Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00209

 

Ч.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  01-ний өдрийн 101/ШШ2017/03460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З Б Д С-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.У- нь З Б Д С-д Мэдээлэл технологийн мэргэжилтэн албан тушаалд 2013 оны 01 сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон. Улмаар 2013 оны 01 сарын 23-ны өдөр мөнгөний нярав, 2013 оны 8 сарын 01-ний өдөр сургалт хариуцсан мэргэжилтэн, 2013 оны 12 сарын 31-ний өдрөөс захирлын туслахын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2015 оны 4 сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөгөө авсан бөгөөд 2017 оны 01 сарын 13-ны өдөр ажилд орох өргөдөл гаргасан боловч түүнээс хойш ажил үүргээр хангалгүй өдий  хүрсэн. Ажил үүргээр хангаагүй, цалин хөлс олгоогүй тул ажлаас халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 6 262 212 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шаардаж байна  гэжээ.

 

Хариуцагч З Б Д С-гийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.У- 2015 оны 4 сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар "Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа" тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэл болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа 120 хоног бөгөөд ажилтан өөрөө хүсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүүхэд асрах чөлөө авч болдог. Ч.У- нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа нь дууссан, хүүхэд асрах чөлөө аваагүй тул ажил олгогч ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй. З Б Д С-гийн Захиргаа хяналтын газрын ажилтнуудын 2017 оны 5 сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд Ч.У-ийг ажилд нь буцаан авах талаар хэлэлцэж байсан нь тусгагдсан. Ч.У- жирэмсний амралтаа авч байгаа гэдэг утгаар нийгмийн даатгалын дэвтэрт төлөлтийг хийгээд явсан бөгөөд нөхөн бичилт хийлгэх гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ч.У- нь ажил алба санал болгоход өөрөө ажилд ороогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ч.У-ийг З Б Д С-гийн захирлын туслах, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 262 212 төгрөгийг хариуцагч З Б Д С-гаас гаргуулж нэхэмжлэгч Ч.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч З Б Д С-д даалгаж,     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.У- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Зээлйн батлан даалтын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 115 145 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.У- нь гүйцэтгэх захирлын туслахаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 10-нд жирэмсний болон амаржсаны амралт авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа 120 хоног бөгөөд ажилтан өөрөө хүсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлин 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө авч болдог. Ч.У-ийн тухайд жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа нь дууссан боловч хүүхэд асрах чөлөө аваагүй тул ажил олгогч ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажилладаг нь нотлогдож байхад З Б Д С-д захирлын туслах, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнээр нотлох баримтыг дутуу үнэлснийг харуулж байна. Ч.У- нь гүйцэтгэх захирлын туслахаар ажиллаж байсан бөгөөд мөнгөний няравын ажлыг түр хугацаанд хавсран ажиллаж байсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байгаа. Гэтэл шүүхээс гүйцэтгэх захирал, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоосон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөс боддог. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр сүүлийн сарыг оруулалгүй тооцсон нь зөрчилтэй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу эрхийн зөрчил үргэлжилсэн хугацааг буруу тодорхойлсон байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.У- нь хариуцагч З Б Д С-д холбогдуулан захирлын туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ гаргаагүй тул түүний ажил албан тушаалыг хадгалах үүрэг хүлээхгүй гэж маргажээ.

 

Ч.У- нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тушаалаар ажлын албаны сургалтын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлын туслахын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад  жирэмсний амралтаа авч байгаа үндэслэлээр 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар тушаалаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулж, Ч.У-ийн ажлыг хүлээлцүүлсэн байна. /хх-ийн 67-68/

 

Талууд Ч.У-ийг жирэмсний болон амаржсаны амралт аваад явсанд маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгохоор зааснаас гадна мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хоригложээ. 

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтаа дуусгасны дараа хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаагүй боловч хариуцагч нь ажилтныг ажил тасалсан гэж арга хэмжээ аваагүй, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үргэлжлүүлэн төлж байснаас үзэхэд чөлөөтэй байсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь бичгээр хүсэлт, шаардлага гаргаж, чөлөө олгосон тушаал гаргаагүй боловч ажилтныг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэхээс гадна ажилтны ажлын байр хуулийн дагуу хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

 

Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажилдаа буцаж орох хүсэлтээ хэдийд ч  гаргах эрхтэй бөгөөд ажил олгогч нь хуульд заасны дагуу ажлын байрыг хадгалах, урьд эрхэлж байсан ажлын байраар хангах үүрэгтэй байхад ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай адилтан үзэж ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэлийг шүүх буцаасан байх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээлэхээр дахин шүүхэд хандах эрхийн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Ч.У-ийн ажилгүй байсан хугацааг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэлийг буцаасан 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 49 хоног, дахин нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 25 хоног, нийт 74 хоногоор тооцоход дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 510 634 төгрөг /3 060 000 : 3 = 1 020 000 : 21.5 = 47 441 * 74/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн төлж, бичилт хийхийг хугацаагаар хязгаарлан хариуцагчид даалгаж  заасан нь  буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  01-ний өдрийн 101/ШШ2017/03460 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “6 262 212” гэснийг “3 510 634” гэж, 2 дах заалтын “2017 оны 7 дугаар сарын дуустал хугацаанд” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч З Б Д С-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 145 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                               Ш.ОЮУНХАНД