Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00700

 

Ч.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03460 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00209 дүгээр магадлалтай

Ч.У-ийн  нэхэмжлэлтэй

“З”-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.У- нь “З”-д Мэдээлэл технологийн мэргэжилтэн албан тушаалд 2013 оны 01 сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон. Улмаар 2013 оны 01 сарын 23-ны өдөр мөнгөний нярав, 2013 оны 8 сарын 01-ний өдөр сургалт хариуцсан мэргэжилтэн, 2013 оны 12 сарын 31-ний өдрөөс захирлын туслахын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2015 оны 4 сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөгөө авсан бөгөөд 2017 оны 01 сарын 13-ны өдөр ажилд орох өргөдөл гаргасан боловч түүнээс хойш ажил үүргээр хангалгүй өдий хүрсэн. Ажил үүргээр хангаагүй, цалин хөлс олгоогүй тул ажлаас халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 6 262 212 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шаардаж байна гэжээ.

Хариуцагч “З”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.У- 2015 оны 4 сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар "Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа" тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэл болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа 120 хоног бөгөөд ажилтан өөрөө хүсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүүхэд асрах чөлөө авч болдог. Ч.У- нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа нь дууссан, хүүхэд асрах чөлөө аваагүй тул ажил олгогч ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй. “З”-гийн Захиргаа хяналтын газрын ажилтнуудын 2017 оны 5 сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд Ч.У-ийг ажилд нь буцаан авах талаар хэлэлцэж байсан нь тусгагдсан. Ч.У- жирэмсний амралтаа авч байгаа гэдэг утгаар нийгмийн даатгалын дэвтэрт төлөлтийг хийгээд явсан бөгөөд нөхөн бичилт хийлгэх гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ч.У- нь ажил алба санал болгоход өөрөө ажилд ороогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03460 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ч.У-ийг “З”-гийн захирлын туслах, мөнгөний нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 262 212 төгрөгийг хариуцагч “З”-гаас гаргуулж нэхэмжлэгч Ч.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч “З”-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.У- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “З”-гаас улсын тэмдэгтийн хураамжид 115 145 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00209 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03460 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “6 262 212” гэснийг “3 510 634” гэж, 2 дахь заалтын “2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “З”-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 145 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ч.У-ийн нэхэмжлэлтэй “З”-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00209 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00209 тоот магадлалын үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэлийг шүүх буцаасан байх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр дахин шүүхэд хандах эрхийн хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгч Ч.У-ийн ажилгүй байсан хугацааг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэлийг буцаасан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 49 хоног, дахин нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 25 хоног, нийт 74 хоногоор тооцоход дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 510 634 төгрөг /3 060 000:3=1 020 000:21.5=47 441*74/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.” гэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл дахин гаргасан нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг олгохгүй байх талаар үндэслэжээ. Шүүхийн дээрх үндэслэл хууль зүйн ямарч үндэслэлгүй бөгөөд шүүх хөөн хэлэлцэх хугацаа болон шаардах эрх байгаа эсэхэд л дүгнэлт өгөхөөс биш ажилгүй байсан хугацааны олговор зогсоох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 (ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзнэ), 69 дүгээр зүйлийн 69.1 (Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг ажил эрхэлж эхэлсэн бол эхэлсэн үеэс зөрүүтэй олгоно, хэрэв өндөр цалинтай ажилласан бол олгохгүй) гэж заасныг үндэслэн зөв тодорхойлон хэрэглэсэн атал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 49 хоног хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Ч.У- нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарыг дуустал ажилгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын лавлагаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03460 тоот шийдвэрийн үндэслэх хэсэг (4 дүгээр тал)-т заасны дагуу нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргасан нь олгохгүй байх хууль зүйн үндэслэл биш юм.

Нотлох баримт бодитой үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй. Шүүх шүүхийн шийдвэрийг буруу үнэлж, ажилгүй байсан хугацааг буруу тогтоосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00209 тоот магадлалын үндэслэх хэсэгт “... Иймд нэхэмжлэгч Ч.У-ийн ажилгүй байсан хугацааг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэлийг буцаасан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 49 хоног, дахин нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 25 хоног, нийт 74 хоногоор тооцоход дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 510 634 төгрөг /3 060 000:3=1 020 000:21.5=47 441*74/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.” гэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг анхан шатны шүүхийн шийдвэрт байхгүй хоногоор тооцсон байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас давуулж, нөгөө талаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор тооцох атал 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсон нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03460 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч Ч.У-ийн нэг сарын дундаж цалин хөлс 1 020 000 төгрөг, нэг өдрийн цалин 47 441 төгрөгийг ажилгүй байсан 6 сар 18 хоногт тооцож түүний 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгоно.” гэж заасан атал дээрх хугацааг буруу тоолж 74 хоногоор тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00209 тоот магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.У- нь “З”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч татгалзаж нэхэмжлэгч нь санал болгосон ажилд ороогүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сараас тус байгууллагад мөнгөний нярваар ажилд орж, сургалт хариуцсан мэргэжилтэн, захирлын туслах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орох хүсэлтээ гаргасанд хариуцагч ажил, албан тушаалд нь эгүүлж аваагүй үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалахаар зохицуулсан тул нэхэмжлэгч нь ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахдаа нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүйгээс тооцооны алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1-7 дугаар сарын цалинг тооцож 6 252 212 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэлийг буцаасан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, дахин нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 26-наас хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсон нь нэхэмжлэгчийн шаардаагүй 9, 10 дугаар сарын цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй байна. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлсэнгүй.

Тухайлбал: нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа эргэн орохоор хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч 4 дүгээр сараас ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 4 дүгээр сард ажилдаа орохоор ирэхэд нь 9 дүгээр сар хүртэл хүлээхийг санал болгосныг зөвшөөрөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчид хүсэлт гаргасан 2017 оны 01 дүгээр сараас эхлэн нэхэмжилсэн боловч ажил олгогчоос тавьсан саналыг хүлээн авч 2017 оны 04 дүгээр сар хүртэл хүлээхээр хүлээн зөвшөөрсөн тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 04 дүгээр сараас нэхэмжлэлд дурдсан 2017 оны 08 дугаар сар хүртэлх 4 сарын хугацаагаар тооцохоор байна.

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 020 000 төгрөг болох нь тогтоогдсон тул 4 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт /4х1 020 000/ 4 080 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгуулахаар байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00209 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 510 634” гэснийг “4 080 000” гэж, “2 дахь заалтын “2017 оны 7 дугаар сарын дуустал хугацаанд” гэснийг хасч” гэснийг “3 дахь заалтын “...115 145 төгрөгийг...” гэснийг “...80 230 төгрөгийг...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН     

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД