Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00976

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00012 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаар магадлалтай,

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

Б.О-д холбогдох,     

Зээлийн гэрээний үүрэгт 28.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...хариуцагч Б.О-д 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай бэлнээр өгч зээлдүүлсэн ба тухайн өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Баян-Өндөр сумын 2 дугаар хорооллын 11 дүгээр байрны урд байрлалтай 92 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан боловч уг барилга нь газрын зөвшөөрөлгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээг нотариатаар батлуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн. Б.О- нь мөнгө зээлэхдээ 500.000.000 төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж байгаа тул мөнгө хэрэгтэй байна гэж байсан. Мөнгөө нэхэхээр надад барьцаалсан үйлчилгээний зориулалттай байрыг зараад өгнө гэсээр өдий хүрсэн. Иймд Б.О-аас үндсэн зээл 17.000.000 төгрөг, хүү 2.550.000 төгрөг, алданги 8.500.000 төгрөг, нийт 28.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17.000.000 төгрөгийг Д.Г-аас аваагүй бөгөөд 2016 оны 3 дугаар сард Говилд байдаг байгууламжийг нь худалдан авах гэж Төрийн банкнаас зээл хөөцөлдөж байгаад Төрийн банкны хуулийн хэлтсийн дарга н.Алтанзагас гэдэг хүнд шан харамж өгөх болоод Ганхуягаас 10.000.000 төгрөгийг түр зээл гартал авсан. Уг мөнгөнөөс нийт 5.100.000 төгрөгийг буцаан өгсөн. Миний хөөцөлдөж байсан зээл гараагүйн улмаас би тодорхой хэмжээнд хохироосон ч төлбөрөө бүрэн барагдуулах чин хүсэл байсан боловч үнэхээр эдийн засгийн гүн хямралд ороод үйл ажиллагаа бүрэн зогсоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрт ирж гэрээ байгуулах хэрэгтэй гээд нотариат дээр дагуулан очоод нотариатын хүнд нөхөж гэрээ хийсэн байна гээд гэрээ байгуулсан. Иймд гэрээ байгуулсан өдөр 17.000.000 төгрөг бэлнээр өгч, авалцсан зүйл болоогүй би мөнгө аваагүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00012 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 28.050.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 298.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 298.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00012 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дүгээр зүйлийн 232.4, 232.8-д зааснаар Б.О-аас зээл 17.000.000 төгрөг, хүү 2.550.000 төгрөг, алданги 4.250.000 төгрөг, нийт 23.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд ...хариуцагч Б.О-аас 298.200 төгрөг... гэснийг ...хариуцагч Б.О-аас 275.950 төгрөг... гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг анхаарч үзэлгүй 2016 оны 12 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг үнэн зөв гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2015 оны 3 сарын 13-нд Говил багт байрлах байгууламжийг худалдан авах гэж зээл хөөцөлдөж байх үед 10.000.000 төгрөг бэлнээр авсан. Тухайн үед гэрээ байгуулъя гэхэд дараа больё гэхээр нь 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Зээл хэдэн сард хөөцөлдөж байсныг нотлох баримт надад байгаа боловч уг баримтыг бүрдүүлж шүүхэд гаргаж өгөхөд хугацаа алдаж, энэ бүхнийг мэдэх гэрчүүдийг эрэн сурвалжилж байх явцад шүүх хуралдааны товыг зарласан байсан. Тухайн зээлийг авсан байдал түүнийг цувуулан Д.Г-ийн дансанд төлж байсан 2.800.000 төгрөгний дансны хуулбар баримт, 2.000.000 төгрөгийг бэлнээр Төгөл худалдааны төвд нэхэмжлэгчийн эхнэрт өгөхөд мөнгийг хүргэж өгсөн гэрч Б.Сарангэрэл нарыг оролцуулах зэрэг холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөхөөр ирсэн боловч, хуралдаанд хоцрон ирсэн учир хурлын танхимд дуугарах эрхгүйгээр хурлын сонирхогчоор оролцсон. Бизнөсийн үйл ажиппагаагаа өргөжүүлэх гэж байгаад бусдад өндөр хүүтэй зээлийн өр төлөх болсон нь үнэн боловч нөхөн хийсэн худал гэрээний үр дагавар, миний өрийг хийсвэр байдлаар нэмэгдүүлж маш их хэмжээний төлбөрт оруулах зорилготой байсныг тухайн үөд мэдэх боломжгүй байсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр мөнгийг 3 дахин төлөх үүрэг хүлээлгэсэн нь хэргийн бодит байдлыг анхаараагүйгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2016 оны 12 сарын 22-ны өдөр Д.Г- эхнэрийн хамт ирж гэрээ байгуулъя хүүгийн хамт төлөх мөнгө чинь 17.000.000 төгрөг гэхэд нь сарын 1.000.000 төгрөгний хүү төлөх ёстой гэж амаар тохиролцсон байснаа хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Үндсэн зээл 10.000.000 төгрөг болон хүү 7.000.000 төгрөг түүн дээр дахин хүү бодож, мөн алданги гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ төлсөн мөнгийг маань ч нотлоогүй байна гэх байдлаар зээлд төлсөн 5.100.000 төгрөгийг хасч тооцсонгүй. 2016 оны 12 сарын 22-ны өдөр Д.Г-т 17.000.000 төгрөг бодитоор хариуцагчид тэр өдөр өгсөн үү гэдгийг анхаарвал хэргийн үнэн зөв байдал тогтоогдох ба нэхэмжлэгч уг өдөр 17.000.000 төгрөгтэй байснаа, хариуцагчид шилжүүлэн өгсөн гэдгээ нотлоогүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

1.Д.Г-, Б.О-аас үндсэн зээл 17.000.000 төгрөг, зээлийн хүү 2.500.000 төгрөг, алданги 8.500.000 төгрөг, нийт 28.050.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...2016 оны 3 дугаар сард 10.000.000 төгрөг зээлж, 5.100.000 төгрөг төлсөн ...хожим хүүг нэмж 17.000.000 төгрөг зээлсэн мэтээр бичгийн гэрээ байгуулсан, мөнгийг бодитоор шилжүүлээгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг багасгаж өөрчлөлт оруулсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Хариуцагч 17.000.000 төгрөгийг шилжүүлэн аваагүй, 5.100.000 төгрөг эргүүлэн өгсөн гээд нэхэмжлэлээс татгалзсан тайлбар гаргасан ба шүүх “...хариуцагч татгалзлаа нотлоогүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, бусад нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлт хийхдээ нотолгооны үүргийг буруу хуваарилсан алдаа гаргасан байна.

Зээлийн гэрээ ёсоор нэхэмжлэгч хариуцагчид 17.000.000 төгрөг шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөлд уг мөнгийг буцаан шаардах эрхтэй. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдож байгаа боловч гэрээний дагуу хэзээ, хэдэн төгрөг шилжүүлсэн нь маргааны зүйл болжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч мөнгийг шилжүүлсэн үйл баримтыг, хариуцагч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүргийг хүлээнэ. Анхан шатны шүүх “...хариуцагч 17.000.000 төгрөг аваагүй ...гэсэн тайлбараа нотлоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг ба хариуцагчийн татгалзалд нэхэмжлэгч хариу тайлбар гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол  нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж болох боловч нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтын хууль зүйн үндэслэл уг баримтаар нотлогдсон үйл баримтын хүрээнд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй ба зөвхөн гэрээг бичгээр байгуулсан явдал нь гэрээний үүргээ биелүүлж мөнгийг шилжүүлснийг хангалттай нотлохгүй байна.

Дээрх үндэслэлээр хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

2. Шүүх зохигчийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан талаар шийдвэртээ заасан боловч уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөөгүй байна.

Тухайн гэрээг талууд бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн хэдий ч гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг нэхэмжлэгч тайлбартаа дурджээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ барьцааны гэрээнд заасан хариуцагчийн өмчлөлийн Орхон аймаг, БаянӨндөр сум, 2 дугаар хороолол, 11 дүгээр байрны урд байрлалтай 92 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШЗ2017/05418 дугаар захирамж гаргажээ.

Хэрэгт уг захирамжийн дагуу тухайн хөрөнгө битүүмжлэгдсэн эсэх нь тодорхой бусаас гадна шүүх шийдвэр гаргахдаа барьцааны гэрээний талаар, барьцааны зүйл мөн эсэхээс хамаарч уг захирамж хүчинтэй байх эсэхэд тус тус дүгнэлт өгөөгүй байна. 

3. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг илрүүлж засаагүйгээс гадна шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг багасгаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасныг тайлбарлан хэрэглэхдээ   ойлгомжгүй дүгнэлт хийсэн, мөн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн захирамжийн талаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар магадлалдаа заасан боловч тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Тухайлбал, тус шүүх  магадлалдаа “...Б.О-аас 28.050.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагч Б.О-ы ....нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлын үндэслэл болж буй байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Б.Ганхуягаас 10.000.000 төгрөг урд нь зээлдэж авсан талаар тайлбар гаргаж байгаа болон нэхэмжлэгч Б.Ганхуяг нь 17.000.000 төгрөг хэрхэн өгсөн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй зэрэг байдлыг харгалзан ...алдангийн 50 хувийг төлүүлэх” гэж дурдсан нь “нэхэмжлэлийг бүхэлд нь хангах” дүгнэлттэй зөрчилдснөөс гадна хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах хуулийн агуулгад нийцээгүй байна.

Дээрх байдлаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00012 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 298.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ