Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 457

 

Г.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 690 дугаар магадлалтай, Г.Э-т холбогдох 21811021780697 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дорж нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Э гаргасан гомдолдоо “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр амь хохирогч П.Б, Г.Ж бид гурав хамт архи уусан. Маргааш өглөө нь шараа тайлахаар ундааны саванд хийж үлдээсэн архийг П.Б-г сэрэхээс өмнө Г.Ж-д уучихсан байсан. П.Б нь сэрээд шар тайлах архи уулаа гэж Г.Ж-тай маргалдахад Г.Ж нь П.Б-н толгой руу 3 удаа цохиход би салгасан. Улмаар тэднийг үлдээгээд архи авч ирэхээр би 7 буудал руу очиж, тэтгэврээ аваад 17 цагийн орчимд 1 литр нутаг гэх нэртэй архи авч гэртээ ирээд бид гурав хамт архи ууж согтоод унтсан. Гэтэл 21 цагийн орчимд Ц.И 1 шил архи авч ирэхэд П.Б, Г.Ж, Ц.Э, Ц.Ибид 5 хамт уусан. 20 цагийн үед Г.Ж нь Ц.Э-г гэрээс нь авч ирсэн. Бид 4 манайд унтаж байтал гэнэт шөнө дунд П.Б-г Г.Ж зодож байсан. Энэ хооронд Ц.Э сэрээд Г.Ж-г хажуудаа унт гэж хэлэхэд Г.Ж талийгаачийг зодохоо болиод унтаад өгсөн. Өглөө нь хамгийн түрүүнд Г.Ж босоод хэл чимээгүй алга болсон. П.Б нь хөдлөхгүй байсан болохоор нөмөрч байсан хөнжлийг нь сөхтөл дээгүүрээ дан цамцтай, доогуураа нүцгэн хөлөө тэврээд ухаангүй болсон байсан тул Ц.Э бид хоёр өглөөний 07 цагийн орчимд түргэн тусламж дуудсан. Дан гарц Г.Ж-н мэдүүлгээр намайг яллаж байна. Бүх зүйлийг мэдэх Ц.Э нь Г.Ж-тай хувийн болон дотны харилцаатай тул Г.Ж-н эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Нотлох баримтууд дутуу байхад 13 жилийн хорих ял шийтгэсэнд гомдолтой байна” гэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол болон магадлалын дүгнэлтүүдэд дурдагдсан гэрч Г.Ж болон бусад гэрч нарын мэдүүлгүүд нь утга ауулга, цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүтэй байна. Эдгээр зөрүүг нягтлан арилгаагүйгээс П.Б-н амь насыг хэн, хэзээ, яаж хохироосон нөхцөл байдал тодорхойгүй, эргэлзээ бүхий хэвээр байна. Мөн амь хохирогч П.Б-ыг шүүгдэгч Г.Э маргалдан түлхэн унагаасан талаар Г.Жаргалсайханаас өөр хүн гэрчлэхгүй байгаа бөгөөд бусад гэрчүүд П.Х, Ц.И, Ц.Э, Т.Б нарын мэдүүлгүүд  болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, шинжээчийн 4788 дугаартай дүгнэлт 4788 зэрэг нотлох баримтуудад Г.Ж-н мэдүүлээд байгаа толины хагархай амь хохирогч П.Б-ын толгойноос гарсан гэх цусны толбо шүүгээ, орны гудас, хохирогчийн хувцас, бусад эд зүйлд туссан талаар дурдагдаагүй байна. Хэргийн газрын нөхөн хийсэн үзлэг нь хэрэг болсноос хойш 10 cap гаруй өнгөрсөн, хэргийн газрыг хамгаалах ямар ч арга хэмжээ авагдаагүй прокурорын зөвшөөрөл аваагүй зэрэг нь хэргийн эд мөрийн баримт, нотолгооны чанараа алдсан. Иймд гэрч Г.Ж-н мэдүүлэг нь өөр нотлох баримтаар батлагдахгүй байгаа бөгөөд түүний өгсөн мэдүүлгүүд хоорондоо локиг зөрчилтэй цаг хугацааны хувьд зөрүүтэй хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хэргийг хэзээ, хэн, яаж үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй байх тул хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгохоор хэргийг прокурорт буцаана уу” гэжээ.  

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадал нь хэргийн бодит байдалд нийцэж, үндэслэл бүхий болсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ял үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлтийг нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээгүй, итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж чадахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Өөрөөр хэлбэл тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Г.Э, гэрч Г.Ж нар нь энэ гэмт хэрэгт хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар, мэдүүлгийг гарган өөрийгөө гэм буруугүй, харин нэгнийгээ энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тус тус нотлохыг хичээх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад сэрдэгдэн шалгагдаж байсан нь тэднийг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэв.

 

Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг шүүх анхаарах учиртай.

 

Хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ялангуяа хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцоход дан нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө гэж үзлээ.  

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 690 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хүлээн авсугай.

         

                                                ДАРГАЛАГЧ                               Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН