Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 946

 

 

 

 

 

 

   2019           9            19                                             2019/ДШМ946                                  

 

Г.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1102 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Г.Эт холбогдох 1811021780697 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

........ Э, 1956 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт П.Быг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус хурвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хохирогч Г.Быг яллагдагч Г.Э алсан гэх гэрч Г.Жаргалсайханы мэдүүлгийг баталж нотлох гэрч байхгүй бөгөөд түүний өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо логик зөрчил ихтэй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, Г.Жаргалсайханы мэдүүлэгт заасан толины тухайд хавтастай толь хэн, хэзээ, хэдийд авчирсан, хэн хагалсан нь тодорхойгүй зэрэг хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлүүдэд тус тус заасан гэмт хэргийг яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч Г.Э нь Г.Жаргалсайхантай нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө хавтастай толь хэзээ хагарсныг мэдэхгүй гэж мэдүүлснээс биш тухайн толь байгаагүй гэж мэдүүлээгүй, мөн гэрч Ц.Энхцэцэг, яллагдагч  Г.Э нар нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны шөнийн 22 цагийн орчим, мөн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 08 цагийн орчим Ц.Энхцэцэгийн нөхөр буюу гэрч Т.Батсүх нь хэргийн газар болох Г.Эынд ирсэн талаар 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд мэдүүлээгүй буюу гэрч Г.Жаргалсайхан нь Т.Батсүхийг ирсэн талаар мэдүүлснээр гэрч Т.Батсүх гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хоёр удаа ирсэн нь тогтоогдож, гэрчээр мэдүүлэг авсан. Гэрч Ш.Гантөмөрийн "...2018 оны 8 дугаар сарын 3-ны өглөө түргэн тусламжийн алба хаагчид ирж байсан. Түргэн тусламж ирсэн ч гэлүү, дуудсан ч гэлүү хэлээд Э гартаа уураа барьсан манай хашааны үүдэнд явж байсан. Би өөрөө хараа муутай, тархиндаа тал цус харвасан Эын гэрийн үүд, ойр орчмоор юу болж байгааг харж чадахгүй. Би Жаргалсайхан гэж танихгүй, уул даваад хүн гүйсэн талаар тухайн өдөр хараагүй. Би Эт уул даваад Жаргалсайхан гэж хүн гүйгээд явлаа гэж огт хэлээгүй. Би гэрээсээ хүн уул даваад явж байгааг харах харааны чадвар байхгүй..." гэж мэдүүлсэн. Гэтэл яллагдагч Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны өглөө түргэн тусламж дуудаад ирэхэд Гантөмөр надад “Жаргалсайхан чинь хойшоо уул даваад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх 39/, мөн гэрч Рина “Г.Жаргалсайханыг гэрч Ц.Ичинбатыг дарамталсан“ гэж худал мэдүүлж байгаа зэрэг нь хавтас хэрэгт бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 2-ны орой яллагдагч Г.Эын гэрт очсон гэрч П.Хонгорзулын "...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой Г.Э ахаас ус, зоонтог гуйх гээд амбаар луу нь ортол талийгаач бөгс нь гарчихсан доогуураа нүцгэн, дээгүүрээ ногоон эрээн цамцтай, Э дээгүүрээ шалдан амбаарынхаа хоймрын орон дээр хоёулаа хэвтэж байсан. Жаргалсайхан үүдний орон дээр сууж байсан. Намайг ороход талийгаач нүд нь сүүмийсэн байдалтай зөөлөн намуухан дуугаар найзынх нь ам цангаад байна гэж хэлсэн. ...” мэдүүлэг, гэрч Ц.Ичинбатын "...Эын амбаарт очиход Э, Б гэж эмэгтэйтэй хамт орон дээрээ хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Жаргалсайхан ширээний хажууд суучихсан, Энхцэцэг гэж эмэгтэй 6-н настай хүүхэдтэйгээ байсан. Б намайг Эын гэрт ороод гарахад орон дээрээсээ босоогүй. Нэлээн шартсан янзтай дуу нь их сул “надад нэг хийчих” гэж хэлж байхыг сонссон. Эын амбаар тоггүй харанхуй байсан болохоор царайг нь сайн хараагүй..." гэх мэдүүлэг, гэрч Ц.Энхцэцэгийн "...Жагаа ах талийгаач Булга, Эрка хоёрын цаад талаар ороод унтсан. Өглөө 7 цаг 30 минутын үед сэрэхэд Жагаа ах босож ирээд гутлаа өмсөөд, дараа нь Эрка ах боссон. Жагаа ах доогуураа өмдтэй, дээгүүрээ цэнхэр куртиктай босож ирсэн. Харин Эрка ах дотуур өмднөөс өөр хувцасгүй босож ирсэн ба хөнжлөө сөхөхөөр нь харахад талийгаач дээгүүрээ нимгэн торон маягийн материалтай хөх өнгийн цамц өмссөн, доогуураа дотоожгүй нүцгэн байсан. ..." гэх мэдүүлэг, яллагдагч Г.Эын "...манай гэрт байх хугацаанд Жаргалсайхан, талийгаач хоёр хэрүүл, маргаан, зодоон хийж байгаагүй... гэх мэдүүлэг, Г.Эын 105000719998 дугаарын харилцах дансны орлого, зарлагын гүйлгээний лавлагаа, Хаан банкны 5018374540 тоот харилцах дансны 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 150.000 төгрөг орлогын гүйлгээ хийгдсэн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Г.Эын үйлдэл, гэрч Г.Жаргалсайханы мэдүүлэг зэрэг нь давхар нотлогдож байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1102 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх яллагдагч Г.Эт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1102 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Э холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Г.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН