...” гэх /хх-1, 44 хуудас/

“...Би тухайн өдөр 19 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харьж явах замдаа Жаргалсайхан нь Эын гэрийн харалдаа машин зам дээр тааралдаад ах ганц шил архинд яваад өгөөч гэж хэлэхээр нь би за гэж хэлээд Жаргалсайханаас 10,000 төгрөг аваад дунд дэлгүүр орж 6500 төгрөгөөр нь 075 гр “Хандгай” нэртэй архи, 2000 төгрөгөөр “Улаан шонхор” тамхи аваад үлдсэн мөнгийг аваад Эын амбаарт очиход Э, Булган гэж эмэгтэйтэй хамт орон дээр хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Жаргалсайхан ширээний хажууд сууж байсан, Энхцэцэг гэж эмэгтэй 6-н настай  хүүхэдтэйгээ байсан..., ...Булган намайг Эын гэрт ороод гарахад орон дээрээсээ босоогүй. Нэлээн шартсан янзтай хэвтэж байсан. Дуу нь их сул надаа нэг хийчих гэж хэлж байхыг сонссон. Эын амбаар тоггүй харанхуй байсан болохоор царайг нь сайн хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-1, 65-66/

Гэрч Ц.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би талийгаач Булганыг нас барахын урд орой буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны Пүрэв гаригийн орой би гэртээ жаахан архи уучхаад 20-21 цаг болж байхад өөрийн 6-н настай Буянтогтохыг дагуулаад Эрка ахын амбаарт  очсон. Намайг очиход амбаарт талийгаач Булган, Эрка ах, Жагаа нар байсан ба ороход дээд талд байдаг орон дээр Булган, Эрка ахтай хөнжилд орчихсон унтаж байсан. Жагаа ах наад орон дээр суучихсан Батаа орж ирээд нэг шил юм уугаад Батаа дахиад нэг шил архинд явчихсан. Энэ хоёр тасраад унтчихлаа гээд байж байсан. Би тэднийд байж байтал манай тэнд уулын дээшээ байдаг Батаа ах гаднаас 1 шил барьж орж ирээд тэр архийг задлаад талд нь ортол уусан. Би Жагаа ахын орон дээр хүүхэдтэйгээ хэвтээд унтсан. Жагаа ах талийгаач Булга, Эрка  хоёрын цаад талаар ороод унтсан. Өглөө 7 цаг 30 минутын үед сэрсэн. Тэгтэл Жагаа ах босож ирээд гутлаа өмсөөд, дараа нь Эрка ах боссон. Жагаа ах доогуураа өмдтэй, дээгүүрээ цэнхэр куртиктэй босож ирсэн. Харин Эрка ах дотуур өмнөөс өөр хувцасгүй босож ирсэн. Тэгээд босоод хөнжлөө сөхөхөөр нь харахад талийгаач дээгүүрээ нимгэн торон маягийн материалтай хөх өнгийн цамцтай өмссөн, доогуураа дотоожгүй нүцгэн байсан. Манай нөхрийн 88901152 гэсэн утсаар 103 яриад дуудлага өгтөл утас цэнэггүй болчихсон. Тэгээд Эрка ах зам дээрээс түргэний машин тосож авахаар  болоод доошоо хамт уруудаад би гэртээ орсон. Эрка ах Булган хоёр эр, эмийн харилцаатай байдаг юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-1, 47-48/

Гэрч Ш.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө түргэн тусламжийн алба хаагчид ирж байсан. Түргэн тусламж ирсэн ч гэлүү, дуудсан ч гэлүү гэж хэлээд Э гартаа уураа барьсан манай хашааны үүдэнд явж байсан. Би өөрөө хараа муутай, тархиндаа тал цус харвасан. Эын гэрийн үүд, ойр орчмоор юу болж байгааг харж чадахгүй. Би Жаргалсайхан гэж танихгүй. Би уул даваад хүн гүйсэн талаар тухайн өдөр хараагүй. Би Эт уул даваад Жаргалсайхан гэж хүн гүйгээд явлаа гэж огт хэлээгүй. Би гэрээсээ хүн уул даваад явж байгааг харах харааны чадвар байхгүй. Э дандаа миний гар утсаар яриад өгье гэдэг. Би нэг ч удаа гар утсаа Эт өгч яриулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-1, 50-51/,

Гэрч Д.Зулбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...7 хоногийн өмнө надтай тааралдахад нэг жижигхэн биетэй эмэгтэй дагуулсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-1, 37 хуудас/,

Гэрч Т.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны орой Э ахын гэрт очсон. Намайг орой 22 цагийн үед очиход Жаргалсайхан ах жаахан архи уусан байдалтай, Э ах, талийгаачтай хамт унтаж байсан. Маргааш нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө ээжийгээ автобусны буудал хүргэж өгөөд 08 цагийн үед Э ахын гэрт очиход Э ах, Жаргалсайхан ах, манай эхнэр Энхцэцэг хүүгийн хамт гадаа байж байсан. Жаргалсайхан ах хүн үхлээ түргэн дуудсан гэж байсан. Миний утсаар Э ах, Энхцэцэг хоёрын нэг нь түргэн дуудсан Э ах Энхцэцэгээ чамд хамаагүй та хэд явцгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-2, 94-95 хуудас/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дух болон баруун чамархайд  2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөг, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саа саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовиурыг мэдрэхгүй байх боломжтой. Амь хохирогчийн 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд  цус хуралт гэмтэл нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун 3, 4, 5-р хавирганы хугарал гэмтэл нь тархины гэмтэлтэй 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...”/хх-1, 109-110 хуудас/,

“...Олон хоногоор архи уусан болохоор хүнд зэргийн согтолт гарсан гэж ойлгож болохгүй. Тухайн үед шинжилгээ хийхэд цусанд 1.4 промилл спиртийн агууламжтай байсан байна. Энэ нь хүнд зэргийн согтолтод хамаарна. П.Булганы баруун зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн баруун талаараа унах үед үүсгэгдэж болох гэмтлүүд байна. Унах үед 3, 4, 5 дугаар хавирганы хугарал нь унасан гадаргуу дээрх биетээс хамаараад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно...” гэх мэдүүлэг/хх-2, 218-219/,

Хэргийн газар, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1, 3-11 хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2, 207-208х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн №1725 тоот

Талийгаач П.Булганы цогцост баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна.

Талийгаач дээрх баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

Дээрх 3, 4, 5-р хавирганы хугарал, хүзүү, баруун хацар, духанд  зулгаралт, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагүй үйлчлэлээр  үүсгэгдсэн.

Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Ходоодны шингэнд демидрол болон хүчтэй хүчил шүлт илрээгүй. Шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

Талийгаач о/1/ бүлгийн цустай байсан.

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 05 минутад цогцосны гадна биеийн үзлэг хийхэд талийгаач нас бараад 10-12  цаг болсон гэж тэмдэглэжээ...” гэх дүгнэлт /хх-1, 79-81 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн №9554 тоот

 “...Г.Эын биед хамар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Дээрх хамрын үзүүр хэсгийн  зулгаралт нь шинэ буюу 1-2 хоногийн өмнө үүссэн байх ба бусад зулгаралт нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-1, 93 хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 815 дугаартай

“...Г.Э нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-1, 103-104/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Э хохирогч П.Булганыг маргалдах явцдаа хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” хохирол учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт болон тайлбартаа “...Хангалттай нотлох баримт бүрдээгүй. Эргэлзээтэй нотлох баримт үүссэн гэж үзэж байна. Яллах дүгнэлтээс харахад амь хохирогчийн амь хохирохын өмнө ба хойно нөхцөл байдлыг тодруулсан гэрчүүдийн мэдүүлэг, амь хохирогчийн гадны нөлөөллөөс болж гэмтэж нас барсан тухай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар баталгаа болгож байгаа бөгөөд Г.Эыг шууд гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт хангалттай байхгүй, гэрч Г.Жаргалсайханы мэдүүлэг нь байнга зөрүүтэй, тогтворгүй байдаг. Иймд түүний мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэс болохгүй гэж үзэж байна. Хохирогч нас барсантай маргахгүй. Гадны нөлөөг хэн үзүүлж нас барсныг тодорхойлсон баттай нотлох баримт байхгүй. Яллагдагчаас гэрчид шилжсэн Г.Жаргалсайханы мэдүүлэг нь хоорондоо логик холбоогүй, цаг хугацаа болон үйл явдал зөрүүтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” хэмээн заасан байдаг. Гэрч Г.Жаргалсайхан мэдүүлэг нь Г.Эын эсрэг зохиомол байдлаар мэдүүлэг өгсөн. Гэмт хэргийн газраас оргон зайлсан. Өмнө нь ял эдэлж байсан зэрэг нь худал мэдүүлэг өгөх үндэс болсон байж болзошгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч прокурор хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т хэсэгт зааснаар гэрч Г.Жаргалсайханы мэдүүлэг буюу тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй байх нь  хуульд нийцсэн үйлдэл болно гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэсэн заалтыг мөрдлөг болговол амь хохирогч П.Булган нь шүүгдэгч Г.Эын үйлдлээс хамаарч түүний амь нас хохирсон гэж үзсэн прокурорын шийдвэр нь эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, иймд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж, хэн үйлдсэн нь тодорхойгүй байх тул энэ хэрэгт Г.Эыг гэм буруугүй хэмээн үзэж шүүхээс цагаатгах тогтоол гаргаж өгнө үү? гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Шүүгдэгч Г.Эын хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд Г.Жаргалсайхан нь амь хохирогч П.Булганыг алсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ховорчимэг нь шүүгдэгч Г.Эаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

            Шүүгдэгч Г.Эын  2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс цагдан хоригдсон нийт 592  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 хэсэг толины хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харгана овогтой Гарамжавын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч Г.Эыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ховорчимэг нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд Иргэний хуулийн 497.1, 508.1 зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Г.Эаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 хэсэг толины хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон нийт 592 /таван зуун ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

                                     ШҮҮГЧИД                               C.БАТГЭРЭЛ

                                                                                     Б.ХАЛИУН